Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00289

 

2023 02 01 210/МА2023/00289

 

 

Ц.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 00 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/04841 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Д,

Хариуцагч: О.Өт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч О.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороонд байрлах 500 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар Ц.Дд олгосон. Уг газар дээр 2018 оноос хариуцагч О.Ө нь миний зөвшеөрөлгүйгээр амьдрах болсон. Би удаа дараа газар чөлөөлөх талаар шаардлага тавьдаг боловч газрыг чөлөөлж өгөөгүй.

Иймд Баянзүрх дүүрэг, , 00 дүгээр хороонд байрлах 500 м.кв талбайтай газрыг хариуцагч О.Өийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Мини бие тухайн газарт 2016 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа. Уг газрын гэрчилгээг гаргуулах гээд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 4 хуудас материал өгч 4129-д бүртгэгдэж байсан. Мөн дахин 2020 онд 4 хуудас материалуудыг өгч 2590-д бүртгэгдэж байсан. Бичиг баримтаа хөөцөлдөхөөр очиход хүний нэр дээр бичиг баримт нь гарсан байна гэж хэлсэн.

2.2 Биднийг 2016 онд анх уг газар дээр бууж байхад битүү дүүрэн хур хогтой байсан. Тухайн газрын ойр орчмын хогийг цэвэрлэж, хашаажуулж авсан. Би хогийн цэг дээр 7 жил амьдраад хоггүй болгосон тул чөлөөлөхгүй. Би газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, 000, 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0000000000000 дугаартай, 500 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-0000000 дугаарт бүртгэгдсэн газрыг хариуцагч О.Өийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Өээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Дд олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 О.Ө 2016 оноос хойш уг газар дээр амьдарч, хогийн цэг байхад нь арчилж хамгаалж тордон амьдарсаар ирсэн. Гэтэл 2021 оноос Ц.Д гэх хүн амаар болон төлөөлөгчөөр явуулсан шүүхэд хандсан. Миний амьдарч байгааг тухайн газрын иргэд болон Баянзүрх дүүргийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч батална. Харин Ц.Д уг газарт огт амьдарч байгаагүй. Надад өөрийн албан бичиг болон шаардах нүүх хуудас огт өгч байгаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар Ц.Д нь уг газарт 2-3 жил амьдраагүй тул эзэмших эрхийг цуцалж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Улсын бүртгэлийн гэрчилгээ 2016 онд гарсан. Хог цэвэрлэх асуудлыг хороо, дүүрэг шийдвэрлэнэ. О.Ө нь анх 2016 онд Газрын албанд энэ газарт гэрчилгээ авъя гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан гэж тайлбарладаг. 2016 онд Газрын албанаас уг газар нь эзэнтэй газар байна гээд байхад нь мэдсээр байж хогийг нь цэвэрлэж, тухайн газрыг чөлөөлж өгөхгүй өдийг хүртэл амьдарч байсан. Манайхаас удаа дараа шаардлага тавьсаар байхад одоог хүртэл газраа чөлөөлж өгөхгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч О.Өт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, хаягт байрлах, нэгж талбарын 0000000000000 дугаартай, гэр, орон сууцны хашааны зориулалттай, 500 м.кв талбайтай газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...2016 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа. Тухайн газрын ойр орчмын хогийг цэвэрлэж, хашаажуулсан. ...Би хогийн цэг дээр 7 жил амьдраад хоггүй болгосон тул чөлөөлөхгүй... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, хаягт байрлах, нэгж талбарын 0000000000000 дугаартай, гэр, орон сууцны хашааны зориулалттай, 500 м.кв талбайтай газрыг Ц.Дд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, эрхийн улсын бүртгэлийн Э-0000000 дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдсон. /хх 6-7/

3.1 Түүнчлэн, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15/1792 дугаар албан бичгээр дээрх шийдвэр хүчин төгөлдөр болохыг тодорхойлсон байна. /хх 36/

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шударга эзэмшигч гэж үзсэн нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт нийцсэн байна.

4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.

4.1 Хариуцагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр маргааны зүйл болж буй газрыг эзэмшиж байгаа болох нь хэргийн баримт болон түүний шүүхэд гаргасан ...Би газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй гэсэн тайлбараар тогтоогдсон. Түүнчлэн, хариуцагчийн татгалзалд дурдагдсан ...2016 онд маргаан бүхий газарт буусан, одоог хүртэл амьдарч байгаа гэх тайлбар нь түүнийг уг газрын шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлөхийг шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 00 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/04841 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

М.БАЯСГАЛАН