| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0316/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/328 |
| Огноо | 2018-11-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дд холбогдох эрүүгийн 1838005690258 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Р.Т-гийн байшин буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 570.000 төгрөгийн,
2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Т.Б-ийн байшин буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 825.000 төгрөгийн, 2018 оны 07 дугаар сарын 14-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаанд байсан Э.С-ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 290.000 төгрөгийн,
2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Г.О-ны байшин буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 905.000 төгрөгийн,
2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Б.О-ын байшин буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Р.Т-ийн байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 570.000 төгрөгийн,
2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ...тоотод оршин суух иргэн Т.Б-ийн байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 825.000 төгрөгийн,
2018 оны 07 дугаар сарын 14-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоот хашаанд байсан Э.Сэдэдийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 290.000 төгрөгийн,
2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Г.О-ы байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 905.000 төгрөгийн,
2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Б.О-ын байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Тэгшээ гэх айлын Байшингийнх нь цонхоор ороод мөнгөн хазаар нэг ширхэг, мөнгөн аяга нэг ширхэг, нимгэн нэрийг нь мэдэхгүй гар утас, 240 орчим мянган төгрөг зэргийг аваад буцаж цонхоор нь гараад шууд аймгийн төв орох унаанд суугаад аймгийн төв рүү орж ирээд маргааш нь мөнгөн хазаар, мөнгөн аягыг нь “Мөрөн” дэлгүүрт үйл ажиллагаа эрхэлдэг ломбардын газарт 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би тухайн үед архи ууж байгаад танилцсан нэрийг нь мэдэхгүй 2 залуутай хамт очиж ломбарданд тавьсан... Зүгээр явж байгаад орчихсон. Ямар нэг зорилго байгаагүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэг багаж хэрэгсэл ашиглаагүй. Надтай хамт хулгай хийсэн хүн байхгүй... 2018 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р хороонд явж байгаад эзэнгүй айл байхаар нь цонхыг нь хагалж ороод зурагтыг нь аваад, шүүгээн дотроос нь хар өнгийн савхин куртик ,саарал өнгийн гар утас, хөх өнгийн пүүз зэрэг эд зүйл аваад байшингаас гараад шууд такси бариад цагдаагийн урд талын ломбард руу ороод зурагтаа 30,000 төгрөгний барьцаанд тавьсан. Гар утсыг нь АНУ худалдааны төвд гар утас засвар ажлуулдаг хүнд 20,000 төгрөгөөр зарчихсан. Савхин куртик, гутал хоёрыг нь хаячихсан...2018 оны 07-р сард Мөрөн сумын 13-р хороонд Монгол гэртээ айлын хатавчаар нь ороод дружба хөрөө нэг ширхэг, хоёр ширхэг жинсэн өмд, хоёр ширхэг пудволк, нэг ширхэг гутал зэрэг эд зүйлүүдийг аваад гутлыг нь өмсөөд өөрийнхөө гутлыг хажуу талынх нь хашааны байрлах ухсан нүх рүү хийгээд хувцасыг нь өмсөх гэж байгаад хүний хуучин юм гэж бодоод шатаачихсан. Харин хятад хөрөөг нь Сондор дэлгүүрийн урд явж байсан танихгүй хүнд 30,000 төгрөгөөр зарсан... 2018 оны 07-р сарын 21-ний өдөр Мөрөн сумын 14-р хороонд байрлах найз Баагийгийн гэрээс гарч яваад хойд талынх нь гудамжинд байдаг байшинтай айл хүнгүй байхаар нь цонхоор нь явж ороод хоёр ширхэг хөөрөг, нэг ширхэг бугуйл, шуудайтай хашин, хажуугийнх нь жижиг байшингаас жижиг гар утас зэрэг эд зүйл авсан. Бугуйлыг нь зах дээр явж байгаад танихгүй хүнд 50,000 төгрөгөөр зарсан. Нэг хөөргийг нь Шонхоо гэх өөрийн таньдаг хүнтэй хамт явсан залууд нэг шил архинаас өгсөн. Гар утсыг нь барьж байгаад хаячихсан. Нэг хөөргийг нь цагдаад хураалгасан... 2018 оны 07 дугаар сарын сүүлчээр Мөрөн сумын ... тоотод оршин суух айлын байшингийнх нь зүүн талын цонхоор явж ороод хойморын тавиур дээрээс нь зурагтыг нь аваад хаалгаар нь гарсан. Тэгээд такси бариад хулгай хийсэн зурагтаа ломбарданд тавих гэж байгаад цагдаад баригдсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 43-50 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 51-52 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 53-56 дугаар хуудас/,
Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг, 7 дугаар гудамж ... тоотод байх гэрээсээ 2018 оны 07 дугаар сарын 19-ний орой 19:00 цагийн орчимд Рашаант сум орохоор гарч яваад 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 14:30 цагийн үед гэртээ ирэхэд түгжээд явсан манай байшингийн хаалга онгорхой, цонхнууд бүгд бүрэн хаалттай, байшинд ороход ширээн дээр байсан данх шалан дээр унасан. Гэрийн хойд хана дагуу тавьсан мөлхөө тавилганы зурагтны тавиур дээр байсан зурагт байхгүй. Урд өрөөг нээгээд харахад урд өрөөнд байсан авдар онгорхой, доторх эд зүйл нь шалан дээр эмх замбараагүй цацагдсан байсан. Хулгайд алдагдсан зурагтаа хүлээж авсан одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 59-61 дүгээр хуудас/,
Хохирогч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 07 дугаар сарын дундуур байсан санагдана. Би өглөө гэрээсээ гараад оройн 21 цагийн орчимд ажлаасаа буугаад гэртээ харьсан чинь манай гэрийн бүрээсийг урьж, тотгоны уяаг авсан байдалтай байсан. Тэгээд гэртээ ороход манай гэрийн хамаг юмыг онгижсон байдалтай байсан. Тэгээд хулгай орсон байна гэдгийг мэдээд эд зүйлээ бүртгэж үзэхэд манайхаас түлээ хөрөөддөг дружба хөрөө нэг ширхэг, цүнхтэй хувцас, гутал, гэрийн гаднаас машины жанам, радиотор, машины дугуй хоёр ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан...Хохирлоо гаргуулж авмаар байна. Үнэлгээгээр гарсан мөнгийг хулгай хийсэн этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 65-67 дугаар хуудас/,
Хохирогч Р.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 02 дугааар сарын 21-ны орчимд Улаан-Уул сумын төвд байдаг гэртээ хөдөө гэрээсээ орж ирэхэд төвийн байшингийн вакум цонхны түгжээг эвдэж хулгай орж гэрээс мөнгөн аяга, мөнгөн хазаар, LG маркийн гар утас 2 ширхэг, түрийвчтэй бэлэн мөнгө 100 орчим мянган төгрөг алдагдсан байсан...би гомдолтой байна. Алдсан эд зүйлсийг маань олж өгнө үү...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 71-73 дугаар хуудас/,
Хохирогч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 06-р сарын 02-ны өдөр манай нөхөр ажлаасаа буугаад 11 цагийн орчимд гэртээ очиход байшингийн цонх хагарчихсан байхаар нь гэртээ ороод үзсэн чинь манай хойморийн тавиур дээр байсан зурагт, шкаб дотор байсан 1 Lипа маркийн Солонгос улсад үйлдвэрлэсэн саарал өнгийн гар утас, эрэгтэй хүний савхин куртик, манай нөхрийн пүүзэн гутал зэрэг эд зүйл алга болсон...Би хулгайд алдсан зурагтаа сая төгрөгөөр, гар утсаа 380.000 төгрөгөөр, куртикээ 160.000 төгрөгөөр, нөхрийн пүүзийг 50.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Гомдолтой байна. Хулгайд алдсан зүйлүүдээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 76-80 дугаар хуудас/,
Хохирогч Г.О-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим манай бэр болох Пагамжав над луу өөрийн ...дугаараас залгаж Мөрөн сумын ...тоотод хулгай орсон байна гэж хэлсэн. Би нөхөр Галбадрах охин Энхжин нарын хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сум 9-р баг хөх толгой гэх газраас 14 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд том байшингийн урд талын хоёр вакум цонх онгорхой, жижиг байшингийн хаалга онгорхой цоожийг нь эвдлээд орсон байсан. Том болон жижиг байшин луу ороход эд зүйл эмх замбараагүй байсан. Усан болор гэх бор алаг голоороо цагаан өнгийн зураастай хүрэн туяатай эртний хөөрөг, бас орчин цагийн хаш чулуун цагаан хөөрөг, даалин буюу уут нь хар хөх торгон ногоон эмжээртэй мөн долоо найман алд шинэ бугуйлын сур, сурны үзүүрийг дөрвөөр гөрсөн, самсунг SЗ гар утас нь цагаан дэлгэцэн дээрээ хоёр жижиг хар өнгийн толботой, эмэгтэй савхин куртик нь хар өнгийн ягаан туяатай дунд зэргийн урт хоёр шуудаа хашин зэрэг эд зүйлс алга болсон байсан. Мөн дараа нь эд зүйлээ бүртгэхэд мөнгөн хос ээмэг гурван унжуургатай хөх өнгийн шигтгээтэй ээмэг алга болсон байсан....Би алдсан эд зүйлийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна....Би нэг ширхэг хөх өнгийн даалинтай орчин үеийн толгой, орчин үеийн цагаан хаш хөөрөг нэг ширхэг хүлээн авсан. Бусад эд зүйлийг хүлээн аваагүй. Хулгайд алдсан зүйлүүдээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 84-88 дугаар хуудас/,
Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн зүүн талын вакум цонхны салхивчийг хагалж онгойлгосон байсан. Гэртээ орж үзэхэд 43 инчийн Самсунг маркийн зурагт, луна маркийн гар утас, эрэгтэй хүний савхин куртик зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 89-90 дугаар хуудас/,
Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн орчимд намайг ажилдаа ирж явахад Мөрөн сумын 8 дугаар баг 4 замын ойролцоо зурагт тэвэрсэн согтуу хүн явж байсан. Би ямар учиртай зурагт авч яваа юм болдоо гэж бодоод машинаа зогсоогоод тухайн хүний авч явсан зурагтыг нь шалгахаар дуудсан боловч тэр хүн намайг харчихаад зурагтаа газарт тавиад шууд зугатаасан...Бид хоёрыг Мөрөн сумын 6 дугаар хороонд явж байгаад нөгөө зурагт тэвэрчихсэн явж байсан хүн таараад тухайн хүнийг баривчилж цагдаагийн газарт авчирсан. Тэр хүнээс ямар учиртай зурагт авч явсан талаар нь асуухад Мөрөн сумын 14 дүгээр багаас хулгай хийсэн гэж байсан. Тэгээд согтуу байсан учир эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 107-108 дугаар хуудас/,
Гэрч П.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр намайг “Мөрөн” дэлгүүрийн хажууд байрлах ломбардын газраа ажлуулаад байж байтал гаднаас үл таних 3 залуу орж ирээд Г.Д гэх залуу нь мөнгөн аяга, мөнгөн хазаар үзүүлээд энэ хоёрыг 300.000 төгрөгийн барьцаанд тавих гэсэн юм гэхээр нь 300.000 төгрөгөнд бол авахгүй. Харин 200.000 төгрөгөнд авъя гэсэн чинь Г.Д гэх залуу нь би бичиг баримтаа орхисон байна гээд хамт явсан Отгончулуун гэх залуу нь иргэний үнэмлэхнийхээ хуулбарыг үзүүлсэн. Тэгээд би мөнгөн аяга, хазаар хоёрыг нь 200.000 төгрөгийн барьцаанд аваад явуулсан. 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Отгончулуун, Г.Д хоёр Хишигбаатар гэх залуутай хамт орж ирээд мөнгөн аяга, хазаар барьцаанд тавьж авсан мөнгөө хүүтэй нь өгөөд мөнгөн аяга, хазаар хоёроо аваад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 109-111 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 120 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838005690258 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Г.Д нь урьд 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 157-161 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Даас 290.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.С-д, 570.000 төгрөг гаргуулж хохирогч Р.Т-д, 825.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Б-д, 805.000 төгрөг гаргуулж хохирогч Г.О-д тус тус олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Б.Отгонбаатарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь ам бүл 5, эцэг, ах, хоёр дүүгийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838005690258 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 116 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч -*хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ын цагдан хоригдсон 116 /нэг зуун арван зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Д-аас 290.000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.С-д, 570.000 /таван зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Р.Т-д, 825.000 /найман зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Б-д, 805.000 / найман зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.О-д тус тус олгосугай.
6. Эрүүгийн 1838005690258 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР