| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/00151/э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 168
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Х.Бд холбогдох 1830002080152 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн харьяат, 1996 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 107 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 41/36 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсэн, Х.Б.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод байх гэртээ эхнэр А.Оийг ялимгүй зүйлээс шалтаглан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь “ баруун нүдний эргэн тойронд, амны баруун завжинд, зүүн бугалганд, зүүн суганы дор цус хуралт, баруун нүдний эргэн тойронд, зүүн суганы доод хэсэг, баруун бөөр орчимд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 07 сарын 01-ний өдөр би гэрийнхээ гадна талын шавардлага хийж байгаад гэр рүүгээ орж эхнэр А.Отэй мөнгөний асуудлаас болж маргалдаж, би эхнэртээ гар хүрсэн. Би эхнэр А.Оийн нүүр рүү нь цохисон. Би хутга бариагүй. Эхнэр бид хоёр эвлэрсэн. Байнга уулзаж байгаа. Хохирогч эмчилгээний зардал нэхэмжлээгүй... гэв.
- Х.Бын яллагдагчаар өгсөн: Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн болохоор мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-23 /,
- Х.Бын гэрчээр өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед гэртээ засвар хийж байгаад эхнэр А.Отэй машин тэрэг, газар авах талаар ярилцаж байгаад мөнгө төгрөгний боломжгүй байдлаас болж бид хоёр маргалдсан. Тухайн үед гэрийнхээ буйдан дээр хэвтэж байхад миний хөл талд А.О сууж байхад нь би хөлийнхөө хуруугаар А.Оийн хөл рүү хатгасан чинь яагаад цохиод байгаа юм гээд маргалдаж байгаад би А.Оийн зүүн хацар руу алгадахад нүдээ бариад уйлж байгаад босож ирээд чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхээр нь би түлхэж орон дээр унагаад гараад явсан. Хэсэг хугацааны дараа А.Оийн төрсөн эгч Ою ирээд дүүгээ дагуулаад явсан. Бид хоёр хоёулаа эрүүл байсан гэх мэдүүлэг /хх-06/,
- Хохирогч А.Оийн хэрэг бүртгэлтэд өгсөн:2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг ... тоотод байх гэрийнхээ гадна талын засварыг манай нөхөр Б хийж байгаад гэртээ орж ирээд уурлаад байсан. Тухайн үед юунаас болж уурлаад байгааг нь мэдээгүй. Тэгтэл намайг “буйдан дээр ирээд суу” гэхээр нь очиж суухад намайг “чи яагаад уурлаад байгаа юм бэ” гэхээр нь “би уурлаагүй” гэтэл миний зүүн талын хавирга руу хөлөөрөө жийхээр нь “би уурлаагүй” гээд хөл рүү нь гараараа цохитол намайг босож ирээд миний баруун шанаа руу алгадахаар нь би “чи намайг яагаад цохиж байгаа юм бэ, би явлаа, ингэж муудалцаж зодуулаад байж чадахгүй” гэж хэлэхэд намайг шууд үсдэж аваад буйдан руу түлхэхээр би гар утсаа буйдан дээрээс аваад эгч рүүгээ залгах гэсэн чинь миний гар утсыг булааж аваад гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би гэрээсээ явахаар шийдээд шүүгээнээсээ хувцсаа авч явах гээд бэлдэж байтал гаднаас Б эргэж гэрт орж ирээд над руу шууд дайраад шалан дээр унагаад миний хоолойн дээр гараараа дарахаар нь би муухай хашгирахад гаднаас манай хадам аав Х орж ирэхэд Б миний дээрээс босчихоод ямар ч хоолой боосон хүний шинжгүй юу ч болоогүй байдал гаргаж байсан. Харин хадам аав хүүдээ “миний хүү боль” гэж хэлж байхад Б галт тогоо руу ороод ирэхдээ цэнхэр өнгийн хутгыг барьж над руу хутганыхаа ишээр “чамайг алчихна шүү” гээд миний зүүн талын хавирга руу хатгаад байсан. Тухайн үед хадам аав миний охин 11 сартай Уранбайгалийг тэвэрчихсэн зогсож байхад нь би ар талаар нь орж зугтаж байхад Б дахин гэрээс гарахад нь миний гар утас гал тогооны тавиур дээр байхаар нь би шууд аваад эгч Ою руу “хурдан ирж намайг ав” гээд зурвас бичээд явуултал гаднаас мөн Б орж ирээд “чи ямар зэвүүн юм бэ” гэж хэлээд миний утсыг булааж аваад эгч рүү минь “эгчээ дугаар андуурсан байна” гэж зурвас илгээсэн. Тэгтэл эгч маань миний утас руу залгахад Б “эгч чинь залгаж байна, юу ч болоогүй гэж хэл” гээд надад утсаа өгөхөөр нь утсаа аваад “энэ чинь намайг алах гээд байна” гэж хэлчихээд аавын араар орж зугтаад байж байхад 10 минут орчмын дараа эгч ирээд намайг аваад явсан. Тэр цагаас хойш Бтай уулзаагүй байна. Одоо миний зүүн талын хавирга хөндүүр байна. Харин тухайн үед нүд хөхөрсөн, үснээс зулгаасан байсан болохоор толгой өвдөж байсан. Өөр гэмтэл байхгүй. Х.Б урьд өмнө нь намайг зоддог байсан. Зодохдоо дандаа хүнд мэдэгдэхгүй, хөхөрсөн няцарсан нь хүний нүдэнд ил харагдахгүй газар чимхэж, биед гэмтэл учруулахгүйгээр өвтгөж зоддог байсан. Ямар нэгэн байдлаар эмнэлгийн байгууллагад үзүүлэх хэмжээний зодохгүй, өвтгөж зовоож, айлган сүрдүүлж чамайг шатааж ална, голомтоор чинь самарна, чи надаас салах юм бол хаа явсан газар чинь шаналган зовооно гэх зэргээр айлган сүрдүүлдэг. Намайг өөрөөс нь салчихна мөн янз бүрийн хэнтэй ч хамаагүй хардаад байдаг юм. Гудамжинд хүнтэй мэндэлсэн ч хардаад байдаг. Би гомдолтой байна. Харин нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-04-05/,
- Гэрч А.Оюгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Би 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед гэртээ байж байхад манай төрсөн дүү А.Оийн 96300806 дугаарын утаснаас “хурдан намайг ирээд ав, залгаж болохгүй байна” гэсэн зурвас ирэхээр нь А.Оийн гэр рүү очих гэж байтал дахин зурвас ирэхдээ “дугаар андуурчихжээ” гэсэн зурвас ирэхээр нь уг дугаар руу нь залгатал А.О өөрөө утсаа авснаа “намайг аллаа ш дээ, хурдан ирж ав” гэхээр нь би гэр рүү нь нөхөр Иын хамт очиход дүү маань зодуулчихсан байдалтай нүүр нь хөхөрчихсөн, уруул нь дотор талдаа язарсан, хоёр талын хацар нь мөн дотор талдаа язарч хөхөрсөн байхаар нь би Бын гэрт аав нь Х байхаар нь “манай дүүг алах гэж байхад та нар юугаа хийж байгаа юм бэ” гэсэн чинь А.О хэлэхдээ “манай хадам аав намайг өмөөрөөгүй бол би үхэх байсан” гэж хэлэхээр нь Быг “миний дүүг яасан гэж зодож байгаа юм бэ” гэхэд “чамайг би энд чинь дүрчихнэ шүү” гээд намайг сүрдүүлээд байсан. Тэгээд тэндээсээ дүү А.Оээ аваад гэртээ ирээд маргааш нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ер нь манай дүүг Б нь дандаа үл ялих шалтгаанаар зоддог юм. Жишээ нь: Баяр ёслолоор надад мэнд хүргэсэнгүй гэх шалтгаанаар дүүг маань алгадна, “чи намайг хаях гэж байна уу” гээд зодно, нэг л эрэгтэй хүн таарах юм бол энэ чамд сайхан харагдаад байна уу гээд зодно, 2017 оны 05 дугаар сарын 16-нд манай дүүгийн ажил дээр нь цагдаагийн өдөрлөг болсон юм байна. Тэгээд ажлаа тарахад нь “чамд цагдаа нар сайхан харагдаж байна уу” гээд хоёр нүд рүү нь гараараа хатгаж зодсон зэрэг маш олон удаа бага багаар гэмтэл учруулахгүйгээр хүнд мэдэгдэхгүйгээр зодоод байдаг юм байна лээ. Энэ бүгдийг дүү А.Оээсээ саяхан л мэдлээ. 2018 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө зоддог байсан талаар нь манай гэрийнхэн болон би өөрөө мэддэггүй байсан юм. Тэр хоёр намайг очиход хоёулаа эрүүл байсан. Намайг очсоны дараа зодоогүй. Очихоос өмнө бол зодсон байсан... гэх мэдүүлэг /хх- 08- 09/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 365 дугаартай дүгнэлтэд: А.Оийн биед баруун нүдний эргэн тойронд, амны баруун завжинд, зүүн бугалганд, зүүн суганы дор цус хуралт, баруун нүдний эргэн тойронд, зүүн суганы доод хэсэг, баруун бөөр орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй ...гэжээ /хх- 12/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-15-16/,
- Х.Бын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-25/,
- Х.Б, А.О нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-26/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 5/719 дугаартай тодорхойлолт /хх-24/,
- Х.Бын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх- 29-31/,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 41/36 дугаартай “ Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай “ шүүгчийн захирамжийн хуулбар /хх- 37-38/,
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-32-33/,
- Хохирогч А.Оийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “ Хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх тухай “ хүсэлт /хх-39/,
- Х.Бын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “ Хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-40/,
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 08 сарын 17-ны өдрийн 5/13 дугаартай “ Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай “ прокурорын тогтоол /хх-41/...зэрэг болно.
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод эхнэр А.Оийг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “ баруун нүдний эргэн тойронд, амны баруун завжинд, зүүн бугалганд, зүүн суганы дор цус хуралт, баруун нүдний эргэн тойронд, зүүн суганы доод хэсэг, баруун бөөр орчимд зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Х.Б хохирогч А.О, гэрч А.Ою нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.07.02-ны өдрийн 365 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Х.Б нь ажил хийж ядарсан шалтгаанаар эхнэртэйгээ маргаан үүсгэн, үүний улмаар хохирогч А.Оийг зодсон хийгээд гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тодруулбал, тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн нүүрэнд гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Х.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ гэж тодорхойлсон хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Х.Быг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно.
Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Бын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан” Х.Бд торгох ял оногдуулах тухай ” дүгнэлт, саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч Х.Б нь ажил хийж ядарсан гэх үл ялих зүйлээр шалтаглан эхэлж хэрүүл, маргаан үүсгэн, улмаар ямар ч шалтаг шалтгаангүйгээр эхнэр А.Оийн зодсон хийгээд тэрээр өмнө нь үндэслэлгүйгээр эхнэрээ хардаж, өдөж гэр бүлдээ байнга маргаан үүсгэн, үүний улмаас эхнэрээ зодож байсан зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагыг зорилгод нийцэх байна.
Х.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мандал овгийн Хы Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 300 / гурван зуу / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Б шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийхялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан Х.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Ялтан Х.Бд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН