Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00292

 

 

 

 

 

 

 

 

2023 02 01 210/МА2023/00292

 

 

*********ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/03808 дугаар шийдвэртэй,

*********ийн нэхэмжлэлтэй *****, ******, БНХАУ-ын иргэн ****** /********/ нарт холбогдох,

150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: БНХАУ-ын иргэн ******ий 100 хувийн хөрөнгө оруулалттай ноос, ноолуур боловсруулж самнах анхан шатны зориулалттай үйлдвэрийг 2006 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутагт байгуулсан. Уг үйлдвэрийг Дэн Атар говь ХХК ажиллуулж байсан,компанийн захирлаар ******, гүйцэтгэх захирлаар *****, үйлдвэр хариуцсан даргаар ********* ажиллаж байсан.

Дэн атар говь ХХК-ийн ерөнхий захирал ****** бидний хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдаж, ажил үүргээ гүйцэтгэсэн. Тус үйлдвэрт нийтдээ 130 гаруй монгол ажилчин авч ажиллуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаад 2010 оны сүүлчээр зогссон.

Бидний хамтран ажилласан хугацаанд үйлдвэрийн тоног төхөөрөмж, байр зэрэг нийт 1 тэрбум гаруй төгрөгийн үндсэн мөнгөн хуримтлал бий болсон.

2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хамт олны хурал хийж, нийт цугларсан 1,000,000,000 төгрөгийн үндсэн мөнгөн хуримтлалын ашгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн болон талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэсэн байдлыг харгалзан 55 хувийг компанийн ерөнхий захирал ******, үлдсэн 45 хувийг буюу ******, ***** бид гуравт тус бүрд 150,000,000 төгрөгийг өгөхөөр шийдвэрлэсэн.

Улмаар 2012 оны 3 дугаар сард ****** нь үйлдвэрийг *****ийн нэр дээр шилжүүлсэн. Дэн Атар говь ХХК-ийн захирал ***** нь 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Голомт банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 2,000,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Зээл гарсны дараа ****** нь үйлдвэр дээрээс надад хэлэлгүйгээр өөрийнхөө мөнгийг Н.Эрдэнэбилэг, ****** хоёроос аваад явчихсан байсан.

Надтай цуг ажиллаж байсан хүн утасдаад хүмүүс мөнгөө аваад дууслаа, та мөнгөө аваарай гэж хэлэхээр нь Шар хаднаас такси бариад очтол ****** 600,000,000 төгрөгөө шуудайд хийгээд аваад явсан, *****, ******, Н.Отгончимэг нар сууж байсан. Тэр хоёр намайг арынхаа ресторанд дагуулж ороод ********* эгчээ бид хоёр мөнгөгүй болчихлоо таны мөнгийг жаахан хүлээж байгаад, 2017 онд багтааж 150,000,000 төгрөг өгнө гэсэн гарын үсэгтэй батламж гаргаж байсан. Мөн ***** нь мөнгө өгнө гэж удаа дараа хэлдэг.

Үйлдвэрийн ашиг, хувь, миний ажлын хөлс болох 150,000,000 төгрөгийг үйлдвэр зарагдахаар өгнө гэж ерөнхий захирал ****** нь хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа миний бичиж байсан тэмдэглэл дээр гарын үсгээ зурж, баталгаажуулж өгсөн. Мөн ****** надад мөнгө олгох тухай хятадаас монгол хэлэнд орчуулагдсан, албан ёсны орчуулгатай баримтуудаа нотариатаар гэрчлүүлсэн. Би энэ үйлдвэрийн хөрөнгөөс авах эрхтэй, өөрийнхөө 8, 9 жилийн хөдөлмөрийн үр шимийг гаргуулж авмаар байна.

Хамтын үйл ажиллагаанаас ногдох үйлдвэрлэлийн явцад хуримтлагдсан ашиг, ажлын хөлс, хувь болох 15 хувь буюу 150,000,000 төгрөгийг ****** болон ******, ***** нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******, ***** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Дэн-Атар говь ХХК нь 2006 онд байгуулагдан ноос ноолуур самнах, экспортлох үйл ажиллагаа явуулж байсан. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш ****** нь нагац эгч *********ийг үйлдвэрийн даргаар ажиллуулж, цалин хөлс өгдөг байсан. Тухайн үед ажиллаж байсан цалин хөлсийг бүгд тогтмол цаг хугацаандаа олгож байсан.

Анх компанийг байгуулахад ********* компаниас хувь эзэмших тухай яригдаагүй. Сүүлд 2011 онд эхнэр ****** уг компанийг байгуулахаас ч өмнө олон жил цуг ажилласан эгчдээ тодорхой хувь өгнөө гэж хэлсэн байсан.

Улмаар 2013 оны 5 дугаар сард Дэн Атар говь ХХК-ийн 55 хувийг эзэмшиж байсан ******аас эзэмшиж байсан бүх хувь болох 55 хувийн хувьцааг өөрсдийн хөрөнгөөр 600,000,000 төгрөг төлж худалдан авснаар 100 хувь *****ийн эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулалтгүй компани болсон.

Энэ хугацаанд ******ээс ********* нь машин авмаар байна гэж 25,000,000 төгрөг авсан, өөр ямар мөнгө авч байсныг одоогоор мэдэх зүйл алга. Мөн 2013 оноос хойш 100,000,000 орчим төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийж төмөр хайлуулах цех, ноос ноолуур будах цехийн өргөтгөлийн барилга бариулж ашиглалтад оруулсан.

Дэн атар говь ХХК-ийг худалдан авснаас хойш 2 жил ажиллуулаад Ноос- Ирээдүй ХХК-д худалдсан. Тус компанийг худалдсан ч Голомт банканд 400,000,000 төгрөгийн өр, мөн нийгмийн даатгал, татвар зэрэгт 45 сая төгрөгийн өрийг одоог хүртэл төлж дуусаагүй байгаа. Компанийг худалдаж авсан тал болох Ц.Сүхбаатар гэгч Голомт банк, Ноос-Ирээдүй ХХК, Лакс ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны гурвалсан гэрээний дагуу олгогдсон 2,000,000,000 төгрөгийг залилан авч ашиглаж гэрээг зөрчсөн, мөн Дэн-Атар говь ХХК-ийн хөрөнгийн жагсаалтад ороогүй Лакс ХХК-ийн 200,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг дур мэдэн зөөж авч яваад одоог хүртэл маргаантай нөхцөл байдалтай шийдэгдээгүй байна. Дээрх нөхцөл байдлаас *********ийн нэхэмжилж буй Дэн атар говь ХХК-ийн өөрийн хувь гэх 150,000,000 төгрөгийг төлөх хуулийн болон ёс зүйн учир шалтгаан байхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй. Учир нь талууд 1 тэрбум төгрөгийн хөрөнгийг хуваахаар тохирсон гэж байгаа боловч ямар хөрөнгө, ямар үйлдвэрийг хэнд, хэзээ зарсан нь тодорхойгүй. ***** компани биш, компанийн хувьцааг шилжүүлж авсан.

Нэхэмжлэгч 150,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй. Талууд хамтран ажиллаж байгаагүй, нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөд цалин аваад ажиллаж байсан. Хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан гэх боловч хэн ямар хөрөнгө оруулсан нь тодорхойгүй, хамтын үйл ажиллагаа дуусгавар болоход үйлдвэрийн ашгийг хэрхэн хуваарилсан нь тодорхойгүй гэжээ.

 

3. Хариуцагч БНХАУ-ын иргэн ****** /********/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Анх миний бие 2006 онд Дэн-Атар говь ХХК-ийг байгуулах үед 100 хувийн хөрөнгө оруулалт гаргаж, Монгол талаас ноолуур авдаг иргэн ******, ***** нар мөн эгч нь болох ********* нар хамтран 30 хувийг эзэмших талаар ярилцаад, би 70 хувийг, ***** 30 хувийг албан ёсоор эзэмшиж, дүрэмд тусгасан.

Ингээд 2012 онд *********, ****** бид гурав нягтлан н.Отгончимэгийг байлцуулан хурал хийж, би 55 хувийг, ******, ***** нар 15 хувийг тус бүр эзэмшихээр, үлдсэн 15 хувийг ****** өөр дээрээ байлгаж байгаад, *********т өгөхөөр тохиролцсон юм. Энэ тохиролцоог ********* зөвшөөрсөн болно.

Улмаар 1,000,000,000 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн хөрөнгө байдаг гэж ярьдаг боловч сандал, ширээ, ийм үнэтэй тоног төхөөрөмж гэсэн тодорхой баримт байдаггүй. ******ий 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Үйлдвэрийг *****т зарах талаар амаар тохиролцсон байдаг. Энэ маргаантай холбоотой эрүүгийн хэрэгт *********т өгөх 150 сая төгрөгийг ******, ***** нар нь бид өгнө гэж хэлсэн нь цаасан баримтаар нотлогддог. ******ий хувьд нэхэмжлэгчид мөнгө өгнө гэж амлаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй. Тиймээс хэрэв төлөх тохиолдолд ******, ***** нар л төлнө. Иймд БНХАУ-ын иргэн ******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн ******** болон хариуцагч *****, ****** нарт холбогдох 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *********ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:.

5.1. Нотлох баримтыг зөв харьцуулан үнэлээгүй.

*********т үйлдвэрлэлийн ашиг, хувь, ажлын хөлс болох 150,000,000 төгрөгийг үйлдвэр зарагдсаны дараа өгөхөөр ерөнхий захирал ****** нь хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа *********ийн бичиж байсан тэмдэглэл дээр гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гэтэл ******, ***** нар энэхүү хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэрийг эрс үгүйсгэсэн.

Хамт олны хурлын тэмдэглэлийг бичих үүрэг *********т ногдоогүй гэдгээр хохирох ёсгүй.

Зохигч хамтран ажиллах гэрээ байгуулсан, гол нөхцөлийн талаар талууд; хэлэлцэн тохиролцсон. Үүнд:

Бидний хамтран ажиллах хугацаанд тоног төхөөрөмж, байр зэрэг нийт 1 тэрбум гаруй төгрөгийн үндсэн мөнгөн хуримтлал бий болсон. Улмаар 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хамт олны хурал хийж, нийт цугларсан 1,000,000,000 гаруй төгрөгийг хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн болон талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэсэн байдлыг харгалзан 55 хувийг компанийн ерөнхий захирал ******, үлдсэн 45 хувийг буюу нэг хүнд оногдох 150,000,000 төгрөгийг ******, ***** бид гуравт хувааж өгөхөөр шийдвэрлэсэн.

5.2. Эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэг, тайлбар, бусад нотлох баримтуудаар батлагдсаар байхад хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй гэж буруу дүгнэсэн.

5.3. Хэрэгт авагдсан баримтаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан зохигчдын хооронд үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч ****** 2016 оны 05 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтэд яллагдагчаар байцаагдахдаа Би *********т компанийн хөрөнгийн 15 хувийг өгнө, 150 сая төгрөг амлаж байсан, ****** нь 2016 оны 11 дугаар сарын 17-ны өдөр *********тэй тооцоо нийлсэн актад: *********т өгнө гэж амласан 150 сая төгрөгийг 2017 онд багтааж төлнө гэж гарын үсэг зурж баталгаажуулсан,

Ингүүмэл Жаргалант аудит ХХК-аас хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн В/17- 35 тоот хараат бус баталгаажуулах тайлангийн дүгнэлтэд: Дэн-Атар говь ХХК-ийг худалдсан орлогын 15 хувийг ********* авахаар байна, хэрэг бүртгэлтийн шатанд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хариуцагч тал *********т хувьцаа өгнө, үйлдвэрийн хувиас хувь өгнө, Үйлдвэрийг зарсан тохиолдолд хөрөнгийн 15 хувь болох 150 сая төгрөгийг өгнө гэж удаа дараа амлаж байсан.

5.4. Хариуцагч ******, ***** нарын итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын тайлбарт: ... . ******ээс ********* нь машин авмаар байна гэж 25,000,000 сая төгрөг авсан /шийдвэрийн 3 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн нь энэ маргаж байгаа 150 сая төгрөгийн асуудалтай огт хамааралгүй.

5.5. Мөн 2006 онд Дэн-Атар говь ХХК-ийг үүсгэн байгуулж ажиллуулах хугацаанд хэдийгээр ерөнхий захирал ****** нь үйлдвэрийн тоног төхөөрөмж, байр зэрэг нийт 1,000,000,000 /1 тэрбум/ гаруй төгрөгийн үндсэн мөнгөн хуримтлал бий болсон гэж хэт доогуур үнэлсэн байх магадлалтай. Бодит байдлаар гурван тэрбум гаруй төгрөгийн үндсэн мөнгөн хуримтлал бий болсон байх боломжтой. *****, ****** нар үйлдвэрийн үндсэн хөрөнгийг гурван тэрбум төгрөгөөр үнэлж зээл авахаар Голомт банкинд хандахад, үйлдвэрийн үндсэн хөрөнгийн 100 хувиар биш, 60 хувиар бодож 2 тэрбум төгрөгөөр үнэлж зээл өгсөн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн дундаа хамтран өмчлөх ямар хөрөнгө үүссэн нь тодорхойгүй гэх дүгнэлт үгүйсгэгдэж байна.

5.6. Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 5 дугаар зүйлийн 5.8 дахь заалт болон компанийн хувьцаа эзэмшигчийн тухай дүгнэсэн боловч тогтоох хэсэгт дээрх заалтыг баримтлаагүй.

5.7. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар үндэслэлгүй дүгнэсэн. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нээж, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор хаасан. Хохирогч нар өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурджээ.Үүнээс үзэхэд хөөн хэлэлцэх дуусаагүй. Дээрх хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч *****, ******, БНХАУ-ын иргэн ****** /********/ нарт холбогдуулан үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоход хуримтлагдсан хөрөнгөөс 15 хувь буюу 150,000,000 төгрөгийг авахаар тохиролцсон тул хариуцагч тус бүрээс 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Хариуцагч *****, БНХАУ-ын иргэн ****** /********/ нар нь 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гадаад худалдаа, ноос ноолуур самнах үйлдвэрлэлийн чиглэлээр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Дэн-Атар говь ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн хувьцааны 70 хувийн эзэмшигчээр ****** /********/, 30 хувийн хувьцаа эзэмшигчээр ***** нар тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн./1-р хх195-196/

Дэн-Атар говь ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хариуцагч БНХАУ-ын иргэн ******** ажиллаж байгаад 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр өөрийн эзэмшлийн хувьцааны эрхийг бүхэлд нь *****т шилжүүлж, 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ***** компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь Дэн-Атар говь ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон.

Мөн нэхэмжлэгч ********* нь энэ үед Дэн-Атар говь ХХК-ийн ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн даргаар ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2007 оны 01 дүгээр сараас 2013 оны 6 дугаар сар хүртэл тус компаниас цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсан нь хариуцагч ******, ***** нарын ... ********* нь үйлдвэр хариуцсан даргаар өндөр цалинтай ажиллаж байсан ... гэх тайлбар, Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Дэн-Атар говь ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа зэргээр тогтоогджээ./1-р хх181-188/

2.б. Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №326-1 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хариуцагч ****** нь нэхэмжлэгч *********т өгөхөөр тохиролцсон 2011 оны 05 дугаар сард Дэн атар говь ХХК-ийг зарж борлуулсны ашиг болох 15 хувь буюу 150,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

2.в. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж заасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тайлбараас үзэхэд Дэн-Атар говь ХХК-ийг ажиллуулах явцад хуримтлагдсан ашиг, бий болсон хөрөнгөөс өөрт ногдох хувь 150,000,000 төгрөгийг гаргуулах агуулга бүхий шаардлага гаргасан.

Хамтран ажиллах гэрээний нөхцөл нь хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтын үйл ажиллагаа явуулахаар харилцан үүрэг хүлээсэн байх явдал бөгөөд нэг зорилгод хүрэхийн тулд хөрөнгө болон үйл ажиллагаагаа нэгтгэсэн байх нь энэ гэрээний гол онцлог юм.

Мөн Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дах хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна.

Хэргийн баримтаас үзэхэд Дэн-Атар говь ХХК-ийн 70 хувийн хувьцааг БНХАУ-ын иргэн ******** 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр *****т шилжүүлснээр ***** компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Хэрэв компанид хувь эзэмших гэж байгаа бол Компанийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар компанийн дүрэмд орсон өөрчлөлт, хувьцаа эзэмшигчдийг бүртгэх ёстой. Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд ********* байхгүйгээс гадна одоо Дэн-Атар говь ХХК нь *****ээс гуравдагч этгээдийн өмчид шилжин бүртгэгдсэн байна.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч ********* болон хариуцагч нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсгэсэн хэлцэл байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна. Учир нь БНХАУ-ын иргэн ******** нь 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс Дэн-Атар говь ХХК-д хамааралгүй этгээд болсон байх бөгөөд ****** нь Дэн-Атар говь ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш буюу албан ёсоор компанид хамааралгүй этгээд байна.

Иймд анхан шатны шүүхийн талуудын эрх, үүрэг, ашиг, алдагдлыг хуваарилах журам зэрэг гэрээний гол нөхцөлийн талаар ямар байдлаар харилцан тохиролцсон болох нь тодорхойгүйгээс гадна ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийг компанийн үйл ажиллагаанаас тусад нь хуулийн этгээд байгуулахгүйгээр удирдаж, үйл ажиллагааг нь явуулж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэх дүгнэлт зөв байна.

2.г. Нэхэмжлэгчийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хамт олны хурал хийж нийт нэг тэрбум төгрөгийн үндсэн мөнгөн хуримтлалын ашгийг хуваасан нөхцөл байдал компанийн дүрэм, улсын бүртгэлээр үгүйсгэгдэж байхаас гадна 2006-2011 оны Дэн-Атар говь ХХК-д *********ийн ажиллаж байсан дотоод тооцоо гэх орчуулга, нэхэмжлэгчийн хувийн дэвтэрт бичиж тэмдэглэсэн гэх баримтууд нь Дэн-Атар говь ХХК-ийн зээл авсан байдал, цааш нь компанийг худалдсан байдал, компанийн өр авлагад 150,000,000 төгрөгийн өр бүртгэгдээгүй байдал, хариуцагч *****ийн тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.

2.д Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн уулийн 76.2 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.

Нэхэмжлэгчийн ... 2011 онд үйлдвэр зогсож, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар үйлдвэрийн хөрөнгө 1,000,000,000 төгрөгийг хуваахаар ярилцаж, надад 15 хувь буюу 150,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон ... гэх тайлбар болон хэргийн бусад баримтаас үзэхэд үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, Дэн атар говь ХХК-ийн хувьцаа 100 хувь хариуцагч *****т шилжсэн үе буюу 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс нэхэмжлэгчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар шаардах эрх үүссэн.

Нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлээ 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан бөгөөд үүнээс өмнө хариуцагч нарт холбогдуулж тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүй, хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах аливаа нөхцөл үүсээгүй. Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргах гэдэг нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байхыг ойлгох юм.

 

3. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч БНХАУ-ын иргэн ******** болон хариуцагч *****, ****** нарт холбогдох 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *********ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

4. Давж заалдах гомдлын талаар. Нэхэмжлэгч нь нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй талаар гомджээ.

Эрүүгийн журмаар цуглуулсан нотлох баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд үнэлэх боломжгүй. Учир нь нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тус тусд зохицуулдаг тул эрүүгийн журмаар цуглуулсан яллагдагчийн мэдүүлгийг шууд үнэлэх боломжгүй юм.

Дэн-Атар говь ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн компанийн хувьцаа эзэмшигч гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ********* нь тухайн компанийн 15 хувийн хувьцаа эзэмшдэг болох нь баримтаар нотлогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж шийдвэрлэсэн байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/03808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ш.ОЮУНХАНД