Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 00132

 

  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга С.Гончигбал,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Хохирогч Б.Нямдорж,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Б д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802002130155 дугаартай, 163/2018/0127/Э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Бо овогт Н.Б  

Холбогдсон хэргийн талаар:

     Яллагдагч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 14-20-ны өдрүүдийн хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэрт орших “Туулын тохой” гэх газарт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаль экологид 3269923 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Маргаан бүхий Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн Туулын тохой гэх газар нь урьд  нь ухаж ашигласан талбай байсан. 2018 оны 4 дүгээр сард бид тэр талбайруу орж машин орох зам гаргах гээд хэсэг газрын хөрс хуулсан, Тэгж байтал хотоос мөрдөн байцаах алба ирж манай үйл ажиллагааг зогсоосон. Одоо тэр газартаа нөхөн сэргээлт хийсэн. Би гэм буруутайгаа ойлгож, гэмшиж байна. Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлөх болно. Миний ар гэрт 14 настай бага насны хүүхэдтэйгээ хамт амьдардаг энэ байдплыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр ял шийтгэж өгнө үү  гэв.

1802002130155 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Б.Нямдоржийн өгсөн: Би 2018 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн Туулын тохой гэх газарт эргүүл шалгалтаар явж ажиллаж байтал Н.Б нь уг газарт зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байхаар нь түүнийгээ зогсоох албан мэдэгдэл өгсөн боловч үйл ажиллагаагаа зогсоосон боловч газар чөлөөлөөгүй. Намайг очиход ойролцоогоор 20х20 метр харьцаатай газар ухсан байсан. Гэхдээ алт угааж, буудаж байгаа зүйл байхгүй байсан. Намайг очиход Н.Б  байхгүй ажилчид нь гээд 4 хүн байсан. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж заасан байдаг. Н.Б хууль бус үйлдлийн улмаас учирсан эвдэгдсэн талбайн хэмжээ нь 868.4 мк хохирлын үнэлгээ нь 3269923 төгрөг гарсан байна. Нөхөн төлбөрийг Бүрэгхангай сумын Байгаль хамгаалах сангийн 100040355402 тоот дансанд төлүүлж өгнө үү. Манай сум  Шижир арвай ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээг 2018 онд байгуулаагүй. Н.Б нь уг газарт ямар нэг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлож байсан гэх мэдүүлэг /хх-26-27 тал/

Гэрч О.Билгүүний өгсөн: ....2018 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө 09 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн Тамсаг гэх газарт ирэхэд 30х15 орчим метр хэмжээтэй 8-9 орчим метр гүнтэй газар ухчихсан байсан. Очирдарь бид 2 Н.Б  ахын эксковаторыг жолоодоод газрынх нь хойд талд үргэлжлүүлээд зогсоохгүйгээр ухаж эхэлсэн. Ойролцоогоор 20х20 метр хэмжээтэй орчим гүнтэй газар ухсан. Н.Б  ах намайг очоод ажиллаад өгөөч гэхээр нь би ирээд ажиллаж байсан. Би бичиг баримтыг нь үзээгүй гэх мэдүүлэг /хх-28 тал/

 

Гэрч Ч.Энхболдын өгсөн: Н.Б  дүү Мөнхтулгын хамт 2018 оны 04 дүгээр сарын эхээр ирсэн. Намайг ирэхэд уурхай ажиллаж эхлээгүй байсан ба уурхай ажиллах бэлтгэлээ хангаж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хөрс хуулалт хийж ажиллаж эхэлсэн. Хөрс хуулалтыг Булгантамир гэх залуу эксковаторыг жолоодож 3 өдөр ажиллаж байгаад ар гэрт нь асуудал гарлаа гээд буцаад явсан. Тэр хоёрыг явсны дараа Н.Б  2018 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө Улаанбаатар хотоос Очирдарь, Билгүүн гэж 2 оператор авч ирээд 18, 19-ний өдрүүдэд ажиллуулж хөрс хуулалт хийлгэсэн. Булгантамир, Очирдарь, Билгүүн нарын ухсан газар нь өмнө нь ухаж байгаагүй эрүүл газар байсан. Ухсан газар нь ойролцоогоор 50х20 метр харьцаатай нүхний гүн ойролцоогоор 4-5 метр л байх гэж бодож байна  гэх мэдүүлэг /хх-29 тал/

            Гэрч Б.Болдын өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Н.Б тай Улаанбаатар хотод уулзаж тэр өдрийнхөө шөнөдөө Н.Б  уурхай дээр ирсэн. Намайг ганцааранг нь түрүүлж авч ирсэн шалтгаан нь эксковатораа засаж ажилд бэлтгэх зорилготой байсан....Хөрс хуулалт хийснээс өөрөөр ямар нэг олборлолт явуулж чадаагүй байсан. Н.Б  уурхайг ерөнхийд нь хариуцаж ажиллуулдаг, Мөнхтулга нь Н.Б  дор хүмүүсээ удирдаад ажиллаж байсан. Очирдарь, Билгүүн нар экскавотарын жолоочоор, Ганхуяг манаачаар, Энхболд, Найдан нар туслахаар ажиллаж байсан. Энэ уурхай дээр 2 эксковатораас гадна 2 хово машин байгаа боловч жолоочгүй байгаа гэх мэдүүлэг /хх-31 тал/

            Гэрч О.Очирдарийн өгсөн: Би Улаанбаатар хотод ажилгүй байж байсан чинь манай Цэрэн гэдэг ах надруу 99110017 гэсэн дугаараас 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр залгаад “5 хоног хөдөө экскавтор дээр ажиллаж үз” гэхээр нь би гэртээ ажилгүй байхын оронд хэд хоног ажилъя гэж бодоод зөвшөөрсөн юм. Тэгээд 4 дүгээр  сарын 17-ны өдрийн 23 цагийн үед 5 шард тос зардаг газар очоод Н.Б  гэдэг хүнтэй уулзаад найз Билгүүний хамт бид 3 хотоос гараад 4 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цагийн үед уурхай дээр ирсэн. Бид 2 ирээд би амарч Билгүүн шууд экскаватор дээр ажиллаж эхэлсэн. Би 04 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цагаас 19-ний өдрийн 08 цаг хүртэл гарч ажилласан. Бид хоёрыг ирэх үед гүнзгий ухагдсан хэсгийг ухчихсан байсан. Билгүүн цаад талын хэсгийн талыг нь би үлдсэн хэсгийг нь ухаж шороог нь хажууд талд гаргасан. Цалинг анх өдрийн 50000 төгрөгөөр тохирсон гэх мэдүүлэг /хх-32-33 тал/

Гэрч Н.Мөнхтулгын өгсөн: Энэ уурхайг  манай төрлийн ах Намсрайн Н.Б  ажиллуулдаг. Манай ажиллаж байгаа энэ уурхай Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст баг Тансаг нэртэй газар байдаг. Энэ уурхай манай ахын уурхай болохоор би ажиллах гээд 2018 оны 04 дүгээр сарын эхээр ирсэн. Ирээд машин техник хэрэгслийн засвар хийсэн. Ер нь бол 10 гаран хонож байна. Энэ хугацаанд засвараас өөр байрлаж байгаа газраас 800 орчим метр зайтай газар эрүүл урьд устгагдаагүй байсан газарт хөрс хуулалтын ажил явуулж байна. Албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй. Уурхай дээр байх ёстой бичиг баримт байхгүй. Өнгөрсөн жил бас энэ уурхай дээр ажиллаж байсан. Тэр үед би байгаагүй болохоор мэдэхгүй байна. 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хөрс хуулалт эхэлсэн. Ажиллаж байгаад дарчихсан байсан газрын цаад талд байх эрүүл газрыг ухсан гэх мэдүүлэг /хх-37-38 тал/

Гэрч Г.Батжүгдэрийн өгсөн: Н.Б манай сумын харъяат биш, ямар нэг хуулийн этгээд болон нөхөрлөлийн нэрээр олборлолт явуулаагүй. Тийм болохоор нөхөрлөл байгуулж үйл ажиллагаа явуулах боломжгүй...Уг газар өмнө ухагдаагүй эрүүл газар байсан гэх мэдүүлэг /хх-41 тал/

Гэрч Бо.Баянмөнхийн өгсөн:...2018 оны 04 дүгээр сард өнгөрсөн жил манай талбайн хажуу талд алт олборлож байсан хүмүүс манай талбай руу нэвтэрч эрүүл газар ухаад ороод ирсэн байсан. Тэр үед нь бид нар очиж манай талбай руу нэвтрэхгүй байх шаардлага тавьсан. Манайд учирсан хохирол байхгүй, тэдгээр хүмүүс ухсан нүхээ өөрсдөө булсан байна гэх мэдүүлэг /хх-43 тал/

Гэрч Ба.Баянмөнхийн өгсөн: ...Манай компани 2017 онд 11.9 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж, 2017 оны 11 дүгээр сард Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгсөн. Харин 2018 онд нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулаагүй, нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй. 2017 онд нөхөн сэргээлт хийхээр байгуулсан гэрээний хугацаа нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хүчинтэй байсан. Би Булган аймгийн  Бүрэгхангай суманд 2017 онд нөхөн сэргээлтийн ажил хийхдээ Н.Б  гүйцэтгэх захирлаар авч ажиллуулж байсан. Нөхөн сэргээлтийн ажил дуусаад Н.Б  ажлаас нь чөлөөлсөн. Одоогоор манай компанид ямар нэг ажил албан тушаал эрхэлдэггүй. 2018 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Н.Б тай хамтарч ажиллаагүй гэх мэдүүлэг /хх-45-46 тал/

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №1/18 дугаартай Байгаль орчны зөвлөх нуман-Алтай ХХК-ийн Экологи эдийн засгийн шинжээчийн дүгнэлт /хх-57-87тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-15 тал/, эд мөрийн баримт хураан авах тэмдэглэл /хх-16-17 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 175 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 14-20-ны өдрүүдийн хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэрт орших “Туулын тохой” гэх газарт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох, ашиглах зорилгоор байгаль экологид 3269923 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.       

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч Б.Нямдорж, гэрч О.Билгүүн, Ч.Энхболд, Б.Болд, О.Очирдарь, Н.Мөнхтулга, Г.Батжүгдэр, Бо.Баянмөнх, Ба.Баянмөнх  нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №1/18 дугаартай Байгаль орчны зөвлөх нуман-Алтай ХХК-ийн Экологи эдийн засгийн шинжээчийн дүгнэлт /хх-57-87тал/, Байгаль орчны зөвлөх нуман-Алтай ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх-116-151 тал/, эд мөрийн баримт хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах зорилгоор газрын хөрсийг ухсан  шүүгдэгч Н.Б дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 3269923 төгрөгийн  хохирол учирсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 9809769 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Н. Н.Б ас гаргуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй ба , эклоги эдийн засгийн үнэлгээр тогтоогдсон  хохирол 3269923 төгрөг, нөхөн төлбөр нийт 9809769  төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул  Булган аймгийн Бүрэгхангай сумын Байгаль хамгаалах сангийн 100040355402 тоот дансанд оруулахаар шийдвэрлэлээ.

        Шүүгдэгч Н.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Н. Н.Б  нь насанд хүрээгүй хүүхдийн хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүний хувийн байдал,хүүхдийн эрхийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

        Шүүгдэгч Н.Б иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл,  битүүмжлэгдсэн зүйлгүй , энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Б овогт Н.Б  тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлолт,боловсруулалт явуулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Б т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 зааснаар шүүгдэгч Н.Б гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг  зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.    

4. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Б ас 9809769 төгрөгийг гаргуулж  Булган аймгийн Бүрэгхангай сумын Байгаль хамгаалах сангийн 100040355402 тоот дансанд оруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл,  битүүмжлэгдсэн зүйлгүй,болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

  

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНДУЛАМ