Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 00124

 

  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С холбогдох эрүүгийн 1815000000111 дугаартай 163/2018/0119/Э индекстэй эрүүгийн хэргийг  2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, А овогт Б.С

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн нутаг “Хадаас толгой” гэх газар бэлчээрт байсан хүрэн халзан азаргатай адуунаас 3 тооны адууг хулгайлж хохирогч М.Ө 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй гэв.  

1815000000111 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:

Хохирогч М.М.Ө тын өгсөн:“...Манайх Булган аймгийн Дашинчилэн суманд нутагладаг бөгөөд би мал маллаж амьдардаг. Улаанбаатар хот руу яваад эргээд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ирэхэд манай адуунаас 3 тооны адуу алга болсон байсан. Алдсан адуунууд миний өөрийн унаган адуу бөгөөд саарал морь хүрэн халзан морь, сартай зээрд гүү байсан. Б.С гэх залуу хулгайлсан байсан. Б.С өөрөө адуугаа тууж ирээд...хүрэн халзан гүү, зээрд халзан соёолон морь, хээр зүсмийн гүү гэсэн 3 тооны адууг надад өгсөн. Одоо миний зүгээс гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,

Гэрч Т.Төртогтохын өгсөн:...Сандагаа ахынд би 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр очиход 3 тооны адуу уясан байсан ба “юун адуу вэ” гэж асуухад манай адуу, зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Уг адуунууд нас гүйцсэн морьд 2, нэг гүү байсан. Зүсэлбэл сартай зээрд гүү, сартай хүрэн морь, саарал морь байсан. Эдгээр адуунуудыг манай сумын мал, мах авдаг Болдоо гэх ахад зарсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,

Гэрч Н.Болдын өгсөн:“...2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б.С гэдэг залуу 3 адуу зарна гэж хэлсэн. Гэр барих гээд мөнгөний хэрэг болоод байна гээд гуйгаад байхаар нь би “чиний адуу мөн үү” гэхэд “мөн манай адуу” гээд гуйж байгаад өгсөн. Хоёр морь, нэг гүү байсан. Хоёр морийг нэгийг нь 500000 мянгаар, гүүг 400000 төгрөгөөр худалдаж авсани гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

Яллагдагч Б.С өгсөн: Манай эхнэр Дашинчилэн суманд аав ээжтэйгээ мал маллаж амьдардаг бөгөөд би 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр очоод тэндээ байж байгаад Дашинчилэн сумын Хадаас толгой гэдэг газар луу өөрийнхөө адууг харах гээд мотоциколтой яваад айлын эзэнгүй 20 гаран адуу байгааг харсан. Тэгээд тэр адуунаас хулгай хийх санаа төрөөд нөгөө адуунуудыг хадмын хаваржааны хашаанд аваачиж хашаад 3 тооны адууг барьж авсан. Манай хадмын хашаа сумын төвөөс ойрхон 1 км гаран зайтай байдаг юм. Тэгээд нөгөө 3 тооны адуугаа зарах гээд Дашинчилэн суманд адуу мал авдаг ченж хийдэг Болд гэдэг хүн рүү 17 цагийн үед утсаар адуу авах уу гэж ярихад Улаанбаатар хотоос гараад явж байна гэсэн. Тэгээд хүлээж байгаад 23 цагийн үед Болд ах суманд ирсэн байна гэхээр нь нөгөө 3 адуугаа хамдмынхаа хашаанд уяж байлгаж байгаад явган хөтлөж аваачиж өгсөн. Тэгээд нэг адууг нь 500.000 төгрөгөөр, нөгөө 2 адууг нь 400.000 төгрөгөөр бодож нийт 1.400.000 төгрөг болсон гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/,

адууны үнэлгээ /хх-ийн 20 хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Б.С нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн нутаг “Хадаас толгой” гэх газар бэлчээрт байсан хүрэн халзан азаргатай адуунаас 3 тооны адууг хулгайлж хохирогч М.Ө 2000000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.       

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч М.М.Ө т, гэрч Т.Төртогтох, Н.Болд нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.      

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.   

Иймд шүүгдэгч Б.С мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.     

Шүүгдэгч Б.С ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрллээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч А овогт Б. С мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагаар тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.  

5. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН