Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 224/МА2023/00003

 

2023        01          18                                  224/МА2023/00003

                                                                            Н.А-ийн  нэхэмжлэлтэй, У Д н ББН-д

холбогдох иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 152/ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй,

Н.А-ийн  нэхэмжлэлтэй, У Д н ББН-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Д.О, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

2.1. Н.А миний бие У Д н ББН-д сувилагч ажилтай. Би улсад 22 жил, тухайн байгууллагад 9 жил мэргэжлээрээ ажилласан. Энэ хугацаанд сахилгын болон сувилагчийн ажлын ёс зүйн алдаа, зөрчил гаргахгүй ажиллаж ирсэн. Гэтэл манай байгууллагын дарга Д.О 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг ажлаас чөлөөлөх тухай тушаал өгсөн. Намайг ажлаас чөлөөлөхдөө эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөөгүй, албан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа нь хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

У Д нийн ББН-ийн дарга Д.О 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 хүнийг ажлаас халах тушаал гаргасан. Тэрээр энэхүү шийдвэрийг гаргахдаа миний эрх зүйн байдлыг дордуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан мэтээр тушаал гаргасан. Би ажиллаж байх хугацаандаа ёс зүйн дүрэм зөрчиж, үйлчлүүлэгчийн бичиг баримт, нууцыг цахим болон бусад хэлбэрээр олон нийтэд дэлгээгүй. Намайг ажлаас халсны дараа дотоод журмыг хуурамчаар нөхөж хийсэн гэж бодож байна.

Надтай 2022 онд Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас хөдөлмөрийн гэрээний аль заалтыг зөрчсөнөө би мэдэхгүй байна. Хөдөлмөрлөх эрхэд халдаж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Миний бие ажил үүргийн тодорхойлтод заасан ямар зөрчил гаргасан гэдгээ мэдээгүй, тухайн зөрчлийн талаар хамт олны хурлаар хэлэлцээгүй. 2021 оны 01 дүгээр сард манай байгууллагын ажилтнуудын хувийн орон зайгаа илэрхийлсэн групп чат мессэжийг хулгайгаар уншиж, тэрхүү мессэжийг үндэслэн эмнэлгийн ажилтны ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхэд халдаж, эрх зүйн байдлыг минь дордуулсан. групп чатын хувьд 2020 онд бичиж байсан. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 дугаартай У Д н ББН-ийн даргын ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тул намайг У Д н ББН-ийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

3.1. Нэхэмжлэгч Н.А нь тухайн байгууллагад ажиллаж байхдаа ямар нэг сахилгын болон сувилагчийн ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй байхад ажлаас чөлөөлсөн гэжээ. Н.А манай байгууллагад сувилагчийн ажил эрхэлж байсан. Н.А байгууллагын дотоод дүрэм, журам болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, өөрийнхөө дураар аашилдаг ажилтан болохыг ажилчид бүгд гэрчилнэ. Байгууллагын хурал цуглаан дээр ёс зүйгүй үйлдлийг байнга гаргаж байсан бөгөөд тухайн үед өөрт нь сануулж байсан.

Нэхэмжлэгч Н.А нь сувилагч хүнд байх ёс зүйгүй зөрчил гаргаж байсан учраас ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Н.А тухайн байгууллагын хамт олныг талцуулан бутаргах үйл ажиллагааг байнга явуулж хамт олны багаар ажиллах уур амьсгалыг алдагдуулж байсан. Мөн хамт олныг хэдэн хэсэг болгон хувааж янз бүрийн нэртэй групп чат нээж намайг зүй бусаар доромжилж байсныг хамт олон гэрчилнэ.

А намайг амралтаа авсны хойгуур нөхөрлөлийн хурал зохиол байгуулсан, тестийн мөнгө завшсан, мөн групп чат үүсгэж ёс бус үг хэллэгээр намайг болон байгууллагыг доромжилсон, нэр төрд халдсан байсан тул эдгээр асуудлуудыг ёс зүйн зөрчил мөн эсэхийг тогтоолгохоор Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн хороонд хандсан. Ёс зүйн хороо 2021 оны 12 дугаар сарын 09-нд хуралдаад ёс зүйн зөрчил мөн гэж тогтоосон ба энэ нь тухайн хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Нэхэмжлэгч тал ямар зөрчил гаргаснаа мэдэхгүй байна гэж тайлбарласан байна. Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн холбогдох албан тушаалтнуудад тохирсон арга хэмжээ авч ажиллана уу гэх албан тоотын дагуу ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Бүх албан хаагч нартай 2022 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн дотоод журмыг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шинэчилж бүх ажилтнуудад танилцуулж, гарын үсгийг нь зуруулж батсалсан. Иймд миний гаргасан тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2022/00521 дүгээр шийдвэрээр:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар У Д н ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Н.Аг У Д н ББН-ийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.  

5. Хариуцагч Д.О давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т: шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн хуулийн 40.2-т: “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх заалтуудыг тус тус зөрчиж, нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч талын гаргасан баримтуудыг үнэлж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч Н.А нь эмнэлгийн ажилтны ёс зүйн алдаа гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т хэсэгт заасан заалтыг тушаалдаа дурьдаагүй гэдэг үндэслэлээр У Д н ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Н.А нь ёс зүйн алдаа гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог. У Д н ББН-ийн даргын 2022 оны 01 сарын 17-ны өдрийн Б/02 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байхад анхан шатны шүүх нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн хороонд гомдол гаргасан. 9 дүгээр сард амралтаа авч, 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ороход миний ашигладаг компьютерт олон групп чат нээсэн байсан. Түмэндэлгэр нь миний компьютерыг ашиглаж байгаад чатуудаа нээлттэй орхичихсон байсан. Би тэр чатуудыг бүгдийг нь хэвлэж аваад Н.А-ийн  ёс зүйтэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн газрын ёс зүйн хороонд гомдол гаргасан.

Ёс зүйн хороо нь уг асуудлаар хуралдаж ёс зүйн зөрчил мөн гэж дүгнэж холбогдох албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулна уу гэх албан тоот ирүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн газрын ёс зүй хорооны гишүүд манай эмнэлэгт ирж хурал хийхэд А болон манай байгууллагын ажилчид суусан. Н.А нь нөхөрлөлийн гишүүнд орно гэдгээ хурал дээр байнга хэлдэг. Мөн шинээр орсон албан хаагчдыг элсүүлэх гэж оролддог. Нөхөрлөлийн гишүүнд манай байгууллагаас 3 хүн байдаг байсан. 2021 онд намайг амралттай байх хугацаанд бүх ажилчдын хурлыг хийж бид нөхөрлөлийн гишүүд мөн гэж мөнгө гаргаж авсан тохиолдол байдаг. Улсын бүртгэлийн хэлтэст би нөхөрлөлийн гишүүн гэж хуурамч баримт бичиг бүрдүүлж бүртгүүлэх гэж оролдсон. Эдгээр үйлдлийг ёс зүйн зөрчил мөн эсэхийг шалгуулахаар Эрүүл мэндийн газрын ёс зүйн хороонд хандсан. Эрүүл мэндийн газраас ирүүлсэн албан бичгийг үндэслээд Н.Аг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын А/143 тоот тушаалыг баримтлаад ажлаас нь чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг баримтлахдаа сахилгын шийтгэл оногдуулахдаа тухайн албан хаагчдад тохирсон шийтгэл ногдуулна гэсний үндсэн дээр мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5- ийг тус тус үндэслэж ажлаас нь чөлөөлсөн.

Мөн Эрүүл мэндийн сайдын А/406 тоот тушаалыг баримтлахдаа 1 дүгээр хавсралтын 3, 4 дүгээр зүйл, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаа баримталж сувилагч Н.А-г ажлаас чөлөөлсөн. Н.А нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тушаалыг хүчинтэйд тооцож өгнө үү гэх гомдол гаргасан” гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн. Нэхэмжлэгч Н.А  эмнэлгийн ажилтны ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь дээд шатны байгууллага болох Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн хорооны хяналт шалгалтаар нотлогдон тогтоогдсон. Үүний дагуу сахилгын арга хэмжээ авагдсан.

Хариуцагчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байхад ажил олгогчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг ажлаас чөлөөлсөн тушаалдаа зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 гэх заалтыг дурдаагүй байна гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч бичгээр илэрхийлсэн нь хэрэгт авагдсан байдаг. Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн 104 хуудас нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан заалтыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан баримтуудыг үнэлж, хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр орхигдуулан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Увс аймгийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн прокурорын тогтоол хэрэгт авагдсан. Н.А түргэвчилсэн тестийн санхүүжилтээс 172.200 төгрөгийг зарлага хийж, мөнгө дутаасан зөрчил гаргасан нь тогтоогдсон. Энэ нь 300.000 төгрөгт хүрээгүй учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол хэрэгт авагдсан байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

7. Нэхэмжлэгч Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй учир хэвээр үлдээж, хариуцагч  Д.О-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ажил олгогч нь давуу байдал гаргаж 2022 оны 5 дугаар сард уншсан групп чатаа 10 дугаар сард олж уншсан гэж худлаа хэлж байна. Тэр чатыг хэвлэж аваад 11 сард Эрүүл мэндийн газрын ёс зүйн зөвлөлд өгсөн гэж хэлсэн. Эрүүл мэндийн газрын ёс зүйн хорооноос бид нарыг дуудаж уулзаагүй байхад бид нартай уулзсан байдлаар тайлбарлаж байна. Эрүүл мэндийн газар нь Д.О-тэй тохиролцож ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.

Ч.Т-ээс энэ групп чатыг хэзээ мэдсэн, фейсбүүкийнхээ нууц үгийг хэзээ сольсон талаар асууж болно. Тэр бичгийг яагаад хийж өгсөн бэ гэвэл урьд өмнө нь Орлом дарга, Алимаа дарга нар “Чи Д.О-тэй хамтраад ажиллаад өгөөч гэж гуйдаг” байсан. Мөн “чамаас бүх юм болохгүй байна” гэж хэлдэг байсан. Бичиг ирсний дараа хамтарч ажиллая гэж хэлэхэд үгүй гэж хэлсэн.Хувь хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлсэн чатуудаа шүүх хурал дээр нотлох баримт болгож гаргаж өгч байна.

Д.О нь та нар надтай хамтарч ажиллана гэсэн бичиг хийгээд өг тэгвэл би хамтарч ажиллана гэж хэлчхээд эсрэгээр нь ашиглаж байна. 2021 оны 8 дугаар сард Оюун-Эрдэнэ  дарга ажлаас чөлөөлөгдөж Энхсувдад ажлаа өгчихсөн байсан. Тэр үеэр бид нар Баян-Өлгий аймаг руу чуулга уулзалтад явсан. Баян-өлгий аймгийн чуулга уулзалтад явахын тулд мөнгө хэрэгтэй байсан учраас өрхийн эмнэлгийн дарга Энхсувд, Наранцэцэг, нөхөрлөлийн гишүүд хуралдаж тухайн мөнгийг гаргаж авсан. Надад хувьдаа ашиглаж зарцуулсан зүйл байхгүй. Энэ талаар намайг гүтгэж байна. Би ажлаасаа халагдахаар мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаагүй. Хувийн ашиг сонирхлын үүднээс надтай харьцаж үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл өгч байсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Увс Дунцагаан ББН-ийн дарга Д.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 521 дүгээр шийдвэр нь үндэслэлтэй байна.

Яагаад үндэслэлтэй гэвэл 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 гэсэн У Д ББН-ийн даргын гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. Н.А-г тухайн эрүүл мэндийн төвд сувилагчаар ажиллаж байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.5 дахь заалтуудыг зөрчсөн. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний А/406 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын 3, 6-р зүйл, мөн У Д ББН-ийн хөдөлмөрийн дотоод журмын 1.9.4, хөдөлмөрийн гэрээний 4.23 дахь заалтуудыг тус тус зөрчсөн учраас гэж үндэслэж, ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч нь өөрийнхөө санаачилгаар ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Монгол улсад мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.2, 80.3, 80.4 гэсэн заалтуудыг баримтлах ёстой. Эдгээр заалтуудыг баримтлахгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрвээ сахилгын шийтгэл гаргасан бол хэзээ, ямар зөрчил гаргасан, тухайн байгууллагын дотоод журмын хэдийн хэддүгээр заалтыг зөрчсөнийг тогтоох ёстой байсан. Ажлаас чөлөөлж байгаа үндэслэл нь тухай хамт олон дотроо ажилчид хоорондоо харьцдаг хувь чатад бичигдсэн янз бүрийн таагүй чатуудыг ёс зүйн алдаа гэж үзсэн. Энэ нь өөрөө хувь хүмүүсийн хувийн нууцад халдсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Хариуцагч нь өөрийн байгууллагын ажилчдын хооронд харьцаж байсан  200 хуудас бүхий чатыг хэвлэж аваад, Эрүүл мэндийн ёс зүйн хороонд өгсөн байдаг. Аливаа хувь хүний хувийн нууцыг хуулиар хориглосон байдаг. Үүнийгээ мэдэхгүй нотлох баримтаар өгч буй У Д нийн ББН-ийн дарга Д.О нь хууль зөрчсөн байна.

Н.А-г буруутгаж байгаа зүйл нь хувийн орон зайд бичигдсэн чатыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан журмыг зөрчсөн, эмнэлгийн ажилтны ёс зүйг зөрчсөн гэж үзэж ажлаас чөлөөлж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл болж байна. Эрүүл мэндийн газрын ёс зүйн хорооноос албан тоот өгөхдөө тухайн ажилчид нь зөрчил гаргасан учраас арга хэмжээ ав гэсэн бичгийг ирүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг баримтлавал тушаал бууруулах, сануулах арга хэмжээ авах заалтууд байсан. Аливаа зөрчилд хариуцлага тооцох явдал  нь хөөн хэлэлцэх хугацаатай байх ёстой. Хүний хувийн орон зайнаас хальж мэдээллийн хэрэгсэл, фейсбүүкээр орон нутаг даяар даргынхаа тухай доромжилсон зүйлийг гаргаж бичээгүй байдаг. Хувь чатаар харилцаж байгаа хэлбэр нь хүний үзэл бодол байдаг. Хувь чатыг олж авч байгаа үйлдэл нь хууль зөрчсөн хэлбэр. Хэний ч компьютер дээр мэдээллээ нээгээд орхичихсон байхад түүнийг эзнийх нь зөвшөөрөлгүй үзэх эрх байхгүй.

Ёс зүйн алдаа гэж ямар алдаа байхыг Эрүүл мэндийн сайдын 2019 оны тушаалын 4 дүгээр заалтад тодорхой заасан. Н.А нь өвчтөний мэдээллийг задруулсан, эд хөрөнгө шамшигдуулсан үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

У Д н-ийн ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.Уг тушаалд Н.Аг  хэдэн сарын хэдний өдөр, ямар, ямар ёс зүйн зөрчил гаргасан талаар заагаагүй,  хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн талаар тодорхой тусгаагүй  байна.

Сувилагч Н.А-г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөх байтал уг зүйл заалтыг тушаалдаа баримтлаагүй байна.

У Д н ББН-ийн даргын тушаал нь хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй  өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч Д.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 152/ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Н.А “У Д” ББН-д холбогдуулан тус нөхөрлөлийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/ 02 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргажээ.

3. Хариуцагч “У Д” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Н.А байгууллагын дотоод дүрэм, журам болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлдэггүй, мөн ёс зүйн зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэж маргажээ.

4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан “У Д н” ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Аг “У Д н” ББН-ийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Хариуцагч  “У Д”  нөхөрлөлийн дарга Д.О 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Хөдөлмөрийн Тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3.6 дүгээр зүйл, “Д” нөхөрлөлийн хөдөлмөрийн дотоод журмын 1.9.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 4.23 дахь заалтуудыг баримтлан сувилагчаар ажиллаж байсан Н.А-г “эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөөгүй, ажил, албан үүргээ удаа дараа биелүүлээгүй” гэх үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан нь  дараах үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

4.1. Ажил олгогч буюу “У Д”  нөхөрлөлийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Ад  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан хууль зүйн үндэслэл тодорхойгүй, хөдөлмөрийн сахилгын ямар зөрчил гаргасан талаар тодорхой тусгаагүй, тушаалд нэрлэн заасан буюу нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна.

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний / 1-р хх-ийн 05-р тал/ 4.23-т : үйлчлүүлэгчийн нууцыг алдагдуулах, худал мэдээлэх зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай арга хэмжээ явуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн, энэ үйлдэл нь баримтаар нотлогдож, байгууллага, ажилтны нэр хүндэд хохирол учруулсан” бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгохоор тус тус заажээ.

Хариуцагч Д.О нь нэхэмжлэгч Н.А-г ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дээрх нэрлэн заасан зөрчлүүдээс нэхэмжлэгч аль зөрчлийг хэзээ хэрхэн гаргасан, мөн эмнэлгийн мэргэжилтний ёс дүрмийн , удирдамжийн заалтыг хэзээ, хэрхэн зөрчсөн, ажил олгогчоос үүрэг болгосон болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ямар ажил, үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй талаар тус тус заагаагүй, өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлсөн шийдвэрт нэхэмжлэгч Н.А-ийн  ямар үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчил гэж үзсэн талаараа тусгаагүй байна.

4.2. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлүүдийг Хөдөлмөрийн Тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6-т тус тус заасан ба хариуцагч Д.О нь өөрийн санаачилгаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа дээрх хуульд заасан  аль үндэслэлээр чөлөөлсөн нь тодорхойгүй байх тул уг тушаалыг Хөдөлмөрийн Тухай хуульд нийцээгүй гэж дүгнэв.

Учир нь, ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлсөн /халсан/ тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байх, түүнчлэн ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх бөгөөд энэ шаардлагыг хангасан тохиолдолд уг эрх зүйн акт буюу тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар ажил олгогч сахилгын зөрчил гаргасан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч ажилтан хэзээ, ямар зөрчил гаргасан гэдгийг нотолж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, зөрчлийн талаар тайлбар авч, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах учиртай.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч Н.А-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухайгаа шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдээгүй, түүнээс тайлбар аваагүй  байх тул ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухайгаа урьдчилан мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

5. Хариуцагч Д.О анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, “ шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдол гаргасан ба гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

5.1. Хариуцагч болон түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүх ямар хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон ямар эрхийг зөрчсөн талаархи үндэслэлээ тодорхой зааж тайлбарлаагүй, мөн нэхэмжлэгч Н.Аг  эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн ямар ямар үйлдэл, хэзээ, хэрхэн гаргасан, мөн албан үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар нотлоогүй, энэ талаар хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцээгүй  байна. Шүүх зөвхөн хариуцагчийн гаргаж буй тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийг сахилгын зөрчил  гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно. 

5.2. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөнөөс сахилгын хариуцлага хүлээх учиртай бөгөөд ажилтанд сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь сахилгын зөрчил гаргасан үйл баримт нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаардана.

5.3. Шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан зарим баримт болох “Увс Дунцагаан” нөхөрлөлийн ажилтнуудын хоорондын facebook chat-аар харилцаж байсан гэх бичвэрүүд бүхий 91 хуудас материал нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн хэрэгт авагдсан зарим баримтууд нь зохигчдын маргаж буй тухайн хөдөлмөрийн маргаанд хамааралгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. 

5.4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан  үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

6. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ хариуцагч байгууллагын нэрийг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 152/ШШ2022/00521 дүгээр шийдвэрийг тогтоох хэсгийн 2 дугаар заалтын Увс аймаг дахь “Д ц “ нисэх буудлаас гэснийг “У Д” нөхөрлөл ББН-өөс гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “У Д” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

 

                                                                        Н.МӨНХЖАРГАЛ