Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/00160

 

 

 

 

 

 

 

 

2023 01 16 210/МА2023/00160

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/03718 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: Н.Од холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 26,117,191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Н.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Талууд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ035/20171207 дугаартай зээлийн болон ЗБГ035/20171207 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан. Гэрээгээр 10,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар сарын 3,5 хувийн хүүтэй, 365 хоног буюу 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Н.О нь зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0000 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдэлийг удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй.

1.2 Зээлдэгч Н.О нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9,298,698.63 төгрөг, хүүгийн төлбөр 14,443,121.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,375,371.57 төгрөг, нийт 26,117,191.71 төгрөгийн үлдэгдэлтэй.

Иймд Н.Огаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 26,117,191.71 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Зээл авсан болон зээлийн тооцооллын талаар маргаангүй. Анх зээлийг манай нөхөр ажилдаа хөрөнгө оруулахаар авсан. Ажил нь бүтэлгүйтээд ийм байдалд хүрсэн. Надад зээлээ төлөхөд хугацаа хэрэгтэй байна. Гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч шүүхэд хандахгүй удсан. Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс 6,000,000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н.Огаас 20,117,191.71 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0000 байр, 0 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258,536 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан. Тухайн зээлийн мөнгийг манай нөхөр таньдаг Т ХХК-иас авсан. Миний хувьд өөрийн хүсэл зоригоор уг зээлийн гэрээг байгуулаагүй, мөнгийг захиран зарцуулаагүй, гарын үсэг л зуруулсан. Уг байр нь миний өмчлөлийн байр. Тус байрандаа 19-7 насны 6 хүүхдийн хамт амьдардаг. Төлбөрийг нөхөр төлж явсан бөгөөд би нөхрийгөө төлж байгаа гэж бодож явсан. Тус Т ХХК манай нөхөртэй харьцаж байснаас надтай харьцаж байгаагүй. Гэтэл гэнэт ийм их хэмжээний мөнгө нэхэж шүүхэд өгсөн байсан.

4.2 Нэхэмжлэгч байгууллага анхнаасаа зээлийг хэн авсан, авсан хүн нь зээлийн төлбөрийг хугацаандаа нэг л удаа төлсөн байхад гэрээг цуцлах боломжтой байсан. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш 4 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэсэн. Шүүхээс зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөөр байхад нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй. Гэрээний хугацаа дуусмагц шүүхэд хандалгүй удсанаар зээлдэгчийг улам хүндрүүлсэн нөхцөлд оруулсан гэж дүгнэсэн нь зөв болсон. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн 6,000,000 төгрөгийг хасч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байж чадаагүй. Зээлийн гэрээний хугацаа дуусахад барьцааны гэрээний хугацаа дууссах бөгөөд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байгаа нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг шүүх анхаараагүй.

4.3 Нэхэмжлэлд зээлийн гэрээ байгуулснаас хойш 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,035,000 төгрөг төлсөн бөгөөд хүүд 333,698.63 төгрөг, үндсэн зээлээс 701,301 төгрөгийг хасч үндсэн зээлийн үлдэгдэл 9,298,698.63 төгрөг үлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, жилд 12 удаа хүү болон үндсэн төлбөрөөс төлөх ёстой байснаас 1 удаа төлөлт хийсэн. Ингээд гэрээний хугацаа дуусахад 9,298,698.63*3,5%=325,454*11 сар=3,579,994 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэлтэй үндсэн зээл 9,298,698.63 төгрөг нийт 12,878,692.63 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 13 хоногийн дараа 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг төлснийг зээлдүүлэгч хүү нэмэгдүүлсэн хүүнд тооцож авсан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан байна. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 1,500,000 төгрөгийг зээлийн үндсэн үлдэгдэл болох 9,298,698.63 төгрөгөөс хасахад үндсэн зээлийн үлдэгдэл 7,798,698.63 төгрөг үлдэж байна. Хүүгийн үлдэгдэл 3,579,994 төгрөг нийт 11,378,692.63 төгрөгийн үүрэгтэй байсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жилийн хүүг зөвшөөрнө. 7,798,698,63*3,5%=3,2756,448+11,378,692.63=14,654,140 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж 20,117,191.71 төгрөг төлөхөөр шийдвэрлэснийг 14,654,140 төгрөг болгон өөрчилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н.Од холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 9,298,698 төгрөг, хүүгийн төлбөрт 14,443,121 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,375,371 төгрөг, нийт 26,117,191 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...зээлийн болон барьцааны гэрээ болон үлдэх төлбөрийн талаар маргахгүй. Хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээг багасгуулна гэж тайлбарлан маргажээ.

3. Т ХХК болон Н.О нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ035/20171207 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч Т ХХК нь 10,000,000 төгрөгийг зээлдэгч Н.Од нэг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдсон. /хх 6-8/

Мөн талууд уг өдрөө ЗБГ035/20171207 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан. Гэрээгээр Н.Огийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0000 байр, 0 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх 9-11/

3.1 Талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн мөнгөн хөрөнгө болох 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн.

Иймд хариуцагчийн ...миний хувьд ...уг зээлийн гэрээг байгуулаагүй гэх, мөн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.2 Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 701,301.37 төгрөг, зээлийн хүү 1,501,690.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 332,008.20 төгрөг, нийт 2,535,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй, зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн үйл баримт тогтоогдсон байна.

4. Зээлийн гэрээний 3.3-т Зээлийн дансны үлдэгдлээс энэхүү Гэрээний 3.2 дугаар зүйлд заасан үндсэн хүүг, хугацаандаа төлөгдөөгүй зээлийн төлбөрийн дүнгээс зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож төлүүлэх-ээр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Н.Огаас 20,117,191 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байхаас гадна зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч Н.О хэрэглэсэн эсэх нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн ...миний хувьд ...мөнгийг захиран зарцуулаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдал, нэхэмжлэгчийн гэрээний хугацаа дууссан үеэс хойш шүүхэд хандаж байгаа хугацаа зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүх зээл, нэмэгдүүлсэн хүүгээс 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

6. Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн болон нэмэгдүүлсний хүүгийн төлбөрийн талаарх тооцоололд маргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй зүйлээр давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй. Иймд хариуцагчийн ...14,654,140 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Хариуцагч Н.Ог сайн дураараа төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Учир нь, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т зааснаар барьцааны эрх дуусгавар болохгүй. Өөрөөр хэлбэл, барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болно. Иймд хариуцагчийн ...зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноор барьцааны гэрээний хугацаа дууссан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/03718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 172,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН