Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/02120

 

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/02120

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/02962 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэг, хохиролд нийт 24,221,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, О.Ариунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “А” ХХК нь “Б” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан. “Б” ХХК нь гэрээгээр барилгын туслах материал болох булан, хэв гэх нийт 694 ширхэг бараа материалыг 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл түрээсэлсэн боловч түрээсийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.

1.2 Мөн түрээслүүлэгч талд буцаан хүлээлгэж өгөх ёстой бараа материалаас дутааж, алга болгосон 43 ширхэг бараа материалын үнэ 1,597,000 төгрөг, гэмтээсэн бараа материалын засварын төлбөр 504,000 төгрөг, 694 ширхэг бараа материалын түрээсийн үлдэгдэл төлбөр 14,046,800 төгрөг, нийт 16,147,800 төгрөгийг нэхэмжилж байна.

1.3. Гэрээний 7.2-т “түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө” гэж зааснаар алданги 8,073,900 төгрөг байна.

Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 16,147,800 төгрөг, алданги 8,073,900 төгрөг, нийт 24,221,700 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй. “А” ХХК-тай холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байсан н.Ялалт нь “А” ХХК-д төлөх төлбөргүй, төлбөрийг төлөөд дууссан гэж тайлбарласан бөгөөд одоо тус компанид ажиллахаа больсон тул “А” ХХК-д төлөх төлбөр байхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 287 зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 11,485,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,275,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 279,100 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч “Б” ХХК-аас 206,082 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 11,945,800 төгрөгийг хангаж, хариуцагчаас шаардаж буй дутаасан бараа материалын үнэ 1,597,000 төгрөг, гэмтэл засварласан 504,000 төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэлгүй.

4.2. Мөн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзсэн нь хуулийг дутуу тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн зүгээс тухайн төлбөрүүдийг хүлээн зөвшөөрөөгүй. Хэрэгт холбогдолтой баримтуудыг н.Ялалт гэх хүн байгууллагад гаргаж өгөөгүй тул хугацаа их алдсан. Мөн хариуцагчийн зүгээс төлбөрийг бүрэн төлсөн, бүх бараа материалыг буцаан өгч, гэмтээж, дутаасан зүйл байхгүй. Түрээсийн гэрээний 8.2-т заасны дагуу гэрээний нийт төлбөрийг гэрээнд гарын үсэг зурсан өдөр түрээслүүлэгчид шилжүүлнэ гэж заасан тул төлбөрийг бүрэн төлөгдсөн гэж үзсэн. Гэмтээсэн тохиолдолд ямар эд хөрөнгийг яаж гэмтээсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

5.2. Мөн 43 ширхэг 2 загварын бараа материалыг дутаасан гэж байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагын хүснэгтэд болон хүлээж авсан бараа, материалын актад нийт 694 ширхэг бараа материал гарч, орсон огноог бичсэн байдаг. Хариуцагчийн зүгээс авсан бараа, материалаа эвдэж, дутаагаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө нотлох үүрэгтэй боловч нотолж чадаагүй.

5.3. Гэрээний 1.10-т гэрээний үйлчлэх хугацааг заагаагүй байсан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацааг хэтрүүлж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор заасан. Гэрээ болон хуульд заагаагүй алдангийг төлөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг, хохиролд нийт 24,221,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “А” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Барилгын туслах материал түрээслэх” гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр түрээслүүлэгч нь 694 ширхэг бараа материалыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрт 23,451,800 төгрөгийг түрээслүүлэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.

“А” ХХК болон “Б” ХХК-ууд нь аж ахуй эрхлэгчид байх бөгөөд түрээслүүлэгч нь түрээслэгчид  барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж барилгын туслах бараа материалыг түрээслүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, мөн зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.1. Талууд гэрээний хугацааны талаар маргаагүй.

 

4.2. Түрээслэгч нь гэрээний зүйлийг өөрийн эзэмшил, ашиглалтад 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд байлгасан тул уг хугацаан дахь түрээсийн төлбөрт 23,451,800 төгрөг төлөх үүрэгтэй байна. Тэрээр гэрээний хугацаанд 9,405,000 төгрөг төлжээ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний төлбөрт 14,046,800 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5. Гэрээний 7.2-т талууд алдангийн талаар тохиролцсон байх ба уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Гэрээний 8.2-т зааснаар түрээслэгч нь гэрээний төлбөрийг гэрээнд гарын үсэг зурсан өдөр шилжүүлэхээр тохиролцсон байхад анхан шатны шүүх үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхойгүй гэсэн үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Түрээслүүлэгч нь түрээслэгчид 694 ширхэг эд зүйлийг хүлээлгэж өгсөн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр түрээслэгч түрээсийн төлбөр төлөх байтал 9,405,000 төгрөгөөс өөр төлбөр хийгээгүй тул дутуу гүйцэтгэсэн гэрээний төлбөр болох 14,046,800 төгрөгөөс алдангийг тооцвол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн тул хуульд зааснаар хязгаарлаж алдангид 7,023,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

 

6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч гэрээ дуусгавар болоход ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон түрээсийн зүйлийг түрээслэгчид буцаан өгөх үүрэгтэй.

Хариуцагч “Б” ХХК шилжүүлж авсан 694 ширхэг эд зүйлийг буцаан өгсөн талаар нотлох үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт болох 2018 оны 10 дугаар сарын орлого, зарлагын падаан гэх 5 ширхэг баримт, тэдгээрт хийгдсэн тэмдэглэгээг үндэслэн хариуцагчийг 43 ширхэг эд зүйл дутаасан, 9 ширхэг эд зүйлийг эвдэж гэмтээсэн гэж дүгнэв.   

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хохирлыг дутаасан бараа материалын үнэ 1,597,000 төгрөг, эвдрэл, гэмтлийг засварласан төлбөр 504,000 төгрөг, нийт 2,101,000 төгрөгөөр тооцож гаргасан дүнг хариуцагч няцаагаагүй байна. Иймд хариуцагчаас 2,101,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгоно. Харин хохирлоос анз тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэгчээс уг үнийн дүнд тооцон нэхэмжилсэн алдангийг хэрэгсэхгүй болгоно.  

 

7. Анхан шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг болон улсын тэмдэгтийн хураамжийг тодорхойлох зүйл заалтыг “6 дугаар зүйл” гэж буруу бичсэнийг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүйг тус тус залруулах нь зүйтэй.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 23,171,200 /14,046,800 + 1,597,000 + 504,000 + 7,023,400/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,050,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон техникийн шинжтэй алдааг залруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/02962 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “287 зүйлийн 287.1” гэснийг “318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж, “11,945,800 /арван нэгэн сая есөн зуун дөчин таван мянга найман зуун/” гэснийг “23,171,200” гэж, “12.275.900 төгрөгийг” гэснийг “1,050,500 төгрөгт холбогдох хэсгийг” гэж,

2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д” гэж, “56.2” гэсний дараа “60 дугаар зүйлийн 60.1” гэж нэмж, “206,082” гэснийг “276,806” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.НЯМБАЗАР

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА