| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2018/00046/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Н.Уугантуяа
Улсын яллагч: Т.Төмөртулга
Хохирогч М.Түвшинтөгс
Шүүгдэгч: П.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П.Б-д холбогдох 1822001200055 тоот хэргийг 2018 оны 6 сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь хотод 1973.02.19-нд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 2-9 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЮ73021916/ Дуутан овогт П.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч П.Б нь 2018 оны 4 сарын 6-ны өдөр М.Түвшинтөгсийн нүүрэн тус газар нь цохих, ташиж унагах зэргээр зодсон болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч М.Түвшинтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 4 сарын 5-ны шуурганд манай найзын гэр нураад 4 сарын 6-ны өглөө очиж гэрийг нь барьж өгсөн. Манай найз 2 шил архи авч өгөөд тэрийг нь гурвуулаа уусан. Тэгээд гэрээ янзалчихаад байж байсан чинь Б ах орж ирсэн. Тэгээд би 1 шил архи авчраад уугаад байж байгаад П.Бахтай муудсан байна лээ. Чам шиг юмыг мэднэ гэсэн, чи намайг яасан их мэддэг юм гээд маргалдсан байсан. Тэгээд П.Б ах гараад явсан, би араас нь гараад тэгээд дахиад маргалдаж намайг цохьсон, босоод ирэхэд ташиж унагаад, тэгээд яваад өгсөн. Би Д.Бахын биед нь хүрээгүй. Би гэр лүү очтол ээж түргэн дуудаад тэгээд эмнэлэг дээр очсон. Одоо энэ хүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг.
- Гэрч М.Баттогтохын “ ... М.Түвшинтөгс гарч яваад 1 шил 0.5 литрийн Онги архи авчирсан. Тэрийг тойруулаад байж байтал М.Түвшинтөгс хадам ах П.Б элдвээр хэлээд өдөөд байсан. Би гэрт хэрүүл хийгээд байхгүй шүү гарч учраа ол гэж хэлсэн. Тэр хоёр гараад явсан би гэртээ үлдсэн. Удалгүй М.Түвшинтөгс хамраас нь цус гарсан ороод ирсэн. Би ус хутгаж өгөөд нүүр гарыг нь угаалгаад М.Түвшинтөгс цагдаад хэлнэ гээд явсан ” гэжээ /хх-10/
- Шинжээчийн 2018.04.10-ны өдрийн 180200142 тоот: М.Түвшинтөгсийн биед зүүн хөмсөгт зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-16/ баримтууд хамаарч байна.
Дээрх баримт болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай баримтууд тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсанд тооцлоо.
Хохирогч М.Түвшинтөгс нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлдээ болон хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлэгтээ өөрийг нь зодсон хүнийг “Баяраа”, “Мөнхтөр”, “Мөнхбаяр” гэх зэргээр нэрлэж байсан нь баримтаар /хх-2, 9, 12/ тогтоогдож байна.
Хохирогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, хуульд заасан шаардлагыг хангаж мэдүүлэг авахад өөрийг нь зодсон хүн шүүх хуралдаанд шүүгдэгчээр оролцож байгаа “Батмөнх мөн” гэж нэрлэн заасан болно. Иймд түүний хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлгийн холбогдох хэсгийг нотлох баримтаар үнэлсэнгүй.
Шүүгдэгч П.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 4 сарын 6-нд хотоос автобусаар ирээд дүүгийн гэр нурсан хана нь хугарчихсан байна, хана өгч туслаач гэж надруу утсаар ярьсан. Би тэгээд хотод байна очиж байгаад болъё гэж хэлсэн. Тэгээд би аймагт ирээд гэрт цүнхээ тавьчихаад очсон чинь энэ хэд гэрээ барьчихсан, нилээд халамцуу байж байсан. Та хэд чинь бас архи уучихжээ гэж хэлсэн. Би тог цахилгаан байхгүй болохоор нь тэрийг нь янзалж байхад М.Түвшинтөгс нэг шил архи авчирсан байсан. Тэрийгээ задлаад надад өгсөн. Би амсаад өгсөн, ах нь архи уухгүй, архи уудаггүй гэж хэлсэн. Тэгээд юм яриад сууж байсан чинь М.Түвшинтөгс чам шиг юмыг би ганц цохино гээд агсраад эхэлсэн. Би ийм муухай, хэнтэй харьцаж байгаагаа мэдэхгүй бол архи битгий уу гэж хэлсэн.... М.Түвшинтөгс би чам шиг юмыг ганц цохино шүү гээд намайг өдөөд байсан. Тэгэхээр нь би за за хоёулаа муудах юм байна гээд би явлаа гэсэн чинь ардаас гарч ирсэн. Би Түвшинтөгсөд чи яах нь вэ, цохих нь уу гэсэн чинь гараа далайгаад гүйгээд ирсэн. Тэгэхээр нь баруун гараараа нүүр лүү нь нэг удаа цохьсон чинь хойшоо саваад унасан. Дахиад босоод ирэхээр нь хавсарч унагасан чинь хамраас нь цус гоожиж байсан. Гэрээс Төмбөө гарч ирсэн, би ус аваад ир гэж хэлээд М.Түвшинтөгс нүүрээ угаагаад цагдаа дуудна гээд явсан” гэж мэдүүлсэн байна.
Шүүгдэгч нь М.Түвшинтөгсийг зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч М.Түвшинтөгс, гэрч М.Баттогтох нарын мэдүүлгээр батлагдаж байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч шүүх хуралдаанд “М.Түвшинтөгс намайг цохих гээд гараа далайгаад гүйгээд ирэхээр нь нүүр лүү нь цохиж, ташиж унагасан. Миний цээж, хүзүүнд маажсан юм шиг улаан болчихсон байсан” гэсэн мэдүүлэг өгснийг шалгаж үзэхэд дараахь нөхцөл байдал тогтоогдлоо.
Үүнд: хохирогч шүүх хуралдаанд “би гараа далайсан” гэж хүлээн зөвшөөрсөн болно.
Хэргээс үзэхэд хэрэг 2018 оны 4 сарын 6-ны өдөр үйлдэгдсэн, П.Батмөнхийг 2018 оны 5 сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг авчээ. /хх13-14/ П.Бнь тухайн мэдүүлэгтээ “М.Түвшинтөгс өөрт нь гэмтэл шарх учруулсан талаар” хэлж мэдүүлээгүй тул үүнийг нотлох ажиллагаа хийгдээгүй байна.
Хохирогч М.Түвшинтөгсийн гараа далайсан үйлдэл нь халдлага, довтолгооны аливаа шинжийг агуулсан байсан эсэх нь нотлогдохгүй байх тул халдлага үнэн хэрэг дээрээ байгаагүй, довтолгоон хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хүн бүр албан тушаалын байдал, мэргэжил, хуулиар хүлээлгэсэн үүрэг, албаны тусгай бэлтгэлээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй. Аргагүй хамгаалалт хийгдсэн гэж үзэх үндэслэл нь хамгаалалт, халдлага нэгэн зэрэг хийгдсэн байх нөхцлийг хангасан байх шаардлагатай юм.
Шүүгдэгч П.Бнь тухайн цаг мөчид хохирогчийн гарын хөдөлгөөнийг өөрийгөө цохих гэж байна гэж төсөөлөн, улмаар өөрийн төсөөлсөн үйлдлийн эсрэг хариу үйлдэл үзүүлж хохирогчийн нүүрэн тус газарт цохьсон, мөн ташиж унагах зэргээр зодсон нь тогтоогдож байна.
Үнэн хэрэг дээрээ байгаагүй буюу болоогүй довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж бодсон нь шүүгдэгчийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй тул прокуророос ял сонсгосон хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч П.Бнь 2018 оны 4 сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айрагийн 8-42 тоотод амьдран суух хүргэн дүү М.Баттогтохын хашаанд М.Түвшинтөгсийн нүүрэн тус газарт нь гараараа цохих, мөн ташин унагах зэргээр зодсон болох нь шүүгдэгч П.Батмөнхийн өөрийнх нь мэдүүлэг, хохирогч М.Түвшинтөгсийн мэдүүлэг, гэрч М.Баттогтохын мэдүүлгээр /хх-10/; шүүгдэгч П.Батмөнхийн үйлдлийн улмаас хохирогч М.Түвшинтөгсийн биед зүүн хөмсөгт зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд тухайн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь яаралтай тусламжийн хуудас /хх18-19/, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр /хх-16/ тус тус нотлогдож байна.
Шүүх шүүгдэгч П.Батмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд хохирогч М.Түвшинтөгсийн хэрүүл маргаан өдсөн, агсам тавьсан танхай зан байдал нөлөөлсөн, мөн шүүгдэгч П.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч П.Батмөнхийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч М.Түвшинтөгс нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг нэхэмжлээгүй, тухайн үед “эмчийн заавраар эм уусан, өөр эмчилгээ хийлгээгүй, бүрэн эдгэрсэн” гэж мэдүүлсэн болно.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч П.Батмөнхөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Бнь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлого олдог эсэх нь тодорхойгүй байх тул шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх байдлаар эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,
36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг
удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Дуутан овогт П.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Дуутан овогт П.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч П.Б шүүхээс оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих журамтайг шүүгдэгч П.Б тайлбарласугай.
5. Энэ хэргийн улмаас шүүгдэгч П.Б нь цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй ба хохирогч гомдолгүй гэсэн, төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хүчин төгөлдөр болтол П.Б урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ