Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/02080

 

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/02080

 

 

“А” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/02020 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК, В- нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 213,647,082 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Д-, хариуцагч В-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Авто зам, замын байгууламжийн барилга угсралт, засварын үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар “Гэрээ байгуулах итгэмжлэл олгох тухай” албан бичгийг манай компанид ирүүлж, Увс аймгийн Улаангом сумын 01 дүгээр багт 2.8 км хатуу хучилттай автозамын ажлыг хийж гүйцэтгэхээр шалгарсан талаараа дурдаж, уг ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах “Шатахуун, тос тосолгооны материал”-ыг зээлээр нийлүүлэх гэрээ хийх эрхийг В-т олгосон байсан.

Дээрх гэрээ байгуулах эрхийг В-т олгосон албан бичиг /итгэмжлэл/-ийг үндэслэж “А” ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2019/003/А дугаар “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-г “Б” ХХК-тай байгуулж, 2019 онд нийт 44,007,378 төгрөгийн шатахуун, тос тосолгооны материал зээлээр нийлүүлж тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан.

1.2. Төлбөр төлөх үүргээ “Б” ХХК биелүүлэхгүй байсан ба төлбөр төлөхийг шаардахад 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В- ирж уулзан, өмнөх өр төлбөр болох 44,007,378 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, дахин шатахуун, тос тосолгооны материал зээлээр худалдан авах хүсэлт гаргасан. Ингээд нэмж зээлээр шатахуун олгосон бөгөөд 2020 оны 11 дүгээр  сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 142,431,388 төгрөгийн шатахуун, тос тосолгооны материал зээлдүүлсэн. “Б” ХХК нь төлбөрөө төлөөгүй тул тооцоо нийлж, В- нь ирж уулзан, төлбөр тооцоог төлнө гэж баталгаажуулсан. “Б” ХХК-ийг төлөөлөн В- нь бид нартай уулзаж, шатахууныг хүлээн авдаг байсан.

Иймд гэрээний дагуу зээлээр нийлүүлсэн барааны үнэ 142,431,388 төгрөг, гэрээний 2.4-т зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 517 хоногийн алдангид 73,637,027 төгрөг, нийт 213,647,082 төгрөгийг “Б” ХХК болон В- нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч “Б” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Б” ХХК нь В-ын хамт 2019 оны 4 дүгээр сард Увс аймаг, Улаангом сумын 2.8 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын тендерт холбогдох тооцоолол, баталгааг гаргасны үндсэн дээр тус ажлыг чанартай хийж гүйцэтгэж чадна гэж санал гаргасны дагуу В- авто замын мэргэжлийн хүний хувьд өөрсдөө тооцооллоо хийж тендерт бэлдсэний үндсэн дээр холбогдох бүх хариуцлагыг бие даан шийдвэрлэх зэрэг нөхцөлийг нь хүлээн авч тендерт шалгарсан.

2.2. Б” ХХК нь “А” ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй, энэ 2 компанийн хооронд дансаар болон бэлнээр ямар нэгэн төлбөр тооцоо хийгдээгүй. “А” ХХК, В- нарын хооронд хийсэн шатахуун нийлүүлэх гэрээд “Б” ХХК-ийн захирал Д-ийн гарын үсэг байхгүй, мөн шатахуун хүлээж авсан болон тооцоо нийлсэн акт гэсэн бичиг баримтад мөн гарын үсэг зурагдаагүй.

Иймд хариуцагч “Б” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК, В- нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 55,471,485 төгрөгийг гаргуулан, хариуцагч В-аас 158,175,597 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 1,226,190 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК, В- нараас улсын тэмдэгтийн хураамжид 435,307 төгрөгийг гаргуулан, хариуцагч В-аас улсын тэмдэгтийн хураамжид 790,877 төгрөгийг гаруулан тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. “Е” ХХК-ийн захирал З- өөрийн нөхөр В-ын хамт 2019 оны 4 дүгээр сард Увс аймагт зарлагдсан Увс аймаг, Улаангом сум, 1 дүгээр баг, 2,8 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын тендерт танай компаниар оролцох хүсэлтэй байна гэж “Б” ХХК-ийн захирал Д-ээс удаа дараа гуйсны дараа холбогдох тооцоолол, баталгааг гаргасны үндсэн дээр тус ажлыг чанартай хийж гүйцэтгэж чадна гэсэн ам өчиг гаргасны дагуу зөвшөөрч тендерт оролцуулсан бөгөөд В-, З- нарын авто замын мэргэжлийн хүний хувьд өөрсдөө тооцооллоо хийж тендерт бэлдсэний үндсэн дээр холбогдох бүх хариуцлагыг бие даан шийдвэрлэх зэрэг нөхцөлийг нь хүлээн авч 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн засаг даргатай 2.8 км авто замыг гүйцэтгэх 1,917,299,352 төгрөгийн гэрээ хийсэн болно.

Түүнчлэн дээрх гэрээний саналыг баталгаажуулах зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр "Б" ХХК болон "Е" ХХК-ийн хооронд Увс аймаг, Улаангом сум, 1 дүгээр баг, 2.8 км хатуу хучилттай авто замын барилга угсралтыг тус компаниар туслан гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу "Е" ХХК-ийн захирал В- тус авто замын барилга угсралттай холбоотой гэрээ байгуулах, гүйцэтгэл хийх өр авлага барагдуулах бүх эрх “Е” ХХК-ийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэх бүрэн эрхтэй, “Б” ХХК-ийн нэрийн өмнөөс орон нутгийн төр захиргааны байгууллага, замын хяналтын байгууллага, замын зургийн байгууллагад л төлөөлөх эрхтэй байгаа бөгөөд энэ эрхээ маш ноцтой зөрчиж “Б” ХХК-д мэдэгдэхгүйгээр шатахуун нийлүүлэх гэрээг хуурамчаар хийсэн байна.

4.2. “Е" ХХК-ийн захирал В- Увс аймагт авто замын ажил гүйцэтгэх явцдаа тухайн орон нутгийн төр захиргааны байгууллага, замын хяналтын байгууллагуудад албан бичгээр харилцах хэрэг гараад байна гэсэн шалтгаанаар “Б” ХХК-ийн захирал Д-ийн гарын үсэг, тамгатай хоосон бичгийн цаасыг 2019 онд 10 ширхэг, 2020 онд 10 ширхэгийг авсан. Гэтэл В- нь уг цаасан дээр “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч В-т шатахуун зээлээр нийлүүлэх гэрээ хийх итгэмжлэлийг хуурамчаар хийж "А" ХХК-тай гэрээ байгуулан шатахуун авсан байна.

4.3. В- нь “Б” ХХК үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл тус компанийн хувьцаа эзэмшигч байгаагүй бөгөөд хуурамч итгэмжлэлдээ “Б” ХХК-ийг үүсгэн байгуулагч гэж худал бичсэн байгаа нь тухайн итгэмжлэл хуурамч гэдэг нь илтэд тодорхой байна.

4.4. “А” ХХК нь “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В-тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2019/003/а дугаартай нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний толгой хэсэгт дарагдсан “Б” ХХК-ийн тамга хуурамч бөгөөд компанийн тамгыг сканердан хувилж өнгөт хувилагч машинаар хэвлэсэн байх тул энэ гэрээний эх тамгатай гэрээг “А” ХХК авч үзэх хүсэлтэй байна.

4.5. “Б” ХХК-ийн захирал Д- 2013 оноос хойш ямар нэгэн ажил төрөл хувийн ажлаар нэг ч удаа Увс аймагт очоогүй байхад Увс аймгийн тойргийн нотариатч И- “Б” ХХК-ийн гэрчилгээ, Д-ийн иргэний үнэмлэх, В-ын хуурамч итгэмжлэлийн эх хувь, тамга, эзэн бие нь байхгүй байхад мөн 2019 оны гэрээний дагалдах бичиг баримтыг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нөхөж баталж өгсөн нь илт хуурамч байна гэдгийг илтгэж байна.

4.6. Дур мэдэн хуурамчаар бусдын гарын үсэг, тамга ашиглан итгэмжлэл хийсэн В-ыг, “Б” ХХК-ийн гэрчилгээний эх хувь, тамга байхгүй, мөн иргэн Д- өөрийн биеэр очоогүй байхад компанийн гэрчилгээ, Д-ийн иргэний үнэмлэхийг хууль бусаар баталж өгсөн Увс аймгийн тойргийн нотариатч И- нарыг Эрүүгийн цагдаагийн албанд шалгуулахаар өгсөн байгаа болно.

4.7. Иймд дээрх үндэслэлээр “Б” ХХК-аас 55,471,485 төгрөгийг, тэмдэгтийн хураамж 435,307 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. “Б” ХХК-аас итгэмжлэлийг В-т олгоогүй гэж тайлбарладаг. Мөн холбогдох эрх бүхий байгууллагаар шалгуулсан зүйлгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В- гарын үсэг зурж, нүүрэн талд “Б” ХХК-ийн тамга дарагдсан. Өөрөөр хэлбэл, “Б” ХХК В-т хуульд заасан эрх, үүргээ шилжүүлж, хуулийн дагуу итгэмжлэл олгосон. Талуудын хооронд итгэмжлэлийг үндэслэн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Гэвч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учир В- болон “Б” ХХК-ийг хариуцагчаар татсан. Үүний дагуу шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

 

6. Хариуцагч В- давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК, В- нарт холбогдуулан гэрээний үүрэгт 213,647,082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Б” ХХК эс зөвшөөрч маргасан ба хариуцагч В- шүүхэд тайлбар гаргаагүй болно.

 

3. “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д- 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт 2.8 км хатуу хучилттай автозамын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах шатахуун, тос тосолгооны материалыг зээлээр нийлүүлэх гэрээ хийх эрхийг В-т итгэмжлэлээр олгожээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн захирал Д- нь В-т итгэмжлэл олгоогүй,  итгэмжлэл хуурамчаар үйлдэгдсэн гэх тайлбараа нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсэгт тус тус заасан итгэмжлэлийг бичгээр үйлдэж, хуулийн этгээдийн эрх баригч гарын үсэг зурж, тамга дарсан байх шаардлага хангагдсан, итгэмжлэл хүчинтэй байна.

Иймд В-ын гуйлтаар албан бичгийн хоосон бланк дээр гарын үсэг зурж, тамга дарж өгсөн тул итгэмжлэл хүчингүй гэх үндэслэлээр гаргасан хариуцагч “Б” ХХК-ийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

4.1. Дээрх итгэмжлэлийг үндэслэж В- нь “Б” ХХК-ийг төлөөлж “А” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх” гэрээ байгуулсан, уг гэрээгээр худалдагч нь 3 сарын хугацаанд нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, худалдан авагч уг хугацаанд үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. “А”ХХК болон “Б” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.2. “А” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн байна. Уг тооцоо нийлсэн баримтад “Б” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч В- 2019 онд авсан шатахууны үлдэгдэл 36,980,990 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үнийг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4.3. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагчаар В-ыг татаж, уг мөнгөн хөрөнгийг хамтран хариуцна гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэлийг В- гардан авсан, нэхэмжлэлд тайлбар өгөөгүй байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх юм. Гэтэл анхан шатны шүүх мөн хуулийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасныг үндэслэж хариуцагч В-ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгийн зохицуулалт нь хариуцагч шүүхэд тогтоосон хугацаанд тайлбар гаргаагүй тохиолдолд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх, шүүх хуралдаанд тухайн хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах юм.

 

4.4. Нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний 2.4 дэх заалтад талууд алдангийн талаар тохиролцсон, алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн, нэхэмжлэгчийн тодорхойлсон хугацааны буюу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байдлыг харгалзаж шүүх мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 36,980,990 төгрөгийн 50 хувиар тооцож алдангийг 18,490,495 төгрөгөөр тогтоосон нь зөв байна.

 

4.5. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийг хариуцах этгээдээр “Б” ХХК болон иргэн В- нарыг тодорхойлж, гүйцэтгэвэл зохих үүргийг 55,471,485 /36,980,990+18,490,495/ төгрөгийг гаргуулж хамтран хариуцуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч В- давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн хэвээр үлдээв.

Хариуцагч нарын хэн аль нь үр дагаврыг хариуцах ёстой боловч хариуцах хэмжээ тодорхойгүй тохиолдолд тэдгээрийн үүрэг, хариуцлагыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасан үүрэг тэнцүү байх зарчмын дагуу тодорхойлно.

 

5. Түүнээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэлээс үлдэх 158,175,597 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдалд мөн хариуцагч В- давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

6. Хариуцагч “Б” ХХК-ийн захирал Д-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан нотариатч нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээдийн хувийн байдлыг тогтоолгүй иргэний үнэмлэх болон бусад баримтыг гэрчилснийг эрүүгийн журмаар шалгуулахаар өргөдөл гаргасан гэх нөхцөл байдлын талаар тэрээр анхан шатны шүүхэд тайлбар, баримт гаргаж мэтгэлцээгүй байна. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцэгдээгүй асуудлын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй болно.

 

7. Зохигч давж заалдах шатны шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулж, бичгээр гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч тал эвлэрэхгүй гэсэн хүсэл зоригийг илэрхийлсэн тул талуудын эвлэрлийг батлах боломжгүй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/02020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.НЯМБАЗАР

                                           

         ШҮҮГЧИД                                             С.ЭНХБАЯР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА