Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00011

 

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00011

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/02186 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах болон тээвэрлэх гэрээний үүрэгт 105,555,660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “А” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулж, худалдагч тал бетон зуурмаг нийлүүлэх, захиалагч тал бетон зуурмагийг хүлээн авч, үнийг нь төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэрээний дагуу захиалагч тал М250 маркийн 193 м.куб бетон зуурмагийг 27,879,700 төгрөгөөр, М300 маркийн 471 м.куб бетон зуурмагийг 79,411,800 төгрөгөөр, нийт 664 м.куб бетон зуурмагийг 107,291,500 төгрөгөөр авсан. Худалдагч тал бетон зуурмагийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд нийлүүлж дууссан. Захиалагч гэрээний нийт үнээс 36,921,060 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 70,370,440 төгрөгийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн болно.

1.2. Гэрээний 6.1-д төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд захиалагчийн төлөх алданги хуульд заасан хэмжээ буюу 35,185,220 төгрөг байна.

1.3. Дээрх төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч, захирал В- нь компанийг бусдад шилжүүлж, төлөөлөх эрхгүй болсон нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч компанийн шинэ хаягаар дахин нэхэмжлэл гаргасан.

1.4. Иймд бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 70,370,440 төгрөг, түүний алданги 35,185,220 төгрөг, нийт 105,555,660 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Б” ХХК нь 2014 онд гадаад худалдаа болон фермерийн аж ахуй эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Г-, “Д” ХХК-ийн нэр дээр Компанийн эрх шилжүүлэх гэрээ хийж “Б” ХХК-ийг шилжүүлж авсан. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “А” ХХК-тай хийсэн Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ нь манай талд компанийн эрхийг шилжүүлж өгөхөөс өмнөх үйл явдал тул тус хэрэгт хариуцагч компани хамааралгүй гэж үзэж байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 105,555,660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 685,729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 685,729 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн 181/ШЗ2022/06950 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан В-ийг гэрчээр асуулгах хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр гэрчийг асуусан боловч гэрч асуусан тэмдэглэл, мөн шүүх хуралдааны тэмдэглэлийг хэрэгт хавсаргаагүй байна.

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн, хэргийг үнэн зөв, нотлох баримтад үндэслэн хуулийн дагуу шийдвэрлэгдсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас хэргийн материалтай танилцахад шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт хавсаргаж, гэрч В-гийн мэдүүлгийг үнэн зөв бичсэн байна.

Шүүх хуралдааны явцад гэрчээс авсан мэдүүлгийг шүүх хуралдааны тэмдэглэлд хавсарган бичдэг бөгөөд тусгайлан тэмдэглэл үйлдэх шаардлагагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 105,555,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “А” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр худалдагч нь БМ-150, БМ-250, БМ-300 маркийн бетон зуурмагийг нийлүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн ба уг актаар “Б” ХХК нь 70,370,440 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарсан байна.

Иймд хариуцагч гэрээний үүрэгт 70,370,440 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

5. Гэрээний 6.1-д худалдан авагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт нийцсэн, хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 70,370,440 төгрөгөөс алдангийг тооцоход 50 хувиас хэтэрсэн байдлыг харгалзаж шүүх мөн зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг хязгаарлаж 35,185,220 төгрөгөөр тогтоосон нь зөв байна.

 

6. “Б” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөх нь тус компанийг гэрээний дагуу гүйцэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Хувьцаа худалдах, худалдах авах гэрээний үүргийн зөрчил энэ маргаанд хамаарахгүй болно.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж В-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны явцад түүнээс гэрчийн мэдүүлэг авсан, хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. 

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл баримтаар авагдсан, гэрчийн мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул хариуцагчийн холбогдох давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/02186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                             Э.ЭНЭБИШ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА