Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00190

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00190

 

 

****--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03287 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ****--ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ****--д холбогдох,

2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн жонш худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

****- нь ****--д холбогдуулан жонш худалдан авах 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсан.

Татварын ерөнхий газраас 2013 онд манай компанид холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн тайлан, татварын тайлангуудад хяналт шалгалт хийсэн. Энэхүү хяналт шалгалтын дүнд Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210289 тоот актаар ****--тай 2012 оны 03 сарын 30-ны өдөр жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу жонш худалдан борлуулсан орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон гэсэн үндэслэлээр манай компанид нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан. Бид татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210289 тоот акттай танилцах үедээ л манай компани болон ****--ийн хооронд 2013 оны 03 сарын 30-ны өдөр байгуулагдсан гэх жонш худалдах, худалдан авах тухай 2 хуудас гэрээг анх олж үзсэн. Гэтэл манай компани ****--тай жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаагүй. ****- нь манай компанид дээрх гэрээг байгуулах тухай ямар нэгэн санал огт ирүүлж байгаагүй бөгөөд бид ч дээрх гэрээг байгуулах тухай нэг ч удаа ярилцаж тохиролцоогүй, гэрээг харилцан тохиролцож байгуулсан мэтээр 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хуурамчаар үйлдсэн байна. Жонш худалдах, худалдан авах гэрээг манай компанийн нэрийг барьж, гарын үсгийг нь ашиглах замаар хуурамчаар үйлдсэн болох нь тодорхой харагдаж байна. Тухайлбал, энэхүү гэрээний 2 дахь хуудсанд байх худалдагч буюу ****--ийг төлөөлж захирал ****- гэсэн гарын үсэг зурах хэсэгт ямар ч гарын үсэг зурагдаагүй атлаа хуудасны доод хэсэгт талуудын банкны мэдээлэл гэсэн бичиг дээр гарын үсгийг давхардуулж зурсан байна. Энэ нь зөвхөн манай компанийн нэрээр миний гарын үсэг зурагдсан цаасыг ашиглаж, энэхүү гэрээг хуурамчаар үйлдсэн болох нь тодорхой байна. Мөн Жонш худалдах, худалдан авах гэрээ нь хуурамчаар үйлдэгдсэн болохыг гэрчлэх нэг нөхцөл байдал нь манай компанийн дансаар ****--аас жоншны төлбөр гэсэн нэрээр хэзээ ч мөнгө шилжиж орж ирж байгаагүй бөгөөд жоншны төлбөрийг бэлнээр хүлээн авсан, өгсөн талаар ямар ч баримт байхгүй. Жонш худалдах, худалдан авсан гэх төлбөрүүдийг хуулийн этгээдийн бус хувь хүмүүсийн нэр дээр шилжүүлсэн. Энэ асуудлаар бид өмнө нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан. Энэ хугацаанд мөрдөн байцаагч цагдаагийн ахмад ****-ын шинжилгээ хийлгэх тухай 2017 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн кримналистикийн ахлах шинжээч ****- шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр жонш худалдах, худалдан авах гэрээний 2 дахь хуудсанд байгаа ****--ийн захирал ****-ийн тамганы дарагдсан, гарын үсэг нь гэрээн дээр бичигдэн бичвэр үйлдэгдэхийн өмнө тамганы дардас дарагдаж, гарын үсэг зурагдсан нь гэрээг хуурамчаар үйлдсэнийг тогтоож байна гэсэн дүгнэлт гарсан. Түүнчлэн, дээрх татварын хяналтын улсын байцаагчийн актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Мөн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай адил нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тус хаягт бүртгэлгүй гэдэг нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон мөн утасны дугаараа авахгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож, 183/Ш32017/08745 дугаар захирамж гаргасан. ****- нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ****--ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****--ийн оршин байгаа хаягийг тодруулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн лавлагааг гаргуулж, тус хаягаар шүүхэд дуудахад хариуцагч болох ****- нь Дундговь аймаг, Баянжаргалан сум, Сумын төвд 00 бүртгэлтэй, мөн үүсгэн байгуулагч уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох ****- нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 22 тоотод оршин суудаг болох нь Хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай баримт, ****--ийн захирал ****-ын тайлбар зэргээр нотлогдон, ****--ийн ****--ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02748 дугаар шийдвэр гаргасан. Иймд ****--ийг хариуцагчаар татаж, 2012 оны0 3 дугаар сарын 30-ны өдрийн жонш худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Тус компани олборлосон жоншоо тээвэрлүүлэх гэрээ байгуулсан. Энэ жоншийг хаана хэнд худалдах тухай заагаагүй тул нотолгооны ач холбогдолгүй. ****--тай байгуулсан гэрээний мөнгийг төлөөлөх эрх олгосон ****-ад хүлээлгэн өгсөн болно. Нэхэмжлэгч нь ****-ад эрх олгосон баримт хэрэгт байгаа хэрэгт байгаа бөгөөд ****- манай компанийн өмнөөс мөнгө хүлээн аваад завшсан гэсэн гомдлыг хаана ч гаргаж байгаагүй. ****--ийг Говьсүмбэрийн цагдаад шалгуулсан гэх боловч дүгнэлтээр тамга, тэмдэг эхэлж дарагдсан гарын үсэг зурагдсан гэх мэт дэс дарааллын үүднээс гэрээ хүчин төгөлдөр бус болдоггүй. Нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан байна. Дүрэмд 2011 онд өөрчлөлт орсон бөгөөд иргэнтэй 2 жилээр ээлжлэн компанийн эрхийг барина гэжээ. ****- 2008 онд захирлаар томилогдсон байна. Гэтэл энэ үеэс хэн компанийн эрх барьсан нь дүрэмд зааснаар тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн гаргаж байгаа нэхэмжлэлтэй холбоотой гэрээгээ цагдаагийн байгууллагад өгч устгуулсан бөгөөд одоо байхгүй гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж буй нь үндэслэлгүй. Энэ талаар нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гомдол гаргадаггүй. Уг гэрээний дагуу төлбөр мөнгийг тухай бүрт нь төлж байсан баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Энэ гэрээ хэрэгжээд дууссан гэрээ бөгөөд манай гаргаж өгсөн эх хувь гэрээг цагдаагийн байгууллагаар шалгуулж байхад алга болгосон. Одоо эх хувираа байхгүй гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч 3 жил явж байж уг гэрээг алга болгосныг тогтоолгосон. Нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд орсон нь бусад баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ****--ийн хариуцагч ****--нд холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн жонш худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****--ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлд дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Шинжээчийн дүгнэлтээр гэрээг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон, ****- нь бодит байдал дээр нэхэмжлэгч компаниас жонш худалдаж аваагүй хэр нь өөрийн компанийн улсын хилээр гаргасан жоншны гарал үүслийг тодорхой болгох үүднээс ****--аас жонш худалдан авсан мэтээр хуурамч гэрээ, гарал үүслийн гэрчилгээ зэргийг үйлдэж 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дүр үзүүлсэн хэлцэл хийсэн, дээрх улсын хилээр гаргасан жонш нь бодит байдал дээр ****--ийн худалдсан жонш бус харин иргэн ****-ын худалдсан жонш гэх байдлаар өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс өөрөөр тодорхойлсон. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх үндэслэлээ шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар болон нэхэмжлэлдээ дурдсан боловч анхан шатны шүүх шийдвэртээ холбогдох тайлбар хийлгүй орхигдуулсан нь үндэслэлгүй байна.

4.б. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын агуулгыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй.

Мөн 183/ШШ2022/03287 дугаар шийдвэрийн үндэслэлд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 30 дугаар тогтоолын олсон нь хэсэгт дурдсаныг үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд хамаарахгүй болно.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаа-ний зөвлөмжийн 4.1-д ...Прокурорын болон цагдаагийн байгууллагын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн зарим баримтыг дахин нотлох шаардлагагүй нотлох баримт гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгодог алдаа шүүхийн практик гардаг.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бий болсон дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой хэдий ч эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй гэж дурдсанаас үзэхэд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 30 дугаар тогтоолд дурдсан агуулгыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна.

4.в. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчсөн.

Тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч ****-ыг гэрчээр асуусан.

Гэрч ****- нь нэхэмжлэгч ****--ийн гүйцэтгэх захирал ****-ийн төрсөн ах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж заасны дагуу тус шүүх хуралдааны явцад шүүгч гэрчээс мэдүүлэг авахаас өмнө түүнд хуулийн холбогдох заалтыг тайлбарлаж өгөх үүрэгтэй байсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх гэрч ****-ад хуулиар олгогдсон гэр бүлийн гишүүн буюу төрсөн дүүтэйгээ холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэх эсэхийг тодруулаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасны дагуу гэрчийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Гэтэл 183/ШШ2022/03287 дугаар шийдвэрийн үндэслэлд Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар болон гэрч ****-ын мэдүүлэг зэргээс ****-, ****- нар нь 2011 оноос жоншны бизнест хамтран ажиллаж, жонш худалдан авч, төлбөрийг тухай бүр төлж байсан болох нь тогтоогдож байна гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн, гэрч ****- нь ... ****- нь ****--д жонш зараагүй. Би өөрөө Хулдын нөхөрлөлүүдийн жоншийг борлуулдаг байсан. Өөрийнхөө жоншийг ****-д зарсан гэх зэрэг мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүхийн шийдвэрт ****-, ****- нар нь 2011 оноос жоншны бизнест хамтран ажиллаж, жонш худалдан авч, төлбөрийг тухай бүр төлж байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

4.г. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ хэрэгжиж дуусгавар болсон гэж дүгнэхээр байна гэж дурдсан атлаа мөн шийдвэрийн үндэслэлд ... гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй болно гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу ****- болон ****- нарын хооронд 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Жонш худалдах, худалдан авах гэрээ бодитоор байгуулагдсан бол ****- нь өөрийн компанийн санхүүгийн тайланд бүртгэлтэй байсан жоншийг ****--д худалдаж, ****- нь жонш худалдан авсан төлбөрөө ****--ийн арилжааны банкин дахь данс руу шилжүүлэх байсан.

Гэтэл бодит байдал дээр ****--д хамааралгүй өөр жоншны нөхөрлөлүүдийн олборлосон жоншийг иргэн ****- нь хувиараа ****--д худалдсан байх ба хариу төлбөрийг ****--ийн бус иргэн ****- зэрэг бусад этгээдүүдэд хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг.

2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Жонш худалдах, худалдан авах гэрээ-г огт байгуулаагүй, гэрээний зүйлийн талаар талуудаас гэрээ байгуулах санал гаргаж байгаагүй тул нэхэмжлэгч ****--д маргаан бүхий гэрээний эх хувь байхгүй болно.

Ийнхүү нэхэмжлэгч компанид маргаан бүхий хүчин төгөлдөр бус гэрээ нь эх хувиараа байхгүй болох нь тодорхой байхад анхан шатны шүүх ...хавтаст хэрэгт 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Жонш худалдах, худалдан авах гэрээ эх хувиараа авагдаагүй гэх үндэслэлээр хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ нотлох үүднээс Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч ****-ы 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Шинжээчийн 008/025 дугаар дүгнэлт-ийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх дээрх баримтыг үнэлэхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн. Бидний дунд эрх зүйн харилцаа үүссэн. Хоосон гэрээ байгаагүй, мөнгө авсан баримт нь хэрэгт авагдсан. Гэрээний ар талд 125,000,000 төгрөг хүлээн авлаа гэж ****-ын зурсан гарын үсэг байна.

****- манайтай үнэхээр гэрээ байгуулаагүй бол анх нэхэмжлэл гаргахдаа гэрээний ар талд мөнгө хүлээн авсан гэж бичсэн гарын үсэг минийх биш гэж маргах байсан. Хэдийгээр цагдаагаас тамга дараад дээр нь гарын үсэг зурсан байна гэж байгаа боловч дээр нь гарын үсэг зурснаар гэрээ хүчингүй болно гэсэн ойлголт байхгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ бүрэн нотолсон тул анхан шатны шүүх үнэн зөв шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ****--аас хариуцагч ****--д холбогдуулан 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Жонш худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ****- эс зөвшөөрч маргасан байна.

 

2. Нэхэмжлэгч ****- нь 2015 онд хариуцагч ****--д холбогдуулан зохигчдын хооронд 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан жонш худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан, уг гэрээн дээр 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шинжилж буй гарын үсгийг ****- зурсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан,

 

2.а. Үүний дараа нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газар ****--ийн захирал ****-, ****- нарт холбогдуулан гомдол гаргаж, маргаж буй гэрээн дээр ****--ийн захирал ****-ийн тамга дарагдсан, гарын үсэг нь гэрээн дээр бичигдсэн бичвэр үйлдэхийн өмнө тамганы дардас дарагдаж, гарын үсэг зурагдсан нь гэрээг хуурамчаар үйлдсэнийг тогтоож байна гэсэн шинжээчийн дүгнэлт 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гарсан, Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 30 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3. Гэрч ****- шүүхэд ****--ийн захирал миний дүү, түүний компанид ерөнхий менежерээр ажиллаж, жонш хүлээн авах, түүнийг буталж шорооноос салгах жонш гаргах, вагонд ачих бичиг баримт хийх ажил хийж байсан, өөрөө хувиараа жонш авч борлуулдаг нөхөрлөлтэй, ****-гөөс орж ирсэн мөнгө хувийн ажилтай холбоотой, өөрийнхөө цуглуулсан жоншийг ****-д зарсан, хариуцагчийн өгсөн баримтууд миний бичиг мөн, тус компани Хятад, Орос руу жонш гаргаж байсан гэх агуулга бүхий мэдүүлэг шүүхэд өгчээ.

 

3.а. Дээрх гэрчийн мэдүүлгээр ****- нь ****--д жонш худалдаагүй ****- хувийн жоншоо худалдсан гэх байдал нь өөр бусад баримтаар эргэлзээгүйгээр нотлогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

3.б. Түүнчлэн гэрч ****- нь нэхэмжлэгч ****--ийн захирал ****-ийн ах гэх боловч энэ байдал нь нотлогдоогүй, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу гэрчээс мэдүүлэг авахдаа хууль сануулсан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4. Нэхэмжлэгч ****- нь ****--д 2012 онд удаа дараа жонш худалдаж байсан болох нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 1509 дугаар дүгнэлт, хэргийн 1 дүгээр хавтасны 195-223, 2 дугаар хавтасны 23-24 дүгээр тал дахь жонш тээвэрлэсэн тухай гарал үүслийн бичиг, 2012 оны 04 дүгээр сарын 25, 28-ны өдрийн Хаан банкны орлогын баримт, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ****-гөөс 100,000,000 төгрөг ****-өд шилжүүлсэн баримт, 2 дугаар хавтасны 26 дугаар тал дахь 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ****-гөөс жоншны урьдчилгааны үнэд 540,000,000 төгрөг авсан баримт, 2 дугаар хавтасны 130-134 дүгээр талд авагдсан 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 100,000,000 төгрөг урьдчилгаанд ****-гөөс ****- хүлээн авсан баримт, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ****--аас ****--д 82 тонн жонш худалдав. ****--ийн ерөнхий менежер гэсэн гарын үсэг бүхий баримт, 2012 оны 11 сард ****--аас ****--д нийт 160 тонн жонш худалдав, Ерөнхий менежер ****- гэсэн баримтууд болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагчид жонш худалдаагүй, ****- өөрийн нөхөрлөлийн жоншийг ****--д худалдсан, хуурамч гэрээ, гарал үүслийн гэрчилгээ үйлдэж 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн жонш худалдах, худалдан авах гэрээ алга болсон нь уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар шүүхээс дүгнэлт хийхэд саад болохгүйгээс гадна энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруу байгааг дараах байдлаар залруулж дүгнэнэ.

 

6.а. Дээрх хэргийн баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь гэрээний нэг тал нь нөгөө талдаа худалдсан жоншны төлбөрийг гүйцэтгэж, гэрээ бодитойгоор хэрэгжсэн байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

6.б. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан жонш худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

 

7. Шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гараагүй Эрүүгийн хэргийг шалгах явцад гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт нь дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

7.а. Мөн худалдан борлуулсан жоншны төлбөрийг дансаар шилжүүлээгүй нь гэрээ байгуулагдаагүй эсхүл хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ