Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00189

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00189

 

 

 

****-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, ****- нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2022/03164 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ****-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ****- /хуучин нэрээр ****- ****-/-т холбогдох

2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зам тээврийн ослын улмаас **** УАР дугаарын Тоёота Ландкрузер автомашинд учирсан хохиролд 63,585,950 төгрөг, ****-ийн 50-40 УНТ Тоёота Приус-20 автомашинд учирсан хохиролд төлсөн 1,520,000 төгрөг, нийт 65,105,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч ****-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өглөөний 07 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн **** УАР улсын дугаартай Тоёота Ландкрузер-200 маркийн автомашин жолоодож яваад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны уулзвар руу баруунаас зүүн чиглэлд нэвтрэх үедээ **** УБҮ улсын дугаартай Тоёота Ландкрузер-200 машинд мөргүүлж зам тээврийн осолд өртсөн. Уг уулзварт гэрлэн дохио байхгүй, би уулзвар луу нэвтрэх үедээ өөрийн хөдөлгөөнд оролцож байсан чиглэлийг гол зам гэсэн ойлголттой явж байсан. Учир нь уг уулзварын хойноос урагш чиглэлд замын баруун гар талд Зам тавь гэсэн тэмдэг байдаг бөгөөд энэ чиглэлээр өмнө нь хэд хэдэн удаа нэвтэрч баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлд явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч байсан учир тэр өглөө өөртөө итгэлтэйгээр уулзвар луу орсон. Уулзварын 60 гаруй хувийг нэвтэрч явах үед миний хажуугаас **** УБҮ улсын дугаартай Тоёота Ландкрузер-200 машин мөргөсөн.

Тээврийн цагдаагийн албаны зөрчил шалгах хэлтсээс дээрх ослын шалтгаан нөхцөлийг тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар намайг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10-т хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. **** УБҮ дугаарын автомашины жолооч ****-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж тогтоон хариуцлага тооцсон.

****- ****- нь Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэж тогтоосон.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны авто замыг ****- Замын Хөгжлийн газрын захиалгаар ****- барьж, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр №01/2019 тоот актаар Улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах ажлын хэсгийн №01/2019 тоот акт дүгнэлтэд Зам хариуцагч, ашиглагч байгууллага болох ****- ****-т Авто замын тухай хуулийн 27.3-т заасны дагуу авто зам, замын байгууламжийн паспорт, картыг хянаж, хүлээн авч, бүртгэл мэдээллийн санд баяжилт хийж, холбогдох мэдээллийг жил бүрийн тогтоосон хугацаанд авто зам эзэмшигчид хүргүүлж байх болон Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу чанарын баталгаат хугацаа дууссанаас хойш авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, арчлалт, засварын ажлыг тогтоосон хугацаанд тогтмол хийж байх гэсэн 2 төрлийн үүрэг даалгавар өгсөн.

Гэтэл ****- ****- 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дээрх авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах талаар Улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, осол болсон зам болон уулзварт гол зам, туслах зам, явган хүний гарц, анхааруулах бүхий л тэмдэг байх ёстой гэх боловч тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй, хийгээгүй шалтгаанаа зам тээврийн ослын улмаас эвдэрч гэмтэх, хулгайд алдах зэргээс алга болдог гэхээс өөрөөр тайлбарлаж чадаагүй.

Уг уулзварын хойноос урагшаа, зүүнээс баруун тийш явах чиглэлд зам тавьж өгнө гэсэн тэмдэг байсан, баруунаас зүүн, урдаас хойшоо явах чиглэлд огт тэмдэг тавиагүй байсан ба осол болсноос хойш баруунаас зүүн тийш чигээрээ явах урсгалд, урдаас хойшоо явах урсгалд гол зам гэсэн тэмдэг тавьсан. Энэ нь тухайн баруунаас зүүн тийш явах чиглэл анхнаасаа гол зам гэдгийг тогтоож байгаа ба энэ тэмдгийг тавиагүй буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж осол гарсан болохыг эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар тогтоосон гэж үзэж байна.

Мөн өөрийн байгууллагын буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч ****- гэрчээр мэдүүлсэн, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр болсон ослын шалтгаан нөхцөлийг тогтоохдоо ****- замын хөгжлийн газрын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэсэн. Уг ослын улмаас ****- миний унаж явсан **** УБҮ дугаарын Тоёота Ландкрузер машины урд болон хажуу, мөн арын хэсэг ноцтой гэмтэж, 63,585,950 төгрөгийн хохирол учирсан болохыг Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон.

****- бидний машин мөргөлдөж, замын хэсэгт зогсож байсан иргэн ****-ийн 60-59 УБР улсын дугаартай Тоёота Приус-20 машин, иргэн ****-ийн 50-40 УНТ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто машинууд гэмтэж, миний бие ****-ийн машинд учирсан хохирлын 50 хувь болох 1,520,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхоны зам болон уулзварт гол зам, туслах зам, явган хүний гарц зэрэг анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ хийх үүргээ биелүүлээгүй ****- замын хөгжлийн газраас 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр болсон ослын улмаас ****- миний унаж явсан **** УАР дугаарын Тоёота Ландкрузер автомашинд учирсан 63,585,950 төгрөг, иргэн ****-ийн 50-40 УНТ дугаарын Тоёота Приус-20 автомашинд учирсан хохиролд төлсөн 1,520,000, нийт 65,105,950 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эрх бүхий албан тушаалтны магадлагаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу уг зам тээврийн осолд нэхэмжлэгч ****-ыг буруутай гэж үзэж 100,000 төгрөгөөр торгосон. Энэ зөрчлийг ****- зөвшөөрч гомдол гаргаагүй. Тухайн зам тээврийн осол нь **** УБҮ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ****- Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан буруутай гэж үзэж 100,000 төгрөгийг торгосон. Энэ арга хэмжээнд ****- гомдол гаргасан боловч хэрэгсэхгүй болгосон байна.

Энэ баримтаас харахад нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.8, 15.12-ыг зөрчсөн, ****- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-ыг зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас түүнд хохирол учирсан нь тогтоогдож холбогдох хуулийн хариуцлага хүлээж, эрх бүхий байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул зам тээврийн улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан байдаг тул Нийслэлийн ****- ямар нэг байдлаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах үүрэг хүлээхгүй.

Уг дүгнэлтээс үзэхэд тэмдэг, тэмдэглэгээ тавиагүйгээс осол гарсан гэж огт бичээгүй, харин ч 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэргийн газарт очиж үзлэг, хэмжилт хийсэн цагдаагийн ахмад ****- замын нөхцөл байдал хэвийн байсан талаар тэмдэглэсэн.

Авто зам болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7-р хороолол доторх 1.2 км авто замыг ****- барьж ашиглалтад авах ажил нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/2019 дугаар актаар баталгаажсан бөгөөд ийнхүү авто замын чанарын баталгааны хугацаа нь 3 жил байхаар энэхүү комиссын актад тусгагдсан. Энэ талаар Авто замын тухай хуулийн 28.4-т шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник, технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр гурван жил байна тодорхой зааснаар ****- хариуцах үндэстэй.

Иймд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж зам тээврийн осол гарсан түүнээс гарсан хохиролд манай байгууллага хамааралгүй болох нь дээрх тайлбар болон холбогдох баримтуудаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Тухайн автозам нь хороолол дунд байдаг бөгөөд жолооч тээврийн хэрэгслийг 20 км цагийн хурдтай жолоодох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь гол замаар явж байсан ба туслах замаар явж байсан машин зам тавьж өгөөгүй буруутай тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ****-т /хуучин нэрээр ****- ****-/-т холбогдох 65,105,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ****-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ****-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

****- ****- нь Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол зөрчил гаргах нөхцлийг бүрдүүлсэн буруутай болох нь Тээврийн цагдаагийн албаны Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-гаар нотлогдон тогтоогдсоноос гадна Зам тээврийн осолд холбогдох зөрчлийн хэргийг шалгах үед ****- замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****- замын тэмдэг тэмдэглэгээ хийх, байнга хэвийн ажиллуулах үүргийг хариуцах ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч тал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлаж чадаагүй.

5.б. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн гол буруутан нь ****- ****- мөн гэдгийг нотолж байна.

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дээрх замыг ашиглалтад хүлээн авах Улсын комисс хуралдаж, уг хуралд оролцсон Тээврийн цагдаагийн ажилтан 7 дугаар хороолол гэрэлтүүлэг муутай, зам тээврийн осол их гардаг, хөдөлгөөн зохицуулалтын зураг байдаггүй, тэмдэг тэмдэглэгээ хазайсан, 2012 оноос хойш дагаж мөрдөж байгаа замын тэмдэглэгээг стандартаар дагаж мөрдөх...гол замын тэмдгийг гарц болгон дээр тавьсан байна, ингэж болохгүй...Хөдөлгөөний эрчим аюулгүй байдлыг хангах үүднээс дөрвөн замын уулзвар дээр гэрлэн дохиолол тавиулах гэсэн шаардлага тавьсан. Замыг ашиглалтад хүлээн авах ажиллагаанд ****- замын хөгжлийн газраас хяналтын хэлтсийн дарга нь, авто замын хяналтын мэргэжилтэн, гэрэлтүүлгийн газрын мэргэжилтнүүд оролцож, дээрх шаардлагыг хүлээж авсан боловч биелүүлээгүй.

Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсээс зам тээврийн ослын шалтгааныг шалгаж, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрх бүхий албан тушаалт нь магадлагаа-гаар ****- ****- нь Зам, замын байгууламжийг засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангахад саад учруулж, зам тээврийн осол зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн буруутай болохыг нотлон тогтоосон.

Зам тээврийн осолд холбогдох Зөрчлийн хэргийг шалгах явцад ****- замын хөгжлийн газрын мэргэжилтэн ****-ыг осол гарахад буруутай гэж үзэх холбогдогчоор татсан, тэрээр өөрийн хариуцах ёстой ажил мөн гэдгийг хүлээн зөвшөөрч ослын шалтгаан, буруутай этгээдийг тогтоосон Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-г бүрэн зөвшөөрч гарын үсэг зурсан.

****- ****- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш харин Зам хариуцагч, зам ашиглагч байгууллага бөгөөд Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу замын ашиглалтын бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах чиг үүрэгтэй төрийн байгууллага юм. Тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****- ослын шалтгааныг тогтоосон Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-г хүлээн зөвшөөрсөн, энэ талаар ямар нэг гомдол, татгалзал гаргаагүй юм.

****-ын нэхэмжлэлийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад хариуцагч талын хүсэлтээр осол болсон уулзварт тавигдсан тэмдэг тэмдэглэгээнд үзлэг хийсэн. Үзлэгээр жолооч ****-ын зорчиж явсан баруунаас зүүн чиглэлд осол болсноос хойш Гол зам гэсэн тэмдэг шинээр тавьсан, мөн хойноос урагш чиглэлд өмнө тавигдсан Зам тавь гэсэн тэмдэг хэвээр байгаа нь тогтоогдсон. Мөн жолооч ****-ын зорчиж явсан урдаас хойш чиглэлд осол болсноос хойш шинээр тэмдэг тавьсан болох нь тогтоогдсон.

Уг тэмдгүүдээр ****- уулзварт зөв нэвтэрсэн бөгөөд хэрэв осол гарсан өдөр уулзварт тэдгээр тэмдэг тэмдэглэгээ байсан бол түүнийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй гэж буруутган хариуцлага хүлээлгэхгүй байсан байх үндэслэлтэй байна.

****- ****- нь Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу чанарын баталгаат хугацаа дууссанаас хойш авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах үүргээ биелүүлээгүй, Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн болох нь тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ****- нь хариуцагч ****-т холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зам тээврийн ослын улмаас **** УАР дугаарын Тоёота Ландкрузер автомашинд учирсан хохиролд 63,585,950 төгрөг, ****-ийн 50-40 УНТ Тоёота Приус-20 автомашинд учирсан хохиролд төлсөн 1,520,000 төгрөг, нийт 65,105,950 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн 17-18 дугаар тал дахь Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал , хэргийн 39-41 дүгээр талд дахь Эрх бүхий албан тушаалтны магадлагаа болон зохигчдын тайлбараар 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 07 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны уулзвар зам дээр **** УАР улсын дугаартай Тоёото Ландкруйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл, **** УБҮ улсын дугаартай Тоёото Ландкруйзер-200 маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, зогсож байсан 50-40 УНТ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, 60-59 УБР улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон байна.

 

3. Дээрх зам тээврийн ослыг гаргахад

-**** УАР улсын дугаартай Тоёото ландкруйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ****- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн,

-**** УБҮ улсын дугаартай Тоёото ландкруйзер-200 маркийн тээврийн жолооч жолооч ****- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн буруутай болохыг Тээврийн цагдаагийн албанаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан магадлагаа-гаар тогтоосон байна.

 

3.а. Уг ослын улмаас тээврийн цагдаагийн албанаас нэхэмжлэгч ****-ыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0028519 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох шийтгэлээр шийтгэсэн байх ба, энэ асуудлаар эрх бүхий байгууллагад тэрээр гомдол гаргаагүй байна.

/хх 42/

 

3.б. Мөн дээрх магадлагаанд ****- ****- нь Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн байна. /хх39-41/

 

4. Анхан шатны шүүх Зам тээврийн осол гарсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны уулзвар нь зам тээврийн осол болох үед гэрлэн дохиогүй, гол зам гэсэн тэмдэглээгүй байсан тул зохицуулдаггүй уулзвар гэж дүгнэсэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.3, 3.1, 3.4-т заасантай нийцжээ.

 

5. Хэргийн баримтаар тээврийн цагдаагийн албаны Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэх магадлагааг үндэслэж хариуцагч ****- замын хөгжлийн газрыг зам тээврийн осолд гэм буруутай гэж үзэх шалтгаант холбоо хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

 

5.а. Учир нь зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан байна. Иймээс Зам хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан буруутай тал уг ослын улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

6. Нэхэмжлэгч нь тухайн зам тээврийн осолд өөрөө зам хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай болох нь тогтоогдсон байх тул хохирол шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. .

 

7. Анхан шатны шүүхээс шүүх бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2022/03164 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,480 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ