Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/00162

 

 

 

 

 

 

 

 

2023 01 16 210/МА2023/00162

 

 

Ц.бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 104/ШШ2022/00511 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ц.б

Хариуцагч: Т.Ц, Й ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 143,940,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцлийн тодорхойлолтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нэхэмжлэгч Ц.б хариуцагч Т.Цт хөрөнгө оруулалт хэлбэрээр 100,000,000 төгрөгийг зээлж, түүний бизнесийн үйл ажиллагаа жигдрэхээр буюу 2015 оноос эхлэн сар бүр 2,500,000 төгрөг, тухайн жилдээ 30,000,000 төгрөг, 2016, 2017 онуудад сар бүр 5,000,000 төгрөг, тухайн 2 жилдээ 120,000,000 төгрөг буюу 2017 ондоо багтааж нийт 150,000,000 болгон буцааж төлөхөөр харилцан тохиролцож, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Й ХХК-ны Хаан банк дахь 000000000000 тоот дансанд 100,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалт гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн. Мөн 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хэлцлийг албан бичгээр үйлдсэн.

1.2 Гэтэл Т.Ц тохиролцсон үүргээ зөрчиж 2015-2016 онд 6,060,000 төгрөгийг буцааж төлсөн. Т.Цаас удаа дараа тохиролцсон ёсоор үүргээ биелүүлэхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт хэлбэрээр зээлдүүлсэн мөнгийг буцааж төлөөгүй. Т.Цтай 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн ээж Ё.Цгийн хамт уулзаж гэрээний үүргийг шаардахад мөнгийг 2018 ондоо багтаагаад төлнө гэх агуулгатай бичгээр баталгаа гаргаж өгсөн.

 

Иймд Т.Ц болон Й ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 143,940,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл, гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй. Уг мөнгийг Ц.б шилжүүлээгүй. Тухайн мөнгийг хөрөнгө оруулалт гэсэн хэлбэрээр шилжүүлсэн. Тухайн үед Ц.б нь Малайз улсад нисэхийн сургуульд суралцаж байсан. Сургуульд суралцаж байх явцад хөрөнгийн баталгаа гэх зүйл шаардлагатай болсон учир үүний дагуу үйлдсэн баримтууд.

Ц.бгийн ээж Ё.Ц нь тухайн үед Й ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, удирдан зохион байгуулж үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Гэтэл тухайн цаг хугацаанд хариуцагч Т.Ц болсон үйл баримтын талаар мэдээгүй. Тухайн мөнгийг 20,000,000 төгрөг, 80,000,000 төгрөг гэж 2 хувааж шилжүүлсэн байдаг. 80,000,000 төгрөгөөс 65,000,000 төгрөгийг машин худалдаж авахаар данснаас бэлэн гаргасан.

2.2 Й ХХК бол тухайн үед байнгын үйл ажиллагаа явуулаагүй байсан учир Дархан буян гэх компани байгуулж, цаашид буяны үйл ажиллагаа явуулсан. Иймд Ц.б нь 100,000,000 төгрөгийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасны дагуу мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл. Нэг талаараа дүр үзүүлж хийсэн хэлцэл. Оролцогч талууд ямар нэг нь эрх үүрэг, эрх зүйн үр дагавар үүсгэх шаардлага, зорилго байхгүй. Иймд хэлцлийн тодорхойлолтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аль хэсэгт заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах буюу хүчингүй болгуулах гээд байгаа нь тодорхойгүй байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг баримтлан хариуцагч Й ХХК-аас 93,940,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.бд олгож, нэхэмжлэлийг үлдэх хэсэг /Т.Цаас зээлийн гэрээний үүрэг гаргуулах, 50,000,000 төгрөг гаргуулах/-ийг, 2011 оны 09 сарын 09 өдрийн 1/10 дугаартай хэлцлийн тодорхойлолтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 877450 төгрөг, хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Й ХХК-аас 627,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Хариуцагч нарын зүгээс шүүх хуралдаанд н.Быг гэрчээр асуулгасан. Түүнээс нэхэмжлэгч FORD маркийн авто машин худалдан авсан талаар асуулгасан боловч гэрчийн мэдүүлэг бусад баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн.

Мөн хариуцагч нарын зүгээс Ц.Фгийн төрсөн эх Ё.Цгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг гаргасан. Ц.бгийн нэхэмжлэл нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан боловч шүүх нотлох баримтын нягтлан шалгалгүй зөвхөн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрт дурдаж Ц.бгийн хэрэгт хамааралгүй байна гэж дүгнэсэн. Гэвч Ё.гийн хэрэгт мэдүүлсэн болон гаргаж өгсөн нотлох баримтуудад Ё.Ц нь нийт оруулсан хөрөнгө оруулалт нь 416,000,000 төгрөг байгаагаас өөрийн охины нэр дээр 100,000,000 төгрөгөөр шилжүүлж хөрөнгө оруулсан миний мөнгө гэж тайлбарласан бөгөөд, Й ХХК-д 80,000,000, 20,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг өөрийн нэхэмжлэлд хавсаргаж шүүхээр шийдүүлэхээр өгсөн бөгөөд энэ хэрэг өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна. Эдгээр нөхцөл байдлууд нь хэргийн зохигчдод олгогдсон хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэх эрхээр хангалгүй орхигдуулж хариуцагч нарыг хохироож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Хариуцагчийн гомдолд дурдагдсан асуудалд ямар нотлох баримтыг үнэлээгүй гэх асуудал байхгүй. Мөн ямар хуулийн аль зүйл, заалтыг буруу хэрэглэсэн болохыг тайлбарлаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн аль хэсэг нь үндэслэлгүй байгааг тайлбарладаггүй бөгөөд ерөнхий зүйлийг ярьж байна.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байнга саад учруулж, хэргийг өнөөдрийг хүртэл удаашруулж ирсэн. Мөн давж заалдах гомдол гаргаж буй үйл явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилготой байна гэж үзсэн.

7.2 Мөн зээлийн гэрээг хэрхэн хийх талаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааж өгсөн. Гэтэл Ц.б өөрийн данснаас мөнгийг шилжүүлээгүй гэх ойлгомжгүй тайлбарыг хэлж байна. Би 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хэлцлийн тодорхойлолт нэртэй зээлийн гэрээ байгуулсан тул хүү, алданги шаардах эрхтэй гэж хэлсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

2. Нэхэмжлэгч Ц.б нь Т.Ц болон Й ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 143,940,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хэлцлийн тодорхойлолтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн орлогын мэдүүлгээр хөрөнгө оруулалт Ц.бгаас гэсэн агуулгаар Й ХХК-д 80,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /1хх 11-13/

3.1 Й ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/10 дугаар тодорхойлолтод Т.Ц захиралтай Й ХХК-ийн Хаан банкны 0000000000 тоот дансанд Ц.б нь 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 100,000,000 төгрөгийг Хөрөнгө оруулалт зориулалттайгаар бэлнээр хийсэн. Уг мөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу Ц.бд бэлнээр буюу дансаар эргэн төлөлтийг 150,000,000 төгрөг болгон төлж барагдуулна гэжээ. /1хх 20/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр мөнгөн хөрөнгийг гэрээнд зааснаар зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэг үүснэ.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө нь зээлдүүлэгчийн мөнгөн хөрөнгө байхыг шаардахгүй.

3.2 Зээлдэгч Й ХХК-аас зээлдүүлэгч Ц.бд 6,060,000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 93,940,000 төгрөгийг төлөөгүй болох нь /1хх 14-18/ тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь үлдэх төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь нэхэмжлэгчийг 20,000,000 төгрөгийг буцаан авсан, үлдэх 80,000,000 төгрөгөөс 65,000,000 төгрөгөөр нь Ё.Ц автомашин худалдан авсан гэж маргаж байх боловч уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ц.Фгийн төрсөн эх Ё.Цгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг гаргасан бөгөөд Ц.бгийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй. Ё.Цгийн нэхэмжлэлтэй, Ө, Й ХХК-д холбогдох дундын өмчлөлийн хэрэг нь Ц.бгийн нэхэмжлэлийн 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт хамаарахгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Гэрч П.ын мэдүүлгийг бусад баримтаар нотлогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт ...гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасныг зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөрийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн давж заалдах шатны шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч болон хариуцагч Т.Ц нарын хооронд дээрх мөнгөн дүнгээр зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хариуцагч Т.Цыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул шүүх хариуцагч Т.Цт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар талууд давж заалдах гомдол гаргаагүй.

7.1 Анхан шатны шүүх Й ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/10 дугаар тодорхойлолтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан баримтаар дээрх нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хэлцлийг хариуцагч нь дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн заалтыг буруу баримталсан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагч Т.Цт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хаалтанд хийсэн нь оновчгүй болсон байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 104/ШШ2022/00511 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Й ХХК-иас 93,940,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,000,000 төгрөг болон хариуцагч Т.Цт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН