Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 119

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дуламсүрэн, С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Д,

Хариуцагч: *** дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “*** дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Д намайг бүртгэхээс татгалзсан *** дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолыг Ч.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2016 оны дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүргэхийг сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Б, гэрч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Дын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд *** дүүргийн Ардчилсан намаас Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлэн, 157 дугаар зүйлд заасны дагуу дүүргийн Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд бүртгүүлэхээр баримт бичгийг хүргүүлсэн.

Дүүргийн Сонгуулийн хорооноос 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр албан бичгээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч Ч.Дыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ...”-д, 157 дугаар зүйлийн 157.2.7 “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар”-д заасныг зөрчсөн буюу дээрх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан тухай 2016 оны 03 дугаар тогтоол гаргасныг мэдэгдсэн болно.

*** дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Д миний бие 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутад ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь Нийслэлийн *** дүүргийн нотариат Д.Аын баталсан, бүртгэлийн дугаар 439-т бүртгүүлсэн бүртгэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын тайлбар зэргээс тодорхой харагдаж байна.

Бодит байдал ийм байсаар атал дүүргийн Сонгуулийн хороо нь бичиг баримтыг зориудаар мушгин гуйвуулж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

*** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд *** дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшсэн Ч.Д миний биеийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1, 11.8 дахь заалтыг тус тус зөрчин иргэн миний сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа *** дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэж байна”гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Ч.Д нь *** дүүргийн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихээр шийдэж, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийнхөө томилсон албан тушаалтан болох *** дүүргийн Засаг даргад ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг. Үүнийг бичиг хэргийн бүртгэлээр хүлээж авсан. Тус хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нотариатаар баталгаажуулсан. Энэ баримтуудаа бүрдүүлээд *** дүүргийн Сонгуулийн хороонд хуульд заасан хугацаанд хүргүүлсэн байдаг. Хүргүүлсэн баримтуудыг Сонгуулийн хорооны гишүүн Э хүлээж авахдаа бүх хавсралт баримт бичгүүдийг чеклэж, шалгаж хүлээн авсан. Үүнд нь ажлаас чөлөөлсөн баримт нь байсан гэж чеклэсэн. Сонгуулийн хорооноос 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 03 тоот тогтоол гаргаж, Ч.Дыг болон нэр бүхий 2 иргэнийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлдээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй гэж тайлбарлаж байгаа. Хуулийн холбогдох зүйл заалтыг ишлэсэн. Гэвч хүсэлт бол өгөгдсөн. Бодит нөхцөл байдалд хүсэлтийг хүлээж авсны дараа хуулийн хугацаанд Засаг даргын Тамгын газарт очсон эсэхийг шалгахад хүсэлт нь хуулийн хугацаандаа Засаг даргад очоогүй байна гэсэн шалтгааныг зааж, татгалзсан.

Засаг даргын Тамгын газарт намын харьяалалтай хүмүүс ажилладаг. Бичиг хэргийн мэдээллийн программ руу нэвтрээд Ч.Дын өргөдөл нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байршуулсан гэдэг. Программын бүртгэлийг аваад энэ асуудал сөхөгдөж ирсэн.. Түрүүнд гэрч хэлсэн. Эхлээд баримт бичгийг нь шалгахад байсан. Зөрчилтэй гэдэг асуудал шалгагдаж эхлэхэд Ч.Д өргөдлөө өгөөгүй гэдэг асуудал огтхон ч яригдаагүй. Ц, Ш нарын асуудлыг шалгахад бичиг хэргийн бүртгэлд тогтоогдсон гэсэн үндэслэлээр хуулийн хугацаандаа өгөөгүй гэсэн үндэслэлээр хассан гэдэг. Өгсөн баримтууд нь байгаад шалгаад авсан. Программын баримтуудыг  багананд бичсэнээрээ бүртгэдэг гэдгийг гэрч, бичиг хэргийн ажилтнууд өөрсдөө хэлсэн байдаг. Өргөдөл бол иргэдээс өгсөн бүртгэл биш Засаг даргын дотоод дотоод бичиг хэргийн бүртгэлийн дэвтрээр авагддаг өргөдөл юм. Тэгэхээр 29-ний өдөр гэж тэмдэглэгдсэн байсныг 30-ны өдөр болгож өөрчилсөн. 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөрт Ш гэдэг хүний өргөдөл нь орсон байгаа. 

Иргэний сонгох, сонгогдох эрхийг Сонгуулийн хороо нь хуульд зааснаас бусад үндэслэлээр хязгаарлах эрхгүй. Гэтэл сонгуулийн байгууллага ирсэн материалыг хянаж шалгах үүрэгтэй. Хянаж шалгаад, холбогдох тайлбаруудаа, хариугаа өгсөн. Албаар нэг талыг бариад Ч.Дыг хасах гэж тус үйлдлийг хийсэн. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар сонгуулийн байгууллага нь хууль дээдлэх, шударга ёсыг сахих үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж, иргэний сонгох, сонгогдох эрхийг дээдлэх ёстой. Иргэн Ч.Д нь Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар сонгогдох эрхийг хангасан этгээд мөн юм. Эрхийг нь хангахтай холбоотой хууль тогтоомжийн биелэлтийг хариуцах үүрэг нь Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-д  зааснаар *** дүүргийн Сонгуулийн хороонд байгаа. *** дүүргийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасны дагуу холбогдох баримт бичгүүдийг хянаад бүртгэх үүрэгтэй. Байсан гэдэг нь хангалттай нотлогдлоо. Нэр дэвшигчийг бүртгэхэд шаардагдах баримт бичгүүд дутуу гэдэг захиргааны акт нь үндэслэлгүй гэдэг нь хангалттай тогтоогдож байгаа учраас иргэн Ч.Дын сонгогдох эрхийг хангаж, Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолын Ч.Дын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Ч.Дын дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх үүргийг *** дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч *** дүүргийн сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*** дүүргийн орон нутгийн сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар нэр дэвшигчдийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргахдаа Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Ч.Дыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг, 157 дугаар зүйлийн 157.2.7 дахь хэсгийг тус тус зөрчсөн байх тул олонхийн саналаар бүртгэхээс татгалзсан байна.

Ч.Д нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 заасан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Ч.Д нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7 дахь заалтад заасан “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар...”-ыг сонгуулийн хороонд ирүүлээгүй бөгөөд холбогдох байгууллагаас холбогдох байгууллагаас өргөдлөө өгсөн эсэх тухай тодруулан, нягтлан шалгахад ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд тухайн байгууллагын эрх бүхий этгээдэд илэрхийлээгүй, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй нь тогтоогдсон болно.  

Нэр дэвшигч Ч.Д нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон байх тул тус сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн олонхийн саналаар хуульд заасан үндэслэлээр өөрөөр хэлбэл тус хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэг “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэж, 158.1.3 дахь хэсэг “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол” гэж тус тус заасныг баримтлан бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан.

Иймд иргэн Ч.Дын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ч.Д нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн томилсон албан тушаалтанд тухайн сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гаргана гэдгийг зөрчсөн. Энэ талаар Сонгуулийн хорооны хурлаар яригдаад, ажлын хэсэг томилж, шалгуулсан байдаг. Үүнийг манай Сонгуулийн хороо шалгах ч шаардлага байгаагүй. Ирсэн материалаа судлаад, тус материалын хүрээнд шийдвэр гаргасан. Орон нутгийн сонгуульд Ардчилсан намын хувьд нийт 35 нэр дэвшигч дэвшихээр материалаа ирүүлсэн байдаг. Нийт 801 хуудас материал ирүүлснээс цаасан хуудсаар тоолж авахад 794 цаасан хуудас хүлээлгэн өгсөн байдаг.

 Хариуцагчийн зүгээс ажлаас чөлөөлөх тухай хүсэлтээ өгөөгүйг нь буруу гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д зааснаар нэр дэвшигч бүртгүүлэх материал дундаа өгөөгүй. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д заасан бичиг баримт дутуу гэсэн шаардлагыг хангасан“гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д нь “*** дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Д намайг бүртгэхээс татгалзсан *** дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолын Ч.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2016 оны дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүргэхийг сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох *** дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3-д заасныг тус тус үндэслэн *** дүүргийн Ардчилсан Намаас 2016 оны *** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн Ч.Дыг Сонгуулийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагчаас Ч.Дыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасны дагуу “сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө дүүргийн Засаг даргад ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өгөөгүй, мөн уг хүсэлтийг дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө өгснийг нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэж тайлбарлан, маргаж байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т орон нутгийн сонгуульд нэр дэвшигч “...орон нутгийн өмчит, ...хуулийн этгээдийн ... захирал, ... нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх”-ыг шаардсан бөгөөд хуулийн энэ шаардлагатай холбогдуулж нам нэр дэвшүүлэх ажиллагааг явуулахдаа 157 дугаар зүйлийн 157.2.7-д “...орон нутгийн өмчит хуулийн этгээд, ...захирал, ...ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар”-ыг дүүргийн сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилжээ.

*** дүүргийн Ардчилсан Намаас тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд 10 дугаар тойрогт  нэрийг дэвшүүлж, дүүргийн Ардчилсан Намын хорооны ээлжит бус хурлын 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “2016 оны орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн тухай” 05 дугаар тогтоол, нэр дэвшигчдийн жагсаалт, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, нэр дэвшигчийн намтар, ажил, иргэний үнэмлэх болон цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, ял шийтгэлгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг баримт бичгүүдийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч.Дын *** дүүргийн Засаг даргад 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөр огноолон гаргасан ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутад *** дүүргийн Засаг даргын тамгын газрын Архив бичиг хэрэг, мэдээллийн технологийн тасгийн бичиг хэргийн ажилтан М.Од хүлээлгэн өгсөн байх бөгөөд дүүргийн Засаг дарга 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр уг өргөдөлтэй танилцан цохолт хийж, Тамгын газрын даргад шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан өргөдлийг хүлээн авсан дардасны тэмдэглэл, Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр, болон Өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын карт, зэргээр тус тус тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч Ч.Д нь Сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргасан байхад тухайн хугацаанд *** дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод үйл ажиллагаатай холбогдуулж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6, 157.7-д зааснаар Дүүргийн сонгуулийн хороонд нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон бусад шаардлагуудыг хангаж буй, ирүүлсэн баримт бичиг нь бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгахыг үүрэг болгосны зэрэгцээ шаардлагатай тохиолдолд хуулийн 157.9-д заасан хугацаанд нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авах боломж хуулиар олгогдсон бөгөөд нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон тохиолдолд сонгуулийн хороо түүнийг бүртгэхээс татгалзахаар зохицуулсан байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.1-.157.2.7-д “нэр дэвшигчийн бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг”-ийг тусгайлан жагсаасны дотор “ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар”-ыг дүүргийн сонгуулийн хороонд ирүүлэхийг шаарджээ. Гэтэл  хариуцагчаас “уг хүсэлтийг дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө гаргаж өгснийг нотлох баримтыг хавсаргаж өгөөгүй” гэсэн шаардлага тавьж, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус гэж үзлээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ч.Дын өргөдлийг хүлээн авсан, бүртгэл хяналтын картын огноо дугаар засвартай, зөрүүтэй, хуурамч баримт нөхөн бүрдүүлсэн байж болзошгүй гэсэн тайлбарыг гаргадаг боловч хэрэгт авагдсан *** дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр, өргөдөл хүлээн авсан дардасны тэмдэглэл, бүртгэл хяналтын карт, гэрч Б.Г, Т.Б, Ц.А, Б.Т нарын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нь *** дүүргийн Засаг даргад  2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн огноо бүхий хүсэлтийг гаргасныг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр *** дүүргийн Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн ажилтан хүлээн авсан нь тогтоогдож байна.

Түүнчлэн *** дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлд “М.А: ... Ч.Дын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт байхгүй...” гэж тусгагдсан боловч  аудио бичлэгийг шүүх хуралдаанд сонсож судлахад нэхэмжлэгч Ч.Дын “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирээгүй” гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.

Мөн *** дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлүүдээр Ч.Дыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалсан дээрх үндэслэлээс өөр үндэслэл болох ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хугацаанд нь өгсөн эсэхийг шалгаж, хэлэлцсэн болох нь нотлогдлоо. 

Ийнхүү Сонгуулийн тухай хуулийн 157.9-д заасан хугацааны дотор буюу бүртгэлийн явцад Ч.Д нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан, хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д заасан баримт бичгийг бүрэн гүйцэд ирүүлсэн, хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасан аль нэг үндэслэл бүрдээгүй байхад дүүргийн Засаг даргад ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө гаргаагүй, баримт бичиг дутуу ирүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Дыг бүртгэхээс татгалзсан дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоол нь захиргааны акт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж заасныг зөрчжээ.

Иймээс маргаан бүхий *** дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоол нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7, 158 дугаар зүйлийн 158.1-д тус тус заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул *** дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолын Ч.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ч.Дыг 2016 оны *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 10 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг *** дүүргийн сонгуулийн хороонд даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7, 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг тус тус баримтлан Ч.Дын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *** дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолын Ч.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ч.Дыг 2016 оны дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сонгуулийн хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, *** дүүргийн сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.АДЪЯАСҮРЭН

                                               ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН

                                               ШҮҮГЧ                           С.ОЮУНГЭРЭЛ