Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 577

 

Л.Д-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Э.Г, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 466 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 829 дүгээр магадлалтай, Л.Д-т холбогдох 1908064321901 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төв аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Т т т” ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ял шийтгэлгүй, Д овогт Л-гийн Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт Л-гийн Д-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болно. Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй ба уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэл болно гэж дүгнэснийг буруу гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хяналт тавьж байсан прокурорын зүгээс анхны шинжээчийн дүгнэлтийн эргэлзээг арилгах зорилгоор дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба шалгавал зохих бүхий л ажиллагааг хийсэн боловч миний үйлчлүүлэгч Л.Д- нь уг гэмт хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдсон. Үүний дагуу анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь эргэлзээгүй байдлаар үнэлсний эцэст цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлт гаргасан хоёр эмчийг улсын яллагчийн гаргасан саналын дагуу оролцуулсан нь нас барсан хугацаа болон цусан хурааны насжилт болон хэзээ үүссэн талаар нь тодруулсан. Үүнд ямар нэгэн зөрүүтэй дүгнэлт байхгүй. Шинжээч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “Бид нар хэсэг газраас нь дээж авдаг, хамгийн удсан байдал нь  18 цагийн шинжтэй, хамгийн ойр нь буюу гадаргуун дээд хэсэг нь 6 цаг байсан тул дүгнэлтэндээ энэ талаараа тусгасан. Түүнчлэн хохирогч нь шүүгдэгч Л.Д-тай уулзахаас өмнө дээрх гэмтлийг авсан байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо хэргийн талаар ойлгомжгүй дүгнэлт хийсэн байх бөгөөд, прокурорын ялласан дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлүүдийг заагаагүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “Шүүхээс хийсэн гэм буруугийн талаархи дүгнэлт” гэж тодотгож нотлох баримт болон яллах дүгнэлтийг үгүйсгэсэн дүгнэлтүүдийг дурьдсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 3-т заасан “... шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна ...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ ...” гэж заасан ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын нь ямар нэгэн эргэлзээгүй байсан тул Л.Д-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хяналт тавьж байсан прокурорын зүгээс бүх ажиллагааг хийлгэсэн. Шинжээчийн дүгнэлтийн эргэлзээг арилгах зорилгоор дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байдаг. Хэрэгт шалгавал зохих бүхий л ажиллагааг хийсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын хүсэлтээр шинжээч эмч нарыг оролцуулсан. Мөн шинжээч эмч нарын дүгнэлтүүд өөр хоорондоо эргэлзээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр 1.3-д зааснаар хянаж үзээд хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулахад үндэслэл муутай байна. Давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтээс гадна бусад нотлох баримтуудыг харьцуулан хооронд нь уялдуулж дүгнэлт хийгээгүй. Насанд хүрээгүй гэрчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг дан ганц авч үзээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулсан. Камерийн бичлэгээр хохирогчийн хувьд Л.Д-ын гэрээс гарч байгаа байдал харагдах ба цогцост хийсэн шинжилгээгээр хүнд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогдсон. Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд шинжээч нар шүүх хуралдаанд оролцсон. Шүүхийн хэлэлцүүлэгт гэмтэл буюу цусан хураа үүссэн хугацааны талаар дүгнэлтийг тодруулж мэдүүлэг авсан ба энэ талаар зөрүүтэй байдал гараагүй. Л.Д-ын гэрт авсан гэмтлээс цусан хураа үүссэн байх боломжгүй, амь хохирогчийн биед үүссэн гэмтэл буюу цусан хураа нь удсан байна гэдгийг шинжээч нар тогтоосон. Давж заалдах шатны шүүх шалгах ажиллагаанд ач холбогдолгүй дүгнэлтийг давхар хийсэн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хуралдаанд оролцвол зохих гэрч, шинжээч нарыг оролцуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэх судлах замаар шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Л.Д-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтийг няцааж үгүйсгээгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүдэд гэмтэл авсан цаг хугацааны хувьд зөрүүтэй байдал тусгагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг дутуу хийсэн байна, гэмтэл авсан шалтгаан нөхцөлийг тогтоох ёстой, шүүгдэгчийн шээснээс  сэтгэцэд нөлөөт бодис илэрснийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой гэсэн дүгнэлт хийж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн Л.Д-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан  болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Л.Д-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буман-Өлзий хорооллын 755 дугаар байрны 501 тоотод иргэн М.Эрдэнэболдтой морины талаар ярьж байгаад “чиний морь дандаа хоёрт ордог байсан, харин миний морь дандаа айрагддаг байсан гэж хэллээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь гавал тархины битүү гэмтэл буюу гавлын зүүн чамархай, зүүн ухархайн ар ба дээд хана, дагзны зүүн хэсгийг хамарсан хугарал, тархины зүүн зулай, дагзны гадна хэсэг, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны дээрх зүүн зулай, дагзны гадна хэсэг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн урд гадна хэсгийн эдийн няцрал, зүүн чамархайн урд хэсэг, шанааны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун шуу, ташаанд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүнийг алсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Д-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх Л.Д-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон эсэх, үйл баримттай холбогдох хүмүүсийг, нотлох баримтуудыг бүхэлд нь шалгаж дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, гэмт хэрэг гарсан эсэх, гэм буруугийн сэдэлт, зорилгыг бүрэн тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хүний амь хохирсон гэмт хэргийн хувьд тухайн хэргийг шийдвэрлэх гол нотлох баримт нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт байдаг ба хавтаст хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоосон хэмээн үзэхгүй.

Тодруулбал, хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтүүд харилцан зөрүүтэй, хохирогчийн үхлийн шалтгаан болсон гавал тархины битүү гэмтлийг авсан цаг хугацааг өөрөөр тогтоосон байхад дээрх эргэлзээтэй байдлыг дахин шинжилгээ хийлгэх замаар арилгах байтал шүүх шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын  03-ны өдрийн 97 дугаар дүгнэлтэд “... гавал тархины битүү гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмөн 12-18 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл ...”, мөн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 243 дугаар дүгнэлтэд “... гэмтэл нь шүүх эд, эсийн шинжилгээгээр нас барахаас 6-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой ...” гэх шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзэх нөхцөл байдлыг бий болгожээ.

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой тул давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э-ийн “... цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 829 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                              С.БАТДЭЛГЭР

                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                            Ч.ХОСБАЯР