Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 209/МА2023/00011

 

*******, *******,
******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 08-ны өдрийн 135/ШШ2022/01750 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

                     *******,

                     ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

      Нэхэмжлэлийн шаардлага: “Эцэг *******ын өв хөрөнгөөс 34,125,000 төгрөг гаргуулах болон биет байдлаар зөөврийн граж, зөөврийн 2 пүтка, токарийн суурь машин, 6 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг хөөрөг, мөнгөн бүс, хөгжмийн зэмсэг /Баяан, ёочин, үлээдэг бүрээ/, цахилгаан багажууд, өдрийн тэмдэглэл зэргийг гаргуулах” тухай,

Сөрөг нэхэмжлэл: “Өвлүүлэгч болох *******ын эмчилгээний зардал 12,324,400 төгрөг, оршуулгын зардал 10,722,337 төгрөг, нийт 22,800,937 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Бидний эцэг Цэрэнгийн Одом нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нас барсан. Бидний төрсөн эцэг Одом, төрсөн эх нар нь 1962 онд гэр бүл болоод анхны хүүхэд нь ******* 1965 онд төрсөн, 1966 онд төрсөн, 1967 онд төрсөн /энэ оны хавар өөд болсон/, ******* 1969 онд төрсөн байдаг.

1978 онд Ээж Дархан хотын Прокурорын газарт шүүх хяналтын туслах прокуророор томилогдон ирсэн тул Дархан хотын Ардын Депутатуудын гүйцэтгэх захиргаанаас 11-р багийн шинэ хорооллын 18-р байрны 6 тоот 3 өрөө байрыг өгч гэр бүлээрээ нүүж орж байсан. Ээж маань 1984 онд улсын прокурорын томилолтоор Дорноговь аймгийн прокурорын орлогчоор ажиллахаар явсан. Бид аавтайгаа энэ байрандаа үлдээд амьдарсан. Янсан гуай аавтай нийлж манай байранд амьдарсан. Эцгийн хөрөнгөөс хуулийн дагуу өвлөж авах хүсэлтэй байна.

Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 18-р байр, 6 тоот, 3 өрөө, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууц 80,000,000 төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, мангиртын 4-р хэсэг, 2 тоот Г-2003002173 тоот дугаартай газар, хашаа байшин 35,000,000 төгрөг, портер 58-97 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 8,000,000 төгрөг, зөөврийн граш 10,000,000 төгрөг, зөөврийн жижиг пүтк 2 ширхэг 10,000,000 төгрөг, токарийн суурь машин 2,500,000 төгрөг, мөнгөн аяга 6 ширхэг 1,200,000 төгрөг, 2 ширхэг халтар манан жижиг хөөрөг, тус бүр нь 1,500,000 төгрөг, нийлээд 3,000,000 төгрөг, дунд гарын гартааман хөөрөг 5,000,000 төгрөг, мөнгөн бүс 300,000 төгрөг, хөгжмийн зэмсгүүд баяан, ёочин, үлээдэг бүрээ 1,000,000 төгрөгийн хөрөнгүүд бий.

Иймд орон сууцнаас эцэгт оногдох хэсгээс бид 3 тус бүр 5,000,000 төгрөг, нийлээд 15,000,000 төгрөг, хашаа байшингаас 35,000,000 төгрөг эцэгт оногдох 17,500,000 төгрөгөөс 13,125,000 төгрөг, портер 8,000,000 төгрөг, 6,000,000 төгрөгийг нийт 34,125,000 төгрөг, Биет байдлаар зөөврийн граж, зөөврийн 2 пүтка, токарийн суурь машин, 6 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг хөөрөг, мөнгөн бүс, хөгжмийн зэмсэгүүд, цахилгаан багажнууд, өдрийн тэмдэглэл зэрэг 33,000,000 төгрөгийн эд зүйл биет байдлаар гаргуулж өгнө үү. Нотариатын газарт өв хүлээн авах хүсэлт гаргасан гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Бид анх талийгаач аавын хүүхдүүдтэй харилцан ярилцаж тохиролцох гэж оролдсон боловч бидний санал болгосон зүйлүүдийг хүлээн зөвшөөрөхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Өвлөгдөх эд хөрөнгийг ээж бид нар харилцан ярилцаж байгаад хүлээн зөвшөөрсөн.

Тооцоод үзэхэд нэхэмжлэгч ******* болон ******* нарт орон сууц болон хашаа байшингаас оногдох хувь нь 24,999,999 төгрөг буюу ойролцоогоор 25,000,000 төгрөг. Мөн портер машин, мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, ногоон замган хөөрөг 1 ширхэг, хөгжмийн зэмсэг болох баян хуур, ёочин, аман хуур, мөн цахилгаан багаж, зөөврийн путик 2 ширхэг, зөөврийн гарааш 1 ширхэг зэргийг биет байдлаар гаргуулах нэхэмжлэгч нарын хүсэлтээр өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хуульд заасны дагуу өвлөгдөх хөрөнгөөс ээж *******д оногдох хувийг мөнгөн дүнгээр тооцож үзэхэд 23,599,999 төгрөг болж байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 25,000,000 төгрөгөөс зөрүү 1,400,000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

  1. ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Өвлүүлэгчийн хүүхдүүд 1997 оноос хойш өвлүүлэгч *******оос тусдаа амьдарч, эцэгтээ ямар ч анхаарал тавьж байгаагүй. Өвлүүлэгч *******ыг 2013 оноос хойш нас барах хүртэлх хугацаанд ******* би асарч халамжилж сувилсан.

Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2.1-д өвлүүлэгчийг өвчтэй байх хугацаанд түүнийг асрах болон оршуулахад гарсан зардлыг тус хуулийн 530.1-д заасны дагуу эд хөрөнгө хүлээн авсан өвлөгч тухайн эд хөрөнгөөс гаргах эрхтэй гэж заасныг үндэслэн баримтаар нотлогдож буй өвлүүлэгч болох *******ын эмчилгээний зардал 12,324,400 төгрөг, оршуулгын зардал 10,476,537 төгрөг нийт 22,800,937 төгрөгийг өвлөгдөх эд хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Эмчилгээний зардал гарсан байхыг үгүйсгэхгүй. Эмчилгээний зардал гаргах нь гэр бүлийн гишүүдийн өөрсдийнх нь үүрэг. Үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулж бусад өвийн асуудал дээр сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Төрөөс хэдэн төгрөгийн оршуулгын зардал, хүмүүсээс хэдэн төгрөг цугларсан талаар сөрөг нэхэмжлэл дээр байхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 528 дугаар зүйлийн 528.4, 532 дугаар зүйлийн 532.1-т тус тус зааснаар хариуцагч *******гаас 27,833,331 төгрөг, мөнгөн аяга 4 ширхэг, мөнгөн бүс, хөөрөг, хөгжмийн зэмсэг /баяан, ёочин/, цахилгаан багаж, зөөврийн 2 ширхэг пүтка, зөөврийн граж, 1997 оноос өмнөх *******ын тэмдэглэлийн дэвтэр зэргийг биет байдлаар гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2, 530.2.1-т зааснаар нэхэмжлэгч *******, ******* нараас тус бүр 7, 593,812 төгрөг гаргуулж, хариуцагч *******д олгож, 7,613,312 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 493,575 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 389,908.24 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 271,955 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, *******, ******* нараас 233,888.12 төгрөг гаргуулан *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгтээ өвлөгдөх эд хөрөнгийг нэхэмжлэгч хариуцагч нарын хэн нь өвлөх эрхтэй болох хэнд нь ямар хэмжээний өвлөгдөх эд хөрөнгө ногдох талаар зөв тооцоолол хийж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгтээ уг үндэслэх хэсэгтээ өвлөгдөх эд хөрөнгөөс хариуцагч *******д ногдох хэсгийг зааж өгөөгүйн улмаас хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Өвлөгдөх эд хөрөнгийн тус бүрийн үнээс *******д ногдох 50 хувийг хасаж, үлдэх хэсгийг 3 өвлөгчид хувааж тооцсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Харин нэхэмжлэгч *******, ******* нараас мөнгөн аяга 4-н ширхэгт 533,333 төгрөг, мөнгөн бүсний 200,000 төгрөг, хөөрөг 3,333,333 төгрөг, хөгжмийн зэмсэг 666,666 төгрөг, цахилгаан багажний 1,333,333 төгрөг, зөөврийн 2 ширхэг пүтка 6,666,666 төгрөг, зөөврийн граж 6,666,666 төгрөг, нийт 18,399,999 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгох нь зүйтэй байна” гэж заасан боловч шийдвэрийн тогтоох хэсэгт энэ заалтыг орхигдуулсан. Түүнчлэн энэ хэсэгт нэхэмжлэгч *******ын нэрийг *******тай сольж бичсэн.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хэргээс судлан үзвэл:

2. Нэхэмжлэгч  *******, *******,******* нар нь хариуцагч *******д холбогдуулан эцэг *******ын эд хөрөнгөөс 34,125,000 төгрөг, зөөврийн граж, зөөврийн 2 путка, токарын суурь машин, 6 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг хөөрөг, мөнгөн бүс, хөгжмийн зэмсэгүүд, цахилгаан багажнууд, өдрийн тэмдэглэл зэрэг нийт 33,000,000 төгрөгийн  үнэ бүхий эд зүйлсийг биет байдлаар тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ... нэхэмжлэгч нарт байр болон газар, хашаа байшингаас оногдох хувийг өгөх боломжтой. Тооцвол нэхэмжлэгч нарт байрнаас 13,333,332 төгрөг, газар, хашаа байшингаас 11,666,666 төгрөг нийт 24,999,999 төгрөг. Портер машин, зөөврийн граж, зөөврийн 2 путка, 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг  замган ногоон дунд гарын хөөрөг,  мөнгөн бүс, хөгжмийн зэвсгүүд, цахилгаан багаж, өдрийн тэмдэглэлийн дэвтэр  зэргийг биетээр өгөх боломжтой. Харин  токарын суурь машиныг өгөх боломжгүй. Учир нь ******* нь 500,000 төгрөг зээлсэн, үүнээс тэдний хувь болох 166,666 төгрөгийг хасаж тооцох. Эдгээр биет байдлаар өгөх нэр бүхий эд зүйлсээс хариуцагч *******д оногдох хувь 23,599,999 төгрөг болж байх  ба үүнийг нэхэмжлэгч нарт оногдож буй 24,999,999 төгрөгөөс хасаж, 1,400,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч  байна гэжээ.  /хэргийн 1-р боть 20-22,64, 2-р боть 17/

4. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өвлүүлэгч болох *******ын эмчилгээний зардал 12,324,400 төгрөг, оршуулгын зардал 10,722,337 төгрөг, нийт 22,800,937 төгрөг /нийлбэр нь 23,046,737 төгрөг болж байх боловч сөрөг нэхэмжлэлд бичсэнээр тусгав/ -ийг нэхэмжлэгч нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан /хх- 66-180/-г  нэхэмжлэгч тал  сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй,  зөвшөөрөхгүй гэж маргасан.

5. Анхан шатны шүүхээс  нэхэмжлэгч *******, *******, хариуцагч ******* нарыг хууль ёсны өвлөгч, хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ нотариатчид  гаргасан, өвлүүлэгч *******ын өвлөгдөх эд хөрөнгийг  зохигч нарт хуваах нь зүйтэй гэж үзэж, өв залгамжлагч нарт хуваан оногдуулахаар дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

Тодруулбал, хариуцагч *******гаас ...орон сууцнаас 13,333,333 төгрөг, ... хашаа, байшингаас 11,666,666 төгрөг, ...портер маркын тээврийн хэрэгслээс 2,666,666 төгрөг, токарын машины зарсан үнээс 166,667 төгрөг, нийт 27,833,332 төгрөгийг, 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс, хөөрөг, хөгжмийн зэмсэг, цахилгаан багаж, зөөврийн 2 ширхэг путка, зөөврийн граж, 1997 оноос өмнөх тэмдэглэлийн дэвтэр зэрэг эд хөрөнгийг биет байдлаар гаргуулж нэхэмжлэгч ******* /******* гэж бичсэн/, ******* нарт олгох,

нэхэмжлэгч *******, ******* нарт биет байдлаар олгогдож буй эд хөрөнгүүдээс хариуцагч *******д оногдох хувь хэмжээг тооцож нийт 18,399,999 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулах  гэж тус тус дүгнэжээ.

6. Анхан шатны шүүх шийдвэрийн хянах хэсэгт дурдсан дүгнэлтүүдийн зарим хэсгийг тогтоох хэсэгт оруулж шийдвэрлэлгүй орхигдуулсан байх ба үүнийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлтэй  байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******, ******* нарт биет байдлаар олгогдож буй мөнгөн аяга, мөнгөн бүс, хөөрөг, хөгжмийн зэмсэг, зөөврийн 2 путка, зөөврийн граж зэрэг эд хөрөнгүүдээс хариуцагч *******д оногдох хувь хэмжээ болох  нийт 18,399,999 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулах нь зүйтэй гэж үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсан байх тул нэхэмжлэгч *******, ******* нараас 18,399,999 төгрөгийг гаргуулахаар тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж дүгнэв.

7. Харин анхан шатны шүүхээс хариуцагч талын эмчилгээний болон оршуулгын зардал гаргуулах сөрөг нэхэмжлэлийн 22,800,937 төгрөгийн шаардлагаас 15,187,624 төгрөгийг нэхэмжлэгч *******, ******* нараас гаргуулан хариуцагч *******д олгож, үлдэх 7,613,312 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж  үзэж энэ заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь Өвлөгч нь Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2 дахь хэсэгт  “энэ хуулийн 530.1-д заасны дагуу эд хөрөнгө хүлээн авсан өвлөгч тухайн эд хөрөнгөөс дараах зардлыг гаргах эрхтэй” гэж заасан ба үүнд Иргэний хуулийн 530.2.1 дэх хэсэгт өвлүүлэгчийг өвчтэй байхад асрах болон түүнийг оршуулахад гарсан зардал” гэж заасан.

 Үүнээс үзвэл өвлүүлэгчийг нас барах хүртэл болон нас барсны дараа ч өвлөгч буюу хариуцагч *******д өвлүүлэгчийн  үл хөдлөх болон хөдлөх эд  хөрөнгө нь үлдсэн байх тул тэрээр тухайн эд хөрөнгөөс өвлүүлэгчийн эмчилгээний болон оршуулгын зардлыг гаргах эрхийг хуулиар түүнд олгосон  гэж ойлгогдож байна.

Мөн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож буй зарим  нотлох баримтуудыг  шинээр нөхөж бүрдүүлсэн гэж үзэхээр байх тул зайлшгүй зардалд 22,800,937 төгрөг гаргасан гэдгээ бүрэн нотлож чадаагүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 08-ны өдрийн 135/ШШ2022/01750 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх  “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 528 дугаар зүйлийн 528.4, 532 дугаар зүйлийн 532.1-т тус тус зааснаар хариуцагч *******гаас 27,833,331 төгрөг, мөнгөн аяга 4 ширхэг, мөнгөн бүс, хөөрөг, хөгжмийн зэмсэг/баяан,ёочин/, цахилгаан багаж, зөөврийн 2 ширхэг путка, зөөврийн граж, 1997 оноос өмнөх *******ын тэмдэглэлийн дэвтэр зэргийг биет байдлаар гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтыг, 

“Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 520 дугаар зүйлийн 520.1.1,  532 дугаар зүйлийн 532.1, 530 дугаар зүйлийн 530.2.1 дэх хэсгүүдэд  тус тус зааснаар хариуцагч *******гаас 27,833,331 төгрөг, биет байдлаар мөнгөн аяга 4 ширхэг, мөнгөн бүс, хөөрөг, хөгжмийн зэмсэг/баяан,ёочин/, цахилгааны багаж, зөөврийн 2 ширхэг путка, зөөврийн граж, 1997 оноос өмнөх *******ын тэмдэглэлийн дэвтэр зэргийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож,

нэхэмжлэгч *******, ******* нараас 18,399,997 төгрөгийг гаргуулж  хариуцагч *******д  олгож” гэж нэмж,  нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,291,669 төгрөгийг, хариуцагч  *******гийн 22,800,937 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь “Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2,530.2.1-т зааснаар нэхэмжлэгч *******, ******* нараас тус бүр 7,593,812 төгрөг гаруулж, хариуцагч *******д олгож, 7,613,312 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтыг хүчингүй болгож,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж  “ ... *******, ******* нараас “233,888.12 төгрөг ... “ гэснийг “... 249 950 төгрөг ...” гэсэн өөрчлөлтүүдийг тус тус  оруулж, шийдвэрийн  4 дэх заалтыг 3 гэж дугаарлан,  уг заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

       

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.ТУУЛ                                     

                                                        ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА                                          

                                                                                                     Х.БАЙГАЛМАА