Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 00334

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Эт холбогдох эрүүгийн 1838004390396 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ш.Э нь Хөвсгөл аймгийн Гал сумын нутаг дэвсгэр Хорголын-Эх гэх газраас иргэн Ж.О2 тооны хайнагийн эр үхрийг бэлчээрээс нь хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Э нь Хөвсгөл аймгийн Гал сумын нутаг дэвсгэр Хорголын-Эх гэх газраас иргэн Ж.О2 тооны хайнагийн эр үхрийг бэлчээрээс нь хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Галт сумын 2-р баг Хоргол гэх газарт бэлчээрт явж байсан үхрээс цагаан зүсмийн хайнагийн шарыг туугаад уул руу оруулаад нядлаад ганцаараа авч явж чадахгүй болохоор нь би тэндээ хоноод маргааш нь ахиж уулнаас бууж ирээд голын хажууд бэлчиж явсан үхэрнүүдээс хар зүсмийн хайнагийн шарыг туугаад манай хүргэн болох Ган-Очирынд аваачсан...Бат-Өлзийгийн саарал өнгийн машинаар зөөж Мөрөн сум руу явж байтал машин эвдэрсэн. Тэгээд нутгийн танил ах Баатар гэх хүний машинтай Мөрөн сум руу махаа оруулж ирсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… 07 дугаар сарын 22-нд манай үхэр Хорголын эх гэдэг газраас манай үхэр гэрийнхээ гадаа ирсэн юм. Энэ үед мухар халтар хайнагийн том нас гүйцсэн шар үхэр дотроо байсан.  Хэд хоногийн дараа үхрээ бүртгэхэд хоёр үхэр алга болсон байсан. Мухар халтар хайнагийн шар нас гүйцсэн, бие нилээн том үхэр байсан. Нөгөөх нь мухар цагаан хайнагийн шар нас гүйцсэн бие нь бас нилээн том гэхдээ халтар шарнаас арай бага биетэй байсан...Ш.Э дансаар 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-21 дүгээр хуудас/,

       Гэрч Ш.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…07 дугаар сарын 25-26-ны орчим байх ах Ш.Э нь орой нар жаргаж байсан байх хар зүсмийн нилээн том биетэй, жижигхэн эвэртэй байсан байх эр үхэр авчирсан. Ш.Э ах өөрөө бид нарт ярихдаа Архангай аймгийн Жаргалант сумын хүргэн ах Пүрэвсүрэн ахаас авсан гэж хэлсэн. Тэгээд авчирсан орой нь Ган-Очир, манай нөхөр Бат-Өлзий, Ш.Э ах нар алсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-27 дугаар хуудас/,

Гэрч В.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мах муудчих гээд байна гэхээр нь би машинаа асаагаад гэрийнхээ гаднаас Даатарын өөрийнх нь унаж явсан машинаас нэг үхрийн махыг өөрийнхөө машин дотор ачаад Даатар өөрөө надтай хамт явсан. Мөрөн ороод захын урд талд үүдэн дээр намайг орхиод өөрөө зах руу ороод хүнд өгсөн. Би Даатарыг олж авч чадаагүй ганцаараа буцаад ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Ж.Бат-Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Хадам ах Ш.Э надад хэлэхдээ намайг эхнэр авахад Архангай аймгийн Жаргалант суманд  байдаг хүргэн ах Пүрэвсүрэн гэдэг хүн адуу, үхэр хоёр амласан юм. Тэрийгээ очиж авна гээд энд Ганаагийнд авчирч алаад Мөрөнд аваачиж зарна гэж ярьж байсан...Тэгээд Ш.Э ах ирэхдээ хар зүсмийн нас нийлсэн ортоомон нэг шар авчирсан. Тэр шарыг нь бид нар хамжиж алаад маргааш нь миний машинаар ачаад Мөрөн рүү явж байгаад машин эвдрээд Баатар гэдэг хүнтэй уулзаад Мөрөн рүү махаа ачаад явсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-33 дугаар хуудас/,

Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Ш.Э манайхаас морь унаад Архангай аймгийн Жаргалант сумын иргэн Пүрэвсүрэн гэдэг хүнээс үхэр авчирна гээд явсан. Тэгээд орой харанхуй болохоос өмнө хар зүсмийн нас гүйцсэн том биетэй мухар шар тууж ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-36 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 46 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч              Ш.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838004390396 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Ж.Онь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 1838004390396 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.Э бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Шүүгдэгч Ш.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ш.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838004390396 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

     5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.ХҮРЭЛБААТАР