Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0174/З |
Дугаар | 221/МА2019/0074 |
Огноо | 2019-02-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2019/0074
2019 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 221/МА2019/0074 | Улаанбаатар хот |
“К Э С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0774 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “К Э С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0774 дүгээр шийдвэрээр: ”Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.2, Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.2.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 6 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Үндэсний хөгжлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Концессын гэрээг цуцалсан 01/60 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “К Э С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 54.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоолын 1, 2 дахь заалт болон түүний хавсралтад заасан “К Э С” ХХК-д холбогдох 1, 2, 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “К Э С” ХХК-ийн төлөөлөгч Э.Ш давж заалдах гомдолдоо: “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос тус аймгийн Ерөө суманд орших “Б Т Е Г” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт төрийн өмчит “Монголын төмөр зам” ТӨХК-ийн өмчид шилжүүлэн авсан байдаг.
Мөн Сэлэнгэ аймгаар дайран өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хатуу хучилттай авто замыг 3 хэсгээр улсын комисст хүлээлгэн өгч, Концессын “Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх гэрээний үүргээ амжилттай бүрэн биелүүлж дуусгасан. Төсөл нэгэнт хэрэгжсэн. ... Гэтэл Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 6 дугаар тогтоолоор Концессын нэмэлт гэрээг нэг талын санаачилгаар, ямар нэгэн бодит үндэслэлгүйгээр цуцлахыг даалган, дангаараа цуцалж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн атал анхан шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.
... Концессын гэрээний дагуу барьж, байнгын ашиглалтад оруулан, Улсын комисст хүлээлгэн өгсөн авто зам нь Сэлэнгэ аймгаар дайран өнгөрөх олон улсын авто замтай холбосон Дулаанхааны уулзвар хүртэлх авто зам тул дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилготой Улсын эдийн засаг, нийгэмд томоохон ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон тул нийтийн өмч болно. ... Харин нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр бус Концессын “Барих-шилжүүлэх” төрлөөр гэрээний дагуу уг төслүүдийг хэрэгжүүлсэн тул бодит санхүүжилтийг олгох нь хуульд үндэслэх бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
... Бодит байдалд үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашиг хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй, баримтаар тогтоогдоогүй.
Хариуцагч нар ... улсын төсөвт ачаалал үүсгэсэн, нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэх боловч төмөр зам болон авто замыг Улсын комисс хүлээн авч, төр өмчдөө шилжүүлэн ... авч, төмөр зам ашиглалтын орлого олж, үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд авто замаар олон нийт, жуулчид, нутгийн иргэд чөлөөтэй ашиглан зорчиж, ашигласаар, бүтээн байгуулалтууд нь байнгын ашиглалтад орж дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг үзүүлж, үр дүнгээ өгсөөр байна.
... Концессын “Барих-шилжүүлэх” төрлөөр ... нэгэнт хэрэгжсэн харилцааг Засгийн газар дангаар цуцлах ... бодит үндэслэл бий болсон байхыг шаардах бөгөөд гагцхүү хуульд үндэслэх зарчмыг баримтлах ёстой.
... Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4-д зааснаар ... концессын гэрээ цуцлах эрхийг гагцхүү эрх бүхий этгээд буюу Үндэсний хөгжлийн газар хэрэгжүүлэх тул Засгийн газрын 2018 оны 6 дугаар тогтоол нь концессын гэрээ цуцлах бодит нөхцөл байдалд үндэслэх учиртай.
... Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т зааснаар Засгийн газар концессын гэрээ цуцлах, агуулгын хувьд концессын гэрээнд өөрчлөлт оруулах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийгээгүй. ... Үндэсний хөгжлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/60 тоот Концессын гэрээ цуцалсан мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийг зөрчсөн. ... Аливаа гэрээний харилцааг ... цуцлах хүртэлх хугацаанд нэгэнт хэрэгжсэн харилцааг буцаах үр дагаврыг үүсгэдэггүй. ... Концесс эзэмшигч нь концессын “Барих шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх төслийг хэрэгжүүлж дууссан болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар ямар нэгэн маргаан гараагүй. Гэтэл Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн.
... Нэгэнт хэрэгжиж төрийн өмчид хүлээн авсан төмөр зам, авто замын санхүүжилтийг олгосны дараа төлбөрийг буцаан авч нэхэмжлэгчид их хэмжээний өр төлбөр үүсгэж, нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. ... “К Э С” ХХК-д олгосон санхүүжилтийг буцаан төвлөрүүлэх талаар хууль гараагүй атал Засгийн газрын тогтоолоор өмчлөгчийн эрхэд халдаж буй нь Иргэний хуулийн 103.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.8 дахь заалтыг зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт өгөөгүй.
... Засгийн газар болон Үндэсний хөгжлийн газар нь Концесс эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй, урьдчилж мэдэгдээгүй тул Концессын тухай хуулийн 23.1 дэх хэсгийг зөрчсөн, Засгийн газрын 7 дугаар тогтоол нь Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг үндэслэсэн бөгөөд уг тогтоолд манай компанийн хөрөнгийг улсын төсөвт, Засгийн газарт, эсхүл өөр бусад гуравдагч этгээдэд шилжүүлэх тухай заагаагүй байна.
... “М К К” гэх компанийн нэхэмжлэлтэй хэргийн шийдвэр нь манай компанид хамааралгүй болно.
Харин актын эрх зүйн үр дагавар нь анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй болсон бол дагаж мөрдөх шаардлагагүй болохыг дурдах шаардлагатай.
7 дугаар тогтоолын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд анхан шатны шүүх ... Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулаагүй байна” гэсэн нь учир дутагдалтай, хууль буруу хэрэглэсэн байна. ... Манай компанийн Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний авлагыг шууд шилжүүлэн авахаар дангаар тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсгийг зөрчсөн.
Хөгжлийн банктай байгуулсан гэрээг бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга даран, нотариатаар баталгаажуулсан. Засгийн газар нь Монгол Улсын Хөгжлийн банкны эрхлэн явуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхгүй, эрхлэн явуулах хууль зүйн боломжгүй.
... Хариуцагч нар нь маргаан бүхий актуудыг батлан гаргахын өмнө нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.6-д зааснаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй, оролцоог хангаагүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч нар нь Засгийн газрын 2018 оны 6, 7 дугаар тогтоолууд, Үндэсний хөгжлийн газрын Концессын гэрээ цуцалсан 01/60 дугаар шийдвэрийг батлан гаргахын өмнө шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй ... атал анхан шатны шүүх эл нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг хүлээж авахаас татгалзсан нь цаашид концессын гэрээ болгоныг Засгийн газар дангаараа концессын зүйлийг өөрчлөх, цуцлах, хүчингүй болгох, санхүүжилтийг буцаан төвлөрүүлэх, эсхүл шинээр олгох бүрэн эрхтэй мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн аж ахуйн нэгжүүдийн Хөгжлийн банктай байгуулсан гэрээ болгоны авлага, өглөгийг Засгийн газар дангаараа өөртөө шилжүүлэн авч болох мэтээр эрх зүйн үр дагавар бий болгож, хуулийг маш буруу хэрэглэсэн, буруу жишиг үүсгэх сөрөг үр дагавартай байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0774 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
НЭГ. “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 6 дугаар тогтоол, Үндэсний хөгжлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Концессын гэрээг цуцалсан 01/60 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Монгол Улсын Засгийн газар Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 /Төсвийн тухай хуулийн 33.2.9-д зааснаас бусад төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах/, 6.1.2 /концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг энэ хуулийн 6.2-т заасан байгууллагад олгох/-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 317, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолуудаар Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Б Т Е Г” ХХК-ийн төмөр замын Хандгайт хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих, Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хүнд даацын хатуу хучилттай авто зам барих ажлыг концессын “шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр шууд гэрээ байгуулах нөхцөлөөр баталж, “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээг “К Э С” ХХК-тай байгуулах эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад олгож, “Д Т Ү” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг концессын гэрээний хугацаанд “К Э С” ХХК-д шилжүүлэхийг Төрийн өмчийн хороонд үүрэг болгосны дагуу 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн яам “К Э С” ХХК-тай “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн “Концессын гэрээ”-г харилцан тохиролцож байгуулжээ.
Гэрээний талууд гэрээнийхээ Арванхоёрдугаар бүлэгт гэрээг сунгах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээ дуусгавар болгох, гэрээг цуцлахтай холбоотой асуудлуудыг зохицуулж өгчээ.
Нэхэмжлэгч “К Э С” ХХК-аас Концессын гэрээний 12.2-т “Концессын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу талууд харилцан тохиролцож, энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно“ гэж заасныг үндэслэн Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналаа 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/88 дугаар албан бичгээр[1] Засгийн газраас эрх олгогдсон этгээд болох Аж үйлдвэрийн сайдад хүргүүлснийг хариуцагч Засгийн газар хүлээн авч, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 364 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар өөрийн 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 5-д заасан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Б Т Е Г” ХХК-ийн төмөр замын Хандгайт хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих”, “Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хүнд даацын хатуу хучилттай авто зам барих” ажлыг концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр өөрчилж, ашиглалтад хүлээлгэн өгсний дараа тус ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдуулан концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг концессын гэрээний дагуу 2016-2020 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарт даалгасан байна.
Засгийн газрын дээрх 2015 оны 364 дүгээр тогтоолыг үндэслэн гэрээний талууд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Концессын нэмэлт гэрээ”-нд “Бодит хөрөнгө оруулалт” гэж тухайн концессын зүйлийг барьж, эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд гарсан төслийн үндсэн төсөв, санхүүжилтийн зардал, өртөг болон бусад баримтаар нотлогдсон концессын зүйлтэй холбоотой бүхий л зардлуудыг багтаахаар,
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн олон улсын авто замын Дулаанхааны дөрвөн замын уулзвар хүртэл 95 км хатуу хучилттай зам гэж, Концесс эзэмшигч нь гэрээний ... 2.1.4-2.1.6 дахь заалтыг “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ гэж, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Концессын нэмэлт гэрээ-2”-оор бодит хөрөнгө оруулалтыг Улсын төсөвт суулган, концесс эзэмшигчид нөхөн төлөх хуваарьт /2016 онд 60 (жаран) хувь, 2017 онд 30 (гуч) хувь, 2018 онд 10 (арав) хувь/ гэсэн өөрчлөлтүүдийг оруулжээ.
Улмаар “К Э С” ХХК Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Төмөртэйн ордоос Ерөө сумын “Б Т Е Г” ХХК-ийн төмөр замын Хандгайт хүртэлх 33.4 км төмөр зам, ачиж буулгах терминалын хамт барьж дуусгаснаар Монгол Улсын Засгийн газар 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаар тогтоолоор хүлээн авч, “Монголын төмөр зам” ХК-ийн өмчид шилжүүлэн авсан,
Аж үйлдвэрийн сайд “К Э С” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “санхүүжилтийн зардал болох 5,783,222.22 ам.долларыг ажил гүйцэтгэх гэрээний үнэ дээр нэмж тооцон, нийт 112,663,222.22 ам.долларыг концессын гэрээний дагуу оруулсан бодит хөрөнгө оруулалтад тооцон баталгаажуулж, концессын төлбөрийг уг тогтоолын дагуу санхүүжүүлэх” талаарх хүсэлтийг уламжилсны дагуу Сангийн сайд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар тушаалаар “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-ний дагуу ”барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн концессын зүйлийг уг гэрээний 2016 онд төлөх бодит хөрөнгө оруулалтын 80 хувь болох 90,130,577.78 /ерэн сая нэг зуун гучин мянга таван зуун далан долоон ам.доллар далан найман цент/ ам.доллартай тэнцэх төгрөгийг жилийн 14.941 хувийн хүүтэй шилжих вексель хэлбэрээр баталгаажуулан концесс эзэмшигчид олгохыг даалгажээ.
Мөн концесс эзэмшигчийн барьсан Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн олон улсын авто замын Дулаанхааны дөрвөн замын уулзвар хүртэл 95 км хатуу хучилттай авто замыг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02/18/15, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 07/07/16 дугаар актууд, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 07/10/17, Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07/17/17 дугаар дүгнэлтүүдээр хууль тогтоомжид заасан шаардлага хангасан гэж үзэж ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.
Концессын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Концессын зүйл болон түүний эд анги, тоног төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг концессын гэрээгээр зохицуулах бөгөөд тэдгээрийг дараахь байдлаар ангилан гэрээнд тусгаж болно”, Концессын гэрээний 2.19-д ““Барих-шилжүүлэх” төрлөөр гүйцэтгэж буй концессын зүйлийг Концесс эзэмшигч нь дуусмагц холбогдох хууль, тогтоомжийн дагуу тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэж заажээ.
Ийнхүү концессын зүйлийг хүлээн авсан, мөн төрийн өмчлөлд шилжүүлэн авсныхаа дараа Монгол Улсын Засгийн газар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 6 дугаар тогтоолоор урьд гаргасан 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 364 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Б Т Е Г” ХХК-ийн төмөр замын Хандгайт хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих, Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хүнд даацын хатуу хучилттай авто зам барих төслийн “барих-шилжүүлэх” төрлөөр байгуулсан нэмэлт гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлахыг Үндэсний хөгжлийн газрын даргад даалгасан нь учир дутагдалтай болжээ.
Тодруулбал, Засгийн газар тогтоолоороо төрийн өмчлөлд шилжүүлсэн эрх бүхий этгээд нэгэнт хүлээн авсныг үл харгалзан уг асуудлыг шийдвэрлэлгүй шууд Төрийн өмчийн концессын зүйлийг баталсан жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоолыг хүчингүй болсонд тооцож, уг төслийн “барих-шилжүүлэх” төрлөөр байгуулсан нэмэлт гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгахдаа тухайн шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэж, оролцоог хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 /бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах/-д заасан зарчимд нийцээгүйгээс гадна тухайн этгээдтэй байгуулсан Концессын гэрээний 12.2-т заасан “харилцан тохиролцох” заалтаа зөрчжээ.
Хэдийгээр хариуцагч Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4 /үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн/ дэх заалтыг үндэслэсэн ч тухайн тогтоолыг гаргах үедээ концессын гэрээний улмаас Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдлыг тогтоосон зүйлгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 /захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах/, 40.4-д заасны дагуу бодит нөхцөл байдлыг тодорхой заах үүрэгтэй бөгөөд ийнхүү заагаагүй нь тухайн захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл болно.
Нөгөөтэйгүүр, маргаан бүхий уг тогтоол “К Э С” ХХК-тай байгуулсан Концессын гэрээг бүхэлд нь дуусгавар болгосон, эсхүл цуцалсан агуулгагүй байна.
Харин Засгийн газрын 2015 оны 364 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх явцад “33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт, 95 км хатуу хучилттай зам”-ын ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбогдуулан “концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг хэт өндрөөр үнэлсэн, бусадтай бүлэглэн хуурамч гүйцэтгэл гаргаж, их хэмжээний мөнгө угаасан, улсад их хэмжээний хохирол учруулсан” зэрэг үйлдэл байгаа бол холбогдох этгээдүүдийг зохих байгууллагад хуулийн дагуу шалгуулж, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа Концессын гэрээтэй холбоотой шийдвэрийг хууль болон гэрээнд заасны дагуу гаргах хариуцагчийн эрх нээлттэй.
Эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.
Шүүх дээрх байдлаар Засгийн газрын 2018 оны 6 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоосон энэ тохиолдолд уг тогтоолд үндэслэн “2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын нэмэлт гэрээ болон 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Концессын нэмэлт гэрээ-2-ыг тус тус цуцалж байгааг мэдэгдсэн” Үндэсний хөгжлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/60 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг мөн хангах нь зүйтэй.
ХОЁР. “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “М К К” ХХК-д шилжсэн “Э Ү” ХХК, “М” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 /дөрвөн зуун сая хоёр зуун далан мянган/ сая ам.долларын төлбөрийг хавсралтад заасан эх үүсвэрийн дарааллаар суутган тооцохоор” шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж тус хуулийн зорилтыг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хүн, хуулийн этгээд нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн зөрчигдсөн гэж үзсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоолын 1 дэх заалтын тухайд нэхэмжлэгч “К Э С” ХХК-д хамааралгүй, түүнд чиглэгдэн гараагүй байгаагаас үзвэл “К Э С” ХХК маргаан бүхий тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байна.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг “анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон“ гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь буруу байна.
Зүй нь энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “К Э С” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байжээ.
ГУРАВ. “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоолын 2 дахь заалт, тогтоолын хавсралтын “К Э С” ХХК-д холбогдох 1, 2, 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоол нь Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг буюу “Э Ү” ХХК, “М” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор гарчээ.
Гэтэл тухайн тогтоолынхоо 2 дахь заалтаар “Монгол Улсын Хөгжлийн банк, “К Э С” ХХК хооронд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу “К Э С” ХХК-д олгосон зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан хүүгийн авлага, түүнтэй холбогдох гэрээ, эрх, үүрэг, бусад баримт бичгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газарт шилжүүлэх, өглөг, авлагын тооцоо нийлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж”,
тогтоолын хавсралтын 1 дэх заалтаар “Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн олон улсын авто замын Дулаанхааны дөрвөн замын уулзвар хүртэл 95 км хатуу хучилттай замын төслийг “барих-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх концессын төслийн дагуу хийсэн төлбөр 57,163,320,000.00 төгрөг”,
2 дахь заалтаар “Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Б Т Е Г” ХХК-ийн төмөр замын Хандгайт хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминал барих төслийг “барих-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх концессын төслийн дагуу хийсэн векселийн төлбөр 210,966,408,115.93 төгрөг”,
5 дахь заалтаар “Монгол Улсын хөгжлийн банк, “К Э С” ХХК хооронд 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу олгосон зээлийн үлдэгдэл төлбөр 174,169,608,245.31 төгрөг”-ийг валютын ханш, зээлийн эргэн төлөлт зэргээс хамааран 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон суутган тооцохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл, “М К К” ХХК-д шилжсэн “Э Ү” ХХК, “М” ХХК-ийн 49 хувийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах зорилгыг биелүүлэх хүрээнд гарсан Засгийн газрын дээрх 7 дугаар тогтоолд тухайн 49 хувийн хувьцаа шилжсэн үйл ажиллагаатай хамааралгүй буюу үүнээс өмнөх Засгийн газрын 2014 оны 69 дүгээр тогтоолын дагуу байгуулагдсан Концессын гэрээ, түүний хэрэгжилт болох концессын зүйлийг хүлээлгэн өгч, төлбөр авч байсантай холбоотой “К Э С” ХХК, Монгол Улсын Хөгжлийн банк хоорондын харилцааг хамаатуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Энэ нь маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчмыг зөрчсөн гэх үндэслэл болно.
Эдгээр асуудлаар анхан шатны шүүх “зохион байгуулалтын шинжтэй, дотогш чиглэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжийг агуулаагүй, нэгэнт шүүхийн шийдвэрээр эрх зүйн үйлчлэлгүй болсон тул захиргааны акт гэж үзэн дахин хянах хууль зүйн үндэслэлгүй” гэж буруу дүгнэж, шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
[1] 3 дахь хавтсын 24 дэх тал