| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2018/00058/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Т.Түвшинбаатар
Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ
Улсын өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Б холбогдох 1822000000066 тоот хэргийг 2018 оны 7 сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэрэн суманд 1981 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-7, эцэг, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар баг “Урсах” гэх газарт нутаглах, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗЖ81081203/ Баяуд овогт Г.Бнь залилах буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурорын 2018.06.29-ний өдрийн 66 дугаартай яллах дүгнэлтэд ”Яллагдагч Г.Бнь 2018 оны 5 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын иргэн Ц.Гантулгад өөрийгөө тус сумын иргэн Оогий гэж итгүүлэн улмаар ноолуур тушаана гэх нэрийдлээр залилж, 500000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-65-66/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ц.Гантулгын: Би Дундговь аймгийн Дэрэн суманд ноолуур, түүхий эд авдаг юм. 2018.05.19-ний өдөр 11 цагийн үед шиг санаж байна. Миний 94710858 дугаарын утасруу 88981151 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн залгаад өөрийгөө Ууганы авгай Оогий байна, та надруу 1000000 төгрөг явуулаадхаач манай ах бензин дээр оччихоод хүлээгээд байна. Би овоон дээр гараад ярьж байна, буухаар сүлжээгүй болчихно, би таньд ноолуур аваачаад өгье гэж хэлээд надруу 2 удаа утасдсан. Тэгэхээр нь би 2018.05.19-ний өдрийн 12 цаг 25 минутанд өөрийнхөө түүний өгсөн Золбингийн Нэргүй гэх хүний дансруу 500000 төгрөг мобайл банк аппликейшнээр шилжүүлсэн. Оогийг тэр өдөртөө ноолуур аваад ирэх байх гэж бодчихоод байж байтал, тэр өдөртөө ирээгүй. Би тухайн үед Ууганы авгай Оогий байна гэж хэлэхээр нь манай сумын мянгат малчин Ууганы эхнэр Оогийг байна даа гэж бодоод мөнгөө шилжүүлчихсэн юм. Намайг мөнгө шилжүүлснээс хойш 88981151 дугаарын утас огт холбогдохоо больсон юм. Тэрний дараа би Ууганы эхнэр Оогий биш болж таарлаа гэж бодоод Ууганцэрэнгийн ээж Оогий байж болох юм байна гэж бодоод Ууганцэрэнгийн ээж Оогийгийн хамаатан Бадамцэцэгтэй уулзаж Ууганцэрэнгийн ээж Оогийгийн юнителийн дугаарыг нь мэдэх үү, энэ дугаарыг мэдэх үү гэж асуугаад миний утсанд мөнгө шилжүүлэх дансны дугаар ирүүлсэн 88981151 дугаарыг үзүүлэхэд би энэ дугаарыг мэдэхгүй юм байна гэж хэлээд нилээн удаан манай дэлгүүрт зогсож байгаад гарсан. Би БНХАУ-ын Эрээн хотруу явчихаад эргэж ирээд, мөнгө өгснөөсөө хойш 8 дахь хоног дээрээ жинхэнэ Оогий гэх хүний хадам ээж Доржпагамаас гэрийнх нь утасны дугаарыг авч Оогийтой яриад чи ноолуураа яасан бэ, мөнгө чинь орсон биздээ гэж асуухад юун ноолуур вэ, би өөртэй чинь тийм зүйл яриагүй, одоохон учрыг нь ол гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би сумынхаа төлөөлөгч Батжаргалтай утсаар ярьж болсон асуудлыг хэлэхэд Батжаргал шалгаад Бадамцэцэг гэх хүн таниас мөнгө авсан байна гэж хэлсэн. Батжаргал шалгасны дараа гэнэт холбогдохгүй байсан 88981151 дугаараас над руу залгаад би Оогий байна гэхээр нь чи чинь хаашаа юм бэ, Бадамцэцэгтэй ямар адилхан дуутай юм бэ хэн нь юм гэж асуухад үгүй ээ би Оогий байна. танд би Ууганы авгай Оогий байна гэж хэлээгүй шүүдээ, би Ууганцэрэнгийн ээж Оогий байна гэж хэлсэн шүү дээ гэхээр нь би уурлаж түүнийг загнаад би хэрвээ Ууганцэрэнгийн ээж Оогий байна гэж надтай утсаар ярьсан бол би чамд мөнгө өгөхгүй байсан гэхэд энэ асуудалд Бадамцэцэг ямар ч холбоогүй шүү би л буруутай манай нөхөр Төв аймагт хүн хутгалчихаад би Төв аймаг руу сая орж ирлээ, тэгээд утас холбогдохгүй байсан юм. Би одоо бүх өреө төлнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бадамцэцэг чиний энэ дугаарыг мэддэггүй юм уу гэж асуухад би энэ дугаарыг саяхан Улаанбаатар хотоос авсан юм гэж хэлсэн. Тухайн дугаарыг Дэрэн сумын Мянгат дэлгүүрээс зарагдсан байсныг би мэдсэн байсан болохоор битгий худлаа яриад бай гэж хэлэхэд чимээгүй болсон. Тэгэхэд нь би итгэж Бадамцэцэг та хоёр намайг нийлж залилсан. Би цагдаа шүүхээр шалгуулна гэж хэлсэн, тэрнээс хойш огт холбогдоогүй. Ууганы эхнэр Оогий нь манай дэлгүүрээс тогтмол худалдан авалт хийдэг, түүхий эдээ нийлүүлдэг хүн байгаа юм. Хэрвээ Ууганцэрэнгийн ээж Оогий байна гэж надтай утсаар ярьсан бол би мөнгө зээлэхгүй байсан гэх мэдүүлэг /хх-14-15/
- Гэрч З.Нэргүйгийн: 2018 оны 5 сарын 18-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ иртэл манай танил Г.Бманайд ирчихсэн байсан. Хүнээс мөнгө авах гэсэн чинь бичиг баримтгүй болчихоод байна, чи дансныхаа дугаарыг өгчих. Би чиний дансаар мөнгө авъя гэхээр нь би өөрийнхөө дансны дугаарыг өгсөн. Маргааш нь буюу 5 сарын 19-ний орой 18 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ иртэл Г.Бманайд ирчихсэн, чиний данс руу мөнгө орсон юм шиг байна үзээд өгөөч гэж хэлсэн. Дансаа шалгаж үзэхэд 500000 төгрөг орсон байсан. Тэр мөнгийг нь картаараа аваад Г.Б аваачиж өгсөн. Г.Бмөнгөө тоолж аваад явсан. Тэрнээс хойш уулзаагүй гэх мэдүүлэг /хх-17/
-Үүрэн холбооны ЮНИТЕЛ ХХК-ийн 2018.05.01/3434 тоот албан бичигт “88981151 дугаар дээр П.Ганбаатар Дэрэн 2-р баг … тоот хэрэглэгч бүртгэлтэй байна. Хавсралтаар гадагшаа хийсэн дуудлагын лавлагааг хүргүүллээ” гэжээ /хх-49/
- Хавсралтад 88981151 дугаарын утаснаас 94710858 дугаарын утас руу 2018.05.19-ний өдрийн 10 цаг 15 минут, 10 цаг 20 минут, 10 цаг 48 минутад гурван удаа дуудлага хийсэн лавлагаа авагджээ. /хх-50/
- Насанд хүрээгүй гэрч Бадамцэцэгийн Бадрахжавхлангийн: 88981151 дугаарыг Дэрэн сумын Ганбаа гэдэг хүний дэлгүүрээс худалдаж авсан юм. Би энэ дугаарыг барьж байгаад утсаа хаяснаасаа хойш барихгүй байгаа юм. 2018 оны 5 сарын 15-наас 20-ны өдрийн хооронд 88981151 дугаараа ашиглаж байгаагүй. Ээж миний дугаарыг ашиглаж байсан үгүйг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-18/
- Ц.Гантулга эзэмшигчтэй депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “2018 оны 5 сарын 19-ний өдрийн 12 цаг 25 минутад “Oogii uugan” утгатай, 500000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн /хх-9/
- З.Нэргүй эзэмшигчтэй депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “2018 оны 5 сарын 19-ний 12:25-д ““Oogii uugan” утгатай 500000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, мөн өдрийнхөө 16:08-д АТМ-аас бэлнээр 500000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн /хх-5/ зэрэг баримтууд хамаарч байна.
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.
Шүүгдэгч Г.Бнь 2018 оны 5 сарын 19-ний өдөр хохирогч Ц.Гантулгын гар утас руу “Ууганы Оогий” гэх хүний нэрийг барин ярьж, “500000 төгрөг шилжүүлээч, ноолуур аваачиж өгье” гэж хэлж итгүүлэн 500000 төгрөгийг нь шилжүүлэн авсан нь хохирогч Ц.Гантулгын мэдүүлэг, гэрч З.Нэргүйгийн мэдүүлэг, банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 88981151 дугаарын утасны гадагш дуудлагын лавлагаа зэрэг шууд нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Бнь бусдын нэрийг ашиглан “ноолуур аваачиж өгье” гэж бусдыг төөрөгдүүлэн хуурч мэхлэх аргаар мөнгө шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Бнь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ залилах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн боловч тухайн мөнгийг “иргэн Ц.Наранчимэгт аваачиж өгсөн” гэх мэдүүлэг нь гэрчээр асуугдсан иргэн Ц.Наранчимэгийн мэдүүлгээр /хх-16/ няцаагдсан болно.
Шүүгдэгч Г.Бнь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролд 560000 төгрөг хүлээлгэн өгсөн нь хохирогч Ц.Гантулгын тодорхойлолт бичгээр /хх-62/ тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнд тооцлоо.
Шүүгдэгч Г.Бнь ам бүл 7-уул, 1 ой 6 сартайгаас 18 хүртэлх насны хүүхдүүдийн хамт амьдардаг, 85 тооны малтай болох нь Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, 2017 оны малын тооллогын данс /хх26-30, 54/ зэрэг баримтаар; 2011 оны 7 сарын 4-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 1 жилийн хугацаагаар хойшлогдож байсан нь ял шалгах хуудас, шийтгэх тогтоолоор /хх-31, 33-35/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Бнь шүүхээс хорих ял биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна.
Дээрх нөхцөл байдлыг судалж үзээд шүүгдэгчийн өөрийнх нь хувийн байдал, насанд хүрээгүй хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг, тогтмол орлогогүй, ялгүй болсон, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд нөхөн төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Прокуророос санал болгосон “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх санал” /хх-68/ шүүгдэгчийн хувийн байдлаас /малчин/ шалтгаалан албадлагын арга хэмжээг биелүүлэхэд бэрхшээлтэй нөхцөл үүсч болзошгүй байгааг мөн харгалзан үзлээ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Баяуд овогт Ганбаатарын Бадамцэцэгийг хүний нэр барин хуурч мэхлэх замаар бусдаас 500000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Баяуд овогт Ганбаатарын Бадамцэцэгт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг баримтлан Баяуд овогт Ганбаатарын Бадамцэцэгт шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүхээс үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд энэхүү шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх журамтайг Г.Б анхааруулсугай.
5. Шүүгдэгч Г.Бнь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ