Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00291

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00291

 

 

****ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/02799 дугаар шийдвэртэй,

****ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох,

Гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Э.Батсүлд нь 2017 оны хавар *******аас 9911-тэй дугаар авах хүсэлтэйгээ хэлэхэд "таньдаг хүнээсээ хямд дугаар аваад ирье, надад мөнгөө өгчих гээд 12,000,000 төгрөгөөр авахаар тохирч, түүнд итгээд банкны картаа өгч явуулсан. ******* миний картаас АТМ-ээс 10,000,000 төгрөгийг эхнэрийнхээ 5037377752 тоот данс руу шилжүүлж, 2,000,000 төгрөгийг бэлнээр зарлагадаж өөрөө авсан, удалгүй 9911-3504 дугаарын сим карт авчирч өгсөн.

Үүнээс хойш уг дугаар эзэмших эрхийг Мобиком орж миний нэр дээр шилжүүлж өгөхийг шаардсан ч шилжүүлж өгнө гэж явсаар байгаад 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дугаарын эрх гэнэт хаагдсан. Энэ талаар *******ад хэлэхэд 9911-0571 дугаар дахиад авчирч өгсөн ч мөн л удалгүй хаагдсан, ******* "үнийг нь буцааж төлнө эсхүл 9911-тай дугаар өгнө" гэсэн ч хэлсэндээ хүрээгүй тул Цагдаад гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан тул түүнээс 12,000,000 төгрөгөө гаргуулахаар шаардах эрхтэй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: **** надаас 9911-тэй дугаар хэрэгцээтэй байгаа тул дугаараа түр ашиглуулаач гэж авсан, түүний нэхэмжилж буй 12,000,000 төгрөг энэ шаардлагад ямар ч хамааралгүй. 2014 оны 10 дугаар сард ****эд би өөрийн эзэмшлийн Ланд Круйзер 80 маркийн автомашиныг 20,000,000 төгрөгөөр зарсан. **** нь уг машины үнийн дүнгийн 8,000,000 төгрөгт бодож Ниссан Теана маркийн автомашиныг миний эзэмшилд шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл 12,000,000 төгрөгийг боломжтой үедээ өгнө гэж хэлээд Land cruiser 80 маркийн машиныг авч явсан. Үлдэгдэл төлбөрөө авах гэж утсаар холбогдоход удахгүй өгнө гэсээр 2017 оны 04 дүгээр сарыг хүргэсэн, ****тэй уулзаад мөнгө өгөхгүй бол машинаа буцааж авъя гэхэд машиныг онхолдуулсан ашиглах боломжгүй болсон тул нэхэмжлэлд дурдсан үлдэгдэл 12,000,000 төгрөгийг надад шилжүүлж өгсөн. Дээрх 12,000,000 төгрөгийг буцаан нэхэмжилж байгаа нь зүйд нийцэхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, *******аас 12,000,000 төгрөг гаргуулж, ****эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, *******аас 206,950 төгрөг гаргуулж, ****эд олгож шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 25 ны өдөр 9911-тэй дараа төлбөрт утасны дугаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч 3. Батсүлд нь надаас Ланд круйзер 80 маркын авто машиныг 20,000,000 төгрөгөөр үнэлж аван хариу төлбөрт нь Ниссан Теана маркын авто машиныг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 8,000,000 төгрөгт үнэлж надад шилжүүлж өгсөн. Үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөгийг 2017 онд бэлнээр өгсөн. Нийт 20,000,000 төгрөг надад өгсөн бөгөөд одоо 12,000,000 буцаан нэхэмжилж байгаа нь 9911-тэй дугаартай холбоотой худалдах-худалдан авах харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байхад нэг талыг баримталж шүүхийн шийдвэр гаргасан.

4.2. 9911- тэй дугаарт тухайн үед ямар хүн эзэмшиж байсан талаар лавлагаа гаргуулах хүсэлтийг хангаагүй.

4.3. Мөн хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлыг нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Хариуцагч ******* нь 9911-тэй дугаартай холбоогүй автомашин худалдах-худалдан авахтай холбоотой маргаан байсан гэдгийг нотлуулахаар гэрч Г.Батболд, П.Энхжаргал, А.Цолмонбаатар нарыг гэрчээр мэдүүлэг өгүүлэх хүсэлтийг шүүх хуралдааны өмнө болон хуралдааны явцад гаргасан боловч шүүгч үндэслэлгүй татгалзсан нь эрх ашгийг зөрчиж байна. Мөн энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл шийдвэрт огт тусгаагүй нь нэхэмжлэгч талд давуу байдал олгож шийдвэрлэсэн учир хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Иймд миний гомдол хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд 9911-тэй дугаар авахтай холбоотой харилцаа үүссэний хүрээнд 12,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогддог. Энэ үйл баримттай хариуцагч маргадаггүй. Ингээд Цагдаагийн байгууллагад хандахад энэ нь залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна. 9911-тэй дугаар өгнө гэж 12,000,000 төгрөг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж тогтоол гаргасан. Улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Хариуцагч энэ талаар ямар нэгэн гомдол гаргаагүй гэдгээ анхан шатны шүүхэд өөрөө хэлсэн. Энэ нь 2-3 жилийн өмнөх автомашинтай холбоотой харилцаатай ямар нэг хамааралгүй гэдгийг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч **** нь хариуцагч *******ад холбогдуулан худалдах- худалдан авах гэрээнээс татгалзаж, 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Нэхэмжлэгч **** нь хариуцагч *******ад Хаан банкны виза картаа 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн, ******* нь ****ийн Хаан банкны 5866010111 тоот харилцах данснаас 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 19:15 минутад эхнэрийнхээ 5021173789 данс руу 10,000,000 төгрөгийг шилжүүлж, 19:16 минутад 2,000,000 төгрөгийг бэлнээр зарлагадаж авсан, нийтдээ 12,000,000 төгрөгийг хариуцагч ******* хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. /хх5/

2.б. ******* нь 9911-3504 дугаарын сим картыг ****эд өгсөн, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дугаарын эрх гэнэт хаагдсан, улмаар ******* 9911-0571 дугаар дахиад авчирч өгсөн ч мөн л удалгүй хаагдсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

3. Талуудын хооронд 9911-тэй дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, *******ын шилжүүлэн авсан 12,000, 000 төгрөг нь 9911-тэй дугаар худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн дугаарын үнэ мөн эсэхэд маргаантай байна.

3.а. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 190901318 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, мөн тус Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 800 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, ****ийн 5866010111 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримт, зохигчдын тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна. Гагцхүү гэрээгээр 9911-тэй дугаарыг нэр дээр нь шилжүүлж чадаагүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, 9911-тэй дугаарын үнэ 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг зөв гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв байна.

Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. Хариуцагч нь Ланд круйзер 80 маркын авто машиныг 20,000,000 төгрөгөөр үнэлж, Ниссан теана маркын авто машиныг 8,000,000 төгрөгт үнэлж надад шилжүүлж өгсөн. Үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөгийг 2017 онд бэлнээр өгсөн. 9911-тэй дугаартай холбоотой худалдах-худалдан авах харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байхад 12,000,000 буцаан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэсэн агуулгаар гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд 9911-тэй дугаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь нотлогдсон тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв.

4.б. Автомашин худалдах-худалдан авахтай холбоотой маргаан байсан гэдгийг нотлуулахаар гэрч Г.Батболд, П.Энхжаргал, А.Цолмонбаатар нарыг гэрчээр асуулгах, 9911-тэй дугаарт тухайн үед ямар хүн эзэмшиж байсан талаар лавлагаа гаргуулах хүсэлтийг хангаагүй гэх гомдлын тухайд

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, түүнд гаргасан хариуцагчийн татгалзаж буй тайлбар, хэргийн баримтаас үзэхэд 9911-тэй дугаар нэхэмжлэгч ****ийн нэр дээр шилжсэн, шилжээгүйтэй холбоотой талууд маргаагүй, хариуцагчийн асуулгах гэж буй гэрч Г.Батболд, П.Энхтөр Г.Цолмонбаатар нараас асууж нотлуулах гэж байгаа зүйл нь 9911-тэй дугаар худалдах-худалдан харилцаа үүссэн эсэхийг нотлохгүй, Ланд круйзер 80 маркийн автомашиныг хэдэн төгрөгөөр хэзээ, хэрхэн, зарсан болохыг тодруулах зорилготой байна. Дээрх хариуцагч талаас гаргасан хүсэлтүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

4.в. Хариуцагч ******* нь машин худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой гэрээний үүргийн биелэлтийг жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгч талаас эзэмшилд нь шилжүүлээгүй гэх үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй байжээ.

Нэхэмжлэлийн шаардлага 12,000,000 төгрөг, хариуцагчаас 12,000,000 төгрөг гаргуулаад нэхэмжлэгчид олгосон нь нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан гэх агуулгатай байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж гэх хэсгийг хасах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/02799 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж гэснийг хасаж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ш.ОЮУНХАНД