Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 209/МА2023/00013

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 08-ны өдрийн 135/ШШ2022/01587 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ад холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: “4,500,000 төгрөг  гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие *******ын тавьсан саналын дагуу 2021 оны 02 дугаар сард 1000 боодол өвсийг Өмнөговь аймагт зарсан. Уг зарсан өвсний тооцоог бид 2021 оны 05 сарын 05-ны өдөр тооцоо нийлсэн актыг үйлдэж баталгаажуулсан. Уг актанд 1000 боодол өвсийг нэг бүрийн үнэ 11,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, тээврийн зардлыг 4,500,000 төгрөг байхаас 4,000,000 төгрөгийг миний бие, 500,000 төгрөгийг ******* хариуцахаар, ******* нь нийт 11,500,000 төгрөгийг 2021 оны 05 сарын 15-нд төлөх бөгөөд хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцоохоор тохиролцсон.

******* нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны дотор 7,500,000 төгрөг төлөх ёстой хугацаагаа хэтрүүлж 2021 оны 05 дугаар сарын 19-нд 1,000,000 төгрөг нийт 8,500,000 төгрөгийг төлсөн. Ингээд *******ын надад төлөх ёстой төлбөрийн нийт үлдэгдэл 3,000,000 төгрөг үлдсэн боловч өнөөдрийг хүртэл нэмж төлөөгүй байна.

Бидний тооцоо нийлсэн акт үйлдэж, тохиролцсоны дагуу үлдсэн төлбөр болох 3,000,000 төгрөг дээр хоног тутамд 0.5 хувийн алданги тооцоход 2022 оны 08 дугаар сарын 04-ний байдлаар алданги 6,460,000 төгрөг, нийт төлбөр 9,460,000 төгрөг байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасны дагуу нийт үнийн дүн болох 3,000,000 төгрөгийн 50 хувь буюу 1,500,000 төгрөгийн алданги үүсч байна.

*******аас төлбөл зохих төлбөр 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг гаргуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хүсэлт гаргаж шүүхээс эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч ******* нь төлбөрөө төлөхгүй байсаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Иймд *******аас өвсний төлбөр 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, шүүх хуралд гаргасан тайлбарын агуулга:

2021 оны 02 дугаар сард 1000 боодол өвс *******оос авахаар тохиролцоод бид хамт Өмнөговь аймаг руу явсан. Очоод өвс авах хүмүүс ярьснаасаа буцсан асуудал үүссэн.

Би ирсэн мөнгийг нь *******од дандаа дансаар шилжүүлсэн. Нийт өвсний үнэ 11,500,000 төгрөгөөс 8,500,000 төгрөгийг нь өгсөн. Тухайн үед Дархан-Уул аймагт өвс 6,000-7,000 төгрөгийн үнэ ханштай, өвсний үнэ унасан байсан. 05 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг өгөөд дахиж мөнгө өгч чадаагүй, үлдэгдэл 2,400,000 төгрөг үлдсэн. Тооцоо нийлсэн акт хийе гээд тооцоолол гаргаж 05 дугаар сарын 15-ны өдөр үлдсэн мөнгийг төлж дуусгахаар гарын үсэг зурсан. Тэр үед үлдэгдэл 2,400,000 төгрөг дээр тохиролцоод гарын үсэг зурсан байхад 600,000 төгрөг нэмсэн байсан. Хүү, алданги тооцох гэсэн акт дээр би гарын үсэг зураагүй. Энэ мөнгийг төлж барагдуулна.

Иймээс 3,000,000 төгрөгийг төлөхийг төлнө, алдангийг зөвшөөрөхгүй. Мөн 3,000,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар төлж барагдуулна гэсэн саналтай байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч *******аас 4,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэсэн.

  1. Хариуцагч *******  давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн байдаг. Энэ хугацаанд хариуцагч 2,500,000 төгрөг дээр 500,000 төгрөг үндэслэлгүй нэмж нийт 3,000,000 төгрөг нэхэмжилж, түүнээсээ 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 9,460,000 төгрөгийн хүүг ямар төлбөрөөс бодсон болох, 3,000,000 төгрөгийг төлөх үүрэг нь худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл мөн эсэх, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөх 3,000,000 төгрөгт хүү нэхэмжлэх эрх байсан эсэх, хэрэв байсан бол энэ ямар эрх зүйн харилцаа байгаа эсэх талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 1,500,000 төгрөгийн анз тооцон нэхэмжлэгчид олгосон байдаг. Хуулийн дээрх заалтад “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр....” анз тооцохоор заасан. Гэтэл худалдах худалдан авах гэрээг бичгээр үйлдээгүй, мөн худалдан худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 2,500,000 төгрөгт хүү алданги тооцохдоо зохигчид ямар гэрээ байгуулсан, хуульд заасан ямар нөхцөл байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч нь анх хэлцлээр хүлээсэн үүрэгт 500,000 төгрөг үндэслэлгүй нэмсэн, мөн 3,000,000 төгрөгт ямар шаардах эрхийн үндэслэлээр анз тооцон нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл байдал бий болсон гэж үзлээ.

Мөн тооцоо нийлсэн актыг хуурамчаар үйлдэж, “Хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж нэмж оруулан Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийг ноцтой зөрчиж, ******* миний гарын үсгийг эвлүүлэн ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан уг асуудлыг цагдаад хандан шалгуулж байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс хүү тооцсон 1,500,000 төгрөг, нэхэмжлэгчийн үндэслэлгүй нэмсэн 500,000 төгрөг нийт 2,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтдээ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэн хүсэлт гаргаж байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 135/ШШ2022/01587 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Нэхэмжлэгч миний бие 2020 онд үндсэн ажлынхаа хажуугаар газар тариалан, хадлан бэлтгэх техник банкны зээлээр худалдан авч өөрийн найзын хамт 2020 оны намар Хонгорын нуруу гэх газарт хадлан хийж улмаар 6000 боодол өвсийг бэлтгэж хавар нь худалдахаар хадгалсан. Ингээд зарын дагуу хариуцагч ******* холбогдож 1000 боодол өвсийг Өмнөговь аймагт борлуулна гэж харилцан тохиролцож авсан.

Миний хувьд хариуцагч *******ад итгэн төлбөр тооцоогоо хийх байх гэж бодсон боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл тооцоогоо хийгээгүй. Мөн өнөөдрийг хүртэл шүүх, цагдаагийн байгууллагад худал үнэн тайлбар өгч шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байна.

Давж заалдах шатны шүүх хурал дээр би хохирогч болоод явж байна гэж хэлхийг сонсоод гайхах, бухимдах зэрэгцлээ. Иймээс надад түүний байгаа байдлыг хараад 1 төгрөг ч авах хүсэлгүй болж байна.

Иймд нэхэмжлэгч ******* миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Давж заалдах шатны шүүх татгалзлыг минь хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь *******ад холбогдуулан өвсний үнэ 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч  нь “...илүү нэхэмжилсэн 500,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг төлөхгүй” гэж эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

3. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т “ давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн,  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус хуульчлан зохицуулсныг талуудад тайлбарлаж, энэ талаар шийдвэрт тусгах нь зүйтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т “давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.” гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг, мөн хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 08-ны өдрийн 135/ШШ2022/01587 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.БАЙГАЛМАА

                                                                                                                                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА

                                                           

                                                   ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ