Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/MA2019/0038

 

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2019/0038

Улаанбаатар хот

 

 

 

 

С.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0664 дүгээр шийдвэртэй, С.Г-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0664 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142 дугаар тушаалын С.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/143 дугаар тушаалын С.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Г-г урьд эрхэлж байсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан С.Г-д 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 6 сар 23 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6.881.380 / зургаан сая найман зуун наян нэгэн мянга, гурван зуун наян мянга/ төгрөгийг хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас гаргуулж, нэхэмжлэгч С.Г-д олгон, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... Захиргааны хэргийг шийдвэрлэхдээ шүүгч нь хэргийн нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй, нэг талыг барьж, хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж дараах үндэслэлүүдийг гаргаж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны Б/142, Б/143 дугаартай тушаалуудыг нэхэмжлэгч хуульд нийцээгүй гэж гэж үзсэн.

Дээрх тушаалууд нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна, 40.2.3-д Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах: 40.3 Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана; 40.4.3ахиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэснийг баримталсан тул хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142, Б/143 дугаартай тушаалууд нь холбогдох хууль тогтоомжуудад нийцсэн хууль ёсны акт гэж үзэж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142, Б/143 дугаартай тушаалуудын үндэслэлүүд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн. мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл 38 дугаар зүйлийн 38.1.2 ажил олгогч санаачилсан, 40 дүгээр зүйлийн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, аж ахуйн нэгж. байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 43 дугаар тогтоол /Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай/-ын, “2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд агаарын чанарт хяналт тавих үүрэг бүхий нэгжийг шинээр байгуулж, шаардагдах зардлыг батлагдсан төсвийн багцдаа зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд 1.14,-т “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтэд тавих хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж. явц, дүнг улирал тутам Засгийн газарт танилцуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Ц Нийслэлийн Засаг дарга С.Б нарт” Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/32 дугаар тушаал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 129 дүгээр тушаал 2.2 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Б/143 тушаалуудын үндэслэлүүд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7,-д “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын улсын байцаагчийг тухайн орон нутаг дахь улсын ахлах байцаагч томилж, чөлөөлнө”, Төсвийн тухай /Шинэчилсэн найруулга/ 16 дугаар зүйлийн 16.5.5-д Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17,2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй”, “Төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс”, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно”, Монгол Улсын Засгийн газрын 2 дугаар сарын 6-ны өдрийн 43 дугаар тогтоол Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай 1.13-д “2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд агаарын чанарт хяналт тавих үүрэг бүхий нэгжийг шинээр байгуулж шаардагдах зардлыг батлагдсан төсвийн багцдаа зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Ц-д 1.14-т “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтэд тавих хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, явц, дүнг улирал тутам Засгийн газарт танилцуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Ц Нийслэлийн Засаг дарга С.Б нарт”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/32 дугаар тушаал /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай/ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны А/15 дугаар тушаал /Дотоод журам батлах тухай/ 4.11 Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтанг байгууллага дотроо ажил мэргэжлийнх нь дагуу нэг хэлтсээс нөгөө хэлтэс рүү сэлгүүлэх, шилжүүлэн буюу орлон ажиллуулж болно.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар тушаалаар газрын харьяа нэгж, бүтцийг тогтоож, нийслэлийг 8 дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэптсүүдыг бий болгосон бөгөөд эдгээр нь тус байгууллагын үндсэн нэгжүүд болно.

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6. Авилгатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч. хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй. 13 дугаар зүйлийн 13.5, 321 дүгээр зүйлийн 32 1.1-д зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авилгатай тэмцэх газар, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр, түүний хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, ажиллагааг хангах зорилгоор Авилгатай тэмцэх газраас хяналт шалгалтыг хийж, 2014 оны 07 дугаар сарын 02- ний өдрийн 01/5593 тоот албан бичгээр ирүүлсэн албан бичгийн 4.НМХГ-аас авилгад өртөх эрсдэл өндөртэй нийт 187 албан тушаалтнуудын судалгааг гаргуулан авч хянан үзэхэд 38 албан тушаалтан буюу 20% нь 11 жил, 9 албан тушаалтан буюу 51% нь 5-10 жил тухайн байгууллагад ажиллаж хяналт шалгалтын нэг төрлийн чиг үүргийг хэрэгжүүлж дагнан ажилласан байна. Хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлж нэг бүс нутагт олон жил ажиллаж байгаа нь авилга, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болгох эрсдэлтэй байна гэж үзсэн дээрх шаардлагыг хэрэгжүүлж ажилласан болно.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн нь: Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж заасны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Э нь 2018 оны 2 дугаар сарын 22-ний едер газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч С.Г, Б.А, О.Э, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Н нартай биечлэн уулзаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар танилцуулж сонсох ажиллагаа явуулсан талаар тус газрын улсын /ахлах/ байцаагчид Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.А, О.Э, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Номин нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэрчийн мэдүүлэг өгч, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.7-д заалтуудыг хангасан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон, хавтаст хэрэгт байгаа болно

Нэхэмжлэгч С.Г нь Баянгол дүүрэг дэх хэлтэст Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ажиллах ёстой гэтэл ажлаа таслан одоо хүртэл ирээгүй, уг ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлууд хийгдээгүй болно.

Энэ талаар удаа дараа сануулж шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй болно. С.Г-г ажилдаа ирэхгүй байгаа талаар Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Тамгын газарт албан бичгийг ирүүлж байсан бөгөөд уг албан бичгийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримт болгон хүргүүлсэн мөн Отгонтэнгэр их сургуульд суралцаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр үйлдвэрлэлийн дадлага хийж байсан баримтыг шүүхэд нотлох баримт болгуулахаар тус тус гаргасан.

Дээрх байдлаас үзэхэд С.Г нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3 заалтууд, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.1- д “Төрийн захиргааны албан хаагч нь 3.1-д энэ дүрмийн заасан зарчмын хүрээнд төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ дор дурдсан зүйлсийг эрхэмлэнэ”, 4.1.1-д “Шударга ёсны зарчмын хүрээнд хүлээсэн үүрэгтэй үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах 5.4.2 ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2-д Албан үүргээ биелүүлээгүй, 10.1.10-д Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчсөн, 10.1.13 Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан 10.2-д Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил” гэдэгт “... төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ...” , 10.3-д “Албан үүргээ биелүүлээгүй” гэдэгт үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлэх буюу үл биелүүлэх, төрийн захиргааны ёс зүйн хэм хэмжээний дүрмийн заалтууд, түүгээр барахгүй хамт олондоо шүүх миний талд зогсож байгаа, би тэртэй тэргүй ялна гэж найз нөхдөө ярьж байсан, энэ нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын Шүүхийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ” нь: хэсэгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/143 дугаартай тушаалын С.Г-д холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул хууль бус актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ гэсэн боловч дээрх захиргааны актыг хууль бус болох эрх зүйн үндэслэл, шалтгааныг зааж өгөөгүй тул дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэж байна.

Нэхэмжлэгч С.Г-ийн гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс “Мэдээлэл, тайлбар ирүүлэх тухай” 448 тоот албан бичгийг ирүүлсний дагуу шаардсан холбогдох баримт бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн, тус зөвлөлөөс холбогдох хууль журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж С.Г-д хариуг өгсөн болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0664 дугаартай шийдвэрийн 2.3.4 дэх хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч С.Г шүүхэд “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142 дугаар тушаалын С.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/143 дугаар тушаалын С.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Г-г урьд эрхэлж байсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.Г-г Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 737 дугаар тушаалаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтэст Стандартын чанарын хяналтын улсын байцаагчаар томилж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/143 дугаар тушаалаар Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар томилсон байна.

Хариуцагч нь Б/142 дугаар тушаалыг гаргахдаа үндэслэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/32 дугаар тушаалаар агаарын чанарт хяналт тавих нэгжийг байгуулах зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа нэхэмжлэгч С.Г-ийн эрхэлж байсан Экспорт, импортын хяналтын хэлтэст Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн орон тоо /2017 оны А/07 дугаар тушаалаар батлагдсан/ 13 байсныг 10 болгон цөөрүүлжээ. Уг албан тушаалын нэр, чиг үүрэгт өөрчлөлт ороогүй байна.

Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “... орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авна” гэж заасны дагуу шалгаруулалт явуулалгүй, орон тоо, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоогүй шалтгаанаар түүний албан тушаалыг өөрчилж Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст байцаагчаар томилсон нь уг хуулийн заалтыг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн төрийн байгуулллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн үед хангагдах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зөрчигдсөн байна.

Хариуцагч тайлбар болон давж заалдах гомдолдоо “... Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтанг байгууллага дотроо ажил мэргэжлийнх нь дагуу нэг хэлтсээс нөгөө хэлтэс рүү сэлгүүлэх, шилжүүлэн буюу орлон ажиллуулж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийг Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ажиллуулахаар болсон энэ нь хуульд нийцсэн гэжээ.

Маргаан бүхий актууд нь төрийн албан хаагчийг ажлын шаардлагаар шилжүүлэн сэлгэн ажиллуулахтай холбоогүй, уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор гараагүй, энэ талаар хууль зүйн факт болоогүй буюу Төрийн албаны хуулийн 22.1-д зааснаар зохицуулагдах эрх зүйн харилцаа үүсээгүй, С.Г-г албан тушаалаас чөлөөлсөн үндэслэлтэй хамааралгүй байх тул уг гомдол үндэслэлгүй байна.

 Мөн давж заалдах гомдолд “... Авилгатай тэмцэх газрын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/5593, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05/207 дугаар албан бичгүүдийн хэрэгжилтийг хангасан ...” гэх боловч эдгээр албан бичигт нэхэмжлэгч С.Г-тай холбоотой асуудлаар, мөн нэг албан тушаалд 10 жил болчихсон хүмүүсийг албан ёсоор сэлгэн ажиллуулах тухай ямар нэг шийдвэр гаргах талаар шаардаагүйгээс гадна нэхэмжлэгчийг чөлөөлсөн үндэслэл буюу байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоогүй байх тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн гомдолд С.Г-г маргаан бүхий актууд гарснаас хойш томилсон ажилд очиж ажиллаагүй ажил тасалж төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэх боловч уг актуудыг хууль бус гэж үзэж, гомдол, нэхэмжлэл гарган маргаж байсан тул С.Г-г буруутгах үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдлын хүрээнд хянаж хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн төрийн албан хаагч нарыг томилсон Б/143 дугаар тушаалаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн орон тоог 10 гэж баталсан байхад 9 хүнийг томилсон байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0664 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ