| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2017/0006/З |
| Дугаар | 110/ШШ2017/0011 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 110/ШШ2017/0011
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би Өлгий сумын 9 дүгээр багийн оршин суугч Ш.Бахытаас, Өлгий сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаар Захирамжийг хүчингүй болгон, ажлаас чөлөөлөх тухай захирамж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар А.Жыг ажилд түр томилох тухай захирамжийг тус тус хүчингүй болгож, Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулахыг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ш.Бахыт миний бие Өлгий сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 186 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар буюу иргэдийн Нийтийн Хурлын саналын дагуу тус сумын 9 дүгээр багийн Засаг даргаар сонгогдсон бөгөөд энэ хугацаанд багийн ИНХ-аас 3 удаа хангалттай гэсэн сайн дүн авч төр, засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, багийн иргэдийн ажил, үйлсийг туслан дэмжих зэрэг хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг зохих ёсоор биелүүлэн үр бүтээлтэй ажиллаж ирсэн юм. Гэтэл Өлгий сумын Засаг даргаар шинээр томилогдсон Х.Бахытхумар нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаар захирамжаар намайг багийн Засаг даргаар томилсон захирамжийг хүчингүй болгож үндэслэлгүй ажлаас чөлөөлж, хууль зөрчин өөр хүнийг томилсон явдалд гомдолтой байна. Сумын Засаг даргын дээрх захирамжуудыг хууль бус гэж үзэх үндэслэлийн талаар:
Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаар захирамж дараах хуулийн зүйл заалтуудыг зөрчиж гарсан захирамж гэж үзэж байна. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан урьдчилан мэдэгдэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн захиргааны үйл ажиллагааны ерөнхий зарчмыг зөрчсөн. Өлгий сумын Засаг дарга бидний эрх ашиг сонирхлыг зөрчсөн маргаан бүхий захирамжийг гаргахдаа бидэнд урьдчилан мэдэгдээгүй ба ийм шийдвэр гарсан эсэхийг бид тухайн үед мэдээгүй уг захирамжийн хувийг бидэнд Өлгий сумын санхүүч Ш.Ауесханаар дамжуулж өгсөн юм.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд бүх шатны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах үндэслэлийн талаар зохицуулсан ба үүнд багийн Засаг дарга адил хамаарна. Гэвч сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг авалгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн хэрэг байна.
Хууль тогтоомжид нийцээгүй гэх үндэслэлээр өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон боловч шинээр томилсон багийн Засаг даргыг ИНХ-ын саналаар буюу сонгуулийн журмаар томилоогүй нь сумын Засаг дарга хуулийг ноцтой зөрчсөн, бүрэн эрхийг хэтрүүлэн ашигласан үйлдэл гэж үзнэ. Энэ нь тус сумын 9 дүгээр багийн Засаг даргыг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар захирамжаар ажилд түр томилсон. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т заасныг баримталснаар уг захиргааны актууд хууль бус болохыг илтгэж байна.
Мөн сумын Засаг дарга бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлаагүй, сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл ирүүлээгүйгээр шууд захирамж гаргаж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлүүдийг ноцтой байдлаар зөрчжээ. Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн бөгөөд төр, засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх, биелүүлэх үүрэгтэй. Сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаар захирамжаар намайг анх томилсон 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 186 дугаар "Багийн Засаг даргыг томилох тухай" захирамж хууль бус гарсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь хууль бус юм.
Гэвч хуульд заасан бүрэн эрхийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хууль, тогтоомжийг зөрчин улс төрийн үзэл бодлоор намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн явдалд харамсаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Өлгий сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Ш.Бахыт, А.Ж нарт холбогдох 257, 260 дугаар захирамжуудыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар захирамжаар хүчингүй болгож байгаа тул Ш.Бахытын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Бахыт шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие нэхэмжлэгч Ш.Бахыт тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өлгий сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 257, 260 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож, Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулахыг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус биелүүлж сумын Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 257, 260 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 26 дугаар захирамж гаргаж биелүүлсэн, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 9 дүгээр багийн ИНХ-ыг товлон зарласан тогтоол гаргасан тул миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргахгүй гэдгээс ойлгож байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Бахыт нь Өлгий сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаар захирамж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулахыг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай шаардлагатай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Өлгий сумын Засаг дарга нь маргаан бүхий захиргааны акт болох Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаар Захирамжийг хүчингүй болгон, ажлаас чөлөөлөх тухай, 260дугаар А.Жыг ажилд түр томилох тухай захирамжийг тус тус хүчингүй болгосон, мөн хариуцагч Өлгий сумын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн ба сумын Хурлын Тэргүүлэгчдээс 9 дүгээр багийн Хурлын дарга болон Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14:00 цагт хуралдуулахаар товлон зарласан шийдвэр гаргаснаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн байна.
Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулах хугацааг товлох тухай 09 дүгээр тогтоол, Өлгий сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар захирамжаар тус тус нотлогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй ба хариуцагч нараас дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа илэрхийлж, шүүхэд энэ талаарх хүсэлтээ бичгээр гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар хөнгөлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Өлгий сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаар Захирамжийг хүчингүй болгон, ажлаас чөлөөлөх тухай захирамж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар А.Жыг ажилд түр томилох тухай захирамжийг тус тус хүчингүй болгож, Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулахыг Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, Ш.Бахытын нэхэмжлэлтэй, Өлгий сумын Засаг дарга, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.ЕРКЕШ