Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00485

 

Н.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06961 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 445 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч И.Идэргарав, Ц.Пүрэвжав нарт холбогдох,

И.Идэргараваас Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1212 тоотод байрлах хашаа, хувийн сууц гаргуулах, Ц.Пүрэвжаваас Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1213А тоотод байрлах хашаа гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагч Ц.Пүрэвжав, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний 2000 онд 600 ам.доллараар бариулсан хашаа, байшинг манай манаач Ж.Баттөмөр нь нэг л хашааг дотор нь 3 хуваан цувуулж зарсан. Энэ эрүүгийн гэмт үйлдлүүдийг зогсоох гэж анх цагдаад 2004 онд хандаж, 2005 онд Баянзүрх дүүргийн шүүхийн 685 дугаар шийдвэрээр хууль бус наймааг таслан зогсоосон. Гэтэл дараагийн яллагдагч И.Идэргарав, яллагдагч Ц.Пүрэвжав нарын хашааны хууль бус наймаа маргаантай гэж хэлсээр байхад явагдсан.Хариуцагч И.Идэргаравын талаар: Нэхэмжлэгч Н.Эрхэмбаяр би 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагт манай хашааг худалдаж авсан гэх хариуцагч И.Идэргаравыг өөрийн эзэмшлийн “Сонота-3” загварын 02-09 УБМ дугаартай машиндаа суулгаж, хашааг минь зараад хойд талд байдаг уулын аманд нүүж очсон манаач Ж.Баттөмөрийн гэрийг заалгаж намайг зодолдоход хариуцагч И.Идэргарав дундуур орж салгасан юм. Өмчийн эзэн Н.Эрхэмбаяр би 2009 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагт иргэн И.Идэргаравын гэрт очиж маргаантай хашаа гэдгийг хэлсээр байхад 4 жилийн дараа 2013 оны 4 дүгээр сарын 22-нд бусдын өмч хөрөнгийг хууль бусаар, санаатай өмчилж авсан нь эрүүгийн ноцтой гэмт үйлдэл юм.Хариуцагч Ц.Пүрэвжавын талаар: Яллагдагч К.Энхжаргалын манаач Ж.Баттөмөрөөс хашааг худалдаж авсан гэх хууль бус үйлдлийг таслан зогсоосон, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 685 дугаар шийдвэрийг мэдсээр байж нуун дарагдуулсан. Уг шийдвэрийг нуун дарагдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Батболдыг олон жил амьдарсан хашаагаа өмчилж авахад дэмжлэг үзүүлнэ үү гэж залилсан. 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн кадастрын зураглал дээр Б.Цэвээн 1213А “маргаантай” гэж тэмдэглэгдсэн. Б.Цэвээн, Ц.Пүрэвжав нар нь манай хашаанд нэг ч өдөр амьдраагүй бөгөөд Б.Цэвээн гэдэг хүний Баянзүрх дүүргийн газрын албанд хандсан 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн өргөдөлд “маргаантай” гэж тэмдэглэгдсэн. Хариуцагч Ц.Пүрэвжав нь аавынхаа дээр дурдсан залилангийн хууль бус үйлдлүүдийг мэдсээр байж нэхэмжлэгч Н.Эрхэмбаяр миний хашаануудыг буюу ааваасаа 1213А тоот хашааг бэлгэнд, иргэн К.Энхжаргалын 121ЗБ тоот хашааг худалдаж авсан. Нэхэмжлэгч Н.Эрхэмбаяр би хариуцагч И.Идэргарав, Ц.Пүрэвжав нартай худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас иргэн И.Идэргарав, иргэн Ц.Пүрэвжав нарт эрүүгийн 2014250000328 тоот хэрэг үүссэн.

Иймд И.Идэргарав, Ц.Пүрэвжав нарын хууль бус эзэмшлээс хашаа, байшинг минь гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Идэргарав шүүхэд гаргасан тайлбартаа:Би Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1212 тоотын 543 м.кв хашааг Ж.Батбаяр гэдэг хүнээс 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр худалдан авсан. Ингэхдээ дүүргийн газрын албанд Ж.Батбаярын хамт очиж бүртгэл, кадастрын зураг зэргийг нь шалгаж үзсэн. Энэ үед уг хашаанд газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа хүн байхгүй өөрийн нэрээр хүсэлтээ гаргаад авч болно гэж газрын албанаас зөвлөсний дагуу мөнгөө төлж хашааг авсан. 2009 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн газрын албанд газар эзэмших тухай хүсэлтээ өгч дүүргийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 415 дугаар захирамж гарч би уг газрыг хууль тогтоомжийн дагуу эзэмших болсон. Мөн газраа өмчилж авах өргөдлөө дүүргийн газрын албаар уламжлан Нийслэлийн Засаг даргад тавьснаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамж гарч өмчлөх эрхтэй болсон.Энэ бүх үйл баримтын талаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Н.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг үүсч, энэ хэрэгт би гуравдагч этгээдээр оролцсон. Хэргийг шат, шатны шүүхээр хянан хэлэлцээд миний газар өмчлөх эрхийг хэвээр үлдээсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ц.Пүрэвжав шүүхэд гаргасан тайлбартаа:2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 12-13 а, б тоот газрыг миний аав Б.Цэвээн найз К.Энхжаргал нар нь Ж.Баттөмөр гэдэг хүнээс ямар нэгэн бичиг баримтгүй байхад нь авсан. Ингээд Баянзүрх дүүргийн газрын албаар шалгуулахад уг газар хэний ч өмчлөлд байгаагүй учраас миний аав Б.Цэвээн, К.Энхжаргал нар нь Баянзүрх дүүргийн газрын албанд хуульд заасан журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн өгснөөр Нийслэлийн Засаг даргын 2007 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 03 тоот захирамж гарч, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны сургуулийн 121За тоотыг Б.Цэвээнд, 1213б тоотыг К.Энхжаргалд өмчлүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү Б.Цэвээн, К.Энхжаргал нар нь дээрх газруудыг улсын бүртгэлд бүртгүүлж өөрийн өмчлөл болгон баталгаажуулж авсан. Үүний дараа миний аав Б.Цэвээн 2007 онд бэлэглэлийн гэрээ байгуулж, охин Ц.Пүрэвжав надад бэлэглэснээр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Сургуулийн 1213А тоот хашаа миний өмчлөлийнх болж 000089951 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ гарч ирсэн.Гэтэл энэ Н.Эрхэмбаяр гэгч этгээд үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг шиг Ж.Баттөмөрийн нас барсны дараа үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ярьсаар өдийг хүрсэн. Н.Эрхэмбаяр тухайн хашааг Ж.Баттөмөрөөр 600 ам.доллар шилжүүлж бариулсан гэж тайлбарлаж байгаа ч энэ нь баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд энэ газар дээр Н.Эрхэмбаярын эзэмшил, өмчлөл үүсээгүй байхад Ж.Баттөмөр гэдэг хүн амьдарч байсан. Өнөөдөр Н.Эрхэмбаяр ямар үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгч болчихдог юм бэ. Бид Н.Эрхэмбаяртай наймаа хийгээгүй, К.Баттөмөртэй наймаа хийсэн.Иймд нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06961 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Идэргарав, Ц.Пүрэвжав нарт холбогдуулан гаргасан И.Идэргараваас Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн 1212 тоот хашаа, байшин гаргуулах, Ц.Пүрэвжаваас Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн 1212А тоот хашаа гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Эрхэмбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 445 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06961 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “… 1212А …” гэснийг “1213А” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нэхэмжлэгч Н.Эрхэмбаяр би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 6961 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 445 тоот магадлал нь хуулинд нийцээгүй үндэслэл бүхий шаардлага хангаагүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч Н.Эрхэмбаяр би ээждээ 600 ам.долларыг өгч явуулаад, хашаа байшин бариулаарай гэснийг үндэслэж, миний ээж Ж.Дүгэржав нь 2000 оны 3 сард Баянзүрх дүүргийн Улиастайн хорооны засаг даргад “6 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, бусдад 10 л цусаа өгсөн хүндэт донор” гэсэн 2 тодотголтойгоор газар хүсэж хандаад одоогийн байгаа хашааны газрыг Улиастайн хорооны засаг даргатай биечлэн газар дээр нь хамт ирж, заалгуулан авч байсан....Нэхэмжлэгч миний гаргасан дараахь хүсэлтүүдийг өнөөдөр хүртэл шүүх хянан шийдвэрлээгүй.Нэхэмжлэгч Н.Эрхэмбаяр би анх өөрийнхөө эрх зөрчигдсөнийг мэдээд БЗД-ийн Цагдаагийн хэлтэст 2004 оны 11 дүгээр сарын 15-нд хандсан. Хууль бус наймааг таслан зогсоосон, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа Баянзүрх дүүргийн шүүхийн 685 тоот шийдвэрийг нуун дарагдуулсан. Баянзүрх дүүргийн шүүхийн 685 тоот шийдвэрийг нуун дарагдуулаад УИХ-ын гишүүн С.Батболдод “Олон жил амьдарсан хашаагаа өмчилж авахад дэмжлэг үзүүлнэ үү” гэж гишүүнийг залилсан. Тэгэхээр шүүхийн 685 тоот шийдвэр, УИХ-ын гишүүний цохолт 2-ын аль нь эцсийн шийдвэр болох вэ гэдгийг өнөөдрийг хүртэл  шүүх ялгаж, салгаж хянан шийдвэрлээгүй.Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 216 тоот тогтоолд иргэн К.Энхжаргалын залилангуудыг олж хараад “Газар эзэмших, өмчлөх эрхүүдийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн. Тэгэхээр иргэний хэргийн шүүх, иргэн К.Энхжаргалын хашааг маань манаач Ж.Баттөмөрөөс худалдаж аваад цааш нь Б.Цэвээн, И.Идэргарав нарт худалдсаныг өөрөөр хэлбэл К.Энхжаргалын санаатайгаар үйлдсэн “хулгайн зүйлүүдийг худалдаж аваад цааш нь дамжуулж худалдсан үйлдлүүдийг” олж харах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн С.Батболдыг залиласан залилангийн дээрхи үйлдлүүдийг нэхэмжлэгч Н.Эрхэмбаяр би өөрөө 2013 онд илрүүлсэн. УИХ-ын гишүүн С.Батболдыг залилсан залилангийн эрүүгийн гэмт үйлдлүүдийг нарийвчлан мөрдөн шалгаж илрүүлээгүй, цагдаагийн мөрдөн байцаагч, ахмад н.Ганхүүд сахилгын шийтгэл ноогдуулсан. Дээрхи 2006 онд болсон УИХ-ын гишүүн С.Батболдыг залилсан залилангийн үйлдлүүд илрээгүй байсан учраас нэхэмжлэгч Н.Эрхэмбаяр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргах нь зөв юм. Хариуцагч нар нь иргэний хэргийн шүүхүүдийг хэрхэн доромжилж, чадаж байгааг дараахь байдлуудаас харна уу.Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Д.Солонгоогийн 2005.7.06-ны өдрийн 685 тоот “хууль бус наймааг таслан зогсоосон” шийдвэр, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010.10.14-ний өдрийн 2012 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010.11.24-ний өдрийн 1106 тоот магадлал, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Д.Солонгоогийн 2011.02.17-ны өдрийн 909 тоот шийдвэр, Баянзүрх дүүргийн шүүхийн    шүүгч Д.Солонгоогийн нэхэмжлэгч Н.Эрхэмбаяр миний нэхэмжлэлтэй хэрэгт 2016.3.24-ний өдрийн иргэний хэрэг үүсгэсэн захирамж зэрэг болно.Иймд Н.Эрхэмбаяр миний нэхэмжлэлтэй, анхан шатны шүүхийн 6961 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 445 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг баримтлан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх өмчлөх эрхийн талаарх эрх зүйн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Д.Пүрэвжавын хаяг ташаа бичигдсэнийг залруулсан нь зөв болжээ.

Нэхэмжлэгч Н.Эрхэмбаяр нь хариуцагч И.Идэргарав, Ц.Пүрэвжав нараас Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1212 тоот, 1213а тоот хашаа, байшинг  гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нар маргааны зүйл болж буй хашааны газрыг хуулийн дагуу өмчилж авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан эрх зүйн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Н.Эрхэмбаяр маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохоо баримтаар нотлоогүй, түүнийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй нөхцөлд шүүх түүний шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан эрх зүйн үндэслэлд хамааруулах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 25 дугаар зүйлийн 25.1.-д зааснаар иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан  шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгосноор буюу ийнхүү бүртгүүлсэнээр иргэний газар өмчлөх эрх үүсдэг байна.

Нэхэмжлэгч Н.Эрхэмбаяр маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохоо нотлоогүйгээс гадна ийнхүү өмчлөх эрх үүсэх ямар үндэслэл байсныг тодорхой тайлбарлаагүй байна. 2000 онд 600 ам.доллараар хашаа байшин бариулсан гэх түүний тайлбар, уг хашааг барьсан гэх хүмүүсийн мэдүүлэг, тайлбар нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тодорхойлох үндэслэл болохгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 445 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН