| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/00118/Э |
| Дугаар | 00123 |
| Огноо | 2018-08-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 00123
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Б.М , О.Т , тэдний өмгөөлөгч улсын ахлах өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт М.Б, Д овогт М. Б нарт холбогдох эрүүгийн 1815001300108 дугаартай, 163/2018/0118/Э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Б овогт О.Т
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, Д овогт Б.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Т , Б.М нар нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ч.Г 18 тооны хонь, Ч.Баасандашийн 5 тооны алдуул хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа мэдсээр байж завшиж 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
1815001300108 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Ч.Г өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын нутгаас өөрийн төрсөн дүү Ч.Баасандашийн хамт бог малаа нийлүүлээд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг мандал гэдэг газарт хаваржиж байсан. Тэгтэл манай хонь Дашинчилэн сумын нутаг Мандал гэх газарт бэлчээрт 2018 оны 4 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд хоёр удаа Дашинчилэн сумын иргэн Улаанаа гэдэг айлын хуц ухантай нийлсэн. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр хонио Улаанаа гэдэг залуугийн хуц, ухнаас өөрийнхөө хонийг ялгаж аваад өөрийн төрсөн дүү Ч.Баасандашийн хамт өөрийнхөө хонь, ямааг тоолоод үзтэл манай хониноос 80 хонь, манай дүү Ч.Баасандашийн хониноос 14 хонь, 3 ямаа байхгүй байсан. Тэгтэл 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр манай хониноос алга болсон миний шар халзан зүсмийн эр шүдлэн хонь, манай дүү Ч.Баасандашийн хар халзан зүсмийн эм шүдлэн хоёр хонь Дашинчилэн сумын иргэн Ундраа гэдэг айлын хонинд явж байхаар нь өөрсдийнхөө хонийг Ундраагийн хониноос авсан. Тэгээд би Ундраа гэх залуугаас манай хонь танай хонинд яагаад явж байдаг билээ гэж асуутал би энэ хоёр хонийг Улаанаас гэдэг залуугаас авсан юм гэж хэлсэн. Одоо миний хониноос 79 хонь, манай дүү Баасандашийн хониноос 13 хоэь, 3 ямаа байхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуудас/,
Хохирогч Ч.Баасандашийн өгсөн:... одоо миний хониноос 13 хонь, 3 ямаа, ахын хониоос 79 хонь байхгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуудас/,
Гэрч Б.Ундраагийн өгсөн:...Б.М , Отгонхүү эгч 2, хоёр хонь барьчихсан чихэнд нь улаан утас сүвлээд будгаар тэмдэглээд байж байсан..., Б.М Отгонхүү эгчид би хонь өгөх ёстой юмаа тэгээд хонио авчирч өгч байна гэсэн..., тэр хоёр хонийг манай хонинд нийлүүлсэн..., хэд хоногийн дараа намайг хонио услаад гол дээр байж байтал Гурванбулаг сумын иргэн Бор, Бааска 2 ирээд манай хоёр хонь танай хонинд явж байна бид хоёр өөрсдийнхөө хонийг авлаа гээд Б.М , Отгонхүү эгч 2-ын тэмдэг тавьсан хонийг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуудас/,
Гэрч Д.Баттулгын өгсөн:...манай хүү Б.М найз О.Т ын хамт 2018 оны 4 дүгээр сарын дундуур айлын хонь хулгайлан...Дашинчилэн сумын иргэн Ганбаа гэх хүнд бэлэн мөнгөөр зарж байсан. Манай хүү энэ талаар надад саяхан хэд хоногийн өмнө хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,
Гэрч Д.Отгонхүүгийн өгсөн:...Б.М 2015 онд надад 4 хурга өгнө гээд 140.000 төгрөг авсан. Тэгээд надад өрөндөө өгч байна гэж хэлэхээр нь би тэр 2 хонийг авсан юм. Тэгсэн удалгүй хэд хоногийн дараа Ундраагийн хонинд тавьсан 2 хонийг эзэн нь ирээд аваад явчихлаа гэж Ундраа надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,
Гэрч Ё.Ганбатын өгсөн:...манай сумын иргэн Б.М , О.Т хоёр Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хонь аччихсан ирсэн. Тэгээд тэр 2 надтай уулзаад хонь авах уу гэхээр нь би тэр хоёрын ачиж явсан хонийг бэлэн мөнгөөр нь худалдаад авчихсан юм би нийт 21 тооны хонийг 795.000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуудас/,
Яллагдагч О.Т ын өгсөн:...намайг очиход Б.М ын хуц ухнатай айлын хонь хийлсэн байхаар нь хоёулаа танай хонинд нийлсэн байгаа айлын хониноос зарах уу гэсэн чинь Б.М тэгье гэж зөвшөөрсөн. Тэгээд Б.М бид хоёр айлын хонийг эзэнгүй айлын хашаанд хашиж байгаад 23 тооны хонийг цэнхэр өнгийн Портер маркийн машин дээр ачиж аваад Дашинчилэн сумын Доргонот багийн иргэн Ганбаа гэх хүнд 795.000 төгрөгөөр худалдаж борлуулсан. Хонь зарсан мөнгөнөөс би 350.000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг нь Б.М авсан гэх мэдүүлэг /хх-ийн 85 хуудас/,
Яллагдагч Б.М ын өгсөн:..О.Т тай нийлж 23 тооны хонийг барьж аваад аав Баттулгын **-**БУА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Ганбаа гэх хүнд 795.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-6 хуудас/, гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 хуудас/, хонинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-62, 65-67 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 93-94 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Т , Б.М нар нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ч.Г 18 тооны хонь, Ч.Баасандашийн 5 тооны алдуул хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа мэдсээр байж завшиж 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Гэрч, хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч О.Т , Б.М нарыг алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Т , Б.М нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт 23 тооны хонь буюу 1.030.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг биет байдлаар буцаан өгсөн хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.
Шүүгдэгч О.Т , Б.М нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хорыг уршгийг арилгасан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдплыг харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Т , Б.М нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учируулсан хохирлыг төлсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Т , Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт О.Т , Д овогт Б.М нарыг алдуул мал завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т , Б.М нарыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т , Б.М нарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т , Б.М нар нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
5. Шүүгдэгч О.Т , Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т , Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН