Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0096/З |
Дугаар | 221/МА2019/0026 |
Огноо | 2019-01-10 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2019/0026
2019 оны 01 сарын 10 өдөр Дугаар 221/МА2019/0026 Улаанбаатар хот
“У с” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, О.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0595 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж гомдлоор, “У с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0595 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2.2, 40 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан У с ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалын У с ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...“У с” ХХК-ийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хавтаст хэрэгт байхгүй. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/8128 дугаар албан бичгээр “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын эрх бүхий албан тушаалтнуудаас гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан төлөвлөгөө шаардсаны дагуу ирүүлсэн материал болох “У с” ХХК -ийн “Гэр бүлийн амралтын төвийн барилгын эскиз” зургийг 2011 онд хийж гүйцэтгүүлсэн бөгөөд Улаанбаатар хотын “Т э Ж” ХХК-ийн захирал Н.Ц зөвшөөрсөн Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Т.Ганзориг, дарга Д.О-ын гарын үсэг зурагдаагүй зөрчилтэй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 тушаалаар нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богины аманд 12.4 га талбайг 5 жилийн хугацаатай олгосон боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар “У с” ХХК-д 12.45 га газрыг шилжүүлсэн нь шүүх дээр маргаантай байх хугацаанд гаргасан шийдвэр байна. “Уорлд трэвел” ХХК нь “У с” ХХК нь харилцан хамааралтай хуулийн этгээд болохыг хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогдож байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянахад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “У с” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалын “У с” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалын нэг дэх заалтаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2 дахь хэсгийг тус тус баримтлан “... Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд нийслэлийн ард, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцлийг бүрдүүлнэ” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “У с” ХХК-д газар ашиглах эрх олгосон 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаа хүчингүй болгож, уг газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгосон байна.
Хариуцагч нь хариу тайлбартаа ““У т” ХХК уг газрыг 2005 оноос ашиглах эрх авснаас хойш нэг ч төлбөр төлөөгүй байхад уг газрыг “У с” ХХК-д шилжүүлсэн, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хамгаалалтын захиргааны санал аваагүй, газар ашиглах гэрчилгээ аваагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газрын төлбөр болон улсын тэмдэгтийн хураамж хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул газар ашиглах эрхийг хүчингүй болгосон” гэсэн тайлбар ирүүлсэн боловч дээрх маргаан бүхий актад эдгээр нөхцөл байдал, түүнд холбогдох хууль зүйн үндэслэлийг заагаагүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэсний дагуу маргаан бүхий акт А/373 дугаар тушаалд “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой зорилт дэвшүүлсний дагуу Нийслэлийн Монгол ардын намын “А ж х” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ард, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор” гэж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ашиглуулах эрх олгосон шалтгаанаа тодорхой зааснаас үзвэл дээрх хариуцагчийн тайлбарт дурдсан асуудлаар гарсан акт үзэхээргүй байна.
Мөн уг актад баримталсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд дуусгавар болгохоор заасныг баримталсан боловч “У с” ХХК-ийн ямар үйл ажиллагааг уг горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзсэн талаар актад заагаагүй, энэ талаар хариуцагчаас тайлбар нотлох баримт гаргаагүй.
Түүнчлэн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн нэхэмжлэгч компанийн 2016 оны 07/18, 2017 оны 1/114 зэрэг албан бичигт “... төрийн захиргааны төв байгууллагаас баталсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн дагуу боловсруулсан ерөнхий төлөвлөгөөнүүдийг баталж өгнө үү” гэсэн хүсэлтийг байгаль орчин аялал жуулчлалын яаманд удаа дараа гаргаж байсан, Зочид буудал, аялал жуулчлалын цогцолборын эскиз зургийг тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б зөвшөөрсөн, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулсан байх бөгөөд хариуцагч нь А/373 дугаар шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдэх сонсгох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэхийг нягтлан шалгаж, дээрх хуулийн заалтын дагуу хамгаалалтын горимыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан эсэхийг тодруулалгүй шийдвэр гаргажээ.
Иймд анхан шатны шүүхийн “.... Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аялал жуулчлалын хөтөлбөр болон улс төрийн аливаа намын ямарваа нэгэн хөтөлбөр нь эрх бүхий этгээдээс олгосон тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах, дуусгавар болгох, эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох, хуулийн этгээдийн газар ашиглах эрхэд халдах үндэслэл болохгүй. ... нэхэмжлэгчийн эрхэд халдахдаа мэдэгдэх, сонсгох үйл ажиллагаа явуулаагүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж, А/373 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.И, О.Т нар давж заалдах гомдолдоо “... шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хэрэгт байхгүй, “Уорлд тревэл” ХХК-ийн барилгын эскиз зургийг 2011 онд гүйцэтгэсэн, зөвшөөрсөн хариуцсан архитектор, даргын гарын үсэг зурагдаагүй зөрчилтэй ...” гэж дурдсан боловч маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн эсэх, тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зохих зөвшөөрлийг эрх бүхий этгээдээс авсан эсэх зэргийг шалгаж тогтоогоогүй, энэ талаарх нөхцөл байдлыг актын үндэслэлд тусгаагүй байх тул гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Харин давж заалдах гомдолд “... шүүх дээр маргаантай байхад гаргасан шийдвэр, “У т”, “У с” хоёр компани нь харилцан хамааралтай хуулийн этгээд ...” гэж дурдсан боловч энэ талаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэл, тайлбар гаргаагүй тул тус шүүх энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээд нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.Зоригтбаатар
ШҮҮГЧ С.Мөнхжаргал