Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00191

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00189

 

 

 

****-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02621 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ****-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ****-д холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****-, хариуцагч ****-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2018 онд ****-д Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 дугаар байр *** тоот 80.7 м.кв талбайтай орон сууцаа хувь лизингийн нөхцөлөөр худалдахаар гэрээ хийж, 2019 оны 04 дүгээр сард суулгасан. Орон сууцны урьдчилгаа төлбөрт нийт 74,100,000 төгрөг хүлээн авч, төлбөр төлж дуусмагц өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. ****- гэрээний үүргээ биелүүлээгүй,урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгөө надад зээлүүлсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж 133,550,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамж гарч 113,550,000 төгрөгийг төлөхөөр болж бидний хийсэн орон сууцны лизингийн гэрээ хүчингүй болсон. Би одоо эрхэлсэн ажилгүй орлогогүй. ****-гийн хууль бусаар эзэмшиж байгаа орон сууцыг худалдаж ****-гийн нэхэмжилсэн мөнгийг төлөх шаардлага үүссэн. Гэвч ****- урьдчилгаанд өгсөн мөнгөө надаас шүүхээр нэхэмжилж авах гэж байгаа боловч миний орон сууцыг буцаан өгөөгүй түрээсийн төлбөр төлөлгүйгээр амьдарч байна. Орон сууцаа худалдаж чадахгүй, мөнгөө нэхсэн ****-гийн дарамтанд амьдарч байна. Иймд миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 дугаар байр, *** тоот орон сууцыг ****- болон түүний гэр бүлээс чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 дугаар байр, *** тоот орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан ****-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 347 дугаартай шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны дагуу гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай гэж гаргасан боловч миний зүгээс хууль бусаар эзэмшээгүй ба эвлэрлийн гэрээнд заасны дагуу тус байранд амьдарч байна. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, миний мөнгийг төлөхгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд ****-ийн гаргасан нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо, Буянт-Ухаа, 412 дугаар байр, *** тоот 80.7 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Y-2206059130 дугаартай орон сууцыг ****-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Чойжамцаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****-т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****- нь цахимаар оролцох үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолыг зөрчсөн буюу Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам-ын нэгдүгээр хавсралтын 3.1-д Шүүх хуралдаанд оролцогч нь шүүх хуралдааны товыг мэдсэний дараа шүүх хуралдаанд цахимаар оролцох бол энэ тухай шүүгчийн туслахад бичгээр, эсхүл утсаар, шүүхийн Тамгын газрын албан ёсны цахим шуудангийн хаяг /цаашид цахим шуудан гэх/-аар мэдэгдэнэ, мөн тус журмын 3.3-т заасан шүүх хуралдаанд оролцогчийг цахимаар оролцуулах эсэх талаарх шүүгч, шүүх бүрэлдэхүүний хариуг шүүгчийн туслах шүүх хуралдаан эхлэхээс 3 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн.

4.б. ****- миний бие нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 11 дүгээр хороолол 35-505 тоот байранд ам бүл ганцаараа амьдардаг байсан. 2019 оны 01 дүгээр сард зар мэдээнээс Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 дугаар байр, *** тоот 80.7 м.кв орон сууцыг бартераар солино гэсэн зарын дагуу ****-тэй холбогдсон. ****- нь эхнэртэйгээ хамт манай байранд ирж байрны зургийг аваад би танд байраа 104,910,000 төгрөгөөр тооцож өгье, харин та байраа 75,000,000 төгрөгт тооцоод 29,910,000 төгрөг бэлнээр өг гэхэд нь ****- миний бие одоо 18,400,000 төгрөгийг зохицуулж болж байна үлдэгдэл төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгана гэж тохиролцсон. Гэтэл ****- нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манайд ирж та байраа суллаад манай байранд нүүгээд орчих, тэр хооронд таны байрыг зарахаар үзүүлье гээд түлхүүрээ өгсөн.

****- миний бие нь нэхэмжлэгч ****-ийн Хаан банкны 5417050850 дансанд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 4,400,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус *** тоот орон сууцны 11-12 сарын байрны төлбөр болон 150,000 төгрөг, нийт 18,550,000 төгрөгийг шилжүүлсэн.

Нэхэмжлэгч ****- нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай ажил дээр ирж таны байрыг зарахаар болсон гэж хэлээд ****-ийн гараар бичсэн Иргэн хоорондын тохиролцооны гэрээ байгуулж өөрийн байрыг шилжүүлж өгсөн. Миний бие 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үлдэгдэл төлбөрөө гүйцээгээд нэхэмжлэгч ****-тэй уулзаад байраа шилжүүлж авъя гэхэд байрны гэрчилгээ ББСБ-д байгаа гэж хэлсэн. Байрны гэрчилгээ байхгүй учраас байртай холбоотой хэлцэл байгуулж болохгүй байсан учраас зээлийн гэрээ байгуулж баталгаажуулсан. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч надруу залгаж байрыг битүүмжлэх хэрэгтэй байна гэхэд би хөдөө явж байна гэж хэлээд ирэхээрээ мэдэгдье гэж хэлсэн. ****- рүү ярихад эвлэрлийн гэрээ хийгээд шүүхийн шийдвэр дээр дараалалд орж болно. Эвлэрлийн гэрээ хийхэд би очоод баталгаажуулаад өгье гэж тохирсон.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр №20270443/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хүрээнд шийдвэр гүйцэтгэгч ирж байр битүүмжилж, дуудлага худалдаа явагдсан. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн №183/11132020/08655 тоот талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгч ****- нь орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ****-д шилжүүлэн өгнө, энэ хугацаанд тухайн байранд ямар нэгэн шүүхийн маргаан үүсгэхгүй гэдгээ баталгаажуулан, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч ****- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тухайн маргаан бүхий байрыг миний нэр дээр шилжүүлэн өгөхөө хүлээн зөвшөөрч, миний нэр дээр шилжүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж атал 183/ШШ2022/02621 дугаартай шийдвэрээр маргаан бүхий орон сууцыг миний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

****- шүүхийн шийдвэрт байр эсхүл мөнгөө авна гэж чирэгдэл учруулж байна. Бидний хооронд байр эсхүл мөнгө гэж туйлширсан зүйл байгаа. Миний хувьд ****-д мөнгийг чинь өгөх нь зөв юм байна, та байраа суллаад өгчих гэж хэлсэн. 113,000,000 төгрөгт шүүхийн шийдвэр одоог хүртэл ажиллагаа хийгдэж байна. Эд хөрөнгийг битүүмжилсэн. Би байраа авья гэхээр хариуцагч би 113,000,000 төгрөгөө авья гэж маргадаг. Байраа өгье гэвэл шүүхийн шийдвэр гараагүй болохоор эргэлзээтэй. ****- ааш авиртай, шүүхийн шийдвэрт гомдол гаргадаг. Иймд байраа албадан чөлөөлүүлэх хүсэлттэй байна.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ****- нь хариуцагч ****-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа, 412 дугаар байр, *** тоот эрхийн улсын бүртгэлийн Y-2206059130 дугаартай 80.7 м.кв бүхий талбай бүхий орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч ****- Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа, 412 дугаар байр, *** тоот хаягт бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2206059130 дугаартай орон сууцны өмчлөгч болох нь Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1238 дугаар албан бичгээр тогтоогдсон байна. /хх33/

 

3. Нэхэмжлэгч ****- нь маргаж буй орон сууцны өмчлөгч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

4. Хариуцагч ****-гийн ****- нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 93,550,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний хугацаанд маргааны зүйл болох өөрийн Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа, 412 дугаар байрны *** тоот, 3 өрөө орон сууцанд оруулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч ****- үгүйсгээгүй байна.

 

4.а. Уг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан зохигчдын хооронд үүсч, эвлэрүүлэн зуучлалд хандаж, улмаар ****-ээс ****-д 113,550,000 төгрөг төлөхөөр талууд эвлэрлийн гэрээ байгуулсныг Хан-Уул дүүргийн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6655 дугаар шүүгчийн захирамжаар баталж шийдвэрлэсэн болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 

5. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч буюу өмчлөгч нь зээлийн гэрээний хугацаанд өөрийн өмчлөлийн орон сууцанд хариуцагчийг амьдрахыг зөвшөөрсөн нөхцөлд түүний эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй. Харин талуудын хоорондох зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон ба нэхэмжлэгч буюу өмчлөгч орон сууцыг чөлөөлөх шаардлага гаргасан үеэс хариуцагчийн эзэмшил хууль бус болох юм.

 

6. Түүнчлэн, хариуцагч ****- нь маргаж буй орон сууцыг эзэмшиж байгаа өөрийн эзэмшлийг хууль ёсны болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэгч ****-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

7. Хариуцагч талаас давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтуудыг хавсарган ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээр хянахгүй. Энэ талаар зохигч талуудад анхан шатны шүүхэд бүх нотлох баримтаа гаргаж өгөх хуульд заасан үүрэгтэй болохыг танилцуулсан байна. Иймд анхан шатны шүүхээс давж заалдах гомдолд шинэ нотлох баримтуудыг авч хавсарган ирүүлснийг хэлэлцэхгүй.

/хх 77-97/

 

8. Мөн нэхэмжлэгч ****- нь хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд цахимаар оролцох журам зөрчсөн гэх давж заалдах гомдол нь талуудын эрх ашгийг хөндсөн гэх байдал тогтоогдсонгүй. Энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

9. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын зохих өөрчлөлтүүдийг оруулна.

 

Үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн 72,630,000 төгрөгийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасныг зөрчиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамааруулан 70,200 төгрөгөөр улсын тэмдэгтийн хураамжийг тооцсоныг зөвтгөх үндэслэлтэй. /хх 2/

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02621 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ****-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо, Буянт-Ухаа, 412 дугаар байр, *** тоот 80.7 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Y-2206059130 дугаартай орон сууцыг хариуцагч ****-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ****-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 450,900 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч ****-гээс 521,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****-т олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ