Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 224/МА2023/00002

 

2023        01          18                                  224/МА2023/00002

 

Т.Т-гийн нэхэмжлэлтэй, В.А-д

холбогдох иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00514 дүгээр шийдвэртэй,

Т.Т-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч В.А-д холбогдох, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 564.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Т /цахимаар/, хариуцагч В.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 564.700 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

 Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Миний бие Улаангом сумын 3 дугаар багийн 2 дугаар 48 айлын орон сууцны 1 дүгээр орцны 01 тоотод оршин суудаг. 2022 оны 9 дүгээр сарын 21-ний шөнийн 3 цагт манай дээд давхрын айл болох В.Аын гэрээс ус алдаж манай зочны өрөө болон гал тогооны өрөөний тааз, хана дагаж ус орж ирсэн. Ус их хэмжээгээр асгарч шөнийн турш гоожсоны улмаас зочны өрөөний таазны хавтангийн заадас, өрлөгний хүрээгээр ус нэвчиж, таазны шавар эмульс ховхорч, обой норж наалт нь хөндийрч, зарим нь хууларсан. Мөн буйдан, стенк, ширээ хулдаас, шал бүхэлдээ усанд автаж, шалан дээр 10-15 см гүн ус тогтоолсон. Зурагтын зүүн дээд булангаар ус нэвтэрсэн тул одоо хүртэл айгаад асаахгүй байгаа. Мөн гал тогооны өрөөний таазнаас хана дагаж ус орсон. Дүүжин таазны дээд хэсэгт ус тогтоолсны улмаас цахилгааны доголдол үүсч цахилгаангүй болсон. Тухайн үед В.А ус алдуулснаа мэдээгүй унтаж байсныг манай нөхөр сэрээж, алдаж байсан усны хаалтыг нь хаасан.

Бид учруулсан хохирлоо барагдуулах талаар хүсэлт тавьсан боловч хариуцагч В.А нь хоног хугацаа алдуулж, хойш тавьж явсаар 2022 оны 10 дугар сарын 04-ний өдөр 4 литр эмульс, замаск, 2 ширхэг шпатель, 1 ширхэг өнхрүүш авчирч нэг засалчин эмэгтэйгээр тааз засуулсан боловч маргааш нь харахад шарласан, шаардлага хангахгүй байсан. Ханын цаасны хувьд шинэ биш, ашиглаж байсан цаас тул хариуцагчтай тохиролцоод, өөрсдөө цаасыг нь авч өгөөд, авчирсан засалчнаар нь хийлгэх гэхэд В.А та нар өөрсдөө хөлс мөнгийг нь өгч засвараа хийлгэ. Ханддаг газраа хандаж, хууль дүрмээрээ яваад засвараа хийлгэ гэж хэлсэн. Энэхүү нөхцөл байдлаас болж манай гэрийн тав тух өнөөдрийг хүртэл алдагдаж, сэтгэл санааны хохирол давхар амсаж байна.

Бид тохиролцоогүй учир обойныхоо үнийг бас гаргуулж авна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй хохирол бас байна. Гэвч В.Аоос Гэрэгэ эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээний дагуу хохирол 524.700 төгрөг, мөн хохирлын үнэлгээ гаргуулсан хөлс 40.000 төгрөг, нийт 564.700 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал:

Хариуцагч В.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 2022 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө дунд 3 цагийн орчимд манай гал тогооны гоожуурын халуун усны уян хоолой задарсны улмаас ус алдаж, гал тогооны шал плита учраас том өрөөний шал руу ус урсаж орсноос доод айлын том өрөөний тааз руу ус алдсан байсан. Тухайн үед бид унтлагын өрөөндөө унтаж байсан бөгөөд хаалга цохих дуугаар сэрээд дуудлага өгсөн. Өөрийн гэрийн ус алдалтыг зогсоогоод доод айлд ороход таазны хавтангийн завсраар ус дуссан байсан бөгөөд ханын цаас телевизор, стенк зэрэгт огт ус хүрээгүй байсныг би өөрийн нүдээр харсан. Харин буйдан, сандалны урд хэсгээр шохойтой ус дуссан байсан. Нэхэмжлэгч Т.Т нь нэхэмжлэлдээ шалан дээр 10-15 см ус тогтсон байсан гэж бичсэн нь худал бөгөөд би ус алдсанаас хэд хоногийн дараа засвар хийхэд зурагт нь зүгээр ажиллаж байсан.

Нэхэмжлэгчийн гэрийн гал тогооны өрөөнд ус ороогүй бөгөөд нэхэмжлэгч анх зөвхөн том өрөөнийхөө таазыг засуулья гэж хэлж байсан. Би хүсэлтийнх нь дагуу мэргэжлийн засалчин хөлсөлж, нэхэмжлэгчийн байрны том өрөөний таазанд засвар хийлгэсэн. Намайг засвар хийлгэж байх үед Т.Т нь гэр цэвэрлэ, шал угаа гэх мэтээр хэрүүл хийгээд байсан. Үдээс хойш нь таазны засварын ажил дуусахад Т.Тгийн нөхөр Б.Снададта засалчиндаа хэлээд манай обойг наалгаад өгөх үү”  гэж хэлсэн. Би засвар хийсэн эгчээс “ обой нааж өгөх боломжтой” талаар хэлэхэд хүн гуйгаад хамт хийе, үнэ хөлсийг нь хэн өгөх юм бэ” гэж асуусан.

Би таазанд засвар хийлгэсэн хөлсийг би төлнө, обой наалгасан хөлсөө энэ айл өгөх байх гэж би хэлсэн. Гэтэл Б.Собой наалгасан хөлсөө чи өг, би чамайг их өршөөж байгаа шүү, үүнээс ихийг шаардах болно” гэж хэлж уурласан.  Т.Т-гийн нөхөр Б.С намайг хэл амаар их доромжилсон. Нэхэмжлэгчийн гэрийн таазыг засуулсны маргааш Б.Снад руу утсаар ярьж, “тааз шарласан байна. Дахин засгэж хэлсэн. Тааз нь сайн хатаагүй байхад засуулсан тул шарласан байхыг үгүйсгэхгүй. Би хөршүүдтэйгээ муудалцаад яахав гэж бодоод засалчин эгчдээ хэлж, янзлуулахаар болсон байсан боловч Т.Т “ би ер нь хууль шүүхээр шийдүүлнэ. Засвар хийлгэхээ болилоо” гэж хэлсэн.

Би нэхэмжлэгчийн гэрт засвар хийлгэхдээ 3 кг эмульс 40.000 төгрөг, замаск, гипс, өнхрүүш, багс 20.000 төгрөг, засалчинд 50.000 төгрөг, цагаан будаг 8.000 төгрөг тус тус зарцуулсан бөгөөд таазыг дахин засуулах хөлсөнд 100.000 төгрөг өгөхөөр тохирсон байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн хөлс 40.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 17.591 төгрөг, обой наах хөлс 152.000 төгрөгийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн гэрт миний худалдаж авч өгсөн эмульс, өнхрүүш байгаа” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00514 дүгээр шийдвэрээр:

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч В.А-оос гэм хорын хохиролд 490.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74.500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.А-оос улсын тэмдэгтийн хураамж 15.356 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Туяад олгохаар шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч В.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч миний бие хуулийн мэдлэггүй, хуулийн байгууллагад ажилладаггүй жирийн нэг иргэн. Нэхэмжлэгч Т.Тгийн нөхөр Снь тус шүүхэд нярав ажилтай. Уг маргааныг тухайн  шүүхээр шийдэж болохгүй байсан гэж би бодож байна. Хэргийн харъяалал өөрчлөх ёстой. Өөр аймгийн шүүхээр уг маргааныг шийдвэрлүүлэх ёстой гэж би үзэж байна. Энэ хохирлыг би санаатай учруулаагүй, манай гал тогооны тосгуурын уян хоолой шөнийн 1 цагийн үед задарсны улмаас ус алдаж, доод давхрын айл руу ус ороход таазны голын завсраар ус дуссан байдалтай, таазны шохой замаск ховхорсон байсан. Түүнээс биш нэхэмжлэгчийн хэлсэн шиг 10-15 см зугаантай ус тогтоолсон байгаагүй.

Миний бие нэг орцонд амьдардаг хөршийн хувьд ойлголцох байх гэж бодож байсан боловч нэхэмжлэгч Н.Туяа, Снар тэр өдрөөс хойш хэл үгээр доромжилж байсан. Тухайн үед ус алдахад хананы цаас болон гал тогооны өрөө зэрэгт ус ороогүй байсан, гэтэл нэхэмжлэгчийн бүх шаардлагыг биелүүлэх ёстой гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй санагдаж байна.

Хариуцагч миний бие мэргэжлийн засалчин хүнээр нэхэмжлэгчийн шаардсаны улмаас сайн хатаагүй байхад том өрөөний таазыг нь засаж өгсөн боловч шарласан байсан. Тэгэхэд “ дахиж засаж өг гөлөг минь чамайг өршөөж байгаа шүү,  үүнээс ихийг шаардах болно” гэх мэтээр хэл амаар доромжилж, хуулийн байгууллагад ажилладгаараа дарамталсан. Дахин засуулахаар нэхэмжлэгч Туяатай тохиролцоод өглөө нь засахаар ярилцаад явсан боловч нэхэмжлэгч хэсэг хугацааны дараа утасдаж “хууль шүүхээр явж шийдвэрүүлнэ, засвар хийлгэхээ болилоо” гэж хэлсэн. Ингэж бие биедээ хүндрэл учруулж нэхэмжлэгч өөрийн нөхрийн ажилладаг байгууллагаараа хэргийг шийдүүлнэ гэж хэлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байна.

Ус алдсаныг зөвшөөрч, би материалыг авч засалчингаар хийлгэсэн, мөн засалчинд хөлс төлж бас хохирсон. Үүнийг яагаад засал хийсэнд тооцохгүй байгааг гайхаж байна. Засвар хийсэн хүмүүс тухайн обойг аваад үзэхэд обой нь дээд хэсгээрээ ховхорч халцарсан зүйл нэг ч байхгүй байсан. Үүний дараа 10 см ус нэвтэрсэн гэсэн асуудал гарсан. Анхан шатны шүүхээс та нэхэмжлэлийн шаардлагынхаа аль хэсгийг хүлээн зөвшөөрч байна, нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх боломж байна уу гэж асуухад би  засвар хийсэн, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан тэмдэгтийн хураамжийг төлж өгсөн гэж хэлсэн. С.Ста засалчиндаа хэлээд обой наалгаад өгөөрэй гэж хэлэхэд би заслын хүндээ та хоёр үнэ хөлсөө тохиролцоод наагаад өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд С.Собой наалгасны хөлсийг та өгөөрэй гэж хэлснээс болж анх маргаан үүссэн.

Би хүнтэй маргахыг хүсээгүй, хүн намайг доромжилсон учраас би уурлаж, чамтай тохирохгүй юм байна гээд хаяад гарсан. Ийм шланк нь манай гэрт 6 ширхэг байдаг. Энэ нь хэзээ задрахыг мэдэхгүй байна. Хохирсон байж болно, ус алдсан айл нь хариуцлага хүлээнэ.

Гэхдээ энэ алдаан дээр дөрөөлж хувийн ашиг сонирхолд автаж бүх зүйлээ хийлгэж авах, дарамтлах зан гаргасан учраас харилцан тохиролцож чадаагүй. Би хавар танай таазыг чинь хатахаар дахин засаад өгье гэж хэлэхэд хэрэггүй гэж хэлсэн. Ийм асуудал зөндөө гарахыг үгүйсгэхгүй. Шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч талд гараад байвал дахин дахин ийм асуудал гарах бий гэдгээс эмзэглэж байна. Би нэхэмжлэгчийн байрны өрөөний таазыг мэргэжлийн хүнээр засуулж өгөхөд шаардлага хангахгүй байна гэж хэлсэн” гэв.

6. Нэхэмжлэгч Т.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засвар хийж өгсөн гэдэг нь ус алдсан таазанд замаск татаж, жаахан эмульс түрхсэн. Энэ засварын ажил нь шаардлага хангаагүй. 2 кг замаск, 4 кг эмульс авч ирснээс нэг, нэг зуурч хийсэн. Үүний үлдэгдэл нь манай коридорт байгаа. Үүнийгээ засвар хийсэн гэж хэлж байна. Манайхыг далимдуулж засвар хийлгүүлж авах гэж байна гэж хэлдэг. Манайд тийм асуудал байхгүй. Шөнийн 3 цагт аадар бороо, мөндөр орж байгаа юм шиг дуугарсан. Би цонхоор бороо орж байгаа юм болов уу гэж харчхаад зочны өрөө лүү гүйж ороод ус алдсаныг мэдсэн.

Манай нөхөр гүйж гараад дуудаж сэрээчхээд өөрөө гарч усны хаалтыг нь хаасан. Эдний гэрт ороод “ ус алдаж байхад хардаггүй юм уу, усны хаалтаа хаадаггүй юм уу” гэж хэлэхэд би эхлээд өөрийнхөө усыг янзлаад авъя гэж хэлсэн байдаг. Би та нар юу яриад байна гээд ороход эхнэр нь утсаар ярьж байсан. Тэгэхэд би “эгчээ манайх болохоо байлаа, та нар ороод хараач гэхэд “албаар тэгсэн юм уу,  би утсаар дуудлага өгч байна” гээд зогсож байсан. Түүнээс хойш эхнэр нь нэг байрны нэг орцонд байдаг атлаа нэг удаа ч таараагүй, яасан бэ, танай гэр орон юу болж байна гэж нэг удаа ч асуугаагүй.

Хохирлоо барагдуулж засвараа хийж өгч чадахгүй байя гэж бодоход сэтгэл гаргаагүйд гомдолтой байна. Тааз янзалсан хүнээрээ обой наалгаж өгнө гэж хэлчихээд өөрөө 2-3 обойн өөдөс барьж орж ирээд үүнийг наалгаж өгнө гэж хэлсэн. Би яаж 3 өөр өнгийн обой наалгах бэ, обойг нь аваад өгье. Харин та энэ хүнээрээ наалгаад өгөөрэй гэхэд за гээд гараад орой нь өөрөө төлбөрөө төлөөд ав гэж хэлэхэд манай нөхөр уурлаад та яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд ойлголцохгүй юм байна, мэддэг чаддаг газраараа яваарай, та нартай хэлээрээ ойлголцохгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ийм байдалд хүрсэн. Би байрныхаа бүх засварыг нэхэмжлээгүй, гал тогооны өрөөнд орсон усыг авч хэлэлцээгүй. Цөөхөн зүйлийг нэхэмжлэхэд энэ хүн үүрэг хариуцлагаа хүлээхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч В.А-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00514 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч В.А-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 564.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч В.А эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч В.А-оос 490.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. 

4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах  үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

4.1. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй буюу зохигчдын маргаж буй маргааны үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. 

Нэхэмжлэгч Т.Т нэхэмжлэл болон тайлбартаа : “ ...дээд давхрын айлаас ус алдаж, манай зочны өрөө, гал тогооны  өрөө рүү  тааз, хана дагаж ус орж ирсэн. Ус их хэмжээгээр асгарч, шөнийн турш гоожсоны улмаас том өрөөний таазны хавтангийн заадас, өрлөгний хүрээгээр нэлэнхүйдээ ус нэвчиж, таазны шавар эмульс ховхорч, обой норж, наалт нь хөндийрсөн, зарим нь хууларсан, мөн буйдан, стенк, ширээ, шалны хулдаас,шал бүхэлдээ усанд автсан. Мөн гал тогооны өрөөний таазнаас хана дагаж ус орсон, дүүжин таазны дээд хэсэгт ус тогтсоны улмаас гал тогооны өрөөний цахилгааны доголдол үүсч цахилгаангүй болсон...Иймд хана, таазны засвар, буйдан цэвэрлэгээний хохирлыг Гэрэгэ эстимэйт ХХК-ийн тогтоосон  үнэлгээ болох 524.700 төгрөг, үнэлгээ гаргуулсан хөлс 40000 төгрөг, нийт 564.700 төгрөгийг нэхэмжилж байна” гэж, 

хариуцагч В.А шүүхэд гаргасан тайлбартаа: “...манай гал тогооны өрөөний гоожуурын халуун усны уян хоолой задарснаас ус алдаж, том өрөө рүү ус урсаж орсноос доод талын айлын том өрөөний тааз уруу ус алдсан байсан. Таазны хавтангийн завсраар ус дуссан байна. Тухайн шөнө намайг тэднийд ороход хана болон хананы цаас, зурагт, стенк, энэ тэрд ус хүрээгүй байсан. Харин буйдан сандал нь урд хэсгээрээ шохойтой ус дуссан байсан. Тухайн ус алдалтаас болж, энэ айлын гал тогооны өрөөнд ус нэвтэрч ороогүй. Тэгээд ч тухайн үед надад шаардлага тавихдаа зөвхөн том өрөөнийхөө таазыг янзлуулъя гэж хэлсэн тул би засварчин гуйж, том өрөөний таазанд нь засвар хийлгэсэн. Таазны засвар хийгээд дуусахад Т.Тгийн нөхөр Снадад “ та засалчиндаа хэлээд хананы цаасыг наалгаад өгөх үү” гэж хэлсэн, би засалчинд хэлэхэд хүн олоод хамт наая, үнэ хөлсийг нь хэн өгөх юм гэж асуусан. Би таазны засварын хөлсийг өгье, обой наалгах хөлсөө энэ айл өгөх байх гэж би хэлсэн. Яагаад гэвэл тухайн үед ус алдахад хананы цаасанд ямар ч нөлөө үзүүлээгүй байсан. Гэтэл нөхөр Снь хананы цаас наах хөлсийг чи төл” гэж уурласан. Би таазны засвараа хариуцъя гэж хэлснээс болж ойлголцоогүй. ....” гэж тус тус тайлбарлажээ.

Дээрх тайлбаруудаас үзэхэд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө хариуцагчийн амьдарч буй орон сууцны гал тогооны өрөөнөөс ус алдсанаас доод давхрын айл буюу нэхэмжлэгчийн орон сууц руу ус нэвтэрч орсон талаар талууд маргаагүй боловч, аль аль өрөө рүү ус нэвтэрсэн, ус нэвтэрснээс ямар ямар эд хөрөнгөд хэдий хэмжээний хохирол учирсан талаар тус тус маргасан байна.     

Зохигчдын мэдүүлсэн дээрх үйл баримтын аль нь тогтоогдож, аль нь үгүйсгэгдэж буй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

4.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн /хавтаст хэргийн 8-р тал/, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хөрөнгийн хохирлын үнэлгээний тайланд “ .... уг байранд үзлэг хийхэд дээд айлаас ус алдсаны улмаас жижиг өрөөний тааз норж шарласан, хананы обой норсон байдалтай байсан гэж бичсэн, гэтэл талууд том өрөөний тааз норсноос засварлах талаар тайлбарлаж байгаа, түүнчлэн шинжээч үзлэг хийсэн талаарх тэмдэглэл буюу үзлэгийг хэзээ, хэрхэн хийсэн, хэн хэн байлцсан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй,

мөн тайланд “ таазанд эмульс хийх талбайн хэмжээг 16 м2-аар, обой наах хананы талбайн хэмжээг 38 м2-аар, замаск татах таазны талбайн хэмжээг 8 м2-аар тус тус тооцож үнэлгээ хийсэн байх ба энэ нь тайланд дурдсанаар  жижиг өрөөний талбайн хэмжээ юу, эсхүл зохигчдын засвар хийлгэхээр маргаж буй том өрөөний талбайн хэмжээ мөн эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч Т.Тгийн амьдарч буй орон байр нь 39,7 м2 талбай бүхий, 3 өрөө орон сууц болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /дугаар 000636119/-ээр нотлогдож байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл үнэлгээний тайланг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримт гэж үнэлэх нь эргэлзээ бүхий байна.

Тодруулбал, “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан нь талуудын маргааны үйл баримтыг нотлохгүй юм. Харин нэхэмжлэгчийн ямар ямар эд хөрөнгөд хэдий хэмжээний гэм хор /хохирол/ учирсан талаарх үйл баримт тогтоогдсоны дараа уг гэм хорыг арилгахад буюу гэмтсэн, устсан эд хөрөнгийг сэргээн засварлахад гарах зардлыг мөнгөн дүнгээр тооцоолох, тухайлбал эд зүйл, материалын болон хийж гүйцэтгэх ажлын хөлсний зах зээлийн үнэлгээ, ханшийг тодорхойлох зорилгоор эд хөрөнгийн үнэлгээ хийгддэг. 

Иймд зөвхөн эд хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн зохигчдын маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

4.3. Хэрэгт хариуцагчийн орон сууцнаас ус алдсанаас нэхэмжлэгчийн ямар ямар эд хөрөнгөд хэдий хэмжээний хохирол учирсан гэх үйл баримт тодорхойгүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасантай нийцээгүй байна.

5. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийх болон хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 15.356 /арван таван мянга гурван зуун тавин зургаа/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч В.Аод олгох үндэслэлтэй байна .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны12 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00514 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч В.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.356 /арван таван мянга гурван зуун тавин зургаа/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН                  

     ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.ЖАМБАЛСҮРЭН