Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 00122

 

  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Д.Д.А ,

хохирогчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ,

гэрч Ц.Ууганцэцэг,

улсын өмгөөлөгч М.Найдан,

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э холбогдох эрүүгийн 1815001020096 дугаартай 163/2018/0095/Э индекстэй эрүүгийн хэргийг  2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, Б овогт С.Э

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч С.Э нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт Д.А зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт  хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө болсон хэрэг юм. Тухайн үед хүргэн Д.А эхнэрийн хамт сар шинэ хөөгөөд явчихсан байсан. Би өдөржин малд явж байгаад орой гэртээ ороод халуун цайнд мах хэрчиж идээд сууж байсан. Тэгтэл Д.А  манай дүүгийн хамт гаднаас нилээн халамцуу орж ирсэн. Тэгтэл төрсөн дүү маань та яагаад манайд ирж золгоогүй юм бэ?, хоёр хүүхдийг яагаад хүн гэж үзэхгүй байгаа юм бэ? гэж агсам тавьсан. Намайг хутга, мод бариад хөөсөн гэж мэдүүлсэн байсан. Энэ бол худлаа. Би дүү дээрээ очоод одоо унт гээд ор луу түлхээд суулгасан. Тэгтэл Д.А  над руу гүйж ирээд баруун гараараа миний нүд рүү цохьсон. Нүдээ бариад доош суутал араас ирээд боож унагаагаад газар дарсан. Хүнд биетэй байсан болохоор босож чадахгүй байсан ба миний толгой тархи, хүзүү сээргүй цохьсон. Арай гэж босоод Д.А хоёр цохиод унагаасан. Тэгэхэд Д.А болъё гэсэн. Болъё гэхээр нь гэрийн зүүн талаар гарах гэж явтал араас бариад авсан. Тэгэхэд нь эргэж хараад барьцалдаж гэрээс гаргаад унагаагаад хэдэн удаа өшиглөсөн. Би тэр үед эрүүл байсан. Д.А бид хоёр харилцан зодолдсон. Би зөвхөн Алтанбаганыг зодож цохиогүй. Намайг ч бас зөндөө зодсон. Д.А манайд хүргэн болж ирээд 12 жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бид хоёр нэг ч удаа зодолдож, ам муруйж үзээгүй. Ямар учраас ийм асуудал гаргаж байгаа юм мэдэхгүй байна. Дүү нартаа гомдолтой байна. Анхны шүүх хурал болдог өдөр Оюун-Эрдэнэ өмгөөлөгч намайг албан өрөөндөө дуудаж ирээд за чи хохирол, төлбөрт 3.000.000 төгрөг өгчих, ах дүү улсууд байж ингэж болохгүй, мөнгө өгчихвөл бид нар гомдлоо татна гэж хэлж байсан гэв.    

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.А өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө хадам ах Э маргалдсан. Тухайн үед хадам ахтай золгож амжаагүй. Шинийн нэгний өглөө хадам ахтай золгох гэтэл С.Э ах адуунд явчихсан байсан. Эхнэр бид хоёр машинтайгаа хамаатнуудаараа золгож явж байгаад орой гэртээ орж ирэхэд хадам ах С.Э цайнд мах хэрчиж идээд сууж байсан. Тэгээд бид хоёрыг гэрт орж ирэнгүүт хоёр хүүхдээ хаячихаад хаашаа алга болчихдог юм бэ?, гэж ирээд л манай эхнэрт уурлаж, ална гэж дайраад байсан. Тэгэхээр нь би та дандаа манай эхнэр лүү агсарч байх юм гэхэд хутга бариад дайраад байсан. Өөдөөс нь босож зодолдсон. Тэгээд намайг газар унагааж байгаад дагзан дээр хутганы ишээр цохиход ухаа алдаад газар унасан. Нэг мэдэхэд хадам ах чамайг маргааш өглөө ирээд ална гээд морио унаад явж байх шиг байсан. Тэгэхээр нь хоёр хүүхдээ аваад айлд очиж хоносон. Өглөө нь босож чадахгүй, толгой эргээд байсан. Би 1.455.730 төгрөгийг баримтаар нэхэмжилж байна. Ус, түлээ мод бэлдэе гэхээр хуруу өвдөөд гараа атгаж чадахгүй болчихоод байна. Гараа үзүүлье гэж бодсон чинь мөнгөний боломжгүйгээс үзүүлж чадахгүй байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Ууганцэцэгийн өгсөн:...Д.А 2 гарын сарвуу тэр чигтээ хавдсан байдалтай нүүр нь нилэнхүйдээ хавдсан зүүн нүд нь хөхөрсөн байсан. Өвчин намдаах тариа, шингэн дуслаар залгасан. Анхан шатны яаралтай тусламжийг үзүүлсэн. Нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэж эмч зөвлөгөө өгсөн гэв.

1815001020096 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:

Хохирогч Д.А өгсөн: 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр буюу шинийн 1-ний өдөр Бугат сумын 1-р багийн нутаг “Баруун нарын” гэх газарт хадам аав Сүхбаатар, хадам ээж Сарангэрэл, хадам ах С.Э нарт золгохоор эхнэр хүүхдүүдийн хамт очсон. Бид нарыг очиход хадам аав, ээж 2 байхгүй хадам ах болох С.Э байхаар нь золгох гэтэл “та нар ямар орой ирдэг юм бэ” би та нартай золгохгүй гэж хэлээд адуундаа яваад өгсөн. Тэгээд бид нар айлд золгохоод ирэх хооронд хадам ах адуундаа яваад тааралдахгүй байсаар байгаад шинийн 5-н буюу 2018 оны 2 дугаар сарын 20-ны орой тааралдтал “та нар надад золгохгүй” гэж уурлаад ууцан дээр байсан эрээр иштэй хутгыг шүүрч аваад манай эхнэр Оюунгэрэл лүү дайраад “чамайг ална” гээд гэр дотор хөөж гүйгээд байхаар нь би мөрнөөс нь татаад унагатал намайг хутга барьсан гараараа дагзан тус газарт цохиж би ухаан алдаж унасан. Тэгээд нэг сэртэл миний хамаг бие хөндүүр энд тэндээс цус гоожсон байдалтай байхаар нь ойролцоо байх малчныдаа эхнэр хүүхдүүдийн хамт очиж хоноод маргааш нь буюу 2018 оны 2 дугаар сарын 21-ний орой Бугат сумын төв орж гэртээ хариад удалгүй хот явж эмчилгээ хийлгээд өнөөдөр ирсэн. Миний толгой 3 хагарсан байсан. Гавал ясны цууралттай. Зүүн гарын долоовор хуруу ясандаа бэртэл авсан байдалтай байна. Дагз хэсэгт эхлээд хутганы иш буюу ар талаар нь цохиж унагаад модоор цохиж зодож байсан. Тухайн үедээ би гайгүй болчих байх гэж бодсон чинь бие хаа өвдөөд болохгүй дээрээс нь хадам ах С.Э тоосон шинжгүй байгаад гомдолтой байна. Золгох гэж очоод зодуулчихсан. Дараа нь уучлаарай байхгүй байгаад нь гомдолтой байна. Одоогийн байдлаар эмчилгээнд 1.600.000 төгрөг зарцуулсан байна. Цаашид хийх шаардлагатай эмчилгээ зөндөө байна. Энэ бүх зардлыг гаргах өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуудас/,

Гэрч С.Оюунгэрэлийн өгсөн:...Гансүх ахынд очиж шинэлэж байгаад нөхөр бид хоёр хонох гэж байгаад аав ээж 2 Эрдэнэт явсан болохоор 2 хүүхэд дээрээ очиж хонох гээд шөнө 00 цагийн орчим аавынд очиход манай ах гэрийнхээ хойморт сууж байсан. Би гэрийн зүүн талын орон дээр очоод суутал намайг элдвээр хэлээд байх шиг л байсан би архи уусан байсан болохоор заримыг нь сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь л манай ах С.Э намайг ална гээд хутга бариад дайраад ирэхээр нь би зугтах гэтэл манай нөхөр Д.А  намайг хамгаалж “чи төрсөн дүүгээ алж байхаар намайг ал” гэж хэлээд мөрнөөс татаад унагатал манай ах ”чи эхнэрээ өмөөрч байгаа бол чамайг ална” гэж хэлээд манай нөхөр Д.А газарт унагаад доороо хийчихсэн гартаа хутга барьчихсан зодоод байхаар салгах гэтэл ойртвол нэг бол чамайг ална нэг бол нөхрийг чинь ална гээд орилоод байхаар нь би ойртож чадаагүй. Тэгтэл гэрээс манай нөхрийг чирч гараад ямар гэдгийг нь сайн мэдэхгүй байна гартаа мод барьчихсан нүүр нүдгүй зодож цохисон. Тэгээд манай ах би хүн алмаар байна гээд чанга чанга орилоод байсан. Манай нөхөр Д.А толгойноосоо маш их цус алдаад байсан болохоор хараад мориндоо мордоод давхиад явсан. Манай нөхөр ухаан алдсан байдалтай байж байгаад удалгүй сэргээд 2 хүүхдээ дагуулаад бид 4 Гансүх гэх айлд очиж хоноод маргааш нь Бугат сумын төв ороод эмч түргэн дуудаж үзүүлээд 2018 оны 3 дугаар сарын 4-ний өглөө Улаанбаатар хот руу явсан гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,

Гэрч Ц.Ууганцэцэгийн өгсөн:“...Д.А 2 гарын сарвуу тэр чигтээ хавдсан байдалтай нүүр нь нилэнхүйдээ хавдсан зүүн нүд нь хөхөрсөн байсан эхнэр болох Оюунгэрэлийн ах нь зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

Гэрч Л.Гансүхийн өгсөн:“...шөнө Д.А  эхнэр хүүхдийн хамт манайд ирэхдээ хадам ах болох Эрдэнэцогтод зодуулсан гэж ирсэн. Өглөө нь хартал Алтанбаганы нүүр нүд нь хөхөрсөн, 2 гар нь бугуйнаасаа урагш их хавдсан, толгой тархи нь хагарсан байсан....маргааш нь хараад чи чинь яагаа вэ хэнд яагаад зодуулчихваа гэхэд хадам ах С.Э зодсон л гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 69 дугаартай: 1. Д.Алтанбаганын биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжилгээний албаны шинжээч 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 368 дугаартай: 1. Д.А биед хамар ясанд хуучин хугарал, зүүн гарын долоовор хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, дунд хурууны угийн шивнүүр ясны цууралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Д.А биед учирсан зүүн гарын долоовор хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, дунд хурууны угийн шивнүүр ясны цууралт гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хамар ясны хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамар ясны хуучин хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4. Дээрх гэмтэл нь хохирогчийн амь насанд аюул учруулахгүй. 5 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25-26 хуудас/,

гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  С.Э нь 2018 оны 02 дугаар сарын 20-нээс 21-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Д.А зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.      

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э ын...Д.А  манай дүүгийн хамт гаднаас нилээн халамцуу орж ирсэн. Тэгтэл төрсөн дүү маань та яагаад манайд ирж золгоогүй юм бэ?, хоёр хүүхдийг яагаад хүн гэж үзэхгүй байгаа юм бэ? гэж агсам тавьсан. Намайг хутга, мод бариад хөөсөн гэж мэдүүлсэн байсан. Энэ бол худлаа. Би дүү дээрээ очоод одоо унт гээд ор луу түлхээд суулгасан. Тэгтэл Д.А  над руу гүйж ирээд баруун гараараа миний нүд рүү цохьсон. Нүдээ бариад доош суутал араас ирээд боож унагаагаад газар дарсан. Хүнд биетэй байсан болохоор босож чадахгүй байсан ба миний толгой тархи, хүзүү сээргүй цохьсон..., эргэж хараад барьцалдаж гэрээс гаргаад унагаагаад хэдэн удаа өшиглөсөн..., Д.А бид хоёр харилцан зодолдсон..., намайг ч бас зөндөө зодсон..., дүү нартаа гомдолтой байна. Анхны шүүх хурал болдог өдөр Оюун-Эрдэнэ өмгөөлөгч намайг албан өрөөндөө дуудаж ирээд за чи хохирол, төлбөрт 3.000.000 төгрөг өгчих, ах дүү улсууд байж ингэж болохгүй, мөнгө өгчихвөл бид нар гомдлоо татна гэж хэлж байсан гэх, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Алтанбаганын...хадам ах Эрдэнэцогттой маргалдсан...., хадам ах С.Э цайнд мах хэрчиж идээд сууж байсан..., бид хоёрыг гэрт орж ирэнгүүт хоёр хүүхдээ хаячихаад хаашаа алга болчихдог юм бэ?, гэж ирээд л манай эхнэрт уурлаж, ална гэж дайраад байсан..., намайг газар унагааж байгаад дагзан дээр хутганы ишээр цохиход ухаа алдаад газар унасан. Нэг мэдэхэд хадам ах чамайг маргааш өглөө ирээд ална гээд морио унаад явж байх шиг байсан..., би 1.455.730 төгрөгийг баримтаар нэхэмжилж байна. Ус, түлээ мод бэлдэе гэхээр хуруу өвдөөд гараа атгаж чадахгүй болчихоод байна гэх, гэрч С.Оюунгэрэлийн...нэг мэдсэн чинь л манай ах С.Э намайг ална гээд хутга бариад дайраад ирэхээр нь би зугтах гэтэл манай нөхөр Д.А  намайг хамгаалж “чи төрсөн дүүгээ алж байхаар намайг ал” гэж хэлээд мөрнөөс татаад унагатал манай ах ”чи эхнэрээ өмөөрч байгаа бол чамайг ална” гэж хэлээд манай нөхөр Д.А газарт унагаад доороо хийчихсэн гартаа хутга барьчихсан зодоод байхаар салгах гэтэл ойртвол нэг бол чамайг ална нэг бол нөхрийг чинь ална гээд орилоод байхаар нь би ойртож чадаагүй...., гартаа мод барьчихсан нүүр нүдгүй зодож цохисон..., манай ах би хүн алмаар байна гээд чанга чанга орилоод байсан. Манай нөхөр Д.А толгойноосоо маш их цус алдаад байсан болохоор хараад мориндоо мордоод давхиад явсан гэх, гэрч Ц.Ууганцэцэгийн...Д.А 2 гарын сарвуу тэр чигтээ хавдсан байдалтай нүүр нь нилэнхүйдээ хавдсан зүүн нүд нь хөхөрсөн байсан эхнэр болох Оюунгэрэлийн ах нь зодсон гэж хэлж байсан гэх, гэрч Л.Гансүхийн...хадам ах болох Эрдэнэцогтод зодуулсан гэж ирсэн. Өглөө нь хартал Алтанбаганы нүүр нүд нь хөхөрсөн, 2 гар нь бугуйнаасаа урагш их хавдсан, толгой тархи нь хагарсан байсан гэх мэдүүлэгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжилгээний албаны шинжээч 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 368 дугаартай...Д.А биед хамар ясанд хуучин хугарал, зүүн гарын долоовор хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, дунд хурууны угийн шивнүүр ясны цууралт, гэмтэл тогтоогдлоо...., Д.А биед учирсан зүүн гарын долоовор хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, дунд хурууны угийн шивнүүр ясны цууралт гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..., гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.      

Иймд шүүгдэгч С.Э хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Э ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч эмчилгээний зардалд 1.455.730 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэх 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шатахууны 20.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шатахууны 18181 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх шинжилгээний алба 8000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шатахууны 27272 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шатахууны 354000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шатахууны 10000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Мед эмнэлэг Сээр нуруу, толгойн дүрс оношлогоо 240.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Номун Клиник эмнэлэг 242.730 төгрөг, эмнэлэгт хэвтэх гэж явахдаа авсан гэх шатахууны /баримтгүй/ 100.000 төгрөг нийт 701.583 төгрөгний нэхэмжлэлийг хангаж, үлдэх өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг, нотлох баримтын шаардлага хангаагүй шатахууны зардал 254.147 төгрөг буюу нийт 754.147 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч нь хуульд заасан хүрээнд өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлж, өмгөөлөгчтэй сайн дурын үндсэн дээр эрх зүйн туслалцаа авах гэрээ байгуулж хөлс төлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С.Э хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э од оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагаар тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.Э оос 701.583 /долоон зуун нэг мянга таван зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Бугат сумын 1-р багт оршин суух М овгийн Д.А  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 754.147 /долоон зуун тавин дөрвөн мянга нэг зуун дөчин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.  

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН