Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/00161

 

 

 

 

 

 

 

 

2023 01 16 210/МА2023/00161

 

С.ыгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/03564 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С.ы

Хариуцагч: Ө ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ө ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 дугаар тушаал, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 дугаар мэдэгдэл, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 218,278,290 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн Dell компьютерийг түүн доторх компанийн мэдээлэлтэй файлын хамт болон гар утасны үлдэгдэл лизингийн төлбөр 596,214 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.ы, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.г, хариуцагчийн өмгөөлөгч И., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 С.ы нь 2015 оноос эхлэн Ө ХХК-д нягтлан бодох ерөнхий менежер буюу ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаар 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд ээлжийн амралтаасаа орж ирээд ажлаа хийх гэтэл гүйцэтгэх захирал солигдсон байсан. 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 дугаар тушаалаар миний албан тушаал дээр н.Н гэх хүнийг шинээр ажилд томилсон байсан. 2021 оны 08 дугаар сарын 30-ны мэдэгдлийг танилцуулж, миний орон тоо байхгүй болсон, хасагдсан гэж танилцуулсан.

Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, энэ хугацаанд санхүү бүртгэлийн зөвлөх гэх утга агуулгатай мэдэгдэх хуудсыг өгсөн. Мэдэгдэх хуудас дээр ажил үүргийн тодорхойлолт, цалин хөлс, ажлын байр зэргийг надад танилцуулаагүй. Зөвхөн мэдэгдэх хуудсыг танилцуулсан. Би хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргаагүй, ямар нэгэн ажлаас халах үндэслэл байхгүй. Мөн надад санал болгож буй Санхүү нягтлан бодох бүртгэлийн зөвлөх гэх албан тушаалыг бий болгосон байгаа нь бүтцийн өөрчлөлт хийгдээгүй болохыг нотлоно.

1.2 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 дугаар тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, гардуулсан. Би шүүхэд 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Иймд Ө ХХК-ийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 дугаар, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 дугаар мэдэгдэл, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 218,278,290 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 н.Нийг эхлээд ерөнхий нягтлангаар томилж дараа нь түүнийгээ хүчингүй болгосны дараагаар дотоод аудитораар томилсон. Тэгэхээр 2021 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 01/123 дугаар тушаалаар н.Нийг ерөнхий нягтлан бодогчоор томилсон тушаалыг хүчингүй болгосон. Байгууллагын дотоод ажилчдын буруу ойлголт, орчуулгын алдаанаас болж ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилсон. Дотоод аудитораар н.Н томилогдон ажиллаж эхэлснээс хойш 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ө ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар хуралдаж, хувьцаа эзэмшигч ХХК-ийн шийдвэр юм. Шийдвэр нь Сингапур улсад мөрдөгдөж, Монгол улсад хүргүүлсэн. Тус шийдвэрээр санхүү нягтлан бодох ерөнхий менежерийн орон тоог хасахыг зөвшөөрсөн юм.

2.2 Санхүү нягтлан бодох бүртгэлийн зөвлөх гэх ажлын байрыг шинээр гаргахыг даалгасан. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр компанийн зохион байгуулалт, бүтэц, орон тоог шинэчлэн байгуулах 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан. Гүйцэтгэх захирлын тушаалаар байгууллагын зохион байгуулалтыг шинэчлэн батлахаар болж, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан гэх орон тоог хассан. Ажлын байр хасагдсан талаар н.Б нь С.ыд хөдөлмөрийн гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болохыг 08 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн. С.ыд санхүү нягтлан бодох бүртгэлийн зөвлөх гэх шинэ ажлын байрыг санал болгож, С.ыг 7 хоногийн дотор хариуг өгөх, 7 долоон хоног дуусахад энэ санал хүчингүй болно гэдгийг хэлсэн.

2.3 Банкны гүйлгээний хувьд С.ыгийн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод банкны гүйлгээ хийх, банкны гүйний баримтад гарын үсэг зурах чиг үүрэг байдаггүй. С.ы 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хуульд заасны дагуу ажил үүргээ биелүүлж байсан. Ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38.2, 40.1.1, 40.5, 42.1-т заасны дагуу хангаж гарсан хууль ёсны тушаал гэж үзэж байна. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил үүргээ хүлээлцэх ёстой байсан боловч хүлээлцээгүй.

2.4 Дүрмийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Ажлын байрны орон тоог цомхотгох болсон үндэслэл нь босоо менежментийг хэвтээ менежментээр солигдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 С.ы 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил хүлээлцэх, компанийн эд хөрөнгийг буцаан шилжүүлж тооцоо хийлгүйгээр явсан тул хариуцагчийн эд хөрөнгө болох Dell компьютерийг, мөн доторх компанийн мэдээлэлтэй файлыг, гар утасны үлдэгдэл лизингийн төлбөр 596,214 төгрөг гаргуулна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Ажлын файл надад байдаггүй, байхгүй. Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдвол тухайн эд хөрөнгийг ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх ба хэрэв шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тохиолдолд хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаа хүлээлцэх учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ө ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 дугаартай тушаал болон 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 дугаар Д.Нийг Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажилд томилсон тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.ыг Ө ХХК-ийн Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө ХХК-аас нэхэмжлэгч С.ыгийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор /243,270,286-31,394,586/-т 211,875,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар нэхэмжлэгч С.ыгаас 596,214 төгрөг, Дэлл компюьтерийг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх файл гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 48,871 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 1,414,166 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс 88,736 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Хариуцагчийн өмгөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхийн шийдвэрийг гардаж авсан ба 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэргийн материалтай танилцах үед шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй буюу тамга дарж албажуулаагүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг заасныг зөрчиж анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүх хуралдаан болсон өдрөөс хойш даруй 39 хоног өнгөрсөн байхад шүүх хуралдааны тэмдэглэлийг албажуулаагүй зөрчил гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна.

6.2 Анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 тоот тушаалыг дүгнэхдээ Тодруулбал, Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 тоот тушаалаар Д.Нийг томилсон, улмаас тушаалыг А дугаараар мөн өдөр хүчингүй болгосон нь дотооддоо чиглэсэн үйл ажиллагааг зохицуулсан мэт харагдах боловч гадагш чиглэсэн буюу эрх бүхий байгууллагуудтай харилцсан тушаал шийдвэрээ засаагүй, хүргүүлээгүйгээс төлбөр тооцоо хийх, хуулийн этгээдийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаанд эрх зүйн үр дагаврыг үүсгэж байх тул шүүхээс хүчингүй болгох нь зүйтэй байна. Иймд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэжээ. Гэтэл хавтаст хэрэгт Ө ХХК-аас эрх бүхий байгууллагууд руу хүргүүлсэн ямар нэгэн тушаал шийдвэр, тэдэнтэй харилцсан албан бичиг, нотлох баримт авагдаагүй. Учир нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 дугаар тушаал батлагдсан даруйдаа хүчингүй болсон ба ямар нэгэн эрх бүхий байгууллага хүргүүлсэн тушаал шийдвэр, албан бичиг байдаггүй. Шүүх байхгүй нотлох баримт, үүсээгүй үйл явдал дээр тулгуурлан гадагш чиглэсэн тушаал шийдвэрээ засаагүй, хүргүүлээгүйгээс гэж дүгнэсэн нь хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт дээр тулгуурлан нотлох баримтыг үнэлэх, шийдвэрээ гаргах хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

6.3 Түүнчлэн, анхан шатны шүүх ...төлбөр тооцоо хийх, хуулийн этгээдийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаанд эрх зүйн үр дагаврыг үүсгэж байх тул гэж дурджээ. Компанийн тухай хуулийн 83.1, 88.1, 92.1-д тус тус зааснаар компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээд нь компанийн (|) гүйцэтгэх захирал, (и) төлөөлөн удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол (ш) хувьцаа эзэмшигчдийн хурал байдаг ба ерөнхий нягтлан нь эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг эдэлдэггүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд Ерөнхий нягтлан нь компанийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах, дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах эрх үүрэгтэй ч эдгээр эрх үүргээ хэрэгжүүлэхдээ тухайн зарлага, гүйлгээнд хяналт тавих зорилгоор гарын үсэг зурдаг бөгөөд компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх эдэлдэггүй. Гэтэл анхан шатны шүүх ерөнхий нягтлан компанийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхтэй бөгөөд эрхээ хэрэгжүүлсний улмаас эрх зүйн үр дагавар үүсгэж байна хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх үзэхдээ эхлээд Дотоод аудиторын орон тоог гүйцэтгэх захирал батлах ёстой, дараа нь тухайн орон тоон дээрээ ажилтныг томилж ажиллуулах ёстой гэж логик сэтгэлгээгээр хандсан ба Дотоод аудитораар ажиллуулахаар Д.Нтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчингүй гэж дүгнэжээ. Гэтэл 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд ажилтныг авч ажиллуулахдаа эхлээд орон тоог нь батлаад дараа нь ажилтныг томилох эсхүл ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар хуульчлаагүй, ийм шаардлага хуульд байхгүй. Хариуцагч нь Д.Нийг Ерөнхий Аудитораар томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хөдөлмөрийн гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн байхад шүүх хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар судлан шинжлээгүй, хуульд байхгүй үндэслэл шаардлагаар талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль зөрчсөн, компанийн дүрэм зөрчсөн гэж дүгнэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн аль зүйл заалтыг зөрчсөн, компанийн дүрмийн аль зүйл заалтыг зөрчсөн нь ойлгомжгүй байдлаар дүгнэж, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Түүнчлэн, Д.Нийг Дотоод Аудитораар томилсон нь С.ыгийн ажлын ямар чиг үүрэгтэй давхцаад байгаа, С.ыгийн ямар эрхийг зөрчөөд байгаа талаар шүүх үнэлж дүгнээгүй, С.ыгийн оронд Д.Нийг ажилд авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэж дүгнэлт хийсэн шүүх хуульд үндэслэж хэрэг маргааныг шийдвэрлэнэ гэх зарчимтай зөрчилдөж байна.

6.4 Шийдвэрийн агуулга хуульд заасан шаардлагад нийцээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээс үзвэл хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 тоот мэдэгдлийг ажилтны албан тушаал, орон тоо хасагдсан, цомхотгогдсон гэж үзвэл адил чанарын өөр, ажил албан тушаалд биелүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхгүй хэмээн шүүх үзэхдээ хуулийн аль заалтад хэрхэн тодорхойлогдож зохицуулсны улмаас ажил олгогч уг үүргээ гүйцэтгээгүй гэж шийдвэрлэсэн талаар, Ө ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/123А тушаал, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 01/143 тоот тушаал шийдвэр, холбогдох тушаал итгэл үнэмшилгүй, хууль зүйн үндэслэлгүй, хууль дүрэмд нийцээгүй хэмээн дүгнэхдээ чухам ямар хууль тогтоомжид заасан хориглосон эсхүл үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн талаар тус тус дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

6.5 Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 1 дэх догол мөрөнд Ө ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 01/183 дугаар тушаал болон 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай хэмээн шийдвэрлэсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтын хоёрдугаар догол мөрөнд Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 дугаар дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.ыг Ө ХХК-ийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн албан тушаалд эгүүлэн тогоосугай хэмээн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2, 118 дугаар зүйл болон Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 4-р сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын тухай зөвлөмжийн 5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж ойлгомжгүй, тодорхой бус үр дагаврыг үүсгэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул дээрх үндэслэлүүдийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5, 168.1.1, 168.1.5, 168.3 дахь заалтад тус тус заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр ахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга андуурч, албажаагүй тэмдэглэл хөтөлсөн талаар тамгын газартаа тайлбар гаргаж, албажуулсан тэмдэглэлийг засаж хэрэгт хавсаргасан. Мөн тухайн албажуулаагүй байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн асуудал биш юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дугаар талд хэргийн хэлэлцэгдсэн үйл баримт болон нотлох баримтуудыг тодорхой байдлаар дурдсан. Хэргийн 6 дугаар хуудасны 7,8-т 3,000,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Мөн 08 дугаар сарын 31, 09 дүгээр сарын 15, 09 дүгээр сарын 30-ны өдрийн цалинг давхцуулан ажилд томилогдсон хүнийг дотоод аудитораар томилсон. Гэтэл дотоод аудитораар томилсон хүнийг нягтлан бодох бүртгэлийн орлогч менежер гэх ажлын байрны нэрээр ерөнхий нягтлан бодогчийн цалинг Хаан банк ХХК-ийн гүйлгээгээр хийж байсан 3 баримтыг гаргаж өгсөн. Хаан банк ХХК-ийн баримтад 2 дугаар гарын үсэг зурна гэдэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж байна. Нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэлийн тухай 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт зааснаар зарлагын баримтаар 2 дугаар гарын үсэг зуруулна. Гэтэл ерөнхий нягтлан бодогч нь өөрөө ажил үүргээ хийж байхад орлогч гэх өөр хүний ажлын байраар 2 дугаар гарын үсэг баримтууд цугларсан гэдгийг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.

7.2 Мөн Д.Нийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажлын байранд давхцуулан томилно. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч талаас хүчингүй болгосон гэх баримтыг гаргаж өгсөн боловч орлогч менежер гэж 2 дугаар гарын үсгийг зурсан. Ерөнхий нягтлан бодогчийг ажлаас чөлөөлөх 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд албан үүргийн чиг үүргийг хэрэгжүүлээгүй байдлаас нь анхан шатны шүүх дүгнэж үзсэн. Анхан шатны шүүхээс ажлын байр цомхотгосон, мөн өөр ажлын байр санал болгосон үйл баримтад дүгнэлт хийсэн. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байрны чиг үүргээ гүйцэтгээгүй үйл баримт нь н.Нид хамааралтай асуудал юм. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга нь хуульд нийцсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5-т заасан үндэслэлийг хэргийн хугацаатай хамт дурдсан. Уг үндэслэл нь шүүхийн шийдвэрт гарын үсэг зураагүй гэх ойлголт байдаг. Тухайн заалтыг үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг буцаах талаар гомдол гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С.ы нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 дугаар тушаал, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 дугаар мэдэгдэл, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 218,278,290 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Dell компьютерийг түүн доторх компанийн мэдээлэлтэй файлын хамт болон гар утасны үлдэгдэл лизингийн төлбөр 596,214 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

3. Ажил олгогч Ө ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 дугаар мэдэгдлээр тус байгууллага дахь Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер ажлын байрны орон тоо хасагдсан талаар ажилтан С.ыд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн. /1хх 5/

Улмаар ажил олгогч Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 дугаар тушаалаар ажилтан С.ытай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер ажлын байрны орон тоо хасагдсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, Гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Зохион байгуулалт бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 01/143 дугаар тушаал, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 дугаар мэдэгдэл болон ажилтантай зөвшилцсөн үндэслэлээр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна. /1хх 27/

Ажилтан С.ы нь мэдэгдлийг хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

4. Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/115 дугаар тушаалаар Ө ХХК-ийн ажил, албан тушаалын жагсаалтыг хавсралтаар шинэчлэн баталсан. /1хх 81-83/ Хавсралтын 35 дугаарт нягтлан бодох бүртгэлийн хэлтэс нь Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажил албан тушаал нэг байхаар заасан. /1хх 82/ Нэхэмжлэгч нь тухай ажлын байрны ажил албан тушаалд ажиллаж байсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

5. Ө ХХК-ийн дүрмийн 8.7.ж-д гүйцэтгэх захирал нь компанийн дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ажлын байрыг цомхотхох шийдвэр гаргах эрхтэй ба ингэхдээ заавал хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг авах шаардлагагүй гэж заажээ. /1хх 168-169/

6. Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/143 дугаар тушаалаар Ө ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, ажил, албан тушаалын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар шинэчлэн баталсан. /1хх 77/

Дээрх тушаалын нэгдүгээр хавсралтаар нягтлан бодох бүртгэлийн хэлтэс хэвээр байх бөгөөд хоёрдугаар хавсралтаар ажил албан тушаалын жагсаалтыг баталсан байна.

7. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 дугаар тушаалын үндэслэлээ нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн орон тоо хасагдсан гэж тайлбарласан.

Орон тоо хасагдах гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.

7.1 Хэрэгт авагдсан баримтаар Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/143 дугаар тушаалаар баталсан ажил албан тушаалын жагсаалтаар өмнө нь байсан Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажил албан тушаалыг хассан байх бөгөөд өмнөх Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/115 дугаар тушаалын хавсралтаар баталсан Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/143 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан нягтлан бодох бүртгэл, татвар хариуцсан орлогч менежер болон бусад нягтлан бодогч нарт шилжсэн гэж үзэхээр байна.

Тухайлбал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д зааснаар ерөнхий нягтлан бодогч гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг хэлэх бөгөөд ерөнхий нягтлан бодогч нь санхүүгийн тайланг тайлагнах, хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг хариуцах зэрэг мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/115 дугаар тушаалаар баталсан Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын зорилго нь нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг удирдана. Харин 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/143 дугаар тушаалаар баталсан нягтлан бодох бүртгэл, татвар хариуцсан орлогч менежерийн албан тушаалын зорилго нь компанийн нягтлан бодох бүртгэлийн ажлыг хариуцан, улирлын тайланг үнэн зөв гаргах, толгой компанид гаргах, санхүүгийн тайлан бэлтгэж ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захиралд танилцуулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, алдаа дутагдал гаргахгүй ажиллахаар заасан.

Мөн харилцах хүрээний хувьд ерөнхий нягтлан бодогч нь бусад ажилчид, С Ресурс, банк, бусад байгууллагууд, аудиторууд, засгийн газрын агентлагууд, нийлүүлэгчид болон хуулийн зөвлөхүүдтэй харилцах бол нягтлан бодох бүртгэл, татвар хариуцсан орлогч менежер нь бусад ажилчид, харилцагчид болон бусад шаардлагатай хуулийн этгээдтэй харилцахаар заажээ.

Гүйцэтгэх чиг үүргийн хувьд ерөнхий нягтлан бодогч нь орлого, авлага, цалин, татвар дээр холбогдох хяналт тавих, орон нутгийн дээд удирдлагуудтай түншлэх замаар байгууллагын үйл ажиллагаанд бизнесийн болон аналитик дэмжлэг үзүүлэхэд санхүүгийн болон бүртгэлийн газрын үйл ажиллагааг уялдуулах, хөндлөнгийн аудитын үйл ажиллагааг хянах, сар, улирал, жилийн санхүүгийн тайланг бэлтгэх, хэлтсийн бүх ажлыг баримтуулж, үйл явцыг сайжруулах зэрэг чиг үүрэг нь нягтлан бодох бүртгэл, татвар хариуцсан орлогч менежерийн чиг үүрэгт мөн адил хамаарч байна.

Иймд Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/143 дугаар тушаалаар өмнө нь байсан Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажил албан тушаал бодитоор хасагдсан гэж үзэх боломжгүй байна.

8. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлйн 84.1 дэх хэсэгт зааснаар компанийн ерөнхий нягтлан бодогчийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.

Хариуцагч нь ...компанийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр компанийн зохион байгуулалт, орон тоог шинэчлэн байгуулах 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргах боловч уг шийдвэр улсын бүртгэлд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгэгдсэн байх тул хариуцагчийн уг татгалзал үндэслэлгүй байна.

9. Түүнчлэн, хэрэг авагдсан баримтаар Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 дугаар тушаалд ажилтантай зөвшилцсөнийг үндэслэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд ажил олгогч Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасанд нийцээгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй болжээ.

10. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

10.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл гэж зөв тогтоосон боловч нийт ажилгүй байсан хоногийг тодруулаагүй, мөн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөнө. Үүнд, нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт хугацааг 279 хоног гэж, 1 сарын дундаж цалингийн хэмжээг тогтмол авч байсан 2021 оны 4, 5, 6 дугаар сарын дунджаар 18,402,160 төгрөг гэж тус тус тооцно. Мөн 1 өдрийн дундаж цалингийн хэмжээг 855,914 төгрөг буюу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 238,800,006 төгрөгөөс ажил олгогчоос нэхэмжлэгчид ажилгүйдлийн тэтгэмжид олгосон 31,394,586 төгрөгийг хасаж, үлдэх 207,405,420 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

11. Анхан шатны шүүх ажил олгогчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг бие даасан шаардлага биш, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөрчилтэй болсон байна.

11.1 Мөн Ө ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 дугаар мэдэгдэл нь дангаараа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байхад анхан шатны шүүх уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй муутай болжээ.

Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас дээрх хэсгийг хасаж өөрчлөлт оруулна.

12. Түүнчлэн, анхан шатны шүүх маргааны талуудад хамааралгүй этгээд болох Д.Нтой холбоотой буюу Д.Нийг санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажилд томилсон Ө ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 дугаар тушаалын талаар дүгнэлт хийж, уг тушаалыг хүчингүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасанд нийцээгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас дээрх хэсгийг хасаж өөрчлөлт оруулна.

13. Талууд сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн сөрөг нэхэмжлэлийн талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

14. Хариуцагчийн шүүх хуралдааныг тэмдэглэлийг хугацаа хожимдуулж гаргасан, албажаагүй тэмдэглэл хэрэгт авагдсан гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны тэмдэглэлийг хугацаа хожимдуулж гаргасан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/03564 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.ыг Ө ХХК-ийн Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Ө ХХК-д холбогдох, Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 дугаартай, Д.Нийг Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажилд томилсон тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын /243,270,286-31,394,586/-т 211,875,700 гэснийг 207,405,424 гэж,

4 дэх заалтын 14,414,166 гэснийг 1,194,977 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,217,680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН