Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2017/00502

 

“Их барилга төсөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06000 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 228 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Их барилга төсөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Сигма-Энержи” ХХК-д холбогдох,

Хамтран ажиллах гэрээний дагуу 804 131 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзориг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Сигма-Энержи” ХХК-тай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Б тал болох “Сигма-Энержи” ХХК нь гэрээний 4.9-д “энэ гэрээний ...үүргийн баталгаа болгож, 500 000 ам.долларын 30 хувьтай тэнцэх 150 000 ам.долларыг Фейюуо /CFMG/ группээс ачигдсан эхний бүтээгдэхүүн DAF Эрээн нөхцлөөр ачигдаж ирсний дараа холбогдох бичиг баримтын дагуу “А” талын дансанд цаг алдалгүй шилжүүлнэ” гэсэн заалтын дагуу үүргийн баталгаа болох 150 000 ам.долларыг манай компанид шилжүүлэх, мөн гэрээний 4.5-д “...500 000 ам.доллар аккредитивийн зээлийг эргэн төлөх хариуцлагыг “Б” тал хариуцна гэж заасны дагуу 500 000 ам.долларыг төлөх үүргийг тус тус хүлээсэн. “Сигма-Энержи” ХХК нь гэрээний 4.9-д заасан үүргийн баталгаа болох 150 000 ам.доллараас 124 573 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд 25 427 ам.долларыг одоо болтол шилжүүлээгүй байгаа. Мөн гэрээний 4.5-д заасан 500 000 ам.долларын аккредитивийн зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй байдаг.Иймээс “Сигма-Энержи” ХХК нь дээрх хамтын ажиллагааны гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир гэрээний 5.1-д заасан алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнтэй хамт нэхэмжилж байна. Дээрх тайлбар үндэслэлүүдээр хамтын ажиллагааны гэрээний 4.9-д заасан үүргийн баталгаа болгон төлөх 150 000 ам.доллараас дутуу төлөгдсөн 25 427 ам доллар буюу 36 308 230 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 12 714 ам.доллар буюу 18 154 829 төгрөг, нийт 38 141 ам.доллар буюу 54 463 060 төгрөг, хамтын ажиллагааны гэрээний 4.5-д заасан 500 000 ам.долларын аккредитивийн зээлийг эргэн төлөх төлбөрөөс дээрх үүргийн баталгаа болгох 150 000 ам.долларыг хасаж үлдэх 350 000 ам.доллар буюу 499 779 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 50 хувьтай тэнцэх алданги 175 000 ам.доллар буюу 249 889 500 төгрөг, нийт 525 000 ам.доллар буюу 749 668 500 төгрөг, бүгд 563 141 ам.доллар буюу 804 131 560 төгрөгийг “Сигма-Энержи” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Нхэмжлэлийн шаардлагад “Сигма-Энержи” ХХК-ийг хамтран ажиллах гэрээний 4.9, 4.5 дахь заалтад хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэж дурджээ. Хамтран ажиллах гэрээний 4.9-д “Сигма-Энержи” ХХК ямар ч үүрэг хүлээх үндэслэлгүй. Учир нь техникийн болон биет байдлын бүрэн бүтэн цахилгаан барааг хүлээж авах, энэ харилцаатай холбогдолтой үр дагаврын ямар ч асуудлаар “Сигма-Энержи” ХХК, CFMG группын хооронд тохиролцоо хэлцэл гэрээ байгуулагдаагүй. “Их барилга төсөл” ХХК нь CFMG групптэй дээрх асуудлаар бие даан хариуцлага хүлээхээр гэрээ байгуулж, тус барааг Улаанбаатар хотод оруулж ирсний дараа “Сигма-Энержи” ХХК-д зөвхөн зарж борлуулах үүрэг хүлээлгэж өгсөн. Иймд дээрх заалтын дагуу буюу Эрээн нөхцлөөр “Сигма-Энержи” ХХК ямар ч хариуцлага хүлээх үндэслэлгүй.“Их барилга төсөл” ХХК нь CFMG групптэй “Сигма-Энержи” ХХК-ийг огт оролцуулалгүй бараа бүтээгдэхүүн оруулах, хүлээн авах, зарж борлуулах, үр дагаварт хариуцлага хүлээх нөхцөл бүхий гэрээ байгуулж, улмаар Анод банктай дур мэдэн үл ойлгогдох, өндөр нөхцөл, шаардлага бүхий гэрээ байгуулж, үүний үр дагавар буюу бүхий л асуудлыг “Сигма-Энержи” ХХК-д хүчээр тохох гэсэн үйлдэл гэж үзэхээр байна. “Сигма-энержи” ХХК нь “Их барилга төсөл” ХХК-тай байгуулсан 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээний эрх үүргийн дагуу 500 000 ам.долларын үнийн дүнд багтааж цахилгаан эрчим хүчний бараа материалыг борлуулах үүрэг хүлээсэн.Тус Хамтран ажиллах гэрээний 3.5-д зааснаар “Их барилга төсөл” ХХК нь БНХАУ-ын группээс 500 000 ам.долларт багтаан хэрэгцээтэй байгаа цахилгаан бараа материалыг авч, Монгол Улсын зах зээлд борлуулах зөвшөөрлийг “Сигма-Энержи” ХХК-д олгосон байна. Ийнхүү олгогдсон эрхийн дагуу дээрхи үнийн дүнд багтаан CFMG группээс “Их барилга төсөл” ХХК-ийн нэр дээр оруулж ирсэн цахилгаан тоолуур хүлээн авч борлуулах үйл ажиллагаа явагдсан боловч “Сигма-Энержи” ХХК-ийн үйлдлээс үл шалтгаалах үйлдвэрлэл, техникийн болон программын чанартай гэмтэл доголдол илэрч, улмаар 3 фазын тоолуур техникийн шаардлага хангахгүй тухай 2004 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үндэсний СХЗТ-ийн дүгнэлт гарч, үүний дагуу доголдол, зөрчлийг арилгуулах, стандартчилалд хамруулах зэрэг нилээд хугацаа, хөрөнгө мөнгө зарсан ажлууд гарсан. Дээрхи нөхцөл байдлаас үүдэн тоолуурыг цаг хугацаанд нь борлуулах үйл ажиллагаа тухайн үед саатаж, үүний үр дүнд тоолуур худалдан авах томоохон хэрэглэгчдээ алдаж улмаар өдий хүртэл уг тоолуурын 70% нь биетээр хадгалагдаж байна. Энэ байдал “Их барилга төсөл” ХХК, CFMG групптэй “Сигма-Энержи” ХХК-ийг оролцуулалгүй яаравчлан гэрээ байгуулсантай холбоотой. Хэрэв “Сигма-Энержи” XXK, CFMG группын хооронд бараа бүтээгдэхүүн хүлээн авах, зарж борлуулах зэрэг олон нарийвчилсан нөхцөл заасан гэрээ байгуулагдсан бол өдийд асуудал маш тодорхой байх байсан. “Сигма-Энержи” ХХК-д ийм бололцоо олдоогүй юм. “Сигма-Энержи” ХХК нь БНХАУ-ын CFMG групптэй бараа материал авах гэрээ байгуулах гэсэн боловч “Их барилга төсөл” ХХК нь зөвшөөрөөгүй бөгөөд тус “Их барилга төсөл”, CFMG группын хооронд ерөнхий гэрээ байгуулагдаж, “Сигма-Энержи” ХХК зөвхөн “Их барилга төсөл” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний эрх, үүргийн дагуу ажилласан. Энэ байдал нь 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 4.1, 4.3-т заасан заалтууд ноцтой зөрчигдөхөд хүргэсэн.Иймд анхнаасаа техникийн доголдол, шаардлага хангагдаагүй байсан тоолуурын борлуулах үйл явц сунжирсны бурууг “Сигма-Энержи” ХХК хүлээх эрх зүйн ямар ч үндэслэлгүй. Тус хамтран ажиллах гэрээний 4.6-д “Их барилга төсөл” ХХК-иас “Анод” банк ба CFMG групптэй байгуулсан гэрээний үүрэг хугацаандаа биелэгдээгүйн улмаас үүсэн гарах хариуцлагыг “Сигма-Энержи” ХХК хариуцахгүй гэж заасан. “Сигма-Энержи” ХХК 2004 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 500 000 ам.долларын үнийн дүнд багтааж “Их барилга төсөл” ХХК-иас цахилгаан бараа актаар хүлээн авсан байдаг. Үүнээс 127 000 ам.долларыг 2004 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс гурав хуваан “Их барилга төсөл” ХХК-д шилжүүлэн өгсөн. Харин энэ шилжүүлсэн төлбөрийг “Их барилга төсөл” ХХК нь Анод банкинд шууд тушаах байсан атал хувийн хэрэгцээнд зарцуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар “Сигма-Энержи” ХХК-ийн худалдан борлуулах ёстой цахилгаан барааны 70% болох 375 427 ам.долларын тоолуур “Анод” банкинд хадгалагдаж байна. “Их барилга төсөл” ХХК, “Анод” банк, “Сигма-Энержи” ХХК-ийн удирдлагууд удаа дараа уулзалт хийж харилцан тохиролцсоны дагуу 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Эд хөрөнгө шилжүүлэх 01 тоот гэрээ” байгуулж, 571 016 000 төгрөгийн үнэтэй цахилгаан барааг “Анод” банкинд худалдан борлуулах зорилгоор шилжүүлэн өгсөн.Иймд “Сигма-Энержи” ХХК нь “Их барилга төсөл” ХХК-д төлөх ямар ч төлбөргүй, харилцан тохирч үйлдсэн гэрээний эрх, үүргийн дагуу хүлээх хариуцлагагүй болно. Ийнхүү холбогдох гэрээний заалтууд болон бусад баримтуудаар “Их барилга төсөл” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үгүйсгэгдэж байгаа гэж үзэж байгаа тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монголбанк шүүхэд гаргасан тайлбартаа:...Монголбанк нь татан буугдсан Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчтай 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 40/2014ЭХА-185 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу “Их барилга төсөл” ХХК-ийн Анод банктай байгуулсан 06050097 тоот зээлийн гэрээний зээл, хүүгийн үлдэгдэл 1 208 692 553,75 төгрөгийн төлбөр авах эрхийг шилжүүлэн авсан ба авснаас хойш зээлийн төлбөр төлөгдөөгүй.Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаар захирамжаар “Их барилга төсөл” ХХК-иас 1 500 343 000 төгрөг гаргуулан Анод банкинд олгохоор шийдвэрлэжээ. Анод банк, “Их барилга төсөл” ХХК, “Сигма-Энержи” ХХК-ийн хооронд 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан 01 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээгээр DDSY-169 маркийн 1 фазын урьдчилсан төлбөрт тоолуур 8071 ширхэг нэгийг нь 56 000 төгрөгөөр тооцон 45 976 000 төгрөг, DDSY-169 маркийн 3 фазын урьдчилсан төлбөрт тоолуур 372 ширхэгийг нэг бүрийг 320 000 төгрөгөөр тооцон 119 040 000 төгрөг, нийт 571 016 000 төгрөгт тооцон талууд худалдан борлуулахаар харилцан тохиролцсон. Анод банк нь тоолуураас дараах байдлаар борлуулсан байна. Үүнд: 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1 фазын 800 ширхэг тоолуурыг нэг бүрийг 17 000 төгрөгөөр тооцон худалдан борлуулж 13 600 000 төгрөгийг “Их барилга төсөл” ХХК-ийн зээлийн төлбөрөөс хассан. 2008 оны 10 дугаар сарын 08-нд 1 фазын 200 ширхэг тоолуур нэг бүрийг 17 000 төгрөгөөр буюу нийт 3 400 000 төгрөг, нэг ширхэг цэнэглэгч 181 ам.доллар буюу 208 000 төгрөг бүгд 3 608 000 төгрөгөөр худалдан борлуулж 1 681 013 төгрөгийг “Их барилга төсөл” ХХК-ийн зээлийн төлбөрт 1 926 987 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн зардалд суутгасан ба нийт 1000 ширхэг 1 фазын тоолуурыг 17 208 000 төгрөгөөр худалдан борлуулж зээлийн төлбөрөөс хассан байна. Татан буугдсан Анод банк дахь банкны эрх хүлээн авагч 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөр “Их барилга төсөл” ХХК-ийн зээлийн барьцаа хөрөнгө болох 1 фазын тоолуур 7048 ширхэг, 3 фазын тоолуур 370 ширхэг, карт цэнэглэгч 7 ширхэг, карт 7 ширхэг CD 1 ширхэгийг Монголбанкинд хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээний 4.3 болон 4.4 дэх заалтуудын дагуу барааг хүлээн авснаас хойш 1 жилийн хугацаанд худалдан борлогдоогүй, барааны гэрчилгээний хугацаа дуусгавар болж дахин сунгагдахгүй болсон нөхцөлүүд үүссэн тул Б тал буюу “Их барилга төсөл” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн үнийн дүн хэвээр хадгалагдаж байгаа болно гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06000 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Сигма-Энержи” ХХК-иас 156 990 794 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Их барилга төсөл” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 647 140 766 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “Анод банк” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн үүргийн гүйцэтгэл хангагдсанд тооцуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч “Их барилга төсөл” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Их барилга төсөл” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 3 623 058 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах, мөн ажлын хөлс 525 000 төгрөг гаргуулан шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-д олгож, хариуцагч “Сигма-Энержи” ХХК-иас 890 954 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Их барилга төсөл” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 228 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06000 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Сигма-Энержи” ХХК-иас хамтран ажиллах гэрээний дагуу 804 131 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Их барилга төсөл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Сигма-Энержи” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 178 607,80 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 228 тоот магадлалыг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.Давж заалдах шатны шүүх гэрээг хэрхэн үнэлсэн, анхан шатны шүүхийн худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж шийдвэрлэсэн, чухам ямар хууль зүйн үндэслэлээр “Хамтын ажиллагааны гэрээ”-ний үүргийг өөрөөр хэлбэл алданги төлөх гэрээний нөхцлийг ямар хууль зүйн үндэслэлээр хариуцагчийг хүлээх үүрэг хүлээгээгүй гэж дүгнэсэн зэрэг нь тодорхойгүй байгаа юм. “Их барилга төсөл” ХХК нь “Сигма Энержи” ХХК-тай нь 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Хамтын Ажиллагааны гэрээ” байгуулсан билээ. Энэхүү гэрээ нь талууд харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан хүчин төгөлдөр, хуульд харшлаагүй гэрээ юм. Иргэний хуульд зааснаар удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг алдагдлыг хувиарлах журам зэргийг зохицуулаагүй тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус болох, уг гэрээгээр харилцан тохиролцсон нөхцлүүдийг дагаж мөрдөхгүй байх үндэслэл байхгүй билээ. Талуудын хооронд байгуулагдсан Хамтын ажиллагааны гэрээний 4.7-д “...“Б” тал CFMG группын албан ёсны дистрибьютерийн хувьд энэхүү гэрээний хэрэгжилтийн явцад “А” талаас CFMG группын өмнө хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлэхийг шаардах эрхтэй...” гэсэн байна. Гэрээний энэхүү заалтаар “Сигма Энержи” ХХК нь CFMG группын албан ёсны дистрибьютер болох нь нотлогдож байгаа бөгөөд “Их барилга төсөл” ХХК нь дур мэдэн гэрээ байгуулан тоолуур оруулж ирэх боломжгүй юм.“Сигма Энержи” ХХК нь бараа хүлээлгэн өгсөн баримтад “...“Их барилга төсөл” ХХК болон “Сигма Энержи” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний дагуу 500 000 ам.долларын цахилгаан эрчим хүчний барааг хүлээж авав. Гэрээнд заасны дагуу төлбөрийг хугцаандаа төлж барагдуулна.” гэж заасан байдаг. Энэхүү баримтаар “Сигма Энержи” ХХК нь эдгээр барааг “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу хүлээн авсан, ийнхүү хүлээж авснаар “Их барилга төсөл” ХХК-ийн “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу хүлээсэн үүрэг биелэгдсэн, улмаар “Сигма Энержи” ХХК уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байхад нөхцөл байдлыг огт үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.Мөн “Хамтын ажиллагааны гэрээ”-ний 4.1-д заасны дагуу “Б” тал болох “Сигма-Энержи” ХХК нь БНХАУ-ын “CFMG” групптэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах үүрэгтэй байна. Ийнхүү “Сигма Энержи” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй “CFMG” групптэй гэрээ байгуулан ажиллаагүй нь “Их Барилга Төсөл” ХХК-ийн ямар нэгэн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, улмаар хариуцагч уг үүргээ биелүүлээгүй нь гэрээнд заасан бусад үүрэг болох аккредитивийн зээлийг эргэн төлөх, үүргийн баталгаанд шилжүүлбэл зохих төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй билээ.Түүнчлэн давж заалдах шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэн мөн ямар эх сурвалжийг үндэслэн 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ам.долларын ханш 1188,2 төгрөг байсан гэдгийг тодорхойлсон нь тодорхойгүй байгаа юм. Хэрэгт авагдсан баримтад тухайн өдрийн ханшны талаарх мэдээлэл байхгүй билээ. Хэрэв ханшийг өөр эх сурвалжаар тогтоосон бол ямар эх сурвалжаас ханшны мэдээлэл авсан болох нь тодорхойгүй байгаа юм. Анхан шатны шүүх “Сигма Энержи” ХХК нь “Анод” банкинд шилжсэнээс бусад тоног төхөөрөмжийн төлбөр тооцоог “Их барилга төсөл” ХХК-д хийх ёстой гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд тухайн дутуу шилжүүлсэн тоног төхөөрөмжийн үнийг тооцож шийдвэр гаргасан байхад ийнхүү дутуу шилжүүлсэн гэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шууд ам.долларын ханшны зөрүүгээс төлбөрийн үүргийг гүйцэтгэсэнд тооцсон нь үндэслэлгүй байгаа юм.Анхан шатны шүүхийн шийдвэрээр “Их барилга төсөл” ХХК-иас хүлээж авсан тоног төхөөрөмжийн тооцоог бүхэлд нь хийх үүрэгтэй гэж үзсэн бөгөөд дутуу шилжүүлсэн тоног төхөөрөмжийн үнийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нийт 500.000 ам.доллар буцаан төлөх үүрэгтэй хэмээн дүгнэж улмаар шилжүүлсэн тоолуурын үнийг уг төлөх ёстой төлбөрөөс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх уг гэрээг ямар гэрээ гэж үзсэн, мөн төлбөр төлөх үүргийг ямар гэрээний үүрэг гэж дүгнэсэн нь тодорхойгүй, мөн дутуу шилжүүлсэн тоног төхөөрөмжийн тооцоог ямар үндэслэлээр хийх ёсгүй гэж үзсэн, ямар хууль зүйн үндэслэлээр хэрхэн дүгнэж ийнхүү шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа юм.Иймээс давж заалдах шатны шүүхийн 228 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Их барилга төсөл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “Их барилга төсөл” ХХК хариуцагч “Сигма-Энержи” ХХК-иас хамтын ажиллагааны гэрээний дагуу аккредитивын төлбөрийн үлдэгдэл 25 427 ам.доллар, алданги 12 714 ам.доллар, аккредитивын баталгааны төлбөрийн үлдэгдэл 350 000 ам.доллар, алданги 175 000 ам.доллар, нийт 563 141 ам.доллар буюу 804 131 560 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Зохигчид 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “хамтын ажиллагааны” нэртэй гэрээ байгуулсан байх ба шүүх уг гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан хамтран ажиллах гэрээ гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

Дээрх гэрээний дагуу хариуцагч “Сигма-Энержи” ХХК нь нэхэмжлэгч “Их барилга төсөл” ХХК-ийн 500 000 ам.долларын эрчим хүчний тоног төхөөрөмж буй 1, 3 фазын болон энгийн тоолуурыг дагалдах хэрэгслийн хамт худалдан борлуулах үүрэг хүлээсэн ба гэрээний үүргийн биелэлтэд 124 523 ам.доллар төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Гэрээний зүйлийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн, эд хөрөнгийн борлуулалт, доголдол, хамтран ажиллах гэрээ зорилгодоо хүрээгүй явдал, төлбөр тооцоо хийгдсэн байдал зэрэг маргааны үйл баримтын талаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч “Сигма-Энержи” ХХК нь нэхэмжлэгч “Их барилга төсөл” ХХК-иас авсан 500 000 ам.долларын үнэ бүхий тоолуураас 124 573 ам.доллар төлж, харин “Их барилга төсөл” ХХК-ийн “Анод банк” ХХК-д төлөх зээлийн төлбөрт 571 016 000 төгрөгийн буюу 375 427 ам.долларын үнэ бүхий тоолуурыг “Анод банк” ХХК-д шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон тул хариуцагчид төлөх төлбөр үлдээгүй гэж давж заалдах шатны шүүх үзжээ. 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр буюу тоолуурыг “Анод банк” ХХК-д шилжүүлэх өдөр ам.долларын монгол төгрөгтэй харьцах ханш 1188,2 төгрөг байсан болох нь Монгол банкны ханшийн архив мэдээлэлд тусгагдсан, нийтэд нээлттэй илэрхий үйл баримт тул энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Энэ ханшаар тооцоход хариуцагчаас нэхэмжлэгчийн өрд шилжүүлсэн эд хөрөнгийн үнэ 480 572 ам.доллар болж байх боловч шүүх хариуцагчийн тайлбарт үндэслэн 375 427 ам.доллар гэж дүгнэжээ.

Давж заалдах шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 228 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 943 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН