Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Хохирогч Ц.Б

Шүүгдэгч Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Д-т холбогдох 1816001800073 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогтой Ш-ийн Д.

Шүүгдэгч Ш.Д нь Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын Түмэн баг  Сутайн хороо 0-0 тоотод оршин суух иргэн Ц.Б-н гэрээс эд зүйл хулгайлсан, Говь-Алтай аймгийн Дарви сумын Ихэс багт оршин суух иргэн С.С-н БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг залилан авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, Говь-Алтай аймгийн Дарви сумын Ихэс багт оршин суух иргэн Б.Н-н хар ногоон өнгийн Даюун маркын мотоциклийг залилан авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон  шүүгдэгч Ш.Д нь Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын Түмэн баг  Сутайн хороо 0-0 тоотод оршин суух иргэн Ц.Б-н гэрээс эд зүйл хулгайлсан, Говь-Алтай аймгийн Дарви сумын Ихэс багт оршин суух иргэн С.С-н БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг залилан авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, Говь-Алтай аймгийн Дарви сумын Ихэс багт оршин суух иргэн Б.Н-н хар ногоон өнгийн Даюун маркын мотоциклийг залилан авч, 800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нөхцөл байдал нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

  1. Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын Түмэн багийн  Сутайн хороо 6-3 тоотод оршин суух иргэн Ц.Б-н гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Д гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Ш.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Бүгдийн авсан нь үнэн ... 8 сард аягийг нь авсан ... Тооноор нь орсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

Хохирогч Ц.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутайн хороо 0-0 тоотод амьдран суудаг. Манай гэр бүлийнхэн хөдөө малруугаа явсан байсан. Би энд ажил хийгээд үлдсэн байсан. Тэгээд гэрээ эргээд ирэхэд гэрт хулгай орчихсон байсан. Эхний өдөр ямар хүн орсныг мэдээгүй. Урьд өдөр нь гэрээ цэвэрлээд явсан. Дараа нь дахиад эргэж ирээд гадна талаас нь онгойлгоход дотор талаасаа цоожтой байсан. Тэгээд дотор нь хүн байгааг мэдээд цагдаа дуудсан. Тэгээд 2 мөнгөн аяга алга болсон байсан. Манай дүүгийнх хот явсан. Хот явахдаа гэртэй байсан мөнгөн аягануудаа манайд авчраад хадгалуулсан байсан. Тэгээд авдар сав ухаад онгиччихсон байхаар нь харсан чинь 2 мөнгөн аяга байхгүй байсан... Зарчихсан байсан тэр айлаас нь очиж авсан...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Я.Л-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөө Д-дэй Мийгаа гэдэг айлд таарсан. Тэгтэл 2 ширхэг мөнгөн аяга зармаар байна миний аяга байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь О гэдэг айлд 165.000 / нэг зуун жаран таван мянга/ төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгтэл 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэг эмэгтэй ирээд манайхаас Д 2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан талаар ярьсан тэгэхлээр нь тэр айлыг зааж өгсөн. Тэр эмэгтэй тэр айлаас 2 ширхэг мөнгөн аягаа авсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ27-28/,

Гэрч Ж.Ц-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... манай охин Б над руу утсаар яриад гэрт хулгай ороод мөнгөн аяга алга болсон байна гэж хэлсэн. Таны хуучин жижиг мөнгөн аяга, нэг шинэ мөнгөн аяга алга болсон байна гэж хэлсэн... Би бүүр сүүлд аймагт 8 дугаар сар гаргаад ирсэн юм. Тэгэхэд мөнгөн аяга олдоод цагдаа дээр манай зээ Д шалгагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ29-30/,

Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Хөхөө буюу Я.Л надад 2 ширхэг мөнгөн аяга түр хугацаанд үлдээгээд 150.000 төгрөг /нэг зуун тавин мянга/ надаас аваад явсан. Маргааш авч ирж өгнө гэж хэлсэн... Мөнгөн аяганы эзэн гэх эмэгтэй надад 150.000 төгрөг /нэг зуун тавин мянган/ бэлэн өгөөд 2 аягаа аваад явчихсан юм. Мөн хамт Хөхөө буюу Я.Л явж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ31-32/, 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Үнэлгээний комиссын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ36/ зэрэг баримтаар,

  1. Говь-Алтай аймгийн Дарви сумын Ихэс багт оршин суух иргэн Б.Н-н хар ногоон өнгийн Даюун маркын мотоциклийг залилан авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Д гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ш.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Авсан нь үнэн ... Уг нь малынхаа хөлсөнд надад өгнө гэж ярьж байсан юм... Согтуу байсан. Жоохон архи уусан байсан... Дараа нь би Ховд аймгийн Дарви сумд очоод Дарви сумын залууд мотоциклийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

Хохирогч Б.Н-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2018 оны 04 дүгээр сард тус сумын Хужирт багийн иргэн Ш-ийн Д-ээр  хөлсөөр малаа хариулгасан. Тэгтэл миний эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэгдсэн хар ногоон өнгийн Даюун маркын мотоциклийг худлаа хэлээд унаж яваад Ховд аймгийн Дарви сумд бусдад худалдсан байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ82-83/

Гэрч Ж.С-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... 2018 оны 04 дүгээр сарын үед Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат даашка гэх залуу надад БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хар ногоон өнгийн Даюун маркын мотоцикль 350.000 төгрөгөөр зарна гээд явж байсан. Тэгээд би Д гэх хүнээс 250.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод бэлэн 50.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг дараа өгөхөөр тохироод Д гэх залуу сум руу явсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ92-93/

Гэрч М.У-ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2018 оны хавар Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Д гэдэг залуу сумаасаа мотоцикльтой ирээд манайд байж байгаад С гэдэг залууд мотоциклио зарсан... Хар ногоон өнгийн Даюун маркын мотоцикль байсан. Нэг их олон жил унаагүй дажгүй мотоцикль байсан... “ гэсэн мэдүүлэг /ХХ94-95/,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Үнэлгээний комиссын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ100/ зэрэг баримтаар,

  1. Говь-Алтай аймгийн Дарви сумын Ихэс багт оршин суух иргэн С.С-н БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг залилан авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлсан гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Д гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ш.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би ноднингийн 4 сард С.С-н мотоциклийг авсан ... Унаж явж байгаад эвдээд хээр хаяад маргааш нь авах гээд эргээд очтол алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч С.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед Дарви сумын Цутгалан гэх газраас өөрийн эзэмшлийн мотоциклийг хулгайд алдсан. Мустанг 150 маркын цэнхэр өнгийн, гэрчилгээтэй улсын дугааргүй мотоцикль байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ115/,

Гэрч Э.И-ын мөрдөн байцаалтад өгсөн “ ... С.С над руу утсаар залгаад миний мотоциклийг Д унаад явчихлаа ирдэггүй, чи хүрээд ирээч гэсэн тэгээд би яваад очтол сумын хойт талын голын тэнд С.С ганцаараа  байж байсан... С.С надад хэлэхдээ бинзен аваад ирье гэж хэлээд унаад явсан гэж хэлж байсан... Цэнхэр өнгийн шинэвтэр мотоцикль байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ121-122/,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Үнэлгээний комиссын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ130/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ш.Д-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлсэн, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй  байна.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

  1. Шүүгдэгч Ш.Д-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилж авсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-т Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж шүүгдэгч Ш.Д-ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Ш.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Ш.Д-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг мөнгөн аягыг хохирогч Ц.Б-т олгож, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нарт хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч У овогт Ш-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлсэн, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-т Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж шүүгдэгч Ш.Д-ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-ийн эдлэх 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-ийн цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Ш.Д-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг мөнгөн аягыг хохирогч Ц.Б-т олгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нарт хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.САРАНТУЯА