| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2018/00050/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2018-05-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Т.Түвшинбаатар
Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ
Хохирогч Б.Бямбажав
Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин
Иргэний нэхэмжлэгч: Б.Гантөгс
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Төмөрбаатар
Шүүгдэгч: Б.Гнарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г холбогдох 1722001260031 тоот хэргийг 2018 оны 5 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот Багануур дүүрэгт 1993.12.09-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй гэх, хэрэг үйлдэх үедээ Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн газарт цагдаа жолооч ажилтай байсан, одоо 2018 оны 5 сарын 25-наас эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа гэх, ам бүл-4, эх, дүү нарын хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар баг 6-2-34 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:НЧ93120919/ Боржигон овогт Б.Гнь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгийг шинжлэн судлахад хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан байна.
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Гнь 2017 оны 11 сарын 25-ны өдрийн 13 цагийн орчимд Дундговь аймгийн төвөөс 20 км газарт Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дундын-Овоо” гэх газарт 66-86 ГСА улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг жолоодож явахдаа иргэн Б.Гантөгсийн жолоодож явсан 23-89 УНА улсын дугаартай “Сузуки свифт” маркийн автомашины баруун хойд булан луу мөргөн онхолдуулж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн автомашинд зорчиж явсан иргэн Б.Сарангэрэлийн амь нас хохирсон, Б.Гантөгсийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
-Шинжээчийн 2017.12.13-ны өдрийн 170100070 тоот дүгнэлтэд “Б.Сарангэрэлийн биед гавал тархины ил гэмтэл, Гавал ясны бутарсан олон тооны хугарал, гавал ясны орой хэсгийн ясны ил хугарал, зүүн эрүү ясны хугарал, баруун чихний урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Б.Сарангэрэлийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаач нь АВ /IV/ бүлгийн цустай байна. Б.Сарангэрэл нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ” гэжээ /1-р х.х-246-249/
- Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосны гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-18-21/
- Шинжээчийн 2017.12.06-ны өдрийн 14981 тоот дүгнэлтэд “Б.Гантөгсийн биед хуйх, зүүн чихний ард цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /2-р х.х-8/
- Гэрч Г.Мөнгөнцэцэгийн /66-86 ГСА улсын дугаартай Приус-30 маркийн автомашины зорчигч/: Дундговь аймгийн Дэлгэрцогт сум өнгөрөөд явж байтал гэнэт машин түчигнээд явсан. Тэгээд сэрээд хартал манай машин засмал замын баруун талд зогсож байсан. Тэгээд би эхлээд замын хашлага мөргөсөн байна гэж бодоод машинаас буугаад хартал ертөнцийн зүгээр замын зүүн урд талд саарал өнгийн машин онхолдсон байдалтай байсан. Миний зорчиж явсан машин хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй. Би тухайн үед ар талын суудалд суугаад унтаад явж байсан гэх мэдүүлэг /1-р х.х-35-36/
- Гэрч Б.Гантулгын /66-86 ГСА улсын дугаартай Приус-30 маркийн автомашины зорчигч/: Дундговь аймгийн Дэлгэрцогт сум өнгөрөөд явж байтал гэнэт миний сууж явсан машин тоормозлох шиг болсон. Тэгээд би сэрээд хартал урд талд саарал өнгийн машин замын зүүн гар талын урсгалд ороод хөндлөн болох шиг болсон. Тэгээд манай машины жолооч тормозлоод баруун гар тийшээ дараад араас нь мөргөөд манай машин замын баруун гар талын замын шороон хэсэг дээр замын шонг мөргөөд зогссон. Тэгээд би буугаад очтол нөгөө саарал өнгийн машин замын зүүн талд зүүн талаараа онхолдсон байдалтай ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан. Уг машины жолооч эрэгтэй хүн машинаасаа буусан. Манай эхнэр өнгөрчихлөө хурдан дуудлага дуудаарай гэж байсан. Уг машины урд талд эмэгтэй хүн доошоо харсан байдалтай, хөл зүүн урагшаа толгой хэсэг нь баруун хойшоо харсан байдалтай байсан. Миний сууж явсан хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй. Өмнө талд суугаад унтаад явж байсан. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэх мэдүүлэг /1-р х.х-37-39/
- Гэрч М.Ууганбаярын /66-86 ГСА улсын дугаартай Приус-30 маркийн автомашины зорчигч/: ... Дундговь аймгийн Дэлгэрцогт сум өнгөрөөд явж байтал гэнэт машин тачигнах чимээ гарсан. Тэгээд би ард унтаад явж байсан болохоор сэрээд хартал миний сууж явсан машин баруун гар талаараа хөндлөн гулгаж байсан. Тэгээд замын хажуу талын шон мөргөөд зогссон. Тэгээд би машинаас буугаад хартал замын зүүн гар талд саарал өнгийн машин ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан байдалтай зүүн талаараа онхолдсон машины гадна талд нэг эрэгтэй хүн эхнэр өнгөрчихлөө, түргэн дуудаач гээд зогсож байсан. Уг машины урд талд нэг эмэгтэй хүн доошоо харсан байдалтай байсан гэх мэдүүлэг /1-р х.х-40-41/
Дундговь аймгийн төвөөс хойш 24 км-т орших Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дундын-Овоо” гэх газар дахь авто зам дээр 2017 оны 11 сарын 25-ны өдрийн 13 цагийн орчимд 1 хүний амь нас хохирсон, 1 хүний бие махбодид хөнгөн гэмтэл учирсан зам тээврийн осолд жолооч Б.Гбуруутай болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх баримтуудаар жолооч Б.Гнь хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр хөдөлгөөнд оролцох, мөн аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүргэээ биелүүлэлгүй зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Сарангэрэлийн амь нас хохирч, иргэн Б.Гантөгсийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтооогдож байна.
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн энэхүү үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ” гэх заалт, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөний оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэх заалт; Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Иймд шүүгдэгч Б.Г “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэнийн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас иргэн Б.Гантөгсийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй боловч мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоож ирүүлсэн иргэн Б.Гантөгсөд учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгтэй нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.
2/ Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Энэ хэрэгт Цагдаагийн Ерөнхий газрыг /цаашид ЦЕГ гэх/ иргэний хариуцагчаар татсан байна /2-р х.х-137/ Иргэний хариуцагчийн төлөөлөгч мөрдөн байцаалтанд “Хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилогдсон ямар үндэслэлээр хэнээс нэхэмжилж байгаа гэдгээс шалтгаалан Ерөнхий газар тухайн зам тээврийн ослоос үүссэн хохирлыг хариуцах эсэх асуудал гарна. Говь-Сүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах/ тасгийн цагдаа, жолооч Б.Ггэдэг албан хаагч албаны шугамаар бай, хувийн шугамаар бай ямар нэгэн ажилд албаны машин тэрэг унаж явахдаа аюулгүй байдлаа бүрэн хангаж замын хөдөлгөөнд оролцож явах үүрэгтэй. Энэ утгаараа жолооч цагдаа Б.Гнь тээврийн хэрэгслийг болон тээврийн хэрэгсэлд зорчиж байгаа алба хаагч нарын аюулгүй байдлыг хангаж явах үүрэгтэй байдаг учир тухайн зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг жолооч Б.Ггэж хүн хариуцах естой. Цагдаагийн албаны нийтлэг үүрэгт “гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үндсэн үүрэгтэй” гэж заасан. Тэгэхэд Говь-Сүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга х/ч Гантулгын гаргасан өргөдлийн дагуу хувийн ажилд албаны машинтай явахыг, албаны машиныг жолооч Б.Ган-Эрдэнээр жолоодуулж явуулахыг зөвшөөрсөн байна. Энэ тохиолдолд Говь-Сүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн алба хаагч нар нь Цагдаагийн албаны тухай хуулиар тодорхойлогдсон үндсэн үүрэгт ажилд яваагүй учир хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг Цагдаагийн Ерөнхий газар хариуцах үндэслэлгүй юм” гэжээ /2-р х.х-138-140/
Шүүгдэгч Б.Гнь ЦЕГ-ын даргын 2017.06.16-ны өдрийн Б/29 дугаар тушаалаар Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн цагдаа-жолооч албан тушаалд цагдаагийн дэд ахлагч цолтойгоор томилогдсон, Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн даргын 2017.06.30-ны өдрийн Б/78 тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгдөж, мөн хэлтсийн Захиргааны удирдлагын цагдаа жолоочч, цагдаагийн дэд ахлагч цолтойгоор томилогдсоноос /2-р х.х-52-58/ үзэхэд Б.Гнь 2017 оны 11 сарын 25-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ цагдаа-жолооч албан тушаалтай байжээ. Тухайн үед Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Захиргаа удирдлагын тасгийн дарга Б.Гантулга ар гэрийн гачигдлын улмаас 2 хоногийн чөлөөгөөр Дундговь аймаг руу явахдаа албаны унаа хэрэглэх хүсэлт гаргасныг зөвшөөрч, чөлөө олгосон, мөн 66-86 ГСА улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Ган-Эрдэнийн хамтаар явахыг зөвшөөрсөн болох нь чөлөө хүссэн өргөдөл, цохолт, жижүүрийн шуурхай албаны хоногийн нөхцөл байдлын мэдээ, танилцуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /1-р х.х47-51/ Мөн Б.Ган-Эрдэнийн жолоодож явсан автомашин нь Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн өмчлөлийн автомашин болох нь тээврийн хэрэгслийн 01426066 дугаартай гэрчилгээний хуулбар /2-р х.х 63-64/, ЦЕГ-ын даргын 2016.11.22-ны өдрийн Б/645 дугаартай тушаал, түүний хавсралт баримтуудаар /1-р х.х-54-56/ тогтоогдож байна.
Эдгээр баримтаар тухайн үед Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Захиргаа удирдлагын тасгийн дарга Б.Гантулга чөлөөгөөр хувийн ажлаар зорчиж байсан, харин цагдаа-жолооч Б.Гнь удирдах албан тушаалтны зөвшөөрсний дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэж явсанд тооцох үндэслэлтэй болох нь нотлогдож байх тул шүүх иргэний хариуцагчийн төлөөлөгчийн “Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн алба хаагч нар нь Цагдаагийн албаны тухай хуулиар тодорхойлогдсон үндсэн үүрэгт ажилд яваагүй учир хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг цагдаагийн ерөнхий газар хариуцах үндэслэлгүй” гэсэн тайлбар /2-р х.х-140/ гаргасныг хүлээн авах хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.
Тодруулбал: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, мөн зүйлийн 498.5-д “Энэ хуулийн …498.2..-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” мөн зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Төрийн албаны тухай болон Цагдаагийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас бусдад учирсан гэм хорыг хэн хариуцах талаар тодорхой заагаагүй байх тул тухайн тохиолдолд Иргэний хуулийн зүйл заалтыг хэрэглэж, гэм хорын асуудлыг шийдвэрлэнэ. Дээр дурьдсан Иргэний хуулийн зүйл заалтад зааснаар цагдаагийн албан хаагч цагдаа-жолооч Б.Ган-Эрдэнийн буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас,эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг эхлээд цагдаагийн төв байгууллага буюу Цагдаагийн Ерөнхий газар хариуцан арилгаж, дараа нь тухайн байгууллага өөрт учирсан хохирлыг шүүхээс гэм буруутайд тооцсон этгээдээс шаардан гаргуулахаар зааж зохицуулсан байна.
Гэмт хэргийн улмаас амь хохирогч Б.Сарангэрэлийн ар гэрээс болон иргэний нэхэмжлэгч Б.Гантөгсөөс гэм хорын төлбөрт нийт 43 сая төгрөг нэхэмжилж баримт гаргаж өгснийг судалж үзээд иргэний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв. Үүнд:
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд баримтаар нотлогдож байгаа төлбөрийг бүрөн төлж барагдуулсанд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа болон хохирогч нас барснаас учирсан гэм хорын нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хариуцагчийн удирдах байгууллагын оршин байгаа газрын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэлээ.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргалаа.
Шүүгдэгч Б.Г ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Бямбажав, иргэний нэхэмжлэгч Б.Гантөгс нарт гэм хорын төлбөрийг баримтаар нотлогдсон хэмжээнд сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар Б.Г хорих ял оногдуулахыг тэнсэх тухай хүсэлт гаргалаа.
Шүүгдэгч Б.Гнь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж байсан нь баримтаар тогтоогдож байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулсан байна.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх урьдчилсан нөхцлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааж зохицуулсан тул өмгөөлөгчийн хүсэлтийг хангах боломжгүй байна.
Харин Б.Ган-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа ба дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заасан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулж, нэмэгдэл ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баярын Ган-Эрдэнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасны улмаас Б.Сарангэрэлийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баярын Ган-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Баярын Ган-Эрдэнэд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Шүүгдэгч Б.Г шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял болон тэнссэн шийдвэрийг биелүүлэхийг Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, энэ талаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баярын Ган-Эрдэнэд шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Б.Гнь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчид нийт 11300000 /арван нэгэн сая гурван зуун мянган/ төгрөг хүлээлгэж өгсөн болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлээс баримтаар нотлогдсон 10391015 төгрөгтэй холбогдох хэсэг хангагдсаныг дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон хохирогч нас барсаны улмаас учирсан гэм хорын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Цагдаагийн Ерөнхий газрын удирдах байгууллага байгаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ