Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 29

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Г и ХХК, 

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч М.А, Ш.Ц,   

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210242 тоот актын тус компаниас С т ХХК-тай хийсэн худалдан авалттай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч М.А, Ш.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г и ХХК-ийн ерөнхий захирал Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Үндэсний татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.А, татварын улсын байцаагч Ш.Ц нарын 2013 оны 5 дугаар сарын 20-ноос 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрүүдэд манай Г и ХХК-д хийсэн хяналт шалгалтаар С т ХХК-ийн нэмэгдсэн өртгийн хуурамч падантай худалдан авалт гэх 18.455,5 мянган төгрөгийн, мөн Х Ш Х С ХХК-ийн нэмэгдсэн өртгийн хуурамч падантай худалдан авалт гэх 95.205,1 мянган төгрөгийн зөрчлүүдийг Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3-д заасан /нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй /ыг зөрчсөн гэж үзэж 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210242 тоот акт ирүүлснийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газарт тайлбар хүргүүлсэн.

Улмаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хуралдаж Х Ш Х С ХХК-ийн нэмэгдсэн өртгийн хуурамч падаантай худалдан авалт гэх 95.205,1 мянган төгрөгийн зөрчлийг манай компанид хамаарах зөрчил биш гэж шийдвэрлэн хасалт хийж, харин адил зүйл, заалт бүхий С т ХХК-ийн нэмэгдсэн өртгийн хуурамч падаантай худалдан авалт гэх 18.455,5 мянган төгрөгийн зөрчлийг манай Г и ХХК-аар төлүүлэхээр 2013 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 59 тоот тогтоолоор шийдвэр гаргасан. Манай компанийн С т ХХК-иас хийсэн худалдан авалт нь 2008 онд хийгдсэн ба С т ХХК-ийн падаан нь “нэмэгдсэн өртгийн падааныг хуурамч” гэдгийг бид мэдэх боломжгүй бөгөөд манайхаас татварын албаны цахим систем тайланд тухайн нэмэгдсэн өртгийн падааныг шивж оруулахад шууд бүртгэгдэж, тухайн компанийн нэрээр оруулахад хүлээн авч байсан нь татварын хэлтэст бүртгэлтэй падаан гэдэг нь ойлгомжтой байтал зөвхөн “бэлэн мөнгө тушаасан гэдгийг нотлох баримт байхгүй” гэснээр манай компанийг буруутгах үндэслэлгүй юм. Түүнчлэн “хуурамч падан” гэдгийг 2013 онд цагдаагийн байгууллагаар шалгаж тогтоосон гэдгээр 2008 онд хийсэн хасалтыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч М.А, Ш.Ц нарын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г и ХХК-ийн 2008, 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын ахлах байцаагч М.А, татварын улсын байцаагч Ш.Ц нар татварын хяналт шалгалт хийж, татварын хууль тогтоомжийг зөрчсөн 218,771.5 мянган төгрөгийн зөрчил илэрсэн тул татварын улсын байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210242 тоот актаар 21,877.2 мянган төгрөгийн нөхөн татвар, 6,009.5 мянган төгрөгийн торгууль, 4,886.3 мянган төгрөгийн алданги, 922.8 мянган төгрөгийн хүү нийт 33,695.8 мянган төгрөгийн төлбөрийг ногдуулсан. 

Татварын Маргаан таслах зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор 95,205.1 мянган төгрөгийн зөрчилд ногдох нийт 14,699.0 мянган төгрөгийн төлбөрийг хасч, 123,566.4 мянган төгрөгийн зөрчилд ногдох 18,996.8 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Г и ХХК-ийн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 988 дугаар нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 2008 онд С т ХХК-ийн 45325**, 45325**, 45325**, 27659** дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаантай материал худалдан авсан гэх худалдан авалтыг хасч, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан 18,455.5 мянган төгрөгийн зөрчйл нь Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “...нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчсөн тул татвар төлөгчийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С т ХХК-ийн хийсэн худалдан авалттай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулаад Улсын Мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэснийг Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Прокурорын тогтоолд “С т ХХК нь НӨАТ-ын падааныг хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд Өршөөлийн хуульд хамрагдаж шийдэгдсэн байгаа. Тэгэхээр Прокурорын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 704 дугаар тогтоолоор батлагдаж байгаа тул Татварын улсын байцаагчийн тавьсан акт нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. 

Татварын улсын байцаагчийн тогтоосон С т ХХК-тай холбоотой худалдан авалтад нийт 2,768.4 мянган төгрөгийн төлбөр үлдээд, хүү нь 922.8 мянган төгрөг хасагдаад, нөхөн татвар 1,845.6 мянган төгрөг болж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г и ХХК-иас тус шүүхэд “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч М.А, Ш.Ц нарын 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210242 тоот актыг мөн Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн Г и ХХК-ийн С т ХХК-иас хийсэн худалдан авалттай холбоотой 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 59 тоот тогтоолын шийдвэрийн заалтын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210242 тоот актын тус компаниас С т ХХК-тай хийсэн худалдан авалттай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар өөрчилжээ .

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210242 тоот актын Г и ХХК-иас С т ХХК-тай хийсэн худалдан авалттай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, уг зөрчилд ногдуулсан хүү 922.8 мянган төгрөгийг төлөхөөс өршөөн хэлтрүүлж, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 922.8 мянган төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210242 дугаартай актын 2.1 дэх заалтаар 2008 оны С т ХХК-ийн 45325**, 45325**, 45325**, 27659** дугаар бүхий нэмэгдсэн өртгийн хуурамч падаантай худалдан авалтыг хасч, төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулсан 18,445.5 мянган төгрөгийн зөрчилд 1,845.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 922.8 мянган төгрөгийн хүүг ногдуулсан байна. 

Харин Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210242 тоот актын 2,1 дэх заалтаар ногдуулсан хариуцлагыг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд тус актаар тогтоосон бусад зөрчилд ногдуулсан 14,699.0 төгрөгийн төлбөрийг хасч 123,566.4 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 18,996,8 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Г и ХХК нь “С т ХХК-иас авсан худалдан авалт нь анхан шатны санхүүгийн баримтаар нотлогдож байгаа” гэж маргадаг боловч  С т ХХК-иас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд хий бичилттэй болох нь дээрх хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нотлогдож байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй" гэж, Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т "Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй" гэж заасан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэлд санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэх талаар зохицуулжээ. 

Гэтэл нэхэмжлэгч компанийн санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн худалдан авалт нь үнэн зөв баримтад үндэслэсэн эсэх нь тогтоогдохгүй өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дээрх компаниас авсан худалдан авалт нь анхан шатны санхүүгийн баримтаар нотлогдож байгаа хэдий ч борлуулалт хийсэн компани нь борлуулалтаа татварын байгууллагад тайлагнаагүй тул нэхэмжлэгчийг Нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн бараа бүтээгдэхүүн авсан гэж үзэх боломжгүй.

Тодруулбал С т ХХК-иас Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэх падаануудыг үндэслэж нэхэмжлэгч Г и ХХК-ийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй гэж үзсэн улсын байцаагчийн актын холбогдох хэсэг үндэслэлтэй байна.  

Иймээс Г и ХХК-ийн тус шүүхэд гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210242 тоот актын тус компаниас С т ХХК-тай хийсэн худалдан авалттай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор өөрчлөн тогтоосон 18,996.8 мянган төгрөгийн төлбөрөөс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байгаа 922,8 мянган төгрөгийн хүүг төлөхөөс өршөөн хэлтрүүлж, актын төлбөрийг 922,8 мянган төгрөгөөр бууруулав.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ тус шүүхийн бичиг хэргийн ажилтанд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагт хүлээлгэн өгснийг 14.20 минутад шүүх хуралдаан дууссаны дараа шүүгчийн туслахад өгсөн байна. Шүүгчийн туслах өмгөөлөгч Б.С*******д шүүх хуралдааны товыг биечлэн мэдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Г и ХХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210242 тоот актын тус компаниас С т ХХК-тай хийсэн худалдан авалттай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг  922,8 мянган төгрөгөөр бууруулсугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.АДЪЯАСҮРЭН