Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0646/З |
Дугаар | 27 |
Огноо | 2017-01-10 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 27
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч А.Насандэлгэр, Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М Х ХХК,
Хариуцагч: М У З Г,
Нэхэмжлэлийн шаардлага: “....Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг болон хавсралтын 7 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 154 дүгээр тогтоолын хавсралтын 7 дахь хэсгийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М Х ХХК-ийн ерөнхий захирал Д.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, түүний өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Барилга, Хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, Зам, Тээврийн Хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч М Х ХХК-ийн ерөнхий захирал Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компани нь Төв аймгийн *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 06/22 дугаар тогтоол, тус сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 513 дугаар захирамжаар *** сумын ***д байрлах 500 га газрыг 15 жилийн хугацаагаар үйлчилгээний цогцолборын зориулалтайгаар эзэмших эрх авсны дагуу 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж газрыг хуульд заасны дагуу эзэмшиж байна. Газрын төлбөр тогтоох актын дагуу 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 5,000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2,100.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,400.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,100.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2,400.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 2,100,000 төгрөгийг тус тус газрын төлбөрт төлсөн.
Уг газартаа үйлчилгээний цогцолбор байгуулах төсөл боловсруулан ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтынхоо хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төв аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газар М Х ХХК-ийн хооронд “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус байгуулж, эхний ээлжинд 111 давхар олон улсын хэмжээний Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, орон сууцны цогцолбор барих төслийг эхлүүн ажиллаж, эхний ээлжийн хөрөнгө оруулалт 36,000,000 ам.доллор бүрэн шийдвэрлэгдэж, холбогдох техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, хөрөнгө оруулалт татах ажлууд явагдаж байна. Өнөөдрийн байдлаар тус компанийн зүгээс уг төсөлд 4,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Гэтэл Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн *** сумын нутагт орших Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын тусгай хэрэгцээний газрын хилийн заагт өөрчлөлт оруулж тус компанийн эзэмшилийн Төв аймгийн *** сумын нутагт орших газрын давхцуулан тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлээжээ. Засгийн газраас ийнхүү тогтоол гаргахдаа тухайн газар нутагт газар эзэмшиж буй иргэд, хуулийн этгээдүүдтэй уулзаж зөвлөлдөж нөхөн олговор болон бусад асуудлаар тохиролцолгүйгээр ийнхүү тогтоол гаргасан нь хууль бус харин уг 154 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан байх бөгөөд дараах үндэслэлээр 140 дүгээр тогтоол нь илт хууль бус тогтоол гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
1. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Хууль дээдлэх” нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байна, 38 дугаар зүйлийн 1-т “М У З Г бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.”, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлд 2-т “Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын шийдвэр
үйл ажиллагаа нь Монгол улсын хууль тогтоомжид бүрнээ нийцсэн байх ёстой. Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын 1 дэх заалт болон тогтоолын хавсралтын 7 дахь хэсгээр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутаг орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн. Харин уг тогтоол батлагдах үед буюу 2010 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-16.1.18-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах бүрэн эрхийг Засгийн газарт олгосон байна. Гэтэл Газрын тухай хуулийн 16.1.1-16.1.8-д заасан зориулалтад “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутгийн зориулалтыг заагаагүй байна.
2. Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын захирамжаар “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр газрын зориулалтаар 1,200 га газрыг олгосон байхад ямар үндэслэлээр тухай газраас 10 дахин том газрыг хуулийн үндэслэлгүйгээр улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын 2010 оны 140 дугаар тогтоол гарсан нь тодорхойгүй байна.
3. Засгийн газар өөрийнхөө гаргасан тогтоолыг зөрчин 2010 оны 140 дүгээр тогтоолыг баталсан байна. Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгжээнд авах, гаргах журам”-ын 3 дахь заалтыг хэрэгжүүлж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг аваагүй. Дээрх үндэслэлээр болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар Засгийн газрын 2010 оны 140 дугаар тогтоол нь захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, эрх зүйн үндэслэлгүй, хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан, бодит нөхцөл байдалд биелэх боломжгүй илт хууль бус захиргааны акт байх бөгөөд М Х ХХК-ийн хуулийн дагуу газар эзэмших эрх олж авах, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх эрхийг зөрчиж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад 2 шаардлага байгаа. Түүний гол шаардлага нь Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол байгаа юм. Үүнээс хамаарч дараагийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах уу үгүй юу гэдэг зүйл байгаа юм. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Газрын тухай хуулийн 16.3-т заасныг үндэслэл болгосон гэж яриад байна. Гэтэл 2010 оны 140 дүгээр тогтоол дээр энэ заалтыг баримтлаагүй байдаг. Зөвхөн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг баримталсан байдаг. Тэгэхээр хариуцагчийн хэлээд байгаа тайлбар үндэслэлгүй байгаа юм. Үүнийг баримталсан гэж амаар тайлбарлаад байгаа боловч баримталсан гэдэг нь бодит байдал дээр тогтоогдохгүй байгаа юм.
Мөн Улсын Их Хурлын 2013 оны тогтоол нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийг баримтлаад гаргасан гээд байгаа. Тэгэхээр мөн Улсын Их Хурлын 18 дугаар тогтоол гээд яриад байгаа нь 2010 оны тогтоолоос хойш гарсан зүйлийг яриад байгаа юм. Энэ үндэслэлээр хариуцагчийн хэлээд байгаа тайлбар үндэслэлгүй юм.
Засаг даргын захирамжуудыг хууль бус гэж яриад байна. Үүнийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй байгаа. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль ёсны дагуу байгаа. 2014 онд газар эзэмшиж эхлэхэд 2010 оны тогтоолоор нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэсэн зүйлийг яриад байсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийг буцаан хэрэглэхгүй, хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байсан. Үүнд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хүрээг зааж өгсөн байдаг. Энэ дээр ямар асуудлууд дээр үйлчлэхгүй вэ гэдгийг тусгайлан заасан байгаа. Тэгэхээр энэ хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд илт хууль бус захиргааны актыг тогтоолгох тухай шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй гэсэн зохицуулалт байгааг шүүхээс анхаарч үзнэ үү.
2016 оны 154 дүгээр тогтоолын тухайд Иргэний нисэхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг баримталсан байдаг. Энэ заалт нь Засгийн газрын эрх биш. Иргэний нисэхэд холбоотой заалтыг баримталсан байгаа нь харагдаж байгаа юм. Дээрх үндэслэлүүд байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын 140 дүгээр тогтоолын үндэслэлийг харахад Газрын тухай хуулийн 18.1.2-т заасныг үндэслэсэн байдаг. Өнөөдөр шүүх хуралдаанд тайлбар хэлэхдээ 16 дугаар зүйлийг хэлээд байна. Энэ заалтаар газрын ямар тохиолдолд тусгай хэрэгцээнд авах юм бэ гэдгийг зааж өгсөн байгаа.
Зүй нь Улсын Их Хурлаар тусгай хэрэгцээнд авах ёстой байсан. Гэтэл Засгийн газар өөрт олгогдоогүй бүрэн эрхийн хүрээнд буюу Газрын тухай хуулийн 18.1.2-т заасныг зөрчөөд өөрт олгогдоогүй бүрэн эрхийн хүрээнд газрыг тусгай хэрэгцээнд авсан байгаа нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий этгээд өөрөө хууль зөрчсөн илт хууль бус захиргааны акт гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж байгаа юм.
Мөн Засгийн газрын 2012 оны 214 дүгээр тогтоолын тухай ярьж байна. Энэ тогтоолын тухай өмнө нь хариуцагчийн зүгээс ямар нэгэн тайлбар хэлж байгаагүй, гаргаж ирээгүй байгаа. Тийм болохоор энэ талаар энэ хэрэгт хамааралгүй гэж ойлгож байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Барилга, Хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авч хилийн заагийг хавсралтаар баталсан. Дээрх тогтоолын хавсралтыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор “Тусгай хэрэгцээний газрын хилийн зааг”-ийг анх тусгай хэрэгцээнд авсан 12084.9 га газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулалгүйгээр солбицлыг өөрчлөн баталсан болно. Гэтэл Төв аймгийн Сэргэлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 06/22 дугаар тоггоол, тус сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 513 дугаар захирамжаар 1863628304**** дугаар бүхий 240 га, 1860428336**** дугаар бүхий 160 га, 1863928152**** дугаар бүхий 50 га, 1863628149**** дугаар бүхий 50 га газрыг /нийт 500 га/ үйлдвэр, үйлчилгээний цогцолбор, морин тойруулга, аялал жуулчлал, орон сууц, зочид буудлын зориулалтаар тусгай хэрэгцээний газарт давхцуулан тус тус олгосон байна.
Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.1.2 дахь заалтад “Энэ хуулийн...16.1.13-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх, 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь заалтад “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” гэж тус тус заасны дагуу уг газрыг М У З Г тусгай хэрэгцээндээ хууль зүйн үндэслэлтэй авсан гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Барилга, Хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын 140 дүгээр тогтоол нь өөрөө хууль зөрчиж гарсан гэж тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 18.1.2-т “энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” эрхтэй байгаа. Энэ заалтын хүрээнд 12000 га газрыг нийтийн хэрэгцээнд зориулан гаргасан юм. Үүний дараа 2013 онд Засгийн газарт өргөн мэдүүлснээр иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэлх бодлого гэж баримт бичиг батлагдсан. Энэ нь
2013 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан. Энэ тогтоолын хавсралтаар батлагдсан иргэний нисэхийн талаар 2020 он хүртэл Төрөөс баримтлах бодлогын 6.1-т зааснаар Олон Улсын нисэх онгоцны буудлын нутаг дэвсгэрийг оролцуулаад 12000 га газрыг хойд Азийн агаарын зорчигч бүс болгож чөлөөт бүс болгож хөгжүүлнэ гэж заасан байгаа юм. Үүний дараа 2015 оны Газрын тухай хуульд өөрчлөлт оруулаад Улс нийгмийн ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэх зориулалттай газрыг Улсын тусгай хэрэгцээнд хамруулна гэж заасан байгаа юм. Гэтэл 2013 онд Улсын Их Хурлаас чөлөөт бүс болгоно гээд заагаад баталсан байхад 2014 оны 12 дугаар сард яг энэ тусгай хэрэгцээнд авсан газар дээр газар олгосон нь өөрөө хууль зөрчсөн байгаа юм.
Газрын тухай хуулийн 16.3-т “Газрын нэгдмэл сангийн аль ч ангиллын газраас тусгай хэрэгцээнд авч болно” гэж заасан байгаа юм. Энэ заалт нь 2002 онд Газрын тухай хуулийг батлахад байсан заалт юм. Үүний хүрээнд 2016 оны 154 дүгээр тогтоолоор энэ газрын байршлыг шилжүүлээд тогтоосон байгаа. Тэгэхээр энэхүү тогтоол нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй хүчин төгөлдөр тогтоол байгаа юм.
Засгийн газрын хуралдаанд Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Засгийн газар өөрөө хуралдааны журмыг тогтоодог. Үүнийг 2014 оны 9 дүгээр тогтоолоор зохицуулсан байдаг. Тэгэхээр 154 дүгээр тогтоол нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй юм.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Зам, Тээврийн Хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авч хилийн заагийг хавсралтаар баталсан. Дээрх тогтоолын хавсралтыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор “Тусгай хэрэгцээний газрын хилийн зааг”-ийг анх тусгай хэрэгцээнд авсан 12084.9 га газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулалгүйгээр солбилцолыг өөрчилсөн. Гэтэл Төв аймгийн Сэргэлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 06/22 дугаар тогтоол, тус сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 513 дугаар захирамжаар 1863628304**** дугаар бүхий 240 га, 1860428336**** дугаар бүхий 160 га, 1863928152**** дугаар бүхий 50 га, 1863628149**** дугаар бүхий 50 га газрыг /нийт 500 га/ үйлдвэр, үйлчилгээний цогцолбор, морин тойруулга, аялал жуулчлал, орон сууц, зочид буудлын зориулалтаар тусгай хэрэгцээний газарт давхцуулан тус тус олгосон байна. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Засгийн газар газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.1.2 дахь заалтад “Энэ хуулийн...16.1.13-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг топгоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх, 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь заалтад “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” гэж тус тус заасны дагуу уг газрыг М У З Г тусгай хэрэгцээнд хууль зүйн үндэслэлтэй авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Зам, Тээврийн Хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “140 дүгээр тогтоол нь 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гарсан байдаг. Нэхэмжлэгч нь Засгийн газрын тогтоол хэрэгжээгүй гэж байна. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т Засгийн газрын тогтоол гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа юм. 2010 оны Засгийн газрын тогтоол гараад 2016 онд нэмэлт өөрчлөлт орсон. Гэтэл яг энэ газрын солбицлыг өөрчлөхгүйгээр, давхцалгүйгээр орж байхад 2010 онд олгосон энэ газар дээр Засаг дарга давхардуулан газар олгосон байдаг. Тэгэхээр Засаг даргын гаргасан шийдвэр нь өөрөө хууль зөрчсөн шийдвэр байгаа юм.
Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.4-т “бүсийн хөгжлийн тулгуур төв хот, түүнчлэн томоохон уул уурхайн орд газар, үйлдвэр, нисэх онгоцны буудлыг даган бий болсон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 217 дугаар тогтоолоор Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах нисэх буудлыг даган хөгжих хөгжлийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөгөөр баталсан байдаг. Гэтэл эдгээрийг үл харгалзан газар олгосон нь Засаг даргын шийдвэр нь өөрөө хууль зөрчсөн шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.” гэв.
Иргэдийн төлөөлөгч: “Засгийн газрын 140 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М Х ХХК-иас “Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолын хавсралтын 7 дахь хэсгийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 06/22 дугаар тогтоол, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 513 дугаар захирамжаар М Х ХХК-д тус сумын нутаг Хөшигийн хөндий нэртэй газарт 500 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй, зохих журмын дагуу эзэмшиж байгаа нь тогтоогдож байна.
Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолд “...Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудлын дэвсгэр нутагт орших 12084,9 га газрыг тусгай хэрэгцээнд авах”-аар шийдвэрлэж, уг тогтоолын хавсралтын 7 дахь хэсгээр тусгай хэрэгцээний газрын хэмжээ, хилийн заагийг тогтоож, Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дэх хэсгээр Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан тусгай хэрэгцээний газрын хил заагийг өөрчлөн тогтоосон, ийнхүү тогтоосон хил заагийн дотор нэхэмжлэгч М Х ХХК-ийн эзэмшлийн 500 га газар багтжээ.
Нэхэмжлэгчээс Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус гэж үзэж маргасан нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Засгийн газар газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.1.2 дахь заалтад “Энэ хуулийн...16.1.13-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх, 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь заалтад “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” гэж тус тус заасны дагуу уг газрыг М У З Г тусгай хэрэгцээнд авах хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарладаг.
Гэтэл Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор “...Төв аймгийн *Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудлын дэвсгэр нутагт орших 12084,9 га газрыг тусгай хэрэгцээнд авах”-аар шийдвэрлэх үед Газрын тухай хуульд
“Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” нь Улсын тусгай хэрэгцээний газарт хамаарах зохицуулалт байгаагүй бөгөөд Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.”Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна” гэсэн заалтад 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар “16.1.13” гэсэн хэсгийг нэмж, “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрыг” тусгай хэрэгцээнд хамааруулсан байна.
Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоол гарах үед Засгийн газар нь зөвхөн Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “энэ хуулийн 16.1.5-16.1.8-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх”; бүрэн эрхтэй байсан бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Газрын тухай хуулийн 18.1.2 дахь заалтад “энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх;” гэж өөрчилжээ.
Үүнээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “М У З Г Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан Газрын нэгдмэл сангийн аль ч ангиллын газраас тусгай хэрэгцээнд авч болно.” гэж тайлбарлаж байгаа боловч Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоол, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоол гарах үед мөрдөж байсан Газрын тухай хуулиар Монгол улсын Засгийн газрын газрыг тусгай хэрэгцээнд авах бүрэн эрх тодорхойлогдохоор байна.
Түүнчлэн хариуцагчийн тайлбарт тусгай хэрэгцээнд авах үндэслэл болсон гэж тайлбарласан Монгол Улсын Их Хурлын “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар тогтоолоор М У З Гт Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудлын дэвсгэр нутагт орших газрыг тусгай хэрэгцээнд авах талаар үүрэг өгөөгүйг дурдах нь зүйтэй.
Мөн түүнчлэн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамжаар Иргэний нисэхийн ерөнхий газарт 1200 га газрыг, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар 1086,4 га газрыг нисэх онгоцны буудлын зориулалтаар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч М Х ХХК-ийн эзэмшил газартай давхцалгүй бөгөөд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тушаалаар “...Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ерөнхий төлөвлөгөөг батлах”-ыг үүрэг болгосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх газрын ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй талаар дурдсан байна.
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сайдын 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/954 дүгээр албан бичгээр Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлсэн албан бичигт “...нисэх онгоцны буудал байгуулах зэрэг байршлыг нь тогтоосон зарим газруудад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлж, ашиглуулах, өмчлүүлэх шийдвэр гаргахыг түр хугацаагаар зогсоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн боловч хуулийн үйлчлэлээр Засгийн газрын тогтоол гарах боломжгүй гэж үзсэн...”, мөн Монгол улсын Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны 10 дугаар тэмдэглэлд “... олон улсын нисэх онгоцны шинэ буудал барихаар төлөвлөж байгаа нутаг дэвсгэр дээр газар олгохыг түр зогсоох тухай Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны саналыг хэлэлцээд асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Засгийн газарт тодорхой санал оруулахаар хойшлуулав” гэсэн байна.
Эдгээр баримтаас үзэхэд М У З Гт Газрын тухай хуулийн 18.1.2 дахь заалтад “энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх;” гэсэн өөрчлөлт орохоос өмнө дээрх зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах бүрэн эрх олгогдоогүй байжээ.
Мөн Төв аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 07/675 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанд “...М Х ХХК-д газар олгоход Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэдээллийн санд оруулж баталгаажуулаагүй байсан болно. Иймээс М Х ХХК-ийн 500 га газрыг олон улсын хэмжээний цогцолбор баригдах төсөл бөгөөд ... хуулийн ямар нэг заалт зөрчөөгүй тул сумын ИТХ-ын болон Засаг даргын шийдвэрийг үндэслэн тус газрыг мэдээллийн санд бүртгэж баталгаажуулсан болно.” гэсэн байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлийн нэг нь “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудлын дэвсгэр нутагт орших 12084,9 га газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргахдаа эрх зүйн үндэслэлгүй гаргасан өөрөөр хэлбэл хариуцагч хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлжээ.
Нэхэмжлэгч М Х ХХК-иас Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудлын дэвсгэр нутагт орших 12084,9 га газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэрийн өөрт холбогдох хэсэг буюу тогтоолын тус компанийн эзэмшлийн 500 га газарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тусгай хэрэгцээний газрын хилийн зааг”-ийн 7 дахь заалтыг өөрчлөн найруулж, хил заагийг өөрчилсөн бөгөөд уг өөрчлөлтөд нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа 500 га газар хамаарч байна.
Дээрх тогтоолын 2 дугаар зүйлд “тогтоолын 1 дүгээр зүйлд заасан солбицол бүхий газарт иргэн, хуулийн этгээд газар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг судалж, давхцалыг арилгах арга хэмжээ авах” талаар, 3 дугаар зүйлд “тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан газарт иргэн , хуулийн этгээдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Төв аймгийн Засаг даргад үүрэг болгох” талаар зохицуулсан байна.
Нэхэмжлэгчээс М У З Гт өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж гаргасан 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоол нь илт хууль бус тул уг тогтоолд өөрчлөлт оруулсан Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоол нь хууль бус гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг хэлэлцээд газрыг тусгай хэрэгцээнд авсан Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолын нэхэмжлэгч М Х ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болох нь тогтоогдож байх уг тул илт хууль бус тогтоолд өөрчлөлт оруулсан Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд М Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тус тус баримтлан М Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН