Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн Ш.А холбогдох эрүүгийн  1822000390025  тоот  хэргийг  2018 оны  5 сарын 2-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 сарын 11-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1-р багийн нутаг “Ажирхай” гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Тайж нар овгийн Ш.А /РД:ЗВ80121115/

Шүүгдэгч Ш.А нь 2017 оны 1 дүгээр сард Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р баг, “Ар-Ус” гэх газар оршин суух Б.Тунгалагтуулын 4 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад, 400000 төгрөгийг хохирол учруулсан, мөн 2017 оны 1 дүгээр сард Б.Тунгалагтуулын малаас хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

- Шүүгдэгч Ш.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Асуувал хариулна гэв.

- Шүүгдэгч Ш.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би нэг жилийн өмнө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар баг Ар–Ус гэх газар оршин суух Б.Тунгалагтуул гэх айлын хоттой хониноос 3 тооны хонийг мотоциклиор тасдаж туугаад хулгайлсан. Мөн 2017 оны 1 дүгээр сарын дундуур хоттой хониноос нь нэг хонь хулгайлсан ба маргааш нь хонь хулгайлах гэж байгаад гэрийн эзэн Ганзоригт баригдсан” гэх мэдүүлэг  /хх-36-37/

- Хохирогч Б.Тунгалагтуулын “ ... Малаа хулгайд алдаад байна гэж мэдэхээс өмнө 3 тооны хонь хулгайд алдагдсан ба хөдөө гэртээ ээлжээр малаа харж хоносноос хойш намайг хөдөө гэртээ хонож байхад 1 тооны хонь алдагдсан. Нийт 4 тооны хонио хулгайд алдсан. Харин маргааш нь Ганзоригийг хонох үед дахин хонь хулгайлж байгаад хотон дотроо баригдсан. Ш.А нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикльтой ирсэн ба улсын дугааргүй, ханцуйвчгүй, улаан өнгийн мотоцикльтой байсан” гэх  мэдүүлэг  /хх-ийн  28-29/

- Гэрч Б.Ганзоригийн “ ... 2017 оны 1 дүгээр сарын дунд үеэр манай хоттой хониноос хонь алга болоод байсан. Манай эхнэр бид 2 хөдөө гэртээ ээлжилж хоносон. Ээлжилж хонохдоо сумын төвд нэг нь 2 хүүхдээ хардаг байсан. Тэгтэл манай эхнэрийг хонож байхад Ш.А манай хониноос нэг хонь хулгайлж аваад мотоцикльтой явсан гэж надад хэлсэн. Урьд өмнө нь 3 хонь хулгайд алдагдсан байсан. Тэгээд тухайн үед манай эхнэр харчихаад юм хэлж чадаагүй, айсан гэж надад хэлэхээр нь би маргааш орой нь хөдөө гэртээ хонох гэж байтал мөн Ш.А мотоцикльтой хонь хулгайлж авч явах гээд хоттой хонин дунд явж байгаад баригдсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 6-рт/

- Гэрч Ж.Ганхүрэлийн “Ш.Ань 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр 4 тооны хонины нэхий авч ирж өгсөн ба тухайн үед 1 ширхэг нэхийг 3000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би яг хэдний өдөр худалдаж авсан гэдгээ санахгүй байна. Авч ирж өгөхдөө улаан өнгийн мотоцикльтой ирж борлуулсан ба улсын дугааргүй байсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 7-рт/

- Шүүгдэгчийн  гэмт хэрэг  үйлдэх үедээ  ашигласан  тээврийн  хэрэгслийг  хураан  авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 19-21/

- Сайнцагаан сумын үнэлгээний комиссын дүгнэлтэд “БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль – 80000 төгрөг” гэжээ /хх-23/

- Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмгэг сэтгэц судлалын шинжилгээний 2018.03.03-ны өдрийн 01 тоот дүгнэлтэд “ Ш.А нь сэтгэцийн өвчингүй, мэдээллийн хомсдолтой. Ш.А нь үнэн зөв мэдүүлэг өгч чадна. Ш.А нь хэрэг хариуцах чадвартай” гэсэн /хх-31-33/ болон хэрэгт  цугларсан  бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын  дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар  үнэлж шийдвэрлэлээ.

Дээрх баримтуудаар шүүгдэгч Ш.А нь 2017 оны 1 дүгээр сард Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р баг, “Ар-Ус” гэх газар оршин суух Б.Тунгалагтуулын 4 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад, 400000 төгрөгийг хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.А нь хохирогч Б.Тунгалагтуулынхаас 4 тооны хонь хулгайлсны  дараа  дахин  хотон дотор нь  явж байгаад баригдсан гэх бөгөөд энэ  үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн  хуулийн 32 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар  яллах  дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлгүй байна.  Учир нь: 2002 оны Эрүүгийн  хуулийн 145 дугаар  зүйл  буюу бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж  нь хохирлын хэмжээ  юм. Өөрөөр хэлбэл хохирол нь тухайн  үеийн хөдөлмөрийн  хөлсний  доод хэмжээ  буюу 240.000 төгрөгт хүрсэн нөхцөлд гэмт хэрэгт тооцогдоно.

Гэтэл шүүгдэгч Ш.А нь хохирогч Б.Тунгалагтуулын  хотон дотор  явж байсан  болох нь  тогтоогдож байх  боловч хэдэн тооны хонь хулгайлахыг завдсан болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэргийг  үйлдэхийг  завдсан гэж үзсэн  атлаа хохирлыг хэмжээг  нь  тогтоогоогүй, үүнийг хэрэг  бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй  юм.

Шүүгдэгч  Ш.А нь  цаг хугацааны  хувьд  өөр өөр боловч  нэг  эх үүсвэрээс, нэг аргаар бусдын эд  хөрөнгийг  хулгайлж байгаа  явдал нь хулгайлах гэмт  хэрэг  үргэлжилж байгаа  гэж үзнэ.

Иймд  шүүгдэгч  Ш.А холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Ш.А тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн  хуулийн 145 дугаар  зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн хувийн  байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл болж  байх ба  ял  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Шүүгдэгч нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр  гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Тунгалагтуул нь хохирлын тал дээр ямар нэгэн гомдол саналгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байх тул /хх-57/ шүүгдэгч Ш.А бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн, улсын дугааргүй “Даюун” маркийн 80000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан  харгалзахаар шийдвэрлэлээ.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг журамлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.А 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Тайж нар овгийн Ш.А тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Атарболдод эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих  ял оногдуулж  шийтгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.  

5. Шүүгдэгч Ш.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан, 80000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулсугай.

7. 2002 оны Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн  газарт даалгасугай.

8.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А урьд авсан  хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундгвоь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах, улсын яллагч, дээд  шатны  прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.МӨНХБАТ