Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 209/МА2023/00010

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 11-ний өдрийн 135/ШШ2022/01610 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

      Нэхэмжлэлийн шаардлага: “2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний үеэл эгч ******* нь Америкийн нэгдсэн улсад амьдардаг нагац эгч *******гаас 25,000 доллар шилжүүлэн авч Дархан-Уул аймаг, Дархан сум 10 дугаар баг 5 дугаар хороолол, 2а байрны 37 тоот 39 м.кв 2 өрөө орон сууц худалдан авч, тус байранд ******* эгчийн ээж болох н.*******ын хамт амьдарч байсан. Удалгүй н.******* нас барж ******* Америкийн нэгдсэн улс руу гэр бүлээрээ амьдрахаар явсан.

Уг байрыг аваад удаагүй байхад ******* эгчийн нөхөр *******гийн төрсөн дүү болох Б.Ганхуягийн эхнэр *******т түүний хүсэлтийн дагуу тус болох үүднээс дээрх байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Нэр шилжүүлсэн зорилго нь банкнаас зээл авах байсан. Нэр шилжүүлэхдээ тус байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн ******* болон түүний гэр бүлийн зүгээс 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Орон сууц захиран зарцуулах итгэмжлэл”-ийг ******* надад олгосон. Итгэмжлэлийг 4 жилийн хугацаатайгаар надад шилжүүлсэн. Миний бие тус байрыг *******т банкны барьцаанд тавиад барьцааны хугацаа дуусаж байр чөлөөлөгдөхөд эргүүлэн шилжүүлэн авах нөхцөлтэйгөөр нэр шилжүүлсэн.

Олон жилийн дараа *******аас байрны талаар асуухад барьцаанд байгаа санаа зоволтгүй гэсэн тайлбар өгсөн. Гэтэл 2022 оны 06 дугаар сард Америкийн нэгдсэн улсаас ******* эгч ирж байрны гэрчилгээг шилжүүлж өгөхийг шаардахад тодорхойгүй шалтгаанаар татгалзаж байрыг шилжүүлэн өгөхгүй байна.

Иймд 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

2009 онд *******ийн нөхөр Б.Ганхуягийн ах болох *******, эхнэр ******* нар Америкийн нэгдсэн улсад амьдрахаар явахдаа дүү ******* болон түүний гэр бүлд орон сууц өмчлөх эрхээ шилжүүлж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөөд явсан. Үүний дараа ******* Америкийн нэгдсэн улсад амьдрахаар болсон тул дүү *******д орон сууц захиран зарцуулах эрхтэй итгэмжлэл шилжүүлсэн байна.

Маргаан бүхий 2 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавьж банкнаас зээл авах зорилгоор нэр дээрээ бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлж авсан. ******* тухайн байрыг барьцаанд тавьж зээл авч үйл ажиллагаа эхэлж байгаад 2022 оны 03 дугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас 112,000,000 төгрөгийн зээлээс чөлөөлж авах шаардлага бий болсон. Энэ үед ******* нь ******* гэх байрны ченж эмэгтэйгээс 108,000,000 төгрөг зээлэхээр болж зээлийн төлбөрөө 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон.

******* нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн төлбөрөө бүрэн төлөхөөр очиход ******* өмнөх өдөр нь *******т мэдэгдэлгүйгээр маргаан бүхий 2 өрөө орон сууцыг бусдад худалдан борлуулсан байсан.

Дээрх 2 өрөө байр *******, ******* нарын өмчлөлийн байр байсан бөгөөд дүү *******д өмчлөх эрхээ шилжүүлж, *******гаас *******д захиран зарцуулах эрхээ итгэмжлэлийн дагуу шилжүүлж, улмаар *******т банканд барьцаалж зээл авахад нь ах дүүсийн хувиар тусалж бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлсэн. Иймд 2 өрөө орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасныг баримтлан *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдуулан гаргасан 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

*******, ******* нарын хооронд “Орон сууц бэлэглэлийн гэрээ” байгуулагдах үндэслэлгүй ба хариуцагч *******т банканд барьцаалж зээл авахад нь ахан дүүсийн хувиар тусалж түр шилжүүлсэн. Нэхэмжлэгч хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагаас өөр үйл баримтад дүгнэлт хийж, тухайн дүгнэлтээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргаагүй.

Гэтэл орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Маргааны үйл баримтад бодитой, үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй, хэт ерөнхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч *******гийн *******т холбогдох “орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн  гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хуульд заасны дагуу явуулж хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан,  хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, тухайн маргаантай холбоотой иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэргээс судлан үзэхэд:

3. , *******, нарыг Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол 2-А байрны 37 тоот 29,0 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, тоот гэрчилгээ 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдөр  олгогджээ. /хх-3/

4. Дээрх нэр бүхий өмчлөгч нар нь 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *******-д улсын бүртгэлийн тоот гэрчилгээтэй орон сууцыг захиран зарцуулах “итгэмжлэл”-г олгосон байх ба уг итгэмжлэл нь  2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл гурван жилийн хугацаанд хүчинтэй, мөн орон сууцыг барьцаанд тавих, хөлслөх, арилжих, худалдах, бэлэглэх гэрээнд гарын үсэг зурах эрх олгов гэсэн байна./хх-4/

5. Энэхүү итгэмжлэлийн дагуу ******* нь 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *******тай орон сууц бэлэглэлийн гэрээ-г байгуулсан. /хх-6/

 Уг гэрээнд 10 дугаар баг, 5 дугаар хороолол 2-А байрны 37 тоот 29,0 м.кв, 2 өрөө, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хариу төлбөргүй бэлэглэж, гэрээ нь нотариатаар гэрчлэгдэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох,  үл хөдлөх эд хөрөнгийн газраас бэлэг хүлээн авагч *******т  орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор бэлэг хүлээн авагчийн өмчлөх эрх үүснэ гэж тусгажээ.  Мөн гэрээний 7-н нэмэлт нөхцөл хэсэгт  маргаан үүсгэхгүй гэжээ.

6. Хариуцагч ******* нь дээрх бэлэглэлийн гэрээг 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд мэдүүлэг гарган  бүртгүүлж, түүнд  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104510 тоот гэрчилгээ 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр  олгогдсоноор тэрээр бэлэглэлийн зүйл  болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болжээ.  /хх-51/.

7. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ...эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч ******* нь  2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр *******тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******ий нэр дээр  уг орон сууцны өмчлөх эрх шилжигдсэн, 

******* нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үл хөлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тэй байгуулж, тэрээр улсын бүртгэлд   бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө  өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноор ийн нэр дээр өмчлөх эрх шилжигдсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.  /хх-49-50, 52-55/

8. Нэхэмжлэгч ******* нь тус орон сууцыг *******т зөвхөн банкны барьцаанд тавиад барьцааны хугацаа дуусч байр чөлөөлөгдөхөд эргүүлэн шилжүүлэн авах нөхцөлтэйгөөр шилжүүлсэн, түүнээс *******т байрыг бэлэглэх ямар ч шалтгаан байхгүй, бэлэглэлийн гэрээ нь татвараас зайлсхийж, *******т тус болж зээлийн барьцаа хөрөнгө болгож зээл гаргахад нь тус болох зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул “орон сууц бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага, тайлбарыг  гаргажээ. /хх-1/

9. Хэрэгт хариуцагч ******* нь аль банкнаас, хэдий хугацаатай, хэдий хэмжээний зээл авсан, зээлийн барьцаанд тус орон сууцыг барьцаалсан барьцаалбарын гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй,

10. Түүнчлэн ******* нь бэлэглэлийн зүйл болох орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаас хойш 12 жилийн дараа худалдах, худалдан авах гэрээний дагуу бусдад худалдсан, энэ нь улсын бүртгэлд бүртгэгдэж, бусдын өмчлөлд тус тус шилжигдсэн  байх тул *******, ******* нарын хооронд байгуулсан “орон сууц бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэх  үндэслэлгүй  байна. 

Мөн тус орон сууцны өмчлөгч нараас /, *******, / *******д орон сууцыг захиран зарцуулах гурван жилийн хугацаатай олгосон “итгэмжлэл”-н хугацаа дууссан байна.

 11. Иймээс нэхэмжлэгч *******д Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагаврыг арилгуулахаар  шаардах эрх  үүсээгүй байна.

12. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар   үнэлж, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв  байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 11-ний өдрийн 135/ШШ2022/01610 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ

                                                ШҮҮГЧИД                                      Л.АМАРСАНАА                                  

                                                       ШҮҮГЧ                                    Х.БАЙГАЛМАА