Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00230

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00230

 

Х.нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/03557 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х.н

Хариуцагч: Д.ыд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 94,106,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нэхэмжлэгч Х.н нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.ыд 80,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Мөн хариуцагчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 177.38 м.кв талбай бүхий газрыг захиран зарцуулах эрхтэй итгэмжлэлийг барьцаа болгож авсан.

1.2 Гэрээний хугацаа дууссанаас хойш Х.н нь Д.ытай удаа дараа холбогдож, үүргийн гүйцэтгэлийг шаардсан боловч зээл авч байгаад өгөх хэрэгтэй байна гэсэн. Зээл авах гэтэл үл хөдлөх эд хөрөнгө баръцаанд тавих хэрэг гарсан тул үл хөдлөх эд хөрөнгийг С.Б, С.Боос Ч.ыы нэр дээр шилжсэн. Дараа нь буцаад Д.ыын нэр дээр шилжсэн.

Талууд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээг байгуулах үед 80,000,000 төгрөгийг хүүгийн хамт 94,106,240 төгрөгөөр байгуулсан.

1.3 Гэтэл хариуцагч нь уг өдрөөс хойш өнөөдрийг хүртэл мөнгө төлөөгүй ба Уул уурхайн тоног төхөөрөмж аваад эхний ашгаас нэхэмжлэгчийн мөнгийг өгнө гэсэн боловч уул уурхайн тоног төхөөрөмж аваагүй тул нэхэмжлэгч Х.н нь 2016 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт удаа дараа гомдол гаргаж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаар прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Д.ыаас үндсэн зээл 80,000,000 төгрөг, 6 сарын хүү 24,000,000 төгрөг, 18 хоногийн хүү 2,399,999 төгрөг, нийт 106,399,999 төгрөгөөс Д.ыаас төлсөн 12,293,760 төгрөгийг хасч, үлдэх 94,106,240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие Х.нгоос бэлнээр болон дансаар мөнгө аваагүй. Нэхэмжпэгч нь үндэслэлгүйгээр намайг эрүүгийн хэрэгт холбогдуулан 4 жил гаруй хугацаанд шалгуулсан. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 2 удаа анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэж залилан мэхэлээгүй гэдгийг тогтоосон. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2.2 Х.н, Д.ы нар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээг өөрсдийн сайн дурын үндсэн дээр нэг цаг хугацаанд сууж байгаад гэрээний агуулгаа тодорхойлж, харилцан ярилцаж, тохиролцож гэрээ байгуулаагүй. Энэхүү гэрээ гэх баримтанд Х.н гарын үсэг зурагдаагүй байхад зээлийн гэрээний нөхөж бичих хэсгүүд мөн бичигдээгүй байхад Ч.ы гэх хүний шахалт дарамтаар гарын үсэг зурсан баримт. Учир нь, тухайн цаг хугацаанд Ч.ы бид хоёрын дунд үүссэн мөнгөний тооцоотой холбоотой асуудлаар тухайн баримтанд гарын үсэг зурсан. Х.н нь Д.ыд бэлнээр болон дансаар аль ч хэлбэрээр мөнгө шилжүүлээгүй.

2.3 Хариуцагч Д.ы нь Ч.ыаас 150,000,000 төгрөг өндөр хүүтэй зээлж, тэр зээлийнхээ дарамтад орсон байсан. Ч.ыы дарамт шахалтаар өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн нутаг байдаг 177.38 м.кв газрыг барьцаалсан. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Х.н АНУ руу явсан байж энэ өдөр 80,000,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарласан. Д.ы нь Ч.ыаас 150,000,000 төгрөг зээлснийхээ хүүд сар бүр 7,500,000 төгрөг өгдөг байсан. 2017 оны 07 дугаар сараас эхлээд Ч.ытай өгсөн авснаа тооцоод иргэний журмаар шүүхээр яваад 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. 150,000,000 төгрөгийг 270-аас 280,000,000 төгрөг болгон буцааж төлсөн байсан. Гэрч Ч.ы Д.ыыг дарамталсан мэтээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс баримтгүйгээр бусдыг эрүүгийн гэмт хэрэгт гүтгэж байгаа үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Д.ыаас зээлийн гэрээний үүрэгт 67,702,240 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 628,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч Х.нгийн эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд өгсөн 10, эрүүгийн шүүх хуралдаанд өгсөн 1 мэдүүлгийг найруулан зохиосон. Нэхэмжлэгч Х.н нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд үнэн зөв мэдүүлэг өгнө гэж үүрэг хүлээхдээ зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Гэрч Ч.ы нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд мэдүүлэг өгөөгүй бөгөөд хэрэг эрүүгийн журмаар шалгагдах үед нийт 11 удаа, эрүүгийн шүүх хуралдаанд 1 удаа мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлэг өгдөг.

4.2 Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон 2-р хавтаст хэргийн 115-р талд авагдсан баримт нь хэнд, хэзээ бичиж өгсөн нь тодорхойгүй, эрүүгийн хэрэгт хуулбараар авагдсан, эх хувь нь байхгүй баримтыг нэхэмжлэгч тал нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн. Д.ыын хувьд Ч.ы өрийн дарамтад орсны улмаас түүний шахалт, шаардлагаар Х.нд 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой итгэмжлэл хийж өгсөн. Итгэмжлэл хийж өгсөн даруйдаа өөрийн төрсөн эгч, дүүгийн хамтаар шууд эгч н.й, н.ргийн мэдүүлэгт тодорхой байдаг. Х.н бол Д.ыд 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөнгө өгсөн, АНУ руу явахын өмнөх өдөр өгсөн гэдгээр тодорхой тайлбарладаг. Гэтэл энэ өдөр өгөөгүй, энэ өдөр зөвхөн итгэмжлэл хийж өгсөн, мөнгө өгөх ямар ч нөхцөл бүрдээгүй, шууд итгэмжлэл хийж өгчхөөд салж явсан байдаг.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөнгө өгсөн гэж тайлбар, дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Д.ыын хувьд Х.нгоос бодитой мөнгө аваагүй. Ч.ыы шахалтын үндсэн дээр авто засварын газрын эрхээ барьцаалах нэрийн дор 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Х.нд итгэмжлэл хийж өгсөн. Х.н итгэмжлэл хийж өгсний дараа би Ч.ыд мөнгийг чинь интернэт банкаар хийчихнэ, би маргааш АНУ руу явна гэж хэлсэн байдаг. Д.ы 2016 оны 05 сард өөрийнх нь авто засварын газрын эрх Ч.ы дээр шилжсэнийг мэдсэн, Ч.ыы газрыг авах зорилготой байсныг мэдсэн.

4.3 1-р хавтаст хэргийн 150-р талд авагдсан гэрч Д.гын төрсөн дүү Д.ыын мэдүүлгээс тухайн үед болсон үйл баримт тодорхой. Ч.ы 80,000,000 төгрөгийг өрөндөө авсан ч түүний зарцуулалтаа хувийн бизнестээ зарцуулсан, өрөндөө өгсөн, Аөд бүгдийг нь өгсөн гэх мэтээр зөрүүтэй мэдүүлдэг. Нэхэмжлэгч 80,000,000 төгрөгийг Д.ыд, эсхүл Д.ыын өмнөөс Ч.ыд шилжүүлснээ нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасныг анхан шатны шүүх хэрэглээгүйд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад ч Х.н Д.ыд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 80,000,000 төгрөгийг зээлүүлсэн эсхүл залилан мэхлүүлж өгсөн гэх үйл баримтыг аль нь ч тогтоогдоогүй байна гэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ДШМ/ магадлалд дүгнэсэн. Нэхэмжлэгч Х.н эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцохдоо Д.ыаас хүү гэж нэг ч төгрөг аваагүй гэж мэдүүлсэн атлаа иргэний шүүх хуралдаан дээр түүний төлөөлөгч 12,293,760 төгрөг төлсөн гэж огт байхгүй, гэрч Ч.ыы зохиосон зүйлийг шүүх үндэслэл болгон дүгнэлт хийсэн. Хариуцагч Д.ыын хувьд Х.нгоос нэг ч төгрөг аваагүй бөгөөд нэг ч төгрөг буцааж төлж байсан удаа байхгүй. Хүүгийн төлбөр буцааж төлсөн гэж энэ хэргийн хувьд ганцхан Ч.ы мэдүүлдэг бөгөөд Х.н анхнаасаа нэг ч төгрөг буцааж аваагүй гэж мэдүүлснээсээ эрс зөрүүтэйгээр гэнэт мөнгө авсан мэтээр иргэний нэхэмжлэл гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга:

5.1 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь хэд хэдэн нотлох баримтаар тогтоогдож байна. Хариуцагчийн гомдолд дурдсан тухайн мэдүүлгүүд нь зөвхөн хариуцагчид ашигтай байдлаар байгаа мэдүүлгүүд байна. Мөн анхан шатны шүүхэд тухайн нотлох баримтуудыг хангалттай дурдаж байсан. Үүнд, Нэгдүгээр хавтаст хэргийн 2, 10, 12, 13 38, 40, 148, 149, 153, 155, 169, 170, 203, 204, хоёрдугаар хавтаст хэргийн 115 талд авагдсан мэдүүлэг болон нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага тогтоогдож байна гэж үзсэн. Манай зүгээс 80,000,000 төгрөгийг бодитоор хүлээлгэж өгсөн бөгөөд авсан гэдгийг хариуцагч Д.ыын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. 2 удаагийн мэдүүлгээр би авсан гэхдээ төлөхгүй гэж мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн гэх боловч өөрөө өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхгүй гэх хүсэлтээ гаргаж өгсөн байдаг.

Мөн хоёрдугаар хавтаст хэргийн 115 дугаар талд авагдсан баримтад Д.ы гарын үсэг зурж, сарын 5 хувийн хүүтэй 80,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс зээлж байна гэх баримтыг үйлдсэн. Тухайн баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж маргасан боловч уг маргааны талаар үндэслэлтэй нотлох баримт байхгүй. Тухайн нотариатч хэн ч гомдол гаргаж болох бөгөөд тухайн гомдол нь үндэслэлтэй байгаа тохиолдолд нотариатын буруутай үйлдэл байсан эсэх нь тогтоогдоогүй тул гомдолд үндэслэл болгон тайлбарлаж болохгүй. Мөн н.ыд өгсөн гэх тайлбар байдаг боловч гомдолдоо хэн алинд нь өгөөгүй гэж тайлбарласан. Х.нгийн зүгээс Д.ыд өгсөн 80,000,000 төгрөг нь тухайн 2 хүний хоорондын гэрээний харилцаа явагдаж байна. Тухайн гэрээний харилцаагаар олж авсан 80,000,000 төгрөгөө хэнд, хэрхэн ямар зорилгоор өгөх нь нэхэмжлэгч болон зээлдүүлэгчид ач холбогдолтой биш юм. Мөн 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Америк руу явсан тул тухайн өдрөө 2 дугаар хавтаст хэргийн 115 дугаар талд авагдсан баримтыг үйлдэх боломжгүй байсан гэж тайлбарласан. 1 хоногт 24 цаг буюу шөнийн цагийг хассан тохиолдолд 16-18 цагт Америак руу явахаас өмнө тухайн баримтыг 5 минутын дотор үйлдэх боломжтой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож тайлбарласан. Тухайн үед эд хөрөнгийг авахдаа итгэмжлэл үйлдэж авсан боловч нэр дээрээ шилжүүлэн аваагүй. Учир нь эзэмшил газар байдаг тул дараагийн үр дагавраа бодож, тухайн үед шилжүүлэн аваагүй гэж тайлбарласан. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан н.ыы мэдүүлэгт би банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, Х.н, н.ыы төлбөрийг барагдуулах гэж байгаа тул барьцаа хөрөнгийг буцааж авч өгнө гэж хэлсний дагуу н.ы өөр дээрээ шилжүүлэн авч, буцааж Д.ыд шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар 200,000,000 төгрөгийн зээл авсан. 2016 оны 07 дугаар сарын байдлаар 106,000,000 төгрөгийн зээлтэй болсон. Тухайн 106,000,000 төгрөгөөс 12,293,760 төгрөгийг нь Х.нд өгч, 94,106,240 төгрөг үлдсэн гэх н.ыы мэдүүлэг байдаг. Эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудыг шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй боловч зээлийн харилцаа явагдаж байна. 2016 оноос хойш хохирч байгаа тул тухайн нотлох баримтуудаа эрүүгийн хэрэгт хавсаргаж өгсөн. Эрүүгийн хэргийн хавтаст хэргээс иргэний журмаар хэргийг шийдвэрлэж байхдаа нотлох баримтуудыг цуглуулахаас өөр арга байхгүй.

5.2 Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээний ерөнхий нөхцөл, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлд 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн. Мөн иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар эд хөрөнгө буюу мөнгө шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдаж, тухайн нөхцөл байдлаа тодорхойлно гэж заасан нь заавал бичгээр хийнэ гэсэн утгатай биш юм. Тухайн гэрээний ерөнхий нөхцөлийг хангасан тул анхан шатны шүүхийн шийдвэрт тусгах шаардлагагүй байсан гэж үзсэн. Нэхэмжлэгч Х.нгийн эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлгийг хоорондоо зөрүүтэй гэж тайлбарласан боловч 2015 оны 12 дугаар сарын 18, 19, 20 гэх он сар өдрүүдийг андуурч хэлснийг зөрүүтэй гэж үзсэн. Д.ыд мөнгийг хаана өгсөн, ямар үйл баримтууд болсон талаар 1,2 хоногийн дотор мөнгө өгөх болон итгэмжлэл хийх гэж өөр өөр газар очсон үйл баримтууд байдаг. Мөн анх мөнгийг зээлэх саналыг гаргахдаа өөр үйл баримтууд байсан тул тухайн мэдүүлгүүдэд дурдсан. Утга агуулгын хувьд мөнгө өгсөн талаар зөрүүтэй мэдүүлэг өгч байгаагүй. Гарын үсэг зурсан талаар хариуцагч тал нь маргадаггүй бөгөөд н.ыы дарамт шахалтаар тухайн үйлдлийг хийсэн тохиолдолд ямар шалтгаанаар өнөөдрийг хүртэл н.ыд холбогдуулан гомдлыг шаардлага гаргаагүй эсхүл цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Хэрэгт авагдсан н.ы, н.Эрдэнэтөмөр нарын Д.ытай мөнгөний өглөг болон авлагын харилцаанаас үүссэн шүүхийн шийдвэрүүд нь нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт авагдсан. Д.ы нь бусдаас зээл авдаг бөгөөд тухайн зээлийг буцаан төлөхдөө бэлэн мөнгөөр өгсөн гэдгээ нотлогдохгүй гэдгийг үндэслэж буцааж төлөхгүй гэх байдлаар шаардлага гаргасан. Хариуцагчийн төрсөн эгч, дүү болох Д.й болон н.р нарын мэдүүлгүүдэд дурдагдсан. Х.нгоос 80,000,000 төгрөгийг авч, н.ыд өгнө гэж хэлсэн тул өөрсдийн өмчлөлийн хөрөнгийг бусдад шилжүүлэх итгэмжлэлийг олгосон гэх мэдүүлэг авагдсан. Х.нгоос Д.ы нь мөнгө зээлэх гэж байсан асуудлын үр дагавраар итгэмжлэлийг хийж өгсөн гэдгийг Д.ыын хувьд ах дүү нартаа ойлгуулж хэлсэн. Тухайн баримтуудыг үндэслэж анхан шатны шүүх нь хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг үндэслэлгүй болгосон боловч нотлох баримтад үндэслэж хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Х.н нь хариуцагч Д.ыд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 26,399,999 төгрөг, нийт 106,399,999 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 12,293,760 төгрөгийг хасаж, үлдэх 94,106,240 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор аваагүй гэж тайлбарлан маргажээ.

2.1 Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх буюу нэхэмжлэгч нь хариуцагчид 80,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

2.2 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлдэгчид мөнгөн хөрөнгийг гэрээнд зааснаар зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэг үүснэ.

2.3 Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 80,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчээс шилжүүлж авсан нь түүний 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад сэжигтнээр мэдүүлсэн ...н эгчээс 80,000,000 төгрөг зээлээд ыд өгчихсөн юм. Энэ мөнгийг н эгчийн гэрээс нь ытай хамт очоод авчихсан юм гэх тэмдэглэл /1хх 116-117/ болон 2 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр талд авагдсан хариуцагчийн үйлдсэн ...2015 оны 12 сар 20-оос эхлэн 80.0 сая /наян сая/ төгрөгийг 5 % хүүтэйгээр сар бүрийн 20-нд 4.0 сая /дөрвөн сая/ төлөхөөр тохиролцов. Тохирсон хугацаанд төлөөгүй үед алданги 80.0 саяас тооцно гэх баримтаар тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд 80,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан буюу нэхэмжлэгчээс гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн ...мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч бодитоор хариуцагчид шилжүүлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 12,293,760 төгрөгийг хариуцагч төлсөн гэх тайлбарт үндэслэн анхан шатны шүүх үндсэн зээл 80,000,000 төгрөгөөс уг 12,293,760 төгрөгийг хасаж, үлдэх 67,702,240 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний хүүгийн төлбөр 26,404,000 төгрөгийг талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Иймд талуудын зарчимд үндэслэн энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй.

5. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байхаас гадна техникийн шинжтэй алдаа гаргаж Иргэний хуулийн гэж хоёр давхардуулан бичсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,404,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоогүй байгааг тус тус залруулж өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/03557 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.ыаас зээлийн гэрээний үүрэгт 67,702,240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,404,000 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,461 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН