| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2018/00061/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Т.Түвшинбаатар
Улсын яллагч: Т.Төмөртулга
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г холбогдох 1822000000075 тоот хэргийг 2018 оны 7 сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Өлзийт суманд 1967.03.14-нд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл-5, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3-р баг Баянгийн 3-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, /РД:ЗЮ67031437/ Хүнд /Хулд гэх/ овогт Базарын Гантулга нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурорын 2018.07.04-ний өдрийн 71 дугаартай яллах дүгнэлтэд: Яллагдагч Б.Гнь 2018 оны 6 сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3 дугаар баг Баян хорооллын 3-6 тоотод өөрийн эхнэр О.Ариунааг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйчлэхээр тогтоосугай гэжээ. /хх-75-77/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч О.Ариунаагийн “2018 оны 06 дугаар сарын 17 ны орой 22 цаг болж байхад тэмээгээ ноосолж дуусаад сумын төвийн Баянгийн 3-6 тоот хашаанд байх гэртээ орж иртэл манай нөхөр Б.Гархи уусан байдалтай над руу хандан хаагуур яваад байгаа юм бэ ална шүү чамайг гэж хэлсэн. Би хойд байшинд орж хоол хийгээд өгье гэж хэлтэл манай нөхөр надад хандан за одоо хийе, хоёулаа гарч хамт хоол хийе гэж хэлээд гэрийн гадаа хаалганы хажууд зогсож байтал араас гарч ирээд миний зүүн талын шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохьсон. Би махны бандан гэрээс авсан байснаа бариатайгаа хашаанаас гарах гээд урагш гүйж явтал миний араас зогс чи гэж хэлсэн би эргээд хартал гэрийн зүүн урд газар луу тонгойх шиг болсон би дотроо газраас юм авч шидэхнээ гэж бодоод эргэж хараад зугтаатал миний дагз хэсэг рүү нэг хүчтэй хүнд юм онох шиг болоод би газарт ухаан алдаж унасан. Сэртэл би өмдөндөө шээчихсэн, намайг манай нөхөр цамцны захаас татаад чирээд гэр лүү чиглэлтэй явж байсан. Би ухаан ороод Б.Г түлхтэл намайг тавиад тэнцвэр алдах шиг болсон. Би хашаанаас гарч зүүн тийш гүйгээд Ганцоож гэх айлд очсон, толгой ар хэсэг хүзүү, энгэр хэсэг ар нуруу хэсгээр хүйтэн оргиж байсан нь айлд ороод харахад цус гарсан байсан. Гэрийн зүүн урд хэсэгт айлын хуучин буурь байдаг, тэнд тоосго байгаа харагдаж байсан болохоор тоосго байна гэж бодсон. Манай хашаанд өөр мод чулуу ил байхгүй байсан. Хашаагаа цэвэрлэж байхад гэрийн буурины зүүн урд хэсэгт улаан өнгийн тоосго цухуйж байсан. Түүнийг авч шидчихлээ гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-23-24/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7/
- эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11х14 харьцаатай, мөн 7х11 см харьцаатай 2 ширхэг тоосгоны хэлтэрхий;
- Шинжээчийн 2018.06.22-ны өдрийн 18030030 дугаартай ”шинжилгээнд ирүүлсэн тоосгоны хэсгүүд нь оншилгооны шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн тоосгоны хэсгүүд нь урьд нэг бүхэл зүйл байсан байна. Урьд нэг бүхэл байсан тоосго нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн цохих, цохигдох хүчний улмаас 2 хэсэг болсон байна” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх41-44/;
- Шинжээчийн 2018.06.19-ний өдрийн 180200216 тоот дүгнэлтэд: О.Ариунаагийн биед Тархи доргилт, дагзанд шарх, зүүн хацар, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ /хх-35/
- Шинжээчийн 2018.06.28-ны өдрийн 6729 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “А59771635” гэсэн серийн дугаартай “Б.ГЗЮ67031.37” хаягласан цусанд 2,1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2,1 промили нь согтолын “дунд” зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-48/,
- Гэрч Ж.Гэрэлтуяагийн “2018.06.17-ны орой 21 цаг 50 минут болж байхад би сумын төвд байх гэртээ хүүхдээ хараад байж байтал манай нөхөр өдөр “Булаг” гэх газар луу тэмээ ноослох гээд явсан байснаа гэрт орж ирсэн. Тэгээд араас нь удаагүй 15 орчим минут болсон байх , өдөр манай нөхөртэй хамт тэмээ ноослох гээд явсан Ариунаа эгч цусандаа хутгалдсан байдалтай гэрт орж ирсэн. Тэгээд би О.Ариунаа эгчээс яасан бэ гэж асуухад манай нөхрийн авир нь хөдлөөд араас юм шидээд толгой хагалчихлаа, тоосго л шидчих шиг болох юм гэж хэлж байсан. О.Ариунаагийн дагз хэсэг их цус алдсан байсан. Толгой болон хүзүү хэсгээр их өвдөж байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-29/
- Гэрч Э.Саруулжаргалын : 2018.06.17 -ны өдөр 22 цаг 12 минутанд Дэлгэрхангай сумын төвд байх Ганцоож гэх айлд О.Ариунаа нөхөртөө зодуулсан гэх дуудлага ирээд очиж үзтэл гэрийн өмнө сандал дээр хойш хараад сууж байсан. О.Ариунаагийн биед үзлэг хийхэд толгойны ар дагз хэсэгт 1.5 см урттай язарч хагарсан шархтай хавдсан цус гоожиж байсан. Мөн зүүн талын шанаа хэсэгт хавдсан, хүйсний нүхний зүүн талд босоо чиглэлтэй 6 см урттай зурагдсан шарх байсан. Тэгээд тус хаягнаас Дэлгэрхангай сумын ЭМТөвд авчирч О.Ариунаагийн шархыг угааж цэвэрлэн цус тогтоох зорилгоор /витамин к/ булчинд 1 мл-ээр хийсэн, даралттай боолт хийж хүйтэн жин тавиулан Эрүүл мэндийн төвд сувилагчийн хяналтанд хонуулсан. О.Ариунаа Дэлгэрхангай сумын төвийн хороолол Баянгийн 3-6 тоот байх гэртээ нөхөр Б.Г зодуулсан. Өөрийхөө толгойнд үүссэн шархыг нөхөр Гантулга тоосго шидээд оночихсон, зүүн шанаа хэсэгт байсан хавдрыг Гантулгад цохиулсан, хэвлий хэсгийн шархыг нөхрөөсөө зугтааж байхдаа газар унаж үүссэн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-33/ зэрэг баримт хамаарч байна.
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.
Шүүгдэгч Б.Гнь 2018 оны 6 сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3 дугаар баг Баянгийн 3-6 тоотод эхнэр О.Ариунааг алгадаж, цохих зэргээр зодож, улмаар тоосго шидэн О.Ариунаагийн бие махбодид “тархи доргилт, дагзанд шарх, зүүн хацар, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл” учруулсан нь шүүгдэгчийн өөрийнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч О.Ариунаагийн мэдүүлэг /хх-23-24/, шүүх эмнэлгийн шинжээчийн 180200216 тоот дүгнэлт /хх-35/, шинжээчийн 2018.06.22-ны өдрийн 18030030 дугаартай дүгнэлт /хх-41-44/, тоосгоны 2 ширхэг хэлтэрхий, гэрч Ж.Гэрэлтуяа, Э.Саруулжаргал нарын мэдүүлэг /хх-29, 33/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Гнь хохирогч О.Ариунаатай 1992 оноос эхлэн хамтран амьдарч, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөн бойжуулсан, гэрлэлтээ 2017 оны 1 сарын 27-ны өдөр бүртгүүлсэн, хууль ёсны гэр бүл болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2018.07.02-ны өдрийн 3/433 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Гэр бүлийн амьдралын явцад Б.Гнь эхнэр О.Ариунаад хүч хэрэглэн зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь хохирогч О.Ариунаагийн “1997 оны намар гүү сааж байхад машинтай танихгүй хүмүүстэй ирээд гүүгээ тавихгүй юугаа хийдэг юм бэ гээд намайг үсдэж аваад өшиглөөд гараараа нүүр, хэвлий хэсэг рүү зодож хавирга хугарч, цээж хэсэг хөндүүр, нүүр толгой битүү хавдар болж 4 хоног хэвтэрт байсан. 2016 онд гэртээ гэрийн өрх оёод сууж байсан чинь согтуу ирээд миний араар явах шиг болсноо гараараа толгойны ар хэсэг рүү цохиод ухаан алдуулж байсан. Тухайн үед хэрүүл маргаан болоогүй, гэнэт ийм зүйл болсон. 2018 оны хавар гэртээ гурил зуураад сууж байхад Б.Горон дээрээ манай сумын Гарьд гэх хүнтэй зэрэгцэж ярьж сууж байснаа миний араас толгой хэсэг рүү цохиж унагаасан. Мөн архи уухаараа хэрүүл маргаан өдөөж загнаад байдаг. Архи тамхи нэхэж загнаад байдаг юм. Манай нөхөр архи уухаараа өөрийн мэдэлгүй болж агсам тавьдаг болохоос сайн хүн байгаа юм. Өөрийн үр хүүхэд, ар гэртээ халамжтай хүн. Би эмнэлэгт үзүүлж, цагдаад хандаж байгаагүй” гэх мэдүүлэг/ хх-24/, “өндөр” түвшний эрсдэлтэй гэж тогтоосон аюулын зэргийн үнэлгээ /хх-8-9/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Гнь 2018 оны 6 сарын 17-ны өдөр архидан согтуурч ямар ч шалтгаангүйгээр эхнэр О.Ариунааг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурьдсан баримтаар тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Гнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар ихтэй, хохирогч “гомдол саналгүй” гэсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирогч О.Ариунаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн 180200216 тоот дүгнэлт /хх-35/, хохирогчийн мэдүүлгээр /хх-23-24/ тогтоогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг шүүгдэгч Б.Гхариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч О.Ариунаа шаардах эрхтэй байна.
Хэргээс үзэхэд хохирогч О.Ариунаа нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэргийн материалтай танилцаад “гомдол санал байхгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ /хх-70/
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэл, баримт гаргаагүйн улмаас шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй тул хохирогч О.Ариунаа нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заах байдлаар шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх тоосгыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь ургийн овгоо “Хулд” гэж мэдүүлсэн боловч албан ёсны баримт болох улсын бүртгэлийн хэлтсийн 2018.07.02-ны өдрийн 00/000052 дугаар лавлагаагаар ”Хүнд” овогтой гэж бүртгэгдсэн байх тул шүүх улсын бүртгэлийн лавлагааг баримталсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хүнд овогт Базарын Гантулгыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, тоосгоны хэлтэрхийг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Хүнд овогт Базарын Гантулгад 240/ хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих журамтайг Б.Г анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.Гнь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч О.Ариунаа нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Гантулгаас нэхэмжлэх эрхтэйг заасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн зүйлийн 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тоосгоны хэлтэрхийг устгуулахаар Дундовь аймгийн Шүүхийн тамгын газарт /дарга А.Лхагвасүрэн/ шилжүүлж, баримтыг шүүгдэгч Б.Г холбогдох эрүүгийн хэрэгт хавсаргасугай.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ