| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2018/00060/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.2.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ
Улсын яллагч: Т.Төмөртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Банзрагч
Шүүгдэгч: Г.Гнарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г холбогдох 1822001310063 тоот хэргийг 2018 оны 6 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Хулд суманд 1995.09.15-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Хулд сумын 4 дүгээр баг Жирэмийн 9-2 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗМ95090515/ Чонос овогт Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас иргэн М.Равжирын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлахад хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан байна.
1/ Холбогдсон хэргийн талаар:
Прокурорын 2018.06.19-ний өдрийн 57 дугаартай яллах дүгнэлтэд: Яллагдагч Г.Гнь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг “SEVEN” зоогийн газрын баруун талын засмал зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 89-76 ДУА улсын дугаартай Приус- 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.2 а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх, мөн дүрмийн 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн М.Равжирын жолоодож явсан 34-28 УНО улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар зам тээврийн осол гаргаж М.Равжирын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ /хх-137-140/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч М.Равжирын “2018.04.12-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад Өлзий Дундговь ХХК дэлгүүр дээр хүн буулгачихаад буцаад МТ колонкийн зүүн талын замаар хойшоогоо хурд сааруулагч руу дөхөж явахад миний явж байсан замын урсгалаар хойноос машин өөдөөс орж ирээд машины халз урдаас мөргөөд зогссон. Осол болох үед би 20 км цагийн хурдтай явсан. Яагаад гэвэл хурд сааруулагч дөхөж байсан болохоор гэх мэдүүлэг /хх-28-29/
- Яаралтай тусламжийн хуудас /хх45-46/
- Шинжээчийн 2018.04.13-ны өдрийн 180200144 тоот шинжээчийн дүгнэлтэд: М.Аравжирийн биед өвчүү ясны хугарал, хамарт зулгаралт, хамар, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх- 44/
- Шинжээчийн 2018.05.10-ны өдрийн 180200171 тоот дүгнэлтэд “М.Равжирийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны урагдлын дараах сорвижил гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэжээ /хх-50/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “саарал өнгийн CIVIC маркийн машин байв. Машины шил толь бүтэн, ард, хажуу талууд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Копут хонхойж хумигдсан. Урд буфер хагарсан, урд 2 их гэрэл хагарсан хөргөлт, тосны радиатор эвдэрсэн. Радиаторын дээд доод суурь байхгүй, мэдрэгчийн утаснууд тасарсан. Хөргөлтийн шланк гэмтсэн, яндангийн салаалагч хоолой хагарсан, урд 2 тэнхлэгийн лонжеромны рам муруйсан, нэг нь хумигдсан, нэмэлт 2 гэрэл хагарсан, 2 дэрний уут задарсан байв” гэжээ /хх-16-20/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “Үзлэг хийж байгаа тээврийн хэрэгсэл нь мөнгөлөг саарал өнгийн Приус маркийн 89-76 ДУА улсын дугаартай машин байлаа. Машины шил тольнууд бүрэн бүтэн. Уг тээврийн хэрэгслийн урд талын буфер хагарч унжсан. кобут чихэгдэж нугарсан, цахилгаан мотор, энгийн мотор, кондишний радиатор задарсан, буферын ард талын хөндлөн төмөр муруйсан. Баруун урд крыло цөмөрсөн, баруун урд талын лонжером мурийсан, зүун урд талын крыло хонхойсон, аваарийн 2 дэр задарсан, зүүн хойд талын дугуй хий байхгүй, бусад дугуй хийтэй, зүүн хойд талын гэрэл скочтой. Багаж цоожгүй, арын хэсэг хонхойсон байдалтай байлаа” гэжээ /хх-21-26/
- Цагдаагийн газрын 2018 оны 4 сарын 12-ны өдрийн 23 цагт согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд: Г.Г1.87 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн гэжээ. /хх-12/
- Шинжээчийн 2018.05.08-ны өдрийн 23 тоот дүгнэлтэд “Т.Приус маркийн 89-76 дуа улсын дугаартай машины жолооч Г.Гнь “Монгол улсын замын хөдөлгөөний дүрм”-ийн заалтыг зөрчсөн байна. Т.Приус маркийн 89-76 дуа улсын дугаартай машины жолооч Г.ГМонгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.2 а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх; мөн дүрмийн 8.2. Эсрэг хөдөлгеентэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн” гэжээ /хх-63/
- Гэрч А.Отгонбаатарын “Би 2018.04.12-ны өдөр Сайнцагаан сумын 5-р баг Равжихад айлд унтаж байсан. Гэнэт донслох шиг болохоор нь сэртэл цагаан дэлгүүрийн зүүн талаар баруун урагш явдаг засмал замд байдаг хурд сааруулагч дээр гарч байсан миний машиныг Гочооцэрэн унаад явж байсан. Тэгээд эсрэг талын урсгалд ороод тэр урсгалаар явж байсан машиныг урд талаас нь мергөсөн. Машинаас буугаад ирсэн чинь хоёр машины урд эд ангиуд эвдэрсэн байсан. Уг осол 22 цаг енгөрч байхад болсон байх. Уг автомашин миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Анх машинд дугаар авахдаа бичиг баримтгүй байсан болохоор эгч А.Оюунтуяагийн нэр дээр бичиг баримтыг нь гаргуулж авсан юм. Бичиг баримт нь эгчийн нэр дээр байдаг болохоос бусдаар бол миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Гочооцэрэн бид хоёр 2018.04.12-ны өдөр Равжихад айлд очсон. Тэнд очоод би найзуудтайгаа 2 шил архи ууссан юм. Тэрнээс Гочооцэрэн 2-3 удаа татаж байгаа харагдсан. Би 2 дахь шил архиа ууж байхад унтаад өгсөн тэрнээс хойш юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Осол болохын өмнөхөн сэрсэн юм “ гэх мэдүүлэг /хх-38-39/
- Гэрч Д.Цэдэндамбын “Би 2018.04.12-ны едер 22 цаг өнгөрч байхад Равжир ахын хамт Өлзий- Дундговь дэлгүүр дээр хүн буулгаж өгөөд буцаад Seven зоогийн газрын баруун талд засмал замын хурд сааруулагчны урд талд ойртож очиж байхад хурд сааруулагч дээгүүр гараад миний сууж явсан машины урсгалд орж ирээд шууд халз урдаас мөргөсөн. Тэгээд би машинаас буусан чинь тэр мөргөсөн машинаас хоёр согтуу залуу буугаад ирэхээр нь "яаж байгаа юм бэ?" гэж асуусан чинь мэдэхгүй гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй. Равжир ах согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-40-41/ баримтууд хамаарч байна.
Шүүгдэгч Г.Гнь 2018 оны 4 сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэр “Seven” зоогийн газрын баруун талын авто зам дээр согтуурсан үедээ 89-76 ДУА улсын дугаартай Приус-10 маркийн автомашиныг жолоодон явж, эсрэг урсгал сөрж , 34-28 УНО улсын дугаартай “Хонда сивик” маркийн автомашиныг урдаас нь мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн М.Равжирын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хохирогч М.Равжирын мэдүүлэг /хх28-29/, гэрч Д.Цэдэндамба, А.Отгонбаатар нарын мэдүүлэг /хх38-41/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, согтуурлыг шалгасан магадлагаа /хх3-4, 7-10, 12, 16-26/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Гочооцэрэнгийн энэхүү үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөний оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэх заалт; Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 2.7.а/ согтууруулах ундаа … хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг жолоочид хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
2/ Хохирол, төлбөрийн талаар:
Гэмт хэргийн улмаас иргэн М.Равжирын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, эд хөрөнгөд 2825000 төгрөгийн хохирол учирсан, иргэн А.Отгонбаатарын эд хөрөнгөд 1553000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй боловч хохирол, иргэний нэхэмжлэлийн асуудлыг эрүүгийн хэрэгтэй нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Гочооцэрэнгийн болгоомжгүй үйлдлийн улмаас иргэн М.Равжирын бие махбодид хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэл, эд хөрөнгөд 2825000 төгрөгийн хохирол, иргэн А.Отгонбаатарын эд хөрөнгөд 1553000 төгрөгийн хохирол учирсан нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Шинжээчийн 2018.05.10-ны өдрийн 180200171 тоот дүгнэлтэд “М.Равжирийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны урагдлын дараах сорвижил гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэжээ /хх-50/
- Хохирогч М.Равжирын эм тариа, эмчилгээ хийлгэсэн төлбөрт нийт 335470 төгрөг зарцуулсан гэх зардлын баримтууд /хх112-130/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэлийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтаар өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Г.Гнь хариуцан арилгах үүрэгтэй, мөн өөрийн буруугаас тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон Тоёота приус-10 маркийн 8976 ДУА улсын дугаартай автомашины жинхэнэ эзэмшигч А.Отгонбаатар гэм хорыг арилгах хариуцлагаас чөлөөлөгдөхгүй болох нь; хохирогч М.Равжир өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг Г.Гочооцэрэн, А.Отгонбаатар нараас нэхэмжлэх эрхтэй болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Гнь шүүхээс өмнөх шатанд өөрийн санаачилгаар баримтаар нотлогдсон бодит зардлыг бүрэн төлж барагдуулсан нь хэргийн 70, 71, 130 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнд тооцлоо.
Хохирогч М.Равжирын бие махбодид хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь баримтаар тогтоогдож байгаа боловч учирсан гэмтлийн шинж чанараас хамаарч цаашид эмчилгээ хийлгэвэл нотлох баримтаа бүрдүүлж Г.Гочооцэрэн, А.Отгонбаатар нараас нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэлээ.
3/ Хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2.1, 2.2-т тус тус зааснаар ял оногдуулах санал гаргалаа.
Хэргээс үзэхэд шүүгдэгч Г.Гнь Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.24-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял, 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, мөн шүүхийн шүүгчийн 2017.07.25-ны өдрийн 22 дугаартай захирамжаар Г.Г ял оногдуулсан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг болгон өөрчилж, түүнд оногдуулсан нэмэгдэл ялын хугацааг “1 жил” болгон өөрчилж байсан нь ял шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн /2002 оны/ 48 дугаар зүйлийн 48.2-т “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг баривчлах, хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолно” гэж заасны дагуу тоолж үзэхэд Г.Гнь 2016 оны 9 сарын 2-нд баривчлах ялыг эдэлж суллагдсан тул 2017 оны 9 сарын 2-нд нэмэгдэл ялыг эдэлж дууссанд тооцох үндэслэлтэй байна.
Дээрх нөхцөл байдлыг судалж үзэхэд шүүгдэгч Г.Гнь гэмт хэрэг үйлдэх үедээ шүүхээс оногдуулсан нэмэгдэл ялыг эдэлж дууссан учир түүнийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэж тооцох үндэслэлгүй байх тул прокуророос ял сонсгож ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Г.Г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэсэн тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, ялыг тус тусд нь эдлүүлэхээр; шүүгдэгчийн өөрийнх нь хувийн байдал, ялгүй болсон, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд санаачлагаараа нөхөн төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний төрлийг сонгохдоо Г.Гнь эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, нас залуу байдлыг нь харгалзсан үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Чонос овогт Гантулгын Гочооцэрэнг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 2.7 “а”-г зөрчсөний улмаас М.Равжирын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Чонос овогт Гантулгын Гочооцэрэнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял; Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар Чонос овогт Гантулгын Гочооцэрэнд шүүхээс оногдуулсан торгох ял, эрх хасах нэмэгдэл ялыг тус тусд нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Чонос овогт Гантулгын Гочооцэрэнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д зааснаар Чонос овогт Гантулгын Гочооцэрэнд шүүхээс тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах; оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Г оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч Г.Гнь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч М.Аравжирт 335000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Отгонбаатарт 1553000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Гантулгад 2825000 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч М.Равжир нь цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Гочооцэрэн, иргэн А.Отгонбаатар нараас нэхэмжлэх эрхтэйг заасугай.
10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ