| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2018/00043/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Н.Уугантуяа
Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол, Г.Лхам
Шүүгдэгч: Э.Б, Ц.Х нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Х, Э.Б нарт холбогдох 1822001340046 тоот хэргийг 2018 оны 5 сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1986.01.05-нд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажилчин, арьс ширээр гар урлалын зүйл хийдэг гэх, ам бүл 1, Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар баг “Ар -Урт” гэх газарт нутаглах, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗА86010518/ Онгууд овогт Э.Б
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1984.01.16-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, уншиж, бичиж чадахгүй гэх, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эмэг эхийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 2-р баг “Ар -Урт” гэх газарт нутаглах, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗА84011612/ Боржигон овогт Ц.Х нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн Адаацаг сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Элст” гэх газарт нутаглах иргэн Э.Батхуягийн гэрт 2018 оны 4 сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд , Э.Б нар харилцан зодолдож, шүүгдэгч Ц.Хнь Э.Бын толгойн тус газарт заазуураар цохиж, Э.Б ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч Э.Б нь Ц.Хын толгойн тус газарт алхаар цохиж, Ц.Хын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Ц.Хаасмөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …бид хоёр баарнаас 23 цаг өнгөрч байх үед гараад гэртээ харих гээд мотоцикльтой явахад би мотоциклоо унаж чадахгүй, уначих гээд байсан. тэгээд Батжаргал миний мотоциклийг унаж явж байгаад элсэнд шарваад газар унасан. Тэгээд бид хоёр замдаа маргалдаж явсаар байгаад Батхуягийнд очсон. Тэгээд Батжаргал миний хүзүүнд гараараа нэг алгадсан. Тэгэхээр нь ухраад алхтал гарт гал тогооны шургуулга таарахаар нь нээхэд гарт заазуур баригдахаар нь аваад заазуурын мөр хэсгээр нь Батжаргалын толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд Батхуяг заазуур булаагаад авахаар нь би Батхуягийн орон дээр очоод суусан. Батжаргал надад хандаж чи намайг цустай холилоо гээд гал тогтооны шүүгээний доор ил байсан төмөр алхыг аваад миний толгойн орой хэсэгт 2 удаа цохьсон. Миний толгой дээр алхаар цохьсон, 2-3 оёо тавиулсан. Толгойны ясанд зүгээр гэсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг
- Хохирогч Э.Б-аас мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хойшоо явж байгаад би элсэн дээр шарваад мотоцикльтойгоо унасан. Тэгтэл Ц.Хмотоцикль унагалаа гээд уурласан. Бид хоёр маргалдаж явсаар байгаад Батхуяг ахынд очсон. Тэгээд чи ямар сүртэй юм бэ, төмөр чинь хэмхэрдэг, хэмхэрсэнийг нь янзалж болдог гээд шилэн хүзүү рүү нь алгадсан чинь хаанаас заазуур авсныг нь мэдэхгүй заазуураар миний толгойн ар, баруун хэсгүүдэд 5 удаа цохьсон. Миний хацран дээр, шилэн хүзүүний ар дээр, дагзан дээр гээд 4-н удаагийн шархтай. Оёо тавиулсан байгаа. Нүүр, хүзүүн дээр сорвитой болсон , түүнийг арилгадаг тос байгаа гэсэн, түүнийг хэрэглэнэ. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг ;
- Гэрч Э.Батхуягийн /Э.Б-ын ах гэх / “...2018.04.17-ны шөнө 01 цагийн үед би гэртээ эхнэр Ж.Лхагвасүрэнгийн хамт унтаж байтал гаднаас манай дүү Э.Б, нутгийн залуу болох Ц.Х2 орж ирсэн. Гэрт орж ирэнгүүтээ гэрэл ч асааж амжаагүй байхад тэр 2 хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би босоод гэрэл асаатал Э.Бын толгойноос цус гоожчихсон, Ц.Хнь заазуур барьчихсан зодолдож байхаар нь би салгаад Ц.Хаас заазуурыг нь авсан. Тэгээд маргаан намжтал Э.Б чи миний толгойноос цус гаргалаа, би чинийхээс ч адилхан гаргана гээд төмөр алх аваад Хүрэлбаатарын толгой руу нэг удаа цохиод авсан. Тэгэхэд Ц.Хын толгойноос бага зэрэг цус гарсан. Би Э.Бын алхыг нь аваад салгасан. Ц.Х, Э.Бын өөдөөс нь хөдлөөгүй. Э.Бын толгойноос цус гараад тогтохгүй болохоор нь нь түргэн дуудсан” гэх мэдүүлэг /хх-16/
- Гэрч Б.Нанжидын /Адаацаг сумын багийн их эмч/ “ ... 2018.04.17-ны өдрийн 01 цаг 52 минутад манай эмнэлэгт Адаацаг сумын 2-р баг “Элст“ гэх газар хүн толгой руугаа олон хутгалуулсан гэсэн дуудлага ирэхээр нь жолоочийн хамтаар явж очиход Э.Б гэх хүн толгойдоо 4 удаа хутгалуулсан, зүсэгдсэн шархтай, их хэмжээний цус алдсан, нүүрэндээ мөн 1 удаа зүсэгдсэн шархтай байсан. Тэгэхээр нь тэр хүнд цус тогтоох эмчилгээ хийсэн. Э.Б нь Ц.Хгэх хүнд хутгалуулсан гэж хэлсэн. Тэр Ц.Хгэх хүн нь хажууд нь байсан. Ц.Хын толгойн орой хэсэгт 3 см урттай гүн зүсэгдсэн шарх байсан. Тэр хүний толгойд 2 оёдол тавьж өгсөн. Ц.Хаас асуухад Э.Б намайг эхлээд алхаар толгой руу цохьсон юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-17/
- Гэрч Ж.Лхагвасүрэнгийн /Э.Батхуягийн эхнэр/ “...шөнө 01 цагийн үед байх, унтаж байтал гэнэт гэр дотор түжигнэлдээд эхлэхээр нь сэртэл Ц.Х, Э.Б нар нэлээд согтуу, хоорондоо зодолдсон бололтой бие биенээсээ цус гаргасан байж байсан. Тэгээд би болсон асуудлын талаар асуухад гэрт орж ирээд Ц.Хэхлээд манай гал тогооны шургуулганд байсан заазуурыг авч Э.Бын толгойд цохиход Э.Б зөрүүлээд Ц.Хын толгойд мөн шүүгээний хажууд байсан алхыг аваад цохьсон гэж байсан” гэх мэдүүлэг /хх-19/
- Шинжээчийн 2018.04.27-ны өдрийн 1802000157 тоот: Э.Бын биед баруун зүүн чамархай, дагзанд шарх, баруун хацар хүзүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир, үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-21/
- Шинжээчийн 2018.04.20-ны өдрийн 1802000151 тоот: Ц.Хын биед толгойд шарх, баруун гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-23/ баримтууд хамаарч байна.
Дээрх баримт болон хохирол төлбөрийн талаарх, мөн шүүгдэгч нарын хувийн байдлыг нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.
Шүүгдэгч Ц.Х, Э.Б нар нь “Мотоцикль унагалаа” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан зодолдсоны улмаас Э.Бын баруун зүүн чамархай, дагзанд шарх, баруун хацар хүзүү зүүн хацарт зулгаралт гэмтэл, Ц.Хын толгой оройн баруун хэсгийн хуйханд 2.5 см урттай шарх гэмтэл учирсан болох нь хохирогч, шүүгдэгч Ц.Х, Э.Б нарын мэдүүлэг /хх-9-10, 13-14/, гэрч Э.Батхуяг, Ж.Лхагвасүрэн нарын мэдүүлэг /хх-16, 19/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х, Э.Б нар нь “багын найзууд” гэж мэдүүлсэн ба хамтран архидан согтуурч, улмаар согтуурсан үедээ мотоцикль унаж яваад элсэнд шарваж онхолдсоны улмаас харилцан маргалдаж, харилцан зодолдсон нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Иймд шүүгдэгч Ц.Х, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Х, Э.Б нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн ба прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Ц.Х, Э.Б нар хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хэн алинаасаа шаардах эрхтэй боловч хэн аль нь иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Хэрэгт авагдсан баримтаар хэн алиных нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байгаа болно.
Шүүх хуралдаанд хохирогч Э.Быг харахад Э.Бын хүзүүний ар хэсэг болон зүүн хацар хэсэгт ердийн явцаараа арилах боломжгүй сорви үлдсэн боловч тухайн сорви нь нүүрний дүр төрхийг алдагдуулаагүй болох нь тогтоогдож байна. Иймд хохирогч Ц.Х, Э.Б нар нь шаардлагатай гэж үзвэл эмчилгээ хийлгэснийг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн харъяа газрын иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт заах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Х, Э.Б нар нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хэн алиных нь зүй бус үйлдэл нөлөөлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан Ц.Х, Э.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд өмгөөлөгч нараас шүүгдэгч Э.Б, Ц.Хнарт оногдуулах торгох ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж, гурван сарын дотор хэсэгчлэн төлөх” санал гаргалаа. Хэргээс үзэхэд шүүгдэгч Э.Б нь орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй арьс ширээр мал аж ахуйн хэрэгсэл хийх, ямаа самнах, хонь ноослох зэрэг ажил эрхэлдэг, өөрийн гэсэн мал хөрөнгөгүй болох нь/хх-38/, харин шүүгдэгч Ц.Хнь эмэг эхийн тэтгэврээс өөр орлогогогүй гэх боловч 2017 оны эцсээр өөрийн нэр дээр бод, бог мал нийлээд 212 толгой мал тоолуулсан /хх42-43/ харилцах дансандаа тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгөтэй болох нь тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломж нь харилцан адилгүй байх тул Э.Бд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй, 14 см урттай заазуур болон 20.5 см урт дугуй иштэй, 10.5 см урт ажлын хэсэгтэй төмөр алхыг /хх-4/ гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн нь тогтоогдсон, нэхэмжилсэн хүнгүй тул энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Б, Ц.Хнарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн заазуур болон алханд үнэлгээ хийлгээгүй, эзэмшигчийг нь иргэний нэхэмжлэгчээр тогтоолгүйгээр шүүхэд хэргийг шилжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан шийдвэрийг гаргах боломжгүй байна.
Иймд тухайн эд зүйлийн эзэмшигчид адил төрөл чанарын эд зүйлийг олгох, эсхүл үнийг төлж барагдуулахыг шүүгдэгч нарт даалгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Онгууд овогт Э.Б, Боржигон овогт Ц.Х нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Онгууд овогт Э.Б, Боржигон овогт Ц.Х нарт тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-д оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелүүлээгүй торгох ялыг хорих ялаар солих журамтайг шүүгдэгч Э.Б-д анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б, Ц.Х нар нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн алх, заазуурыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт /дарга А.Лхагвасүрэн/ шилжүүлж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан өмчлөгч Э.Б гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн алх, заазуурыг адил төрлийн эд зүйл өгөх, эсхүл үнийг төлж барагдуулахыг шүүгдэгч Э.Б, Ц.Х нарт даалгасугай.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Ц.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ