МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Ерөнхий шүүгч С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Иргэдийн төлөөлөгч: У.Эрдэнэцэцэг
Нарийн бичгийн дарга: Т.Түвшинбаатар
Улсын яллагч: Х.Мөнхбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Лхам
Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О холбогдох 1822000330017 тоот хэргийг 2018 оны 4 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1981.06.15-нд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хот хооронд явдаг гэх, ам бүл -4, эцэг, эх, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум 5 дугаар баг Аривжихын 14-14 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ЧК81061512/ Хан хөхий нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Онь 2018 оны 1 сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын 9-17 тоотод байрлах айлд бусадтай архидан согтуурч, улмаар Б.Уртнасангийн цээжин тус газар нь хутгалсны улмаас Б.Уртнасангийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Б.Уртнасангийн: Намайг Б.О Улаанбаатар хот руу хамт явъя би хүргээд өгье, би хүн зөөж байгаа гэж хэлээд урд өдөр нь буюу 2018.01.22-ны өдөр Хулд суманд байхад аймгийн төв рүү авч ирсэн юм. Тэгээд хэрэг болдог өдөр 2018.01.23-ны өдөр би М.Батжаргал гэдэг хүнтэй таараад 16 цагийн орчимд М.Батжаргалын гэрт нь нэг шил архи хамт хувааж уучихаад тэднийхээс гараад төвд алхаж байтал Б.Очбаяр, Ганаа гэх залуутай явж байхад тааралдсан. Б.О сууж явсан машиндаа Батжаргал бид 2-ыг суулгаад зүүн хойд гэр хороололд хаягийг нь мэдэхгүй байна, танихгүй айлд очсон. Тэгээд би Б.О хандаж, чи намайг Улаанбаатар хот руу хүргэж өгөх яасан бэ гэхэд Б.Онадад хандаж бензин тос байхгүй гэж хэлээд гал тогооны шүүгээ рүү явсан. Тэгэхэд надтай хамт явсан М.Батжаргал гэрээс түрүүлээд гарахаар нь би М.Батжаргалын араас дагаж гараад Б.О уурласан уурандаа гэрийнх нь хаяа руу нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд миний араас Б.Оганцаараа гараад ирсэн. Тэгэхээр нь би очоод Б.О тэврэхэд миний зүүн суга орчимд нэг удаа хутгалсан. Тухайн үед миний хажууд М.Батжаргал байсан. Хэн хэн нь согтуу байсан. Надад гомдол санал байхгүй, учирсан хохирлыг Б.Обүрэн барагдуулсан гэх мэдүүлэг /хх-14-18/
- Гэрч М.Батжаргалын “ 2018.01.23-ны өдөр би гэртээ Уртнасан, Борко бид нар нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи уусан. Тэгээд дараа нь төв орж Б.Очбаяр, Сосорын Ганаа нартай таарсан. Тэгээд бид нар такси аваад зүүн хойшоо Б.Очбаярын гэрт очих гэж байгаад замдаа Мягаа гэх айлаар орсон юм. Мягаагийн гэрт очоод Б.Уртнасан, Б.Охоёр хоорондоо хот явах явахгүйгээс болж маргалдсан юм. Тэгээд тэр хоёр маргалдаад байж байхад гэрээс эхлээд би гарсан. Миний дараа гэрээс Б.Уртнасан гарч ирсэн, араас нь Б.Огартаа хутга барьчихсан гарч ирээд шууд Б.Уртнасангийн өөдөөс явтал Б.Уртнасан гүйхээр нь туулгаж байгаад цээжний хавьд нь хутгалсан. Тухайн үед гадаа гэгээтэй 17 цаг болж байсан. Гэрийн гадаа Б.Уртнасан, Б.Обид гурваас өөр хэн нэгэн хүн байгаагүй. Сосорын Ганаа, Базаа нар гэрт байсан юм. Мөнхжиг тухайн үед Мягаагийнд байгаагүй. Б.Очбаяр, Б.Уртнасанг хутгалчихаад хутгалсан хутгаа надад өгөөд та энийг ав гэхээр нь би хармаалчихсан юм. Би тэр хутгыг эмнэлэг дээр байхад ахлах мөрдөгч Б.Лхагважавт өгсөн. Б.Уртнасан нилээн согтуу, Б.Оч бас согтуу байсан ” гэх мэдүүлэг /хх-20/
- Гэрч Ц.Базарваанийн “ Би Аривжихын гэр хороололд байдаг Мягаа гэх айлд байж байтал Б.Уртнасан, Б.Очбаяр, М.Батжаргал нар 16 цаг өнгөрч байх үед ирээд Б.Уртнасан, Б.Онар юунаас болж хоорондоо маргалдсаныг мэдэхгүй хэрэлдээд байх шиг байсан. Тэгэхэд нь Б.Уртнасан, М.Батжаргал нарт хандаж та нар явцгаа гэж хэлсэн. Тэгэхэд Б.Уртнасан, М.Батжаргал нар түрүүлээд гарсан. Б.Уртнасан гэрийн гаднаас Оочко чи гараад ир гээд айлын хана руу гаднаас юмаар цохиод байсан. Тэгээд байж байтал гаднаас М.Батжаргал орж ирээд Б.Охүн хутгалчихлаа гээд орж ирээд өмднийхөө арын халааснаас шар өнгийн иштэй хутга гаргаж ирээд үзүүлж байсан. Тэгээд би гэрээс гараад очиход Б.Уртнасан газар унасан байдалтай, дээр нь Б.ОБ.Уртнасанг тэврээд би хүн хутгалчихлаа гээд байж байсан. Тэгээд удалгүй түргэн ирээд Б.Уртнасан, Б.Очбаяр, М.Батжаргал нар хамт эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг /хх-84/
- Шинжээчийн 2018.01.30-ны өдрийн 170200060 тоот: Б.Уртнасангийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн дотуур цус алдалт /1000мл цус/ гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-22/
- Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 2018 оны 1 сарын 23-наас 2 сарын 5-ны өдрийг хүртэл хөтөлсөн өвчний түүх /хх54-68/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-54-р хуудасны ар талд/
- Мэс заслын өмнөх дүгнэлт, мэс заслын тэмдэглэл /хх 61-63/
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-4-6/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг 2018 оны 1 сарын 23-ны өдрийн 17 цаг 40 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/ баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.
Дээр дурьдсан баримтаар шүүгдэгч Б.Онь 2018 оны 1 сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд архидан согтуурсан үедээ үл ялиг зүйлээр шалтаглан танхайрч, хохирогч Б.Уртнасангийн цээжин тус газарт нэг удаа хутгалж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл гаргасан нь хүний эрүүл мэндэд хүйтэн зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Уртнасангийн бие махбодид цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн дотуур цус алдалт гэх буюу учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж авч, мэс засал хийлгэсний улмаас амь нас аврагдсан болох нь шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, мэс заслын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-23, 54-68/
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг буюу хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах гээд зайлшгүй бүх зардлыг шүүгдэгч Б.Охариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Б.Уртнасан шаардах эрхтэй байна.
Хэргээс үзэхэд хохирогч анхныхаа мэдүүлэгт “эмчилгээний зардал мөнгөө төлүүлнэ, Өмсөж явсан хувцсаа төлүүлнэ. Гомдолтой байна” гэж мэдүүлжээ. /хх-15-р хуудасны ар тал/
Хохирогч 2018 оны 3 сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг Б.Обүрэн барагдуулсан” гэсэн /хх-18/, хэргийн материалтай танилцаад “хүсэлт, гомдол байхгүй” гэжээ. /хх-89/
Хэрэгт хавсаргагдсан баримт /хэнээс гаргаж өгсөн нь тодорхойгүй/ нь шинжилгээний зардалд 8000 төгрөг төлсөн/хх-83/, эм тариа, хот хооронд зорчсон, хоол хүнсэнд зарцуулсан нийт 250993 төгрөг төлсөн /хх, 45-52, 71-81/ баримт байна. Мөн нэгдсэн эмнэлэгт 13 хоног хэвтэж эмчлүүлсэн, мэс засал хийлгэсэн төлбөр нийт 268569 төгрөг болсон нь өвчний түүхээр /хх-68/ тогтоогдож байна. Эдгээр баримтаар хохирогчид бодитоор учирсан хохирол нийт 384049 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Уртнасангийн ХААН банк дахь дансанд ” Б.Очбаяраас” гэсэн утгатай 1 сая төгрөг шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн байна. /хх-82/
Дээрх нөхцөл байдлыг болон хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдлыг харгалзан хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүгдэгч нь анх гэрчийн мэдүүлэг өгөх үедээ болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө болсон үйл хэргийн талаар шударгаар мэдүүлж, хохирогч Б.Уртнасанг хутгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байжээ. /хх-19, 26-27/
Иймд шүүгдэгч Б.О ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг нэхэмжилсэн хүнгүй тул устгуулахаар шүүхийн тамгын газарт шилжүүлж, тухайн хутганы жинхэнэ эзэмшигч нэхэмжилсэн тохиолдолд хутганы үнийг төлж хохиролгүй болгохыг шүүгдэгч Б.О даалгах нь зүйтэй.
Энэхүү шүүх хуралдаанаас шүүгдэгч Б.О хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл,
36.2 дугаар зүйлийн 4, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1,
38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
- Шүүгдэгч Хан хөхий овогт Баатархүүгийн Очбаярыг хутга хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар Хан хөхий овогт Баатархүүгийн Очбаярт 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд заасныг баримтлан Б.О оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
- Шүүгдэгч Б.Онь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Уртнасангийн дансанд 1 сая төгрөг шилжүүлсэн, бусдад төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч Б.Уртнасангийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Уртнасан нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Очбаяраас нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт /дарга А.Лхагвасүрэн/ шилжүүлсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутганы үнийг эзэмшигчид нь төлж, хохиролгүй болгохыг Б.О даалгасугай.
- Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
- Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
- Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт хүргүүлж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.
ДАРГАЛАГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.МӨНХБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.СЭРЖМЯДАГ