Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Т.Түвшинбаатар

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч: С.Ө нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Ө холбогдох 1822000820079 тоот хэргийг 2018 оны 7 сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот 2 дугаар амаржих газарт 1982.03.19-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сум 5-р баг, Чингийн 7-2 тоотод оршин суудаг, 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗГ82031919/ Их гэр овогт Сүхбаатарын Өлзийнаран нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар

 

            Прокурор 2018.07.04-ний өдрийн 72 дугаартай яллах дүгнэлтдээ “Яллагдагч С.Өнь 2018 оны 3 сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд Б.Бат-Эрдэнэтэй маргалдаж, түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ /хх-82-83/

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Хохирогч Б.Бат-Эрдэнийн: “2018 оны 3 сарын 12-ны өдөр 17 цагийн үед Гурвансайхан сумын төвд ирээд дэлгүүрийн гадаа …адуугаа сураглаад байж байхад С.Ө ганцаараа ирээд надад хандаж Баярхүү харагдсан уу гэж асуусан. Би Баярхүү хөдөө гарч байгаа бололтой түрүүнд надтай зөрсөн, хөдөө явчихсан байхаа гэж хэлсэн. Тэгэхэд С.Ө надаас дотор нь Отгоноо хамт явж байна уу гэж асуусан. Би Баярхүүтэй уулзаагүй болохоор машин дотор нь хэн хэн байсныг анзаарсангүй гэж хэлсэн. С.Ө надад хандаж чи муу уулзсан л биз дээ юундаа нуугаад байгаа юм бэ, та нар их том байгаа шүү гээд намайг мотоцикль дээр сууж байхад С.Ө мотоцикль дээрээсээ бууж ирээд миний баруун шанаанд гараараа нэг удаа цохьсон. Тэгээд намайг миний өмсөж явсан цамцны захнаас боогоод бариад авахаар нь би зөрүүлээд барилцсан. Тэгээд намайг боогоод тавихгүй би өөрөө ухаан алдаж унах гээд эвгүй болоод байхаар нь яг аль гарыг нь сайн санахгүй байна хурууных нь үеийг хазаад гэдсэнд нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд тэнд надтай хамт байсан М.Бямбацэрэн, М.Пунцагдаш нар хорьж салгахад хэсэг байж байгаад миний толгойн баруун хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-10-11/

- Гэрч М.Бямбацэрэнгийн “... Дэлгүүрийн гадаа 17 цагийн үед Б.Бат-Эрдэнэ, М.Пунцагдаш нарын хамт адуу, мал ярилцан зогсож байтал С.Ө ирээд Б.Бат- Эрдэнийг шууд нүүр рүү нь цохиод авсан. Тэгсэн чинь Б.Бат-Эрдэнэ мотоцикль дээрээсээ бууж ирээд С.Ө-ай заамдалцаад авсан. Тэгтэл С.Ө Б.Бат-Эрдэнийг боогоод байсан чинь Б.Бат-Эрдэнэ С.Ө-ийн гарыг нь хазчихсан” гэх мэдүүлэг /хх-23/

- Гэрч Ж.Чимэд-Ойдовын “2018.03.12-ны өдөр С.Ө-ийн хамт 16 цагийн үед мотоцикльтой сумын төвд Б.Бат-Эрдэнэтэй уулзаад Баярхүү гэх хүнийг С.Ө асуусан юм. Тэгсэн чинь Б.Бат-Эрдэнэ мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь С.Өта  хоёр түрүүнд цуг явж байсан болохоор асуулаа гэж хэлтэл Б.Бат-Эрдэнэ би тэрийг чинь мэдэж байх ёстой юм уу гээд уурлаад байсан. Тэгээд С.Ө чи хүнтэй хэдэг үг сольж чаддаггүй юм уу гээд Б.Бат-Эрдэнийг заамдаад авсан чинь Б.Бат-Эрдэнэ С.Өлзийнарангийн нүүр лүү нь цохьчихсон. Тэгсэн С.Ө зөрүүлээд цохьсон. Тэгээд дахин дахин бие биенээ цохиод байх шиг байсан. Сайн харж чадаагүй. Тэгтэл Б.Бат-Эрдэнэ явахдаа саяхан чи муу надаас архины мөнгө гуйлгачлаад явсан байсан биз дээ гэх зэргээр С.Ө доромжлоод маргалдаад байхаар нь хоёр тийш нь салгаад явуулсан” гэх мэдүүлэг /хх-21/

- Гэрч Ц.Баатарын “...2018 оны 3 дугаар сарын 12-ны үдээс хойш 17 цагийн үед намайг гэрээсээ ус авахаар худаг руу явж байтал Б.Бат-Эрдэнийг С.Ө нь дээлнийх нь захнаас заамдчихсан байхаар нь би больцгоо эр хүмүүс аль муудалцахыг тэр гэдэг юм гэж хэлээд Б.Бат-Эрдэнэ, С.Ө хоёрыг салгаад хоёр тийш нь явуулсан. Тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-13/

- Гэрч Н.Шинэхүүгийн “...Намайг гэрт байхад гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр нь гараад хартал Б.Бат-Эрдэнийг С.Ө нь дээлнийх нь энгэрээс боогоод чирээд аваад явж байсан. Тэгээд Б.Бат-Эрдэнийг хадам аав болох Ц.Баатар нь очиж салгасан. Тэгтэл Б.Бат-Эрдэнэ нь гэрт иртэл араас нь С.Ө, С.Оюунболод хоёр ирээд тэр муу зулзагыг хашаанаас гаргаад ир гээд байхаар нь бид нар Б.Бат-Эрдэнийг хашаанаас гаргаагүй. Тэгээд байнга ирээд байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-19/

- Гэрч С.Оюунболдын “ Би 2018.03.12-ны орой 16 цагийн үед С.Өлзийнарантай манай гэрийн гадаа уулзаад С.Ө унаж явсан мотоциклийн ард нь сундлаад Б.Бат-Эрдэнийн гэр лүү нь явсан. Тэгээд бид хоёр гэрт нь очиход С.Ө, Б.Бат-Эрдэнэ хоёр хашааны хоёр талаас хоорондоо маргалдаад байсан. Зодолдсон асуудал гаргаагүй” гэх мэдүүлэг /хх-20/

- Шүүгдэгч С.Ө согтуурлыг 2018.03.13-ны өдрийн 02 цаг 10 минутанд шалгасан магадлагаанд “0.11 хувийн согтолттой” гэжээ /хх-3/

- Шинжээчийн 2018.03.14-ний өдрийн 180200115 тоот дүгнэлтэд: Б.Бат-Эрдэнийн биед баруун дээд 2 дугаар шүдний эмтрэл, дух, хамарт зулгаралт, зүүн эрхий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-28/

- Шинжээчийн 2018.03.18-ны өдрийн 180200118 тоот: С.Ө-ийн биед баруун доод 2-р шүдний сулрал, зүүн хөтсөг, дээд уруул, зүүн сарвуу, дунд хураанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-25/ зэрэг баримт хамаарч байна.

- Прокурорын 2018.07.03-ны өдрийн 03 дугаартай тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч Батбаатар овогтой Бат-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай“ гэжээ. /хх-80/

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Шүүгдэгч С.Ө нь 2018 оны 3 сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд иргэн Б.Бат-Эрдэнэтэй зодолдож, Б.Бат-Эрдэнэ болон С.Ө нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хохирогч Б.Бат-Эрдэнэ, гэрч  Б.Бямбацэрэн, Ж.Чимэд-Ойдов, Ц.Баатар нарын мэдүүлэг /хх-10-11, 23, 21, 13, 19/, шинжээчийн 2018.03.14-ний өдрийн 180200115, 2018.03.18-ны өдрийн 180200118 дугаартай дүгнэлтээр /хх-28, 25/ нотлогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанчлан “С.Өлзийнаран, Б.Бат-Эрдэнэ нар маргалдсан” гэх үйл явдал баримтаар тогтоогдохгүй байна. Харин С.Өнь үл ялиг зүйлээр шалтаглан танхайн сэдэлттэйгээр Б.Бат-Эрдэнийг түрүүлж шанаан тус газар нь цохьсон, улмаар Б.Бат-Эрдэнийг цамцных нь захаар боож амь нас, эрүүл мэндэд нь аюултай үйлдэл хийж довтолсон, Б.Бат-Эрдэнэ нь С.Ө гарыг хазаж, нүүрэн тус газарт нь цохих зэргээр аргагүй хамгаалалт хийсэн болох нь прокурорын 2018.07.03-ны өдрийн 03 тоот тогтоол, тухайн тогтоолд дурьдсан нотлох баримтаар /хх-80-81/ тогтоогдож байна.

Иймд прокуророос С.Ө үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, Б.Бат-Эрдэнийн үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зөв, зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч С.Ө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бат-Эрдэнийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд тус тус зааснаар хохирогч Б.Бат-Эрдэнэ нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах нэхэмжлэл гаргах эрхтэй, шүүгдэгч С.Ө нь өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иймд хохирогч нь эрүүл мэнд болон эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтыг бүрүүлж, С.Ө нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэлээ. Хохирогч Б.Бат-Эрдэнэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нэхэмжлэлийг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс буюу 2018 оны 3 сарын 12-ноос хойш 5 жилийн дотор иргэний нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Ө нь 2013.12.12-ны өдөр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 2 жил сарын 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзагдаж байсан нь шийтгэх тогтоол, ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-32-36/

Шүүхээс хянан харгалзсан хугацаанд С.Ө нь гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна.

Шүүгдэгч С.Ө нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар ихтэй, хохирогч “гомдол саналгүй” гэсэн байдлыг харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр ногдуулахаар шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Их гэр овогт Сүхбаатарын Өлзийнаранг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалт, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Их гэр овогт С.Ө 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан С.Ө энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

    4. Шүүгдэгч С.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хураалгаж битүүмжлүүлээгүй ба хохирогч нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.

    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Өлзийнарангаас нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.    

     6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Ө урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ