Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0552/З |
Дугаар | 221/МА2019/0037 |
Огноо | 2019-01-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2019/0037
2019 оны 01 сарын 17 өдөр Дугаар 221/МА2018/0037 Улаанбаатар хот
“Д э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0660 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлоор, “Д э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0660 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д э ХХК-ийн Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын Д Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзжээ. Нэхэмжлэгч маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлээ 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргах байсан. Гэтэл нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй...” гэж заасан. Маргаан бүхий акт энэ оны 05 дугаар сарын 07-нд гарсан байдаг. Гэтэл шүүх хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “Д э” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Д э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Маргаан бүхий А/121 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 78 иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хавсралтын ёсоор дуусгавар болгож, эдгээр иргэн аж ахуй нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсны дотор нэхэмжлэгч “Д э” ХХК-ийн нэр орсон байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар “Д э” ХХК-д газар ашиглах эрх олгож, энэхүү тушаалын дагуу тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2016/437 дугаартай гэрчилгээ олгожээ.
Гэвч “Д э” ХХК-тай газар ашиглуулах гэрээ байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс ... газраас Монгол Улсын иргэн ...-д ... гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3-т газар ашиглах тухай гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газар ашиглах, хамгаалах талаар талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тусгахаар тус тус зохицуулснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гол үндэслэл нь эрх бүхий этгээдийн байгуулсан гэрээ байх бөгөөд уг гэрээ байгуулснаар газар ашиглагчид газар ашиглах эрх, үүрэг үүснэ.
“Д э” ХХК-тай газар ашиглуулах гэрээ байгуулсан эсэх, газар ашиглах эрхийг бодит байдалд хэрэгжүүлсэн эсэх нөхцөл байдлыг шалгаж тодруулалгүй, гэрээнд заасан төлбөр төлөх, зориулалтын дагуу ашиглах үүргээ биелүүлээгүй гэж үзэж, байгуулагдаагүй гэрээг цуцалсан хариуцагчийн шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохироогүй байна.
Хариуцагч нь энэхүү нөхцөл байдлыг судлан ирүүлсэн гэх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 455 дугаар саналд “Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүргийн газрын албанаас ирүүлсэн газрын төлбөрийн мэдээллийн дагуу Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан газрын төлбөр төлөөгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй 79 иргэн, аж ахуй нэгж байгууллагын жагсаалт” гаргасан байх боловч нэхэмжлэгч “Д э” ХХК-ийн нэр байхгүй байх тул захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх нь хөндөгдсөн оролцогчийг сонсох ажиллагаа явуулалгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.
Дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлоо “... маргаан бүхий акт 2018 оны 05 дугаар сарын 07-нд гарсан, нэхэмжлэлээ 6 дугаар сарын 07-нд гаргах ёстой байсан. Мөн Газрын тухай хуулийн 40.3-д зааснаар 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргахаар заасан. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр гаргажээ.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 661 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж үзэх үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээд нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.Баатархүү
ШҮҮГЧ С.Мөнхжаргал