Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00166

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга С.Гончигбал,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Охолбогдох 163/2018/0158/Э индекстэй, эрүүгийн 1815000000167 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Л.О

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.О 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт “Зоон даваа” гэх **-** УНА дугаартай “Honda insight” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчиж Г.Ц эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир хэлж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 1815000000167 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Яллагдагч Л.О ын  өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 06 цаг 30 минутын орчмын үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот орох гээд өөрийн найз Г.Ц , өөрийн төрсөн аав Лхагвасүрэн, төрсөн ээж Сэлэнгэ нарийн хамтаар Г.Ц ийн **-** УНА улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэлийг Г.Ц  жолоодон хөдөлсөн. Тэгээд Булган аймгийн Уньт гэдэг газарт байрлах шатахуун түгээх станцаас бинзен аваад хөдлөх гэж байхад Г.Ц  надад хандан чи хэсэг жолоо барих уу? миний даралт ихсээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныг жолоодон Улаанбаатар хотын чиглэлд асфалтан замаар явсан. Тэгээд 12 цагийн үед Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зоон даваа гэх газар уруудаж явахад машины хянах самбар дээр бинзений шар гэрэл асчихсан. Тэгээд Г.Ц д хандан шар гэрэл асчихлаа гэж хэлэхэд явсан милоо нойллочихьё гээд миний яг урд байх машины хянах самбарын явсан кмийг нойллож байсан. Би тэр үед Г.Ц ийг яаж явсан км-ээ нойллодог юм бол гэж бодоод харж байтал гэнэт машин маан замын урд талын хөвөө хэсэг буюу шороо луу орж байсан. Тэр үед машинд сууж байсан хүмүүс орлилдохоор нь би сандарсандаа огцом зүүн тийш жолооны хүрдээ эргүүлтэл асфалтан замын хойд талд буюу зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөөд замын хажуудах үерийн далан /Жалга/-г мөргөж машин маан зогссон. Тэгээд машинаас буугаад Г.Ц ийг машинаас гаргах гэж үзтэл хаалга нь онгойхгүй байсан. Тэгэхээр нь би хойд талын хаалгыг онгойлгоод аав, ээж нарийгаа машинаас буулгасан. Тэгээд байж байтал Г.Ц ийг гаргах гээд оролдож байтал Булган аймгийн Азза ТӨХК-ийн ажилтан нар  ирж Г.Ц ийг гаргасан...Би осол болсноос хойш Г.Ц ийг эмнэлгийн байгууллагаар үзүүлэх болон эм тариа хот хооронд явах зардал зэргийг өөрөөсөө гаргасан. Би Тольдох оюуны өгөөж ХХК-ийн гаргасан машины эвдрэл гэмтлийн үнэлгээтэй санал нийлж байгаа. Би одоо машины эвдрэл гэмтлийн төлбөрийг удахгүй төлж барагдуулна гэх мэдүүлэг /хх-58-59 тал/

Хохирогч Г.Ц өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 07 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот орох гээд өөрийн найз Отгонжаргал, түүний аав Лхагвасүрэн, ээж Сэлэнгээ нарийн хамт хөдөлсөн. Тэгээд би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багт байрлах Магнай трейд ШТС-аас бинзен авчихаад би жолоогоо өөрийн найз О шилжүүлсэн.Тэгээд Л.О миний эзэмшлийн Хонда Инсайт маркийн **-** УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Зоон даваа гэх газрыг даваад 11 цагийн үед уруудаж явсан. Тэр үед би машиныхаа хянах самбар луу хартал нэг шар гэрэл асчихсан байсан. Тэгэхээр нь Л.О одоо явсан милээ нойллочихъё бинзений шар асчихсан байна гэж хэлсэн. Шар гэрэл асаад 80 км/ цаг явдаг гээд хэлж байтал машин зорчих хэсгийн хойд талын буюу эсрэг урсгал руу орж жалганд орж онхолдсон. Тэгээд би машинаас гарч байхад хэдэн хүмүүс ирээд тусалсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн гэх мэдүүлэг /хх-52-53 тал/,

Гэрч Т.Сэлэнгэ өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас өөрийн нөхөр Лхагвасүрэн, өөрийн охин Отгонжаргал, түүний найз гэх Г.Ц  бид дөрөв Улаанбаатар хот орохоор Г.Ц ийн эзэмшлийн Хонда инсайт маркийн тээврийн хэрэгсэлтэй явахаар хөдөлсөн. Тэр үед машиныг Г.Ц  жолоодон явж байна. Тэгээд 10 цагийн орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багт байрлах шатахуун түгээх газраас бинзен авсан. Тэр үед Г.Ц  10000 төгрөгөнд бинзен авсан Орхон аймаг орж байгаад хямд  бинзен авна гэж байсан. Тэгээд манай охин Отгонжаргалд Г.Ц д хандан чи хэсэг машин барих уу миний даралт ихсээд байх шиг байна бие өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд Уньт гэх газраас манай охин Л.О машиныг жолоодон Улаанбаатар хотын чиглэлд асфалтан замаар явж байсан. Тэгээд 11 цаг өнгөрч байхад Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Зоон даваа гэх газар уруудаад явж байхад манай охин Л.О хянах самбарлуугаа хараад шар гэрэл асчихлаа гэж хэлсэн. Тэгтэл хажууд нь сууж явсан Г.Ц  машины хянах самбарлуу өндийж харж байсан. Тэгээд яах ийхийн зуургүй жалга  р уу түр тар хийгээд жалаганд зогссон. Тэгээд манай охин Л.О намайг машинаас буулгасан. Тэгээд Г.Ц ийг машинаас буулгах гээд чадахгүй байсан. Тэгэхээр нь би туслаарай гэж орилсон тэгэхэд тэнд зам засаж байсан хүмүүс ирж туслаад Г.Ц ийг машинаас гаргасан. Удалгүй цагдаа, түргэн тусламж ирсэн гэх мэдүүлэг /хх-54-55 тал/

Гэрч Г.Лхагвасүрэнгийн өгсөн: Би тэр өдрийн өглөө буюу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас өөрийн эхнэр Т.Сэлэнгэ, өөрийн охин Отгонжаргал, түүний найз нь гэх Г.Ц  бид дөрөв Улаанбаатар хот орохоор Г.Ц ийн эзэмшлийн Хонда инсайт маркийн тээврийн хэрэгслийг Г.Ц  жолоодон хөдөлсөн. Тэгээд 09 цагийн орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багт байрлах шатахуун түгээх газраас бинзен авсан. Тэр үед Г.Ц  манай охин Отгонжаргалд хандан чи хэсэг машин барих уу би жаахан ядраад байна гэж хэлсэн. Тэгээд Уньт гэх газраас манай охин Л.О машиныг барьж Улаанбаатар чиглэлд явсан. Тэгээд 12 цагийн үед Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Зоон даваа гэх газар уруудаж явахад манай охин хянах самбарлуугаа хараад энд нэг шар гэрэл асчихлаа гэж хэлсэн. Тэгтэл хажууд нь сууж явсан Г.Ц  машины хянах самбарлуу өндийж харсан. Тэгээд Г.Ц , манай охин Л.О нар нь хянах самбарлуугаа анхаарлаа хандуулж байтал хөөе хөөе гэж манай эхнэр хэлсэн тэгтэл бид нарийн сууж явсан машин засмал замын хөвөө буюу урд талын шороон хэсэгрүү орж явсан тэгтэл манай охин жолооны хүрдээ огцом хойш нь дараад замын хойд талын үерийн усны шуудуу буюу жалга руу орж эрэг мөргөж зогссон. Тэгээд осол болсоны дараа манай охин Л.О эхнэр бид хоёрыг машинаас гаргасан. Тэгээд Г.Ц ийг гаргах гэтэл болохгүй хаалга нь гацчихсан байсан. Тэр үед тэнд зам засаж байсан хүмүүс ирж туслаад Г.Ц ийг машинаас гаргасан. Удалгүй цагдаа, түргэн тусламж ирсэн гэх мэдүүлэг /хх-56-57 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 272 дугаартай:

1.Г.Ц биед хүзүүний 6, цээжний 2 нугаламын арын сэртэнгийн хугарал, тархи доргилт, духанд няцарсан шарх, хамар, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрхи гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 41 тал/,

Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай:

     1. Жолооч Л.О нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын 1129325 дугаартай эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна.

     2. Жолооч Л.О нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

      5. Уг зам тээврийн осол болсон шалтгаан нь: Жолооч Л.О нь хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоож чадаагүй улмаас уг зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт /хх-35 тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №18/308 тоот:

  1. **-** УНА улсын дугаартай “Honda insight”  маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 6337100 /зургаан сая гурван зуун гучин долоон мянга нэг зуу/ төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-21-31тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-47-48 тал/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-3 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тогтоол /хх-4 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-9 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17 тал/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон түүний хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-73-19тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-81-82 тал/  баримт зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Л.О нь Булган аймгийн Бугат сумын нутагт “Зоон даваа” гэх **-** УНА дугаартай “Honda insight”  маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Г.Ц эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдал, учирсан хор уршгийн талаар хохирогч Г.Ц , гэрч Т.Сэлэнгэ, Г.Лхагвасүрэн  нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Л.О ын  яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, ослын шалтгааны тогтоосон Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт, **-** УНА улсын дугаартай “HONDA INSIGHT” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 6337100 төгрөг болохыг тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон байна.

       Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээний тайланг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчдэд хууль сануулж гаргуулсан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

  Шүүгдэгч Л.От замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

       Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Л.Отгонжаргалд Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Л.О нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Л.О гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Ц эд хөрөнгөнд 6337100 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. Хохирогч Г. Г.Ц  нь эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа шүүхэд ирүүлээгүй нь энэ хэрэгтэй нь хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох  баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй ба шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны  явцад хохирогчийн эрүүл мэндийн төлбөрт  400000 төгрөг төлсөн гэснийг дурьдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн хуулийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүнчлэн шүүгдэгч Л.О холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, түүний цалин хөлс , бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийг  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

       Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, иргэний бичиг баримт үгүй болохыг тус тус дурьдвал зохино.                 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 ,  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Л.О Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгуулийг сар бүр 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж,  торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 2 сарын хугацаагаар тогтоосугай.    

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.О мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Л.О машины эвдрэлийн үнэлгээ болох 6337100 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ц д олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

6. Энэ хэрэгт шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНДУЛАМ