| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0141/Э |
| Дугаар | 00157 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 00157
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч С.У ,
шүүгдэгч Ч.Э , Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э , Ч.Г нарт холбогдох эрүүгийн 1815002770157 дугаартай, 163/2018/0141/Э индекстэй хэргийг 2018 дугаар 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, М овогт Ч.Э
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Ч.Г
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Э , Ч.Г нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт “Нумт” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ч.Г гийн эхнэр С.У зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.У ийн өгсөн: Би Увс аймагт амарч байгаад 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэртээ ирсэн. Тэгэхэд манай гэрээс төмөр таваг, төмөр хуруувч зэрэг зүйлүүд алга болсон байсан. Тэгээд нөхрөөсөө асуухад манай эгч л орж гараад хоол унд хийж байсан. Өөр хүн байгаагүй гэж хэлсэн. Тэгээд Даваадоржийн цайны амбаарт хадам эгч Ч.Э тэй ярилцаж та яагаад худлаа яриад байгаа юм бэ миний эд зүйлийг авсан уу гэж хэлсэн чинь энд ирээд хэрүүл хийгээд байхдаа яадагын гээд түлээний хайрцагнаас мод аваад миний толгой руу 3 удаа цохиход толгой хагарч цус гарахаар нь модыг нь булааж авахаар хоорондоо ноцолдоод , зодолдоод байж байсан чинь гаднаас манай нөхөр Ч.Г орж ирээд үг дуугүй толгой руу шилбүүрээр 2 удаа ороолгочихоод алчихъя гээд хутга хайж байхад эгч нь алчих алчих гэж хэлсэн. Ер нь Ч.Э эгч манай гэрээс үе үе эд зүйл хулгайлаад байдаг. Үүнээс болж бидний хооронд хэрүүл маргаан болдог. Сүүлд Ч.Э эгчийн гэрт сууж байхад манайхаас авсан эд зүйл нь гарч ирсэн. Надад энэ хэргийн улмаас 284000 төгрөгийн хохирол төлбөр гарсан. Тиймээс энэ мөнгийг хоёр шүүгдэгчээс тэнцүү хувааж гаргуулах саналтай байна гэх мэдүүлэг,
1815002770157 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч С.У ийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хангал сумын 2 дугаар багийн нутаг Нумт гэх газар Даваадоржийн цайны амбаарт хадам эгч Ч.Э г яагаад худлаа хэлээд байгаа юм гэж хэлсэн чинь энд ирээд хэрүүл хийгээд байхдаа яадагын гээд түлээний хайрцагнаас мод аваад толгой руу 3 удаа цохиход толгой хагараад цус гаргахаар нь би модыг нь булааж авах гээд хоорондоо ноцолдоод ,зодолдоод байж байсан чинь гаднаас манай нөхөр Ч.Г орж ирээд үг дуугүй толгой руу шилбүүрээр 2 удаа ороолгочихоод алчихья гээд хутга хайсан чинь эгч нь алчих алчих гэж хэлсэн. Тэгээд нөхөр Ч.Г , хадам эгч Ч.Э бид гурав амбаараас гадаа гарч ирээд цагдаа руу утсаар ярьж хэлчихээд. Хангал сум дээр ирж эмчид үзүүлсэн. Би 07 дугаар сард Увс аймаг яваад ирсэн чинь манай 2 ширхэг төмөр таваг байхгүй, усны тэрэг эвдэрсэн, орос төмөр хуруувч, байхгүй байхаар нь хадам эгч Ч.Э д хэлсэн чинь би хуруувч, таваг аваагүй, тэргийг үхэр гишгээд эвдсэн гэж хэлсэн. Тэгээд л энэ асуудлаас болоод хэрүүл болж намайг зодсон. Мөн манайхыг нутгаас хөөж туугаад байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/,
Гэрч Б.Дэжидмаагийн өгсөн: Иргэн С.У нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өглөөний 11 цагийн үед өөрийн биеэр ирж эмнэлэгийн анхны тусламж авахдаа нөхөр болон, нөхрийнхөө эгчид зодуулсан гэсэн. Би биед нь анхны үзлэг хийхэд толгой нь хагарсан, үүдэн доод шүд нь унасан, зүүн гуяны гадна дээд хэсэгт хөхөрч хавдсан байсан. Тухай үед даралт нь ихэссэн байсан. Ганцаараа ирсэн. Ирэхдээ арай хийж зугатааж замын унаа тосож ирлээ гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,
Гэрч Г.Эрдэнэбаярын өгсөн: Ээжийг зодуулдаг өдөр би утсаар ярихад манай аавын эгч Ч.Э болон аавд чинь зодууллаа гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад зодсон талаар нь асуухад хоорондоо маргалдсан юм билээ. Ээжийг Увс явсан үед аавын гэрээс юм алга болсон гэсэн. Түүнийгээ ээж Ч.Э гээс асуугаад л хоорондоо хэрэлдэж маргалдсан гэсэн. Толгойг нь цохиж хаЧ.Г гэж хэлсэн. Мөн биеийнх нь гуяанд дээр хөхөрсөн байсан. Ч.Э болон аавыг энд тэнд тийм юмаар хэдэн удаа цохисон гэж надад хэлээгүй цохиж зодож байгаагүй харин урд нь Ч.Э манай ээжийг миний санахаар 2009 онд зодож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,
Шүүгдэгч Ч.Э гийн яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр сааль сүүнийхээ амбаарт сүүгээ хөөрүүлээд сууж байхад манай дүү Ч.Г орж ирээд эхнэр С.У таныг 3 ширхэг таваг хулгайлж авсан гээд намайг загнаад байна та тавгийг нь авсан бол өг гэхэд би таваг хулгай хийж аваагүй учраас би аваагүй чи юу ярьж байгаа гэхэд дүү Ч.Г гаа хөөгөөд гаргасан. Тэгээд С.У гэрээсээ гараад гүйж ирэнгүүт чи муу дүлий гичий би чиний хэлсэн бүх үгийг сонссон гээд намайг гараараа хацар луу хоёр удаа толгой руу нэг удаа нийт 3 удаа алгадахад нь чи үндэсгүй юмаар намайг хулгайгаар хардаад бай гээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэр үед галын модны хайрцагнаас мод аваад айлгах гээд далайснаа мэдэж байна. Тэгэхэд С.У амбаарын үүдээр орж ирээд намайг 40 литрын савны хажуу руу шахаж зогсоод намайг нүүр ам толгой тарихгүй гэмтээж зодсон. Тэгээд би хэсэг зодуулсны дараа ууган бэр С.У ийг хоёулаа больё жаахан хүүхдүүд бишдээ хөгшин авгай хөгшин чавганц байна хоёулаа ярилцья гэхэд миний үгийг ойшоогоогүй намайг зодсоор байсан би арга буюу хүний гараас гарахын тулд Ч.Г г ирж авгайгаа ав гэж 2-3 удаа дуудаад ирсэн тэгээд Ч.Г г орж ирхээд С.У миний дээр дараад суусан байсан тэгэхэд Ч.Г эхнэр С.У ийг чи энд юу хийж байгаан гэхэд дуугараагүй. С.У намайг 3 тавагнаас болж зодлоо чи авгайгаа аваад гараач гэхэд Ч.Г хүүш явья гэж хэлээд гараас нь хөтлөөд авч гараад гэрлүүгээ явсан. Тэгээд С.У ахиад 10 минутын дараа буцаж ирсэн. Ирэхдээ С.У ийн хацараас цус гарсан байсан цусаа гараараа арчиж аваад миний нүүр аманд түрхээд миний цусыг идэж цадаж гээд намайг газар унагаж толгойтой үснээс 2-3 угз татаж хөлөөрөө өшиглөж зодсон. Зодож байхдаа чамайг Хангалын цагдаад хэлнэ шүүхэд өгнө насаар чинь чамайг өргөстэй торны цаана хатаана гэж сэтгэлийн дарамтанд унагасан. Тэр үед Ч.Г гийн гадаа цэнхэр машин байхаар нь тэр машины зүг энэ хүн намайг зодоод байна ирж намайг авраач гэж хашигирсан. Тэгж хэлэнгүүт С.У гэрлүүгээ явсан. Тэр үед 11 цаг болж байсан хонь бэлчээгүй байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33 хуудас/,
Шүүгдэгч Ч.Г гийн яллагдагчаар өгсөн: Эхнэр С.У хэд хоног Увс аймаг явж байгаад бараг сар болоод ирсэн юм. Тэр өглөө эхнэр С.У намайг байхгүйд манай хөнгөн цагаан таваг алга болсон байна манайхаар намайг байхгүйд хэн ирсэн бэ гэхээр нь Гомбоо дарга эхнэр Хишигтийн хамт ирж хонь алж аваад явсан. Мөн эгч Ч.Э хөнгөн цагаан тавагаар надад хоол цай зөөж өгч байсан гэж хэлчихээд хониндоо явж байхад удаагүй эхнэр С.У эгч дээр очсон зодоон цохион болж байгаа бололтой эгч Ч.Э энэ авгайгаа аваач хүн зодоод алах нь гэхэд би амбаарт яваад ороход хоёулаа бие биенийгээ үсдсэн байдалтай С.У эгч Ч.Э гийн дээр суусан байхаар нь салгах гээд салж өгөхгүй болохоор барьж явсан шилбүүрээр хоёр удаа мөрөн дээр нь цохьсон чинь тэгээд л С.У амбаараас гарч яваад гэрт очоод утсаар ах дүү болон цагдаа руу ярьсан юм билээ. Би тэндээс хониндоо яваад өгсөн. Би сайн анзаарж хараагүй. Би шилбүүрээр цохиод хаЧ.Г байх гэж бодож байна. Яагаад гэхээр намайг шилбүүрээр цохьсоны дараа толгой хагалчихлаа гээд гараад явсан гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 224 дугаартай дүгнэлтээр:
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 271 дугаартай дүгнэлтээр.
Ч.Э гийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 21 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 28 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 03 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34-39 тал/, Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Засаг даргын тодорхойлолт /хх 40-41 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Э , Ч.Г нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт “Нумт” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ч.Г гийн эхнэр С.У зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, тэдгээрийн буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч С.У , гэрч Б.Дэжидмаа, Г.Эрдэнэбаяр нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Э , Ч.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Э , Ч.Г нарыг бүлэглэж , гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Э , Ч.Г нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.У т эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч гэм хорын хохиролд 284000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх С. С.У ийн гаргасан нотлох баримтыг шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангасан Медипас эмнэлэгт толгойн MRI 264000 төгрөг, мэдрэлийн эмчид үзүүлсэний 20000 төгрөг нийт 284000 төгрөгийг шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцооны байдлыг харгалзан ижил тэнцүү хэмжээгээр гаргуулж хохирогч С. С.У т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Э , Ч.Г нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ч.Э , Ч.Г нар нь өөрийн амжиргааг залгуулах цөөн тооны мал, тэтгэврээс өөр орлогогүй болох нь тогтоогдож байх тул торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ч.Э , Ч.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ч.Э , Б овогт Ч.Г нарыг бүлэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ч.Г , Ч.Э нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Г , Ч.Э нарын 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Г , Ч.Э нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Г , Ч.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. 1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510. 1-т зааснаар шүүгдэгч Ч.Г гаас 140000 /нэг зуун дөчин мянган/ төгрөг, шүүгдэгч Ч.Э гээс 140000 /нэг зуун дөчин мянган/ төгрөг гаргуулж хохирогч С.У т олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г , Ч.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ