Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/02118

 

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/02118

 

 

“А” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/03376 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б-ид холбогдох,

 

Гэм хорын хохирол 126,734,267 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү, хариуцагч Б-ь, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Тус компани нь ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байсан БНХАУ-ын “И” компанитай ачаа тээврийн гэрээ хийж, тоног төхөөрөмж тээвэрлэсэн.

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр **** УНЛ улсын дугаартай автомашины жолооч Б-ьтай тоног төхөөрөмжүүдийг Замын-Үүдээс-Эрдэнэт хот хүртэл тээвэрлүүлэхээр харилцан тохиролцсон.

1.2. Б-ь нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээ-Говь сумын 2 дугаар багийн нутагт зам тээврийн осолд орсноор тээвэрлэж явсан дамжуулах трансформатор, уурын сорох хавхлага, эргэлтийн асаагч мотор, цахилгаан гидравлик хаах хавхлага зэрэг 4 тоног төхөөрөмж эвдэрч гэмтсэн. Эвдэрсэн тоног төхөөрөмжийг Монгол Улсад оношилж, засварлах боломжгүй тул БНХАУ-ын үйлдвэрт нь буцааж, гэмтлийг тогтоох, засварлах ажлыг зохион байгуулж, “И” компанид учирсан хохирлыг арилгасан. Зам тээврийн ослыг цагдаагийн байгууллагаас шалгаж, цагдаагаас томилсон шинжээч хохирлын үнэлгээг 47,193,300 төгрөгөөр тогтоосон нь эрүүгийн хэрэг үүсгэх 50,000,000 төгрөгийн хохирлын хэмжээнд хүрэхгүй байна гэх үндэслэлээр хэргийг хааж, иргэний журмаар хохирол төлүүлэх прокурорын тогтоол гарсан.

1.3. Ослын улмаас эвдэрсэн тоног төхөөрөмжийг засуулахаар үйлдвэрлэгч БНХАУ-ын “Г” компанитай 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулж, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлбөрт 184,850 юанийг төлсөн. Засварласан тоног төхөөрөмжийг БНХАУ-ын нутагт тээвэрлэх гэрээг “З” компанитай 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 36,860 юань, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 23,120 юань, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 46,880 юань, нийт 106,860 юань төлсөн.

1.4. Тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээр оруулахад гаалийн татварт 2,375,127 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрийн хооронд Эрдэнэт хотод хүргэсэн тээврийн зардалд 2,646,060 төгрөг төлсөн.

1.5. Иймд нийт 291,710 юанийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш 417.24 төгрөгт хөрвүүлбэл 121,713,080 төгрөг, гаалийн татвар, тээврийн зардал 5,021,187 төгрөг, нийт 126,734,267 төгрөгийн хохирол учирснаас хариуцагчийн төлсөн 7,100,000 төгрөгийг хасч 119,634,267 төгрөгийг хариуцагч Б-иас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б-ь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр **** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа осол гаргасан нь үнэн боловч “А” ХХК-ийн гэм хорын төлбөр 126,734,267 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ослын газар ажилласан цагдаагийн байгууллагаас томилсон шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн тогтоосон хохирлын үнэлгээ 47,193,300 төгрөгийг төлнө.

2.2. “А” ХХК-тай ачаа тээвэрлэх гэрээ байгуулаагүй, таньдаг жолооч “ачаа байна, ачих уу” гэхээр нь тээвэрлэхээр болсон. Тээвэрлэлтийн явцад осол гарахад нэхэмжлэгч компанийн утсыг ч мэдэхгүй, хүнээр дамжуулж “танай ачаа барааг ослоор унагаачихлаа” гэж холбогдсоноор компанийн хүмүүс нь ирсэн. Хариуцагчийг Эрээн явсан хойгуур Эрдэнэт рүү ачаа ачуулсан, буцаж ирээд 4 хайрцагтай ачааг Эрээнд хүргэж өгөөд эргээд ирэхэд нь Эрдэнэт рүү хүргүүлнэ гэж ярьсан боловч холбогдоогүй, тэр ачаа бараа мөн эсэхийг мэдэхгүй.

2.3. Гаалийн татварт төлсөн төлбөрийг харахад тоног төхөөрөмжийн үнэ нь ойролцоогоор 15,000,000 төгрөг байдаг. Талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй учир 47,193,300 төгрөгөөс бусад зардлыг төлөх үүрэггүй.

2.4. “А” ХХК-ийн захирал Ж- нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан нь Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр тогтоогдсон байтал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр компанийн захирал Ж-ээс авсан гэх итгэмжлэлээр нэхэмжлэл гаргасан буюу төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-иас гэм хорын хохирол 59,817,133 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, үлдэх 59,817,133 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,112,507 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-иас 457,035 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол болох 291,710 юанийг төгрөгт шилжүүлж 121,713,080 төгрөг, гаалийн татвар болон тээврийн зардал 5,021,187 төгрөг, нийт 126,734,267 төгрөгөөс хариуцагчийн тээвэр хийсэн 7,100,000 төгрөгийг хасч 119,634,267 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба шүүх уг үнийн дүнгийн 50 хувь болох 59,817,133 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хариуцагч талын эрх ашгийг хэт анхаарч, нэхэмжлэгч талын эрх ашгийг зөрчиж байна.

4.2. Шүүх уг үндэслэлээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч буруутай байна гэж үзсэн. Тухайн үед тээвэрлэх ачааг хариуцагч тээвэрлэхээр зөвшөөрч, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд ачиж, ачаа хүрэх эцсийн цэг хүрэх чиглэлд хөдөлгөөн хийж, тээврийн хөлсний тодорхой хувийг урьдчилан авснаар талууд харилцан тохиролцож, Иргэний хуульд заасан хэлцэл болон тээврийн гэрээ хийгдсэн гэж үзэж байна.

4.3. Харин “ачиж явсан ачаа барааг өөрийн буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гэмтээснээс хойш тухай би ачааг мэдэхгүй, надад хүлээлгэж өгөөгүй” гэх агуулгаар гаргасан хариуцагчийн тайлбарыг үндэслэн шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд заасан хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Иргэний хуулийн 386 дугаар зүйлд зааснаар ачаа тээвэрлэлтийн гэрээг бичгээр байгуулах ёстой. Талуудын хооронд бичгээр байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээ болон ачааг тээвэрлүүлэхдээ Б-ид хэдэн төгрөгийн үнэ бүхий, хэдэн ширхэг ачаа, тоног төхөөрөмжийг хүлээлцсэн акт байхгүй.

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг ачаа тээвэрлэлтийн асуудалд буруутай гэж үзсэн.

 

6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

6.1. Хариуцагч нь "А” ХХК-ийн тоног төхөөрөмжүүдийг Замын-Үүдээс Эрдэнэт хот хүртэл тээвэрлэхээр амаар тохиролцсон бөгөөд хэдэн ширхэг, хэдэн төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж болохыг хэлээгүй, ачаа хүлээлцсэн баримт бичиг үйлдээгүй, зөвхөн ачаа тээвэрлэлтийн хөлсийг тохиролцсон.

6.2. Зам тээврийн ослын дараа "А” ХХК дээр очиж уулзаад учирсан хохирлоо арилгахаар тохирч, ачаа тээвэрлэлтийн ажил хийж, ажлын хөлс болох 7,000,000 төгрөгийг 47,193,300 төгрөгөөс хасуулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг хасуулан тооцоход татгалзах зүйлгүй гэж тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоогүйд гомдолтой байна.

6.3. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 393 дүгээр зүйлийн 393.1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээх үндэслэлгүй байхад ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгтэй холбогдон бий болсон зардлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Хариуцагч зөвхөн тээвэрлэж явсан тоног төхөөрөмжид учирсан 47,193,300 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнээс "А” ХХК-д хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 7,000,000 төгрөгийг хасч 40,193,300 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 59,817,133 төгрөгөөс 19,623,833 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6.4. "А” ХХК-ийн захирал Ж- 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр тогтоогддог. Харин тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүүгийн шүүхэд гаргаж өгсөн итгэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр олгосон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн албан тоотыг нотлох баримтаар үнэлэлгүйгээр, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж, хариуцагч талд давуу байдлыг бий болгож байсан.

Хариуцагч ийнхүү давуу байдлаа ашиглан БНХАУ-аас "А” ХХК-ийн захирал Ж-ээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл ирүүлсэн боловч итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн улсад суугаа консул буюу элчин сайдын яамаар дамжуулан шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг явуулах ёстой. Гэтэл анхан шатны шүүх "А” ХХК-ийн захирал Ж-ээс БНХАУ-ын нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн итгэмжлэлийг нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. "А” ХХК болон хариуцагч Б-ид холбогдох хэрэг Монгол Улсын нутаг дэвсгэрт үүссэн учраас Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэглэх тул БНХАУ-ын нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд хурал давхцаж, шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт бичиж өгсөн. Гэтэл тухайн үед Хил хамгаалах газраас тодорхойлолт авахаар шүүх хуралдаан хойшилсон. “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бээжинд байсан тул итгэмжлэлд гарын үсэг зурж, ачааны машинаар дамжуулан явуулсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б-ид холбогдуулан гэм хорын хохиролд нийт 126,734,267 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б-ь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт **** УНЛ улсын дугаартай, Бэйбэн ***** маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

4. Уг ослын улмаас тээврийн хэрэгслээр зөөвөрлөгдөж байсан тоног төхөөрөмжүүдээс дамжуулах трансформатор, уурын сорох хавхлага, эргэлтийн асаагч мотор, цахилгаан гидравлик хаах хавхлага гэмтэж, эвдэрсэн үйл баримтын талаар талууд мөн маргаагүй.

5.1. Уг тоног төхөөрөмжүүдийг БНХАУ-ын “И” компани нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “А” ХХК-тай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний дагуу БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын “С”-руу тээвэрлүүлэхээр тохиролцсон байна.

5.2. Хариуцагч Б-ь уг тоног төхөөрөмжүүдийг өөрийн автомашинаар зөөвөрлөхөөр хүлээн авч, хөлс тохиролцож, урьдчилгаа авч, замд гарсан үйлдэл хийснээр нэхэмжлэгчтэй Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээг байгуулсан гэж дүгнэнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4 дэх хэсэгт зааснаар дагалдах бичгээс үл хамааран тээвэрлэлтийн гэрээний үндсэн үүрэг хүчинтэй байна.

5.3. Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн явцад дээр дурдсан 4 тоног төхөөрөмжид гэм хор учирсан тул тээвэрлэгч Б-ь хуульд заасан буюу мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг хариуцан арилгах юм.

Анхан шатны шүүх гэм хор учруулсан гэм буруутай этгээд хохирлыг арилгахыг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримтлах байтал гэм буруугүйгээр гэм хорын хохирлыг арилгах мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийн зохицуулалтыг маргаанд хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг залруулав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөд учирсан хохирлыг мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар арилгана. Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх учиртай.

 

6. “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр дамжуулах трансформатор, уурын сорох хавхлага, эргэлтийн асаагч мотор, цахилгаан гидравлик хаах хавхлагыг тус тус  засварлах гэж тодорхойлж үнэлгээг 47,193,300 төгрөг гэж тогтоосон байх боловч уг тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсад засварлах боломжтой гэх байдал тогтоогдохгүй байгаагаас гадна шинжээч дүгнэлтээ гэрэл зурагт үндэслэн гаргасан тул 47,193,300 төгрөгөөр тооцсон үнэлгээ нь гэм хорын хохирлыг бодитоор арилгах зарчимд нийцэхгүй байна.  

 

7. Зам тээврийн ослын улмаас эвдэрсэн тоног төхөөрөмжийг БНХАУ-ын хуулийн этгээд болох “Г” компанитай байгуулсан гэрээний дагуу засварлуулж төлбөрт 184,850 юань төлөгдсөн. Уг тоног төхөөрөмжийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт тээвэрлэхэд тус улсын хуулийн этгээд “З” компанид 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 36,860 юань, мөн сарын 30-ны өдөр 23,120 юань, мөн оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 46,880 юань тус тус төлөгдсөн.

Монгол Улсын гаалийн төлбөрт 2,375,127 төгрөг, тээврийн зардалд 2,646,060 төгрөгийн зардал гарсан байна.

Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлыг 126,734,267 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт хохирол бодит байх гэж заасантай нийцэх бөгөөд хариуцагч эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг төлөх үүрэгтэй.

 

8. “А” ХХК-д хариуцагч Б-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 7,000,000 төгрөгийг хасч тооцон 119,734,267 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч тал ачаа тээвэрлэлттэй холбоотойгоор тодорхой хэмжээний буруу байгаа гэж өөрийн бурууг 20,000,000 төгрөгийн хэмжээнд тодорхойлж давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн уг тайлбарыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг хасч тооцох нь талуудын зарчимд нийцнэ. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 99,734,267 /119,734,264-20,000,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

10. Нэхэмжлэгч талын Б.Борхүүд олгосон итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд Иргэний болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 172 дугаар зарлигаар соёрхон баталсан байна.  Олон улсын уг гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-т зааснаар дотоодын хууль тогтоомжийн адил үйлчилнэ.

Дээрх эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний 7.1-т “Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллагаас өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу үйлдсэн буюу гэрчилсэн баримт бичгийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт өөр ямар нэгэн баталгаагүйгээр хэрэглэж болно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу үйлдэгдсэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн итгэмжлэлийг  БНХАУ-ын нотариатч тамга дарж баталгаажуулсан байх тул Монгол Улсын нутаг дэвсгэрт ямар нэгэн баталгаагүйгээр хүлээн зөвшөөрнө. Хэдийгээр нэхэмжлэл гаргах үед итгэмжлэл шаардлага хангаагүй байсан боловч хожим итгэмжлэлийг зөвтгөж шүүхэд ирүүлсэн тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцэх юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

11. Иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

12. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/03376 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “499 дүгээр зүйлийн 499.1” гэснийг “497 дугаар зүйлийн 497.1” гэж, “59 817 133.7” гэснийг “99,734,267” гэж, “үлдэх 59 817 133.7 төгрөгийг” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагаас 27,000,000 төгрөгт холбогдох хэсгийг” гэж,

2 дахь заалтын “457 035” гэснийг “656,621” гэс тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 457,100 төгрөгийг,  хариуцагч Б-ийн төлсөн 457,100 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.НЯМБАЗАР

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА