| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/00174/э |
| Дугаар | 198 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 198
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн
ШүүгдэгчТ.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулж Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Тгийн Мэргэнбаатарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1830002060176 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн 1997 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар “Б” гэх газарторшин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Т.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.М нь 2018 оны 06дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Б.Бын тусгайлан хамгаалсан байр, агуулах буюугражид нэвтэрч даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Т.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хөдөөнөөс ирээд эмээгийнд очсон. Тэгээд буцаад явах гэтэл эмээ явуулахгүй гээд байсан. Тэгээд би гадуур явж байгаад айлын гражид байсан мотоциклыг хараад гаргаж авсан. Мотоциклыг буцааж өгсөн гэв.
- Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө манай гражид байсан Даюун маркийн мотоцикл хулгайд алдагдсан. Би мотоциклио угааж байгаад 29-ний орой 23 цаг өнгөрч байхад гражид тавиад хаалгыг нь түгжээгүй хаагаад орхисон байсан юм.Өглөө 08 цагт үзтэл мотоцикл байхгүй алга болсон байсан. Манай мотоциклыг хэн авсныг нь мэдэхгүй байна.Би мотоциклоо 2018 оны 04 дүгээр сард 1.870.000 төгрөгөөр худалдаж авсан. Шинэ, улбар шар өнгийн мотоцикл байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгайд алдсан мотоциклоо бүрэн бүтэн олж авсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
Яллагдагч Т.Мын мөрдөн байцаалтанд өгсөн:“....Би 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед ээж Тгийн нөхөртэй хамт Мөнххаан сумын төвд ирсэн юм. Би Мөнххаан сумын төвд ирээд Б эгчийндээ байж байхад манай ээжийн эгч Г явуулахгүй гэхээр нь би Б эгчийн гэрээс гарч яваад Мөнххаан сумын цагдаагийн хэсгийн зүүн хойд талд байх айлын зүүн талаар явж байхад тухайн айлын хүүхэд нь граждаа мотоциклоо хийж байсан. Тэгээд би тухайн хүүхдийг гэрлүүгээ орсон хойгуур нь граж руу очиход граж цоожгүй, хаалга нь завсар гарсан байхаар нь гражруу ороод мотоциклыг гражнаас нь түрж гаргаад зүүн талын айлын хашааны хойд талд аваачаад мотоциклыг асааж унаад Мөнххаан сумаас баруун хойш 20 гаруй километрт байх ээж дээрээ тухайн шөнө очсон.Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өглөө Мөнххаан сумын хэсгийн цагдаа, ахлагч Э.А болон тухайн мотоциклын эзэн нар ирсэн.Тэгээд ахлагч Э.А цагдаа “чи мотоцикл хулгайлсан байна” гээд намайг машиндаа суулгаад харин унаж ирсэн мотоциклыг машин дээр ачаад Мөнххаан сумын цагдаагийн хэсгийн гадаа ирсэн....би ээж дээрээ очих гээд гражид байсан мотоциклыг авсан юм.Миний хулгайлсан мотоциклулбар шар өнгийн Даюун маркийн улсын дугааргүй байсан. Би хулгайлсан мотоциклоо бүрэн бүтэн хүнд нь өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол / хх-н 1 х /
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-н 05 х /
-Улсын дугааргүй Даюун маркийн хул өнгийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06/
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх–ийн 10-11/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15/
-Мөнххаан сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 38/
- Т.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 37/ -
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн засаг даргын 2018 оны 10-р сарын 08-ны өдрийн 172 дугаартай тодорхойлолт / хх-н 41 / зэрэг болно.
Шүүгдэгч Т.М нь 2018 оны 06дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Б.Бын тусгайлан хамгаалсан байрбуюугражид нэвтэрч Даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаархулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Т.Мын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Бын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Мын дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэр нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсэн атлаа, эд зүйл авах, шунахай сэдэлт, зорилгоор, санаатайгаар иргэн Б.Бын гражид нэвтрэн Даюун маркийн мотоциклыг хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна.
Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Мнь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.Мын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т нийцүүлэн эдлэх ялыг хоёр дахин багасгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Мыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Мыг 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Мт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Ялтан Т.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,хохирогч Б.Бт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР